Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 221

 

 

 

 

 

 

 

 

 

     Ж.Магнайбаяр, Р.Эрдэнэбат нарт

     холбогдох эрүүгийн хэргийн

     тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Ж.Магнайбаярын өмгөөлөгч Н.Ганбат,

шүүгдэгч Р.Эрдэнэбатын өмгөөлөгч А.Мөнхсайхан,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 76 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Эрдэнэбаатарын бичсэн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 5/12 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Ж.Магнайбаяр, Р.Эрдэнэбат нарт холбогдох 201625011997 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржгон овгийн Рэнцэндоржийн Эрдэнэбат, 1958 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2а хэсэг, Баатархайрхан гудамжны 924а тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: МЙ58010818/

 

2. Боржигон овгийн Жүгдэргаравын Магнайбаяр, 1980 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 хэсэг, “Төмөр зам” гудамжны 72 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2а хэсэг, Баатархайрхан гудамжны задгайд түр оршин суух,

2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан. /регистрийн дугаар: НА80122674/

 

Р.Эрдэнэбат, Ж.Магнайбаяр нар бүлэглэж 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээгийн 1-2 тоотод байрлах Ц.Хишигжаргалын гэрт буюу орон байранд нэвтэрч “SHARP” загварын зурагтыг хулгайлж 340,000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээгийн 1-2 тоот Ц.Хишигжаргалын гэрт буюу орон байранд нэвтрэхийг завдсан,

2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1423 тоотод байрлах Ж.Батбаярын байшингийн цонхны хаалтыг эвдэн орон байранд нэвтэрч зэс голтой утас, зэс уртасгагч, 250 метрийн зэс утас, цахилгаан тестер, пуужин гэрэл, цахилгааны багаж зэргийг хулгайлж 1,100,000 төгрөг буюу нийт 1,440,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ж.Магнайбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Их соёмбо” ХХК-ийн хашаанд байрлах Н.Оюунцэцэгийн монгол гэрийг санаатай галдан шатааж 235,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн эрүүгийн 201625011997 дугаартай хэрэгт шалгагдаж 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 178 хоног мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Р.Эрдэнэбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

Ж.Магнайбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.2, 261 дүгээр зүйлийн 261.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Р.Эрдэнэбат, Ж.Магнайбаяр нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Үүнд:

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Р.Эрдэнэбат, Ж.Магнайбаяр нарыг 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээгийн 1-2 тоот иргэн Ц.Хишигжаргалын гэрт буюу орон байранд нэвтрэхийг завдсан гэж ялласан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасан “Тэмдэглэх хэсэгт... зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана” гэж заасан. Гэтэл яллах дүгнэлтэд хохирогч Ц.Хишигжаргалын мэдүүлгийг тусгаагүй.

Мөн шүүгдэгч Ж.Магнайбаярын бусдын эд хөрөнгийг санаатай галдан шатаасан үйлдэлд “Хүнийг санаатай алах” гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр байсан эсэхийг мөрдөн байцаалтаар бүрэн гүйцэд шалгаж тодруулаагүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан төгссөн болон төгсөөгүй давтан үйлдэлтэй гэмт хэргийг зүйлчлэх тохиолдолд төгссөн болон төгсөөгүй үйлдлийг тус тусад нь бус, төгсөөгүй үйлдэлтэй гэмт хэргийг төгссөн үйлдэлтэй гэмт хэрэгт хамааруулан зүйлчлэх нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх эрх зүйн ач холбогдолтой гэснийг тэмдэглэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан, шүүгдэгч Ж.Магнайбаяр, Р.Эрдэнэбат нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Эрдэнэбаатар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“1. Шүүхээс прокурорын яллах дүгнэлтэд өөрийн санал, байр сууриа оновчтой, салаа утгагүй, энэ нь байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нарт тодорхой байх ёстой гэсэн шаардлагыг тавьжээ. Гэсэн ч мөрдөн байцаагчийн ял сонсгож байцаасан тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч нарт хуульд заасан эрх үүрэг, ямар хэрэгт яллагдагч байгаа талаар нь бүрэн танилцуулж байцаан шийтгэх ажиллагааг явуулсан. Иймд энэ нь объёктив талын шинжид байхгүй салаа утгаар яллан байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нарт ойлгомжгүй байдал үүсгэсэн гэж үзэхгүй байна.

2. Хавтаст хэрэгт авагдсан Ц.Хишигжаргал нь хохирогчоор тогтоолгон хохирсон талаарх мэдүүлэг, байцаалтаа өгчээ. Харин шүүхийн тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт “... зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурьдана” гэж заасан байхад яллах дүгнэлтэд хохирогчийн мэдүүлгийг тусгаагүй хэмээн заасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

3. Мөрдөн байцаалтын явцад Ж.Магнайбаяр бусдын эд хөрөнгийг санаатай галдан шатаасан, санаатай алахыг завдсан аль нь болох талаар мөрдөн байцаалтын хийгдвэл зохих бүхий л ажиллагааг хийсний эцэст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдсэн. Яллагдагч Ж.Магнайбаярын дээрх гэмт үйлдэл нь хохирогч Н.Оюунцэцэг, гэрч Г.Уртнасан нарын мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдсон.

4. Шүүхийн тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан төгссөн болон төгсөөгүй давтан үйлдэлтэй гэмт хэргийг зүйлчлэх тохиолдолд төгссөн болон төгсөөгүй үйлдлийг тус тусад нь бус, төгсөөгүй үйлдэлтэй гэмт хэргийг төгссөн үйлдэлтэй гэмт хэрэгт хамааруулан зүйлчлэх нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх эрх зүйн ач холбогдолтой гэсэн нь ойлгомжгүй байна. Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолд “завдсан гэмт үйлдлүүдийг тус тусад нь зүйлчилж, ялыг Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлд заасан журмаар нэгтгэнэ” гэж тайлбарласан.

Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв. 

 

Шүүгдэгч Ж.Магнайбаярын өмгөөлөгч Н.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байгаа тул хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Хохирогч Н.Оюунцэцэг нь давж заалдах шатны шүүхэд “Ж.Магнайбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 5 дугаар хэсэг 1350 тоот, “Их соёмбо” ХХК-ийн хашаанд амьдарч байсан манай гэрийг хувийн жижиг маргааны улмаас галдан шатаасан. Биднийг алах санаа агуулж шатаагаагүй гэж үзэж байна. Миний бие Ж.Магнайбаяраас ямар нэгэн гомдол, санал байхгүй. Нэхэмжилж буй 235,000 төгрөгийг ар гэр нь төлсөн” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байгаа.” гэв.  

 

Шүүгдэгч Р.Эрдэнэбатын өмгөөлөгч А.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Манай үйлчлүүлэгч Р.Эрдэнэбат нь хэргээ түргэн шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа. Тэрээр эрүүл мэндийн хувьд хүнд: түрүү булчирхай өвчний улмаас шээж чадахгүй, яаралтай хагалгаанд орохоор болчихоод байгаа. Анхан шатны шүүх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай захирамжийг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр гаргахдаа Р.Энхбат, Ж.Магнайбаяр нарыг цагдан хорьсон байдаг. Р.Эрдэнэбатыг цагдан хорьсон эсэх асуудал тодорхой бус байгаа тул цагдан хорьсон захирамжийг хүчингүй болгож, Р.Эрдэнэбатад бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү.” гэв.  

 

 

 

 

ХЯНАВАЛ:

 

            Ж.Магнайбаяр, Р.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоол агуулгын хувьд үндэслэл бүхий байна.

 

Харин бусдын эд хөрөнгийг галдан шатаах гэмт хэрэг “хүнийг санаатай алах” зорилготой байсан эсэх талаар мөрдөн байцаалтын шатанд хангалттай ажиллагаа хийгдсэн байх тул шүүхийн тогтоолын энэ хэсгийг эсэргүүцсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхийн тогтоолд зааснаас гадна дараах ажиллагааг нэмэлт мөрдөн байцаалтаар нөхөн гүйцэтгэх шаардлагатай. Үүнд:

 

1. Хэргийн материалаас үзэхэд хохирогч Ж.Батбаярын эд хөрөнгийг хулгайлсан төгссөн гэмт хэрэг, хулгайлахаар завдсан төгсөөгүй гэмт хэрэг тус тус үйлдэгдсэн байж болзошгүй байхад эдгээрийг бүхэлд нь шалгаж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд тусгаагүй, орхигдуулсан.

 

2. Ж.Магнайбаярын холбогдсон мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийх гэмт хэрэг хэзээ, хэрхэн үйлдэгдсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу нотлоогүй байна.

 

Тэрээр 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Ц.Хишигжаргалын эд хөрөнгийг хулгайлсан хэрэгт шалгагдан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ /хх 115/ авагдсан өдрөөс хойш 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ж.Батбаярын эд хөрөнгийг хулгайлсан, 2016 оны 5 дугаар сарын 10-ны шөнө Н.Оюунцэцэгийн гэрийг санаатай галдан шатаасан хэрэгт холбогдсон. Эдгээр хэргүүд тус тусдаа шалгагдаж, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаагчийн тогтоолоор нэгтгэгджээ.

 

Гэтэл прокурорын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1368 дугаар тогтоолоор яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг түдгэлзүүлж, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1365 дугаар тогтоолоор сэргээсэн атлаа энэ хооронд яллагдагч мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэж үзсэн нь ойлгомжгүй.

 

Нөгөө талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлд заасан мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийх гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч үйлдсэн байхаар хуульчилсан байх тул Ж.Магнайбаяр анх шалгагдсан хэрэгтээ бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нь дараа дараагийн үйлдсэн хэргүүдэд хамааралтай эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

 

3. Ж.Магнайбаяр, Р.Эрдэнэбат нарт прокурорын нэг тогтоолоор ял өөрчлөн сонсгосон нь буруу болсны зэрэгцээ уг тогтоолд дугаар авагдаагүй, тамга дарагдаагүй байдал нь албан ёсоор ёсчлогдоогүй эрх зүйн акт гэж үзэхэд хүргэв. /хх 165-168/ Түүнчлэн ял өөрчлөн сонсгосонтой холбогдуулан яллагдагч Р.Эрдэнэбатыг байцаахдаа “бусдын эд хөрөнгийг санаатай галдан шатаасан”, “мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн” гэх холбогдоогүй хэрэг тулган мэдүүлэг авсан байна. /хх 171-172/

 

Иймд шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгээс “Ж.Магнайбаярын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хүнийг санаатай алах гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр байгаа эсэхийг шалгах” гэсэн заалтыг хүчингүй болгож, үүнтэй холбоотой бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоол болон энэ магадлалд нэмж заасан асуудлуудыг шалгуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

                       

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 76 дугаар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгээс “... Ж.Магнайбаярын бусдын эд хөрөнгийг санаатай галдан шатаасан үйлдэлд хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгаж тодруулах...” гэсэн заалтыг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 5/12 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээс дээрх үндэслэлээр бичсэн хэсгийг хүлээн авч, бусад заалтыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

 

М.ПҮРЭВСҮРЭН