| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0808/Э |
| Дугаар | 806 |
| Огноо | 2019-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 806
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч Ч.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Г-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 0026 70325 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ч.Г, 1971 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймаг Цэцэг суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхон , ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт 1а хэсэг 4-156б тоотод оршин суух хаягтай, урьд нэг удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Ч.Г нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цэргийн хотхоны 1а-156б тоотод эхнэр Г.Мягмаржаргалтай маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний толгойд сандлаар цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ч.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.
Хохирогч Г.Мягмаржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр намайг ажлаасаа тараад гэртээ ирэхэд Ганзориг согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан. Намайг гэртээ очсоны дараа Ганзориг гэрээсээ ганцаараа гараад явсан. Гэрээсээ гарч явснаас хойш 2-3 цагийн дараа эгчийнхээ хүүхдээр хүргүүлээд нэлээн согтсон байдалтай гэртээ ирсэн. Гэртээ хүрч ирээд надтай хэрүүл өдөөд, хэл амаар доромжлоод байхаар нь би Г-ийг гэрээсээ гар, яв чи яасан их ууж иддэг юм гэж хэлсэн. намайг тэгж хэлтэл Г хажуудаа байсан жижиг модон сандлыг аваад миний толгойн хэсэг рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хх 9-11/,
Яллагдагч Ч.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр гэртээ байж байтал над руу манай найз уулзъя гэж хэлсэн. тэгээд би найзтайгаа хамт уулзаад 0.5 литрийн Хараа нэртэй архи 2 шилийг хувааж уусан. Архиа хувааж ууж дуусаад би төрсөн эгч Лхагвасүрэнгийн гэрит очсон. Эгчийнхээ гэрт очоод байж байтал манай эгчийн том охин Нямжав та архи уучихсан юм уу, би таныг гэрт чинь хүргээд өгье гэж хэлээд намайг гэрт хүргэж өгсөн. Намайг гэртээ ирэхэд манай эхнэр, охинтойгоо хамт хоолоо хийгээд байж байсан. Тэгтэл манай эхнэр намайг архи уучихсан байна гэж хэлээд миний хувцаснаас татаж, миний нүүрийг маажиж цохисон. Би тэр үед согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан учир эхнэртэйгээ маргалдаж, гэрт байсан жижиг модон ссандал авч шидсэн. Тэгтэл миний шидсэн сандал манай эхнэрийн толгойг оносон...” /хх 38/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №874 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Ч.Г нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цэргийн хотхоны 1а-156б тоотод эхнэр Г.Мягмаржаргалтай маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний толгойд сандлаар цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ч.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ч.Г-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Г.Мягмаржаргал нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Гнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч.Г-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Г-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоохыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Г цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР