Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 107

 

                                            О.Ж-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны  01 дүгээр сарын 06-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаар магадлалтай, О.Ж-д холбогдох эрүүгийн _____ дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1 дүгээр баг, Цаг-Уурын 1-10 тоот хаягт оршин суух,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял,   

мөн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял,

мөн шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан Ц овогт О-ын Ж.

О.Ж нь 2021 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 105 дахь километрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Лексус эйч эс 250 эйч" загварын УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а, 13.1, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Н.Г-ийн жолоодож явсан АЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, УНЗ улсын дугаартай “Н”, М.Н-ийн жолоодож явсан АА улсын дугаар бүхий чиргүүлтэй, УНЯ улсын дугаартай “Шанши” загварын тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, хажуудаа зорчин явсан Ц.М-ын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны  01 дүгээр сарын 06-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, О.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

О.Ж-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар О.Ж-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

хохирогч Ц.М, иргэний нэхэмжлэгч И.Ө, иргэний нэхэмжпэгч “Т” ХХК нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-аас гэм хорын хохиролд нийт 13,646,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжпэгч Ж.Л-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн заалдах шатны шүүх 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж 17 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс улбаалан О.Ж-ны эрх зүйн байдлыг нь дордуулсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар буюу тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг Улсын дээд шүүхээс тайлбарласан тайлбар гараагүй байхад шүүгч өөрийн үзэмжээр үнэлэлт дүгнэлт өгсөн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шийдвэрт нөлөөлсөн гэж үзнэ.

О.Ж нь 2021 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Ханбогд сум Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто замд зам тээврийн осол гаргаж, улмаар бусдын бие махбодид хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Ж гэмт хэрэгт холбогдсон бодит байдлын талаар мэдүүлж, хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэсэн цагаас хойш болон анхан шатны шүүх хуралдааныг дуустал өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн тал дээр маргаагүй, хэргээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр холбогдсон гэмт хэргээ хүлээн мэдүүлэхээс гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Монгол Улсад батлагдан мөрдөгдөж эхэлсэн Өршөөлийн хуульд хамрагдахгүй байх хуулийн зүйл заалтыг тус хуульд нарийвчлан зааж өгсөн ба О.Ж-д холбогдох эрүүгийн хэрэг нь тус Өршөөлийн хуульд хамрагдахаар хуульчилж хуулийн 5 дугаар зүйлд заасанчлан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор заагдсан байна.

Анхан шатны шүүхээс Өршөөлийн хуулийн зохицуулалтад хамаарч байгаа хэдий ч уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэдэг. Энэхүү дүгнэлт нь хэргийн нөхцөлд О.Ж-ны хохирлоо төлнө гэж хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг үндэслэлгүйгээр дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.

Учир нь О.Ж нь яг ямар байдлаар хохирлоо төлөхөө илэрхийлвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх няцаалтаа шүүх бүрэн дүүрэн бодитойгоор дүгнээгүй байна. Нөгөөтэйгүүр О.Ж ажилд ороод хохирлоо төлнө гэж илэрхийлсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байхад эрх зүйн байдлыг нь дордуулан хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хууль болоод Өршөөлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ямар ч үндэслэлгүйгээр хүндрүүлж өршөөлд хамруулахгүйгээр эрх зүйн байдлыг нь дордуулан ял шийтгэл оногдуулсан хууль эрх зүйн үндэслэлгүй болсон. Нөгөөтэйгүүр Улсын дээд шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг хэрхэн ойлгож хэрэглэх талаарх тайлбар гаргасан бол уг тайлбарын дагуу эрх зүйн байдал дордох уу, дээрдэх үү гэдгийг шийдвэрлэх байсан ба ямар нэгэн хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс тайлбар гаргаагүй байхад шүүгч эрх зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд мөн шүүгдэгчийн ажилд орохоороо хохирол төлж барагдуулна гэсэн тайлбар дангаараа хангалтгүй, харин төлбөрийн чадвартай болохоо нотолж ямар хугацаанд хэрхэн барагдуулах талаар хохирогчтой эвлэрсэн, эсхүл хохирол төлөхөд хүрэлцэхүйц мөнгийг тусгай дансанд байршуулсан, тодорхой эд хөрөнгийг хохиролд тооцон шилжүүлэхээр гаргасан санал нь бодитойгоор биелэгдэх боломжтой, төлөх эх сурвалжаа тодорхойлсон тохиолдолд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхээр байна гэсэн анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүх энэхүү дүгнэлтийг зөвтгөн дүгнэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй. Өмгөөлөгчийн хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэсэн 2 утга агуулга бүхий зүйлийг хуульчилсан. Энэхүү заалтад өөр анхан шатны шүүхээс дүгнэсэн дүгнэлтэд дурдагдсан төлбөрийн чадвартай болохоо ямар нотолж хугацаанд хэрхэн барагдуулах талаар хохирогчтой эвлэрсэн, эсхүл хохирол төлөхөд хүрэлцэхүйц мөнгийг тусгай дансанд байршуулсан, тодорхой эд хөрөнгийг хохиролд тооцон шилжүүлэхээр гаргасан санал нь бодитойгоор биелэгдэх боломжтой, төлөх эх сурвалжаа тодорхойлсон тохиолдолд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзнэ гэсэн зүйлийг хуульчилсан зүйл байхгүй байгааг анхааран үзнэ үү. Нөгөөтэйгүүр мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ... шүүгдэгчийн яллах, ..ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчигдсөн гэж үзнэ.

Хавтаст хэрэгт О.Ж-ны ял хөнгөрүүлэх талаарх ямар ч бичгийн баримтыг мөрдөгч, прокурор хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлээгүйгээр хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчсөн, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсан.

Мөн үүргээ биелүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэж заасныг зөрчсөн байх тул анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү. Эрхэм шүүгч та бүхэн хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзвэл О.Ж нь хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулан хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: О.Ж нь 2021 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Ханбогд сум Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт УНГ улсын дугаартай “Лексус Эйч эс 250 эйч” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас  хохирогч Ц.М-ын биед хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт хэрэг авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч О.Ж-ыг үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч О.Ж-ыг өршөөлд хамрагдах боломжгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу хамрагдах боломжтой байна.

Учир нь анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч О.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж мэдүүлсэн, нөгөө талаас шүүхийн шатанд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой зүйл анги нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, нөхөө төлөхөө илэрхийлсэн эсэхээс үл хамааран гэм буруугийн асуудлыг ердийн журмаар хянан шийдвэрлэсний дараа Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэхээр хуульчилсан. Ийм учраас хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн шүүгдэгч О.Ж-ны үйлдсэн гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамруулж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, шийдвэрлэх нь зүйтэй гэв.

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын яллах дүгнэлтэнд тусгасан О.Ж-д холбогдох хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан ба шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, нөхөн төлүүлэх хохирлын хэр хэмжээ, хэргийн зүйлчлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх хуралдаанаар тогтоосны дараа түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэдэг билээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий болон тусгай ангид заасан үүрэг болгосон (императив) хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ уг хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэдэг болно.

Тиймээс шүүхэд үүрэг болгосон заалтыг хэрэглээгүй явдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”-д тооцож мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т тодорхойлсон Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчилдөг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй.

Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэдэгт дээр дурдсан үүрэг болгосон Эрүүгийн хуулийн (ерөнхий ба тусгай ангийн) хэм хэмжээг болон гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлыг (аргагүй хамгаалалт, гарцаагүй байдал г.м) зохицуулсан заалт хийгээд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй явдлыг хамааруулан үздэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Өршөөл үзүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн этгээдийг эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлдөг, мөн хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольдог зөвхөн  хуулиар зохицуулдаг онцгой ажиллагаа билээ.

Тиймээс нэг удаагийн үйлчлэлтэй, шүүх заавал хэрэглэвэл зохих Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт, үйлчлэх цаг хугацаа, хүрээ, өршөөл үзүүлэх хэлбэр, хэмжээ, өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал, хууль хэрэглэх журам зэргийг хууль тогтоогч тусгайлан зохицуулдаг болно.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн, хуулийн этгээд уг хуульд хамаарахаар тогтоосноос гадна мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж тодорхой заажээ.

Шүүгдэгч О.Ж нь 2021 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто зам дээр “Лексус эйч эс 250 эйч” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөнөөр тухайн замд зорчиж байсан хоёр тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осол гаргаж, өөрийнх нь тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.М-ын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэснийг мөн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

Шүүгдэгчийн хувийн байдал болон түүний үйлдсэн дээрх гэмт хэрэг, мөн шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 6, 7 дугаар зүйлээр тогтоосон хязгаарлалт хийгээд 9 дүгээр зүйлд заасан хоригт тус тус хамаарахгүй байхад хоёр шатны шүүх нь “хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь баримтаар нотлогдохгүй байна” гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийж өршөөлд хамруулаагүй нь буруу тул үүнийг зөвтгөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны  01 дүгээр сарын 06-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаар магадлалд “О.Ж-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасах, 1 жил 6 сар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар тус тус өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2.О.Ж-ыг хорих байгууллагаас нэн даруй сулласугай.

3.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ                                        Ч.ХОСБАЯР

                           ШҮҮГЧИД                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН