Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00476

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00476

 

 

 

 

 

Ч.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00534 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Оын хариуцагч Б.Зд холбогдуулан гаргасан 1,548,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Б.Згоос 1,548,000 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.З, Ч.О нар найзууд байсан. Ч.Оыг 2018 онд БНХАУ-д ажилладаг байхад н.Г гэх хүн тамхи дайлгаж хүнд өгүүлэхээр болсон. 48 блок 1,248,000 төгрөгийн тамхийг Б.Згоор дамжуулж цааш хүнд нь өгөх гэтэл Б.З хэд хоног мөнгийг нь эргэлдүүлж байгаад буцаагаад өгнө гэж хэлсэн. Ингээд Б.З нь уг тамхийг аваад сураггүй алга болсон. Улмаар нэхэмжлэгчид Баянгол дүүргийн шүүхээс бусдын эд хөрөнгийг шамшигдуулсан гэх үндэслэлээр 1 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулсан. Нэхэмжлэгч нь хариуцагчтай хамт амьдарч байгаагүй, гэр бүлийн найзууд байсан тул хааяа тусалдаг байснаас өөр зүйлгүй. н.Гийн хохирлыг хүмүүсээс зээл авч барагдуулсан. Нэхэмжлэгч өөрийнхөө хэрэглэсэн 2 блок тамхины үнэ 52,000 төгрөг, хариуцагч Б.Згийн хэрэглэсэн 48 блок тамхины үнэ 1,248,000 төгрөгийг төлж барагдуулсан гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Б.З нь Ч.Оыг өрөвдөөд нэг жил гэртээ амьдруулсан. Тухайн үед хариуцагч дэлгүүр ажиллуулдаг байсан. Ч.О нь хариуцагчаас мөнгө, архи, пиво, тамхи байнга авдаг байсан боловч мөнгө өгдөггүй байсан. Нэхэмжлэгч нь хариуцагчид нэг удаа камел гэх тамхи авчирч өгсөн ба үүнийг тусалж байсан мөн авсан зүйлийнхээ оронд өгч байна гэж бодсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 3. Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Згоос 1,248,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 39,800 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 34,501 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Б.Зд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй учраас шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Шүүхийн шийдвэрийг гардуулж өгөөгүй. 2021 оны 09 дүгээр сард хариуцагчийн банкны данс хаагдаж энэ талаар лавлахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хаасан байсан. Шүүхийн шийдвэрийг хариуцагчийн хаяг руу шуудангаар явуулсан гэсэн боловч Монгол шуудангаас лавлаж асуухад хариуцагчийн хаяг дээр илгээмж аваагүй гэсэн. Хариуцагч энэ талаар мэдээгүй хохирсон. Ч.О тамхи авчирсан гэх боловч хариуцагчид өгснөө нотлоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Хэрэг бүртгэлийн явцад Б.З нь 1,248,000 төгрөгийн үнэ бүхий тамхийг хэрэглэн, худалдан борлуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь тухайн үед Б.Згийн ажиллуулдаг байсан гэх дэлгүүрт байнга амьдардаггүй, заримдаа ирж тусалж, бараанд нь явж өгдөг байсан. Хариуцагч болон түүний дүү Б.З нар байнга туслахыг гуйдаг байсан. Шүүхээс хариуцагчид хурлын товыг мэдэгдсэн. Давж заалдах гомдол үндэслэлгүй, 1,248,000 төгрөгийн үнэ бүхий тамхийг өөрийн таньдаг ахаас авч өгсөн бөгөөд хохиролгүй болгосон. Уг асуудлаар шүүхээс ял авч, төрийн албанд ажиллах эрхгүй болсон. Б.Зтой утсаар ярихад байнга загнаж тэгж байгаад өгнө ш дээ гэж хэл амаар доромжилдог байсан. Давж заалдах шатны шүүх хуралд оролцох боломжгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Ч.О хариуцагч Б.Зг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 1,548,000 төгрөг нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ ... н.Гийн 50 блок тамхины 48 блок тамхийг Б.З хэрэглэсэн боловч үнийг нь төлөөгүй, уг асуудлаар би шүүхээс 1 жилийн тэнсэн харгалзах ял явсан, өөрийнхөө хэрэглэсэн 2 блок тамхины үнийг, Б.Згийн хэрэглэсэн 48 блок тамхины үнэтэй н.Гэд төлж барагдуулсан ... гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч ... Ч.Оын авчирч өгсөн тамхийг түүнд тусалж гэртээ амьдруулсан, бас надаас зээлсэн зүйлийнхээ оронд өгч байна гэж бодоод авсан ... гэж үгүйсгэсэн.

3. Маргаанд хамааралтай үйл баримтыг эргэлзээгүй нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

3.а. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/537 дугаар шийтгэл тогтоолоор Ч.Оыг Б.Гийн итгэмжлэн өгсөн камел нэртэй тамхийг завшиж бусдад 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаатай тэнсэн харгалзах ял оногдуулжээ. Уг тогтоолд иргэний хариуцагч Б.З ... Ч.Оын авчирсан 50 блок камел нэртэй тамхины 48 блокийг нь хэрэглэсэн маань үнэн. 2 блок тамхийг нь О өөрөө хэрэглэсэн ... гэж мэдүүлсэн талаар тусгагджээ. /хх6-9/

3.б. Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хариуцагч нь дээр дурьдсан мэдүүлгийг өгөөгүй, 24 блок тамхи авсан гэсэн мэдүүлэг өгсөн гэж тайлбарлаж байна. Хэрэгт хариуцагч Б.Зг дээрх эрүүгийн хэрэгт иргэний хэрэг хариуцагчаар татсан талаарх баримт авагдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Зг иргэний хариуцагчаар татсан шийдвэр, түүний иргэний хариуцагчийн хувьд өгсөн мэдүүлэг зэрэг нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй нөхцөлд нэхэмжлэгч бусдаас авсан тамхийг хэрхэн захиран зарцуулсан, өр төлбөрийг ямар хэмжээгээр барагдуулах талаар дүгнэх боломжгүй байна.

3.в. Дээрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Зг иргэний хариуцагчаар татсан талаарх эрх бүхий албан тушаалтны шийдвэр, мөн түүний өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

3.г. Түүнчлэн, хариуцагчийн Ч.Оын авчирч өгсөн тамхийг түүнд тусалж гэртээ амьдруулсан, бас надаас зээлсэн зүйлийнхээ оронд өгч байна гэж бодоод авсан гэх тайлбарыг тодруулж, энэ талаар зохигчдыг мэтгэлцүүлэх шаардлагатай.

Хэргийн нөхцөл байдал бүрэн нотлогдоогүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00534 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,502 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                ШҮҮГЧИД                                  Д.БЯМБАСҮРЭН

                                                                                    А.МӨНХЗУЛ