Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 9

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А” ХК-ны гүйцэтгэх захирал Ч.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгчид холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “А” ХК-ны 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 000041319 дугаар гэрчилгээний “А” ХК-ны захирлаар Х.Б-г томилсон өөрчлөлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч П.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 “А” ХК-ны захирал Ч.Ц захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймагт байрлах “А” ХК нь талх нарийн боов, гоймон, архи, ундаа үйлдвэрлэх, дэлгүүр ажиллуулах, гадаад худалдаа эрхлэх үндсэн үүрэгтэйгээр анх 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдэж 1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын шийдвэрээр Ч.Ц би захирлаар томилогдон 2032996 тоот регистртэй 16-28 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Манай компани хууль болон холбогдох дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулсаар ирсэн төдийгүй, Компаний тухай хуульд “Компаний эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна. Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн хурлын хуралдуулах тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компаний ТУЗ-ын гишүүдийг сонгож, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ТУЗ-ийн хурлын 02 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар Ч.Ц миний биеийг томилсон юм.

Гэтэл иргэн Д.Намжил зэргийн хэдэн хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хууль болон холбогдох дүрэм журмыг зөрчин хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хууль бусаар зохион байгуулж,  гүйцэтгэх захирлаар Х.Б-г томилсон шийдвэр гаргаж, энэ шийдвэрээ үндэслэн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан №000041319 дугаартай “А” ХХК-ны гэрчилгээг 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр авсан байна.

Тэд 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хурлын материалуудаа Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж, бүртгүүлэхээр явуулахад Санхүүгийн зохицуулах хороо 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5/3851 дугаартай албан бичгээр хувьцаа эзэмшигч Х.Б нарт гэж хаяглан тодорхой хариу өгсөн байдаг Компанийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны журам тус компаний дүрмийг зөрчин хийж байгаа дээрхи үйлдлүүд нь А ХХК-ны бусад хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрх ашгийг хөндөж, ихээхэн чирэгдэл учруулж байгаа тул А ХХК-ны 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал, түүнээс гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцуулахаар сум дундын 25 дугаар шүүхэд хандаад байна.

2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан шийдвэрээр иргэн Х.Б-г тус компаний захирал мэтээр бичиж гаргасан Улсын бүртгэлийн гэрчилгээн дэх өөрчлөлтийг хүчингүй болгуулахаар тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр А ХХК-ны гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариу өгсөн.

Хамгийн анх “А” ХХК нь 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдэн 2032996 тоот регистртэй 16-28 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан, 1997 оны 11 сарын 07-ны өдрийн хурлын шийдвэрээр Ч.Ц миний биеийг захирлаар томилон гэрчилгээнд нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн тухай материалууд нь Улсын бүртгэлийн хэлтэст байхгүй гэсэн.

Иймээс бид алга болох эрсдэлээс сэргийлэн 2013 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалуудыг өөр дээрээ хадгалж байсан. Компанийн тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчин, хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хууль бусаар зохион байгуулж, гүйцэтгэх захирлаар Х.Б-г томилсон шийдвэр гаргаж энэ шийдвэрээ үндэслэн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан №000041319 дугаартай А ХК-ны гэрчилгээг 2012 оны 9 сарын 24-ны өдөр авсан байна.

Иймд уг гэрчилгээн дэх “А” ХК-ны захирлаар Х.Б-г томилсон өөрчлөлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие тус хэрэгт Ч.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2015 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу оролцож байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан ба надад олгосон итгэмжлэл, хүсэл зоригийн илэрхийлэл хэвээр, энэ талаар Давж заалдах шатны шүүхийн тогтоол гарчихсан. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй юм.

“А” ХК-нийн хувьцааны тархалт, хувь нийлүүлэгчдийн хурлын талаар одоо маргаад байх шаардлага байхгүй. Учир нь Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 8 сарын 19-ний өдрийн 155 дугаар шийдвэрээр уг асуудлыг шийдвэрлэчихсэн, уг шийдвэр нь одоо хүчин төгөлдөр болсон. Улсын бүртгэгч нь Х.Б-г “А” ХК-ний захирлаар бүртгэхдээ Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-д заасан зарчмыг зөрчсөн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт орсон талаар хуулийн этгээдийн улсын бүртгэгч нь нийтэд мэдээлэх үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй. 2013 оны 3 дугаар сард болсон хурлын дагуу өөрчлөн байгуулагдсан А ХК-нийн тамга тэмдгийг Х.Б авсныг нэхэмжлэгч нь 2015 оны 1 дүгээр сард мэдэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтыг хариуцагч нь зөрчсөн байдаг. Өөрөөр хэлбэл хуульд өөрөөр заагаагүй бол баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор бүртгэх ёстой. Гэтэл 2012 оны 6 сарын 16-ны өдөр гаргасан өргөдлийг 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч П.А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “А” ХК-нийн бүртгэлийг 2012 онд хийж бүртгэхээс өмнө Ч.Ц нь “А” ХК-нийн захирал байсан юм бол Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу яагаад шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй юм бэ. 2003 онд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль батлагдаж, 2006 оноос эхлэн орон нутагт хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэж эхэлсэн байхад 2012 оны 9 сар хүртэл Ч.Ц нь  бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй.  Уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш 18 сарын дотор бичиг баримтаа бүртгэх байгууллагад ирүүлнэ гэж заасан. 2012 оны 9 сард бүртгэсэн бүртгэлийг 2015 оны 1 сард Ч.Ц мэдсэн гэж хэлж байна. 2012 онд намайг Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байхад Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч надаас Ч.Ц-с гаргасан гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж намайг гэрчээр асуусан. Мөн тус цагдаагийн газраас манай байгууллагад 3 удаа албан бичиг ирүүлж, “А” ХК-ний материалыг татаж авч байдаг. Энэ байдлаас харахад Ч.Ц нь Х.Б-г “А” ХК-нийн захирлаар томилж улсын бүртгэлд бүртгүүлснийг мэдэж байсан.

“А” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан баримтууд, гарын үсэг хуурамч байсан гэж тайлбарлаж байна. Би юу шалгаж улсын бүртгэлд бүртгэх вэ гэхээр хувьцаа эзэмшигчдийн 50-с дээс хувь нь уг хуралд оролцсон байна уу, хурлаас гарсан шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн 50 хувиас дээш хувийн саналаар баталсан байна уу гэдгийг нь харж бүртгэдэг. Түүнээс биш тэр хүний гарын үсэг мөн биш гэдгийг би мэдэхгүй, мэдэх боломж байхгүй.

Гуравдагч этгээд Б.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.Ц нь 1997 оноос эхлэн Хүнсний “А” ХК-наас, хувьцаа эзэмшигч нараас өөрсдөөс нь нэг ч гарын үсэг зуруулж хувьцаа зарах зөвшөөрөл авахгүй, хуурамчаар нотариат хийх эрхгүй Т.Аюушжав, Б.Энхтуяа, М.Отгонхишиг нараар хуурамч материал бүрдүүлж гүйлгээ хийлгэж өөрсдөө манай компаний хувьцаа эзэмшигч болж хууль бусаар удирдлагыг авч өнөөдрийн өдөр хүртэл өмч хөрөнгийг зарж үрэгдүүлсэн билээ.

Энэ бүгдийг шүүх шалгаж бидний хувьцааг шалгаж буцааж дансанд нь оруулсан боловч зарим нэг хүмүүсийн хувьцааг буцааж луйвардаж авсан байгаа. Бид зохих шатны шүүхэд хандсан. Бидний хувьцаа эзэмшигчид хурал хийх болгонд 50 хувиас дээш ирцтэй гарч хууль ёсны хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж ТУЗ болон гүйцэтгэх захирлыг сонгосон байдаг.

Иймд бид нары 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар хувьцаа эзэмшигч нарын ирц 50 хувиас дээш гарсан  тул хувьцаа эзэмшигчид хурлыг хийж А ХК-иас А ХК-ийг таслан авч бие даасан компани болгохоор шийдвэр гаргасан. Бүх материалыг санхүүгийн зохицуулах хороонд явуулсан. Иймд нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2015 оны 02 дугаар сар буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж байх үед нэхэмжлэл гаргасан. Ийм учраас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буцаан хэрэглэх асуудал яригдах байх. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэсэн баримт байдаг.  Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь урьчилан шийдвэрлэх ажиллагааны утга агуулга нь зөрөөтэй байгаа. Тухайлбал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын бүртгэлд “А” ХК-ний удирдлагаар Х.Б-г томилсоныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага байгаа. Гэтэл урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхдээ “А” ХК-ний гэрчилгээг хүчингүй болгуулах гэсэн асуудлаар хандсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор урьдчилна шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй. Нэхэмжлэгч Ч.Ц нас барсан нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Компаний тухай хуульд хувьцаат компанийг тодорхойлсон байдаг. ХК-ний хөрөнгө нь хувь нийлүүлэгчдийн хувьцаанаас бүрддэг. Ийм учраас нэг хүн тухайн компанийг төлөөлөх эрх нь хувьцаа нийлүүлэгчдийн хурлаасаа сонгогддог. Гэтэл өнөөдөр 2013 онд Ч.Ц сонгогдсон гэдэг нь нотлогдохгүй байна. Ч.Ц нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн үү биш үү гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотолж чадахгүй байна. Ч.Ц-ын эрх нь дуусгавар болсон. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн. Өнөөдрийг хүртэл хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХК-ны  гүйцэтгэх захирал Ч.Ц нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн  улсын бүртгэгчид холбогдуулан “А” ХК-ны 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000041319 дугаар гэрчилгээний “А” ХК-ны захирлаар Х.Б-г томилсон өөрчлөлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

 Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцохыг зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчдын төлөөлөгч нараас гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “А” ХК-ны  гүйцэтгэх захирал Ч.Ц-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

“А” ХК нь төрийн өмчийн оролцоотой, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дэлгүүр ажиллуулах, гадаад худалдаа эрхлэх чиглэлтэй, 201 гишүүнтэй, 17518,7 мянган төгрөгийн дүрмийн сантай, Хотш банкны 2103-012 дугаар данстай, 1996 оны 04 дүгээр сарын 25-ны  өдөр  №2032996 регистрийн дугаартай улсын бүртгэлд бүртгэгдсэн /хх-106/ бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээний нэмэлт өөрчлөлтөд 1997 оны 11-р сарын 07-ны хурлын шийдвэрээр захирал Ч.Ц томилогдсон, 1998 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн битүүмжилсэн дуудлага худалдаагаар 100% хувьчлагдав, дүрмийн сан 2380000,0 мянган төгрөг болж өөрчлөгдөв, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, экспортлох гэсэн үйл ажиллагаа  нэмж бүртгүүлэв гэсэн өөрчлөлтүүдийг 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн болох нь 2032996 дугаар регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-6/

Хариуцагч “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн  тухай хууль батлагдаж хуулийн 31 дүгээр зүйлд шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгаж өгсөн ба  уг хуулийн дагуу  хууль хүчинтөгөлдөр болсноос хойш 18 сарын хугацаанд  бүртгэх байгууллагад бүртгүүлэхээр заасан ба Ч.Ц нь энэ үүргээ биелүүлээгүй” гэж,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тус тус маргаж байна. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Энэ хууль батлагдахаас өмнө  улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн  эрх бүхий албан тушаалтан уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш арван найман сарын дотор дараах баримт бичгийг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллагад ирүүлнэ” гэж заасны дагуу Ч.Ц нь уг хуулийн дагуу “А” ХК-ныг шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй байна.

Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-д “ ......заасан баримт бичгийг тогтоосон хугацаанд бүртгэх байгууллагад ирүүлээгүй бол тухайн хуулийн этгээдийг  бүртгэх байгууллагын саналыг үндэслэн шүүх татан буулгана” гэж заасан ба шүүхээс татан буулгасан талаар шийдвэр гараагүй байгаа болох нь “А” ХК-ны 1999 оноос хойш 2000-2015 он хүртэл Ховд аймгийн Татварын хэлтэст татвар төлж байсан гэх Ховд аймгийн Татварын хэлтсийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 420 дугаар албан бичгээр нотлогдож байгаа ба “А” ХК-ны 1996 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэгдсэн 2032996 дугаар регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/ нь уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Энэ хууль батлагдахаас өмнө  улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн хувьд тэдгээрийн улсын бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байна” заасны дагуу хүчин төгөлдөр байна. 

Иймд дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ч.Ц А ХК-ныг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ч.Ц нь нас барсан” тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй талаар тайлбарлаж байгаа ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7-д “нэхэмжлэгч болох хүн нас барсан,  хуулийн этгээд татан буугдсан боловч эрх, үүрэг нь  эрх залгамжлагчид шилжээгүй”  бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох ба Ч.Ц нас барсан нь  уг үндэслэлд хамааралгүй өөрөөр хэлбэл хуулийн этгээд нэхэмжлэгч байх  тохиолдолд дээрх хуулийн  заалтыг хэрэглэх боломжгүй  гэж дүгнэсэн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарыбн 15-ны өдрийн 221/ШТ2017/0143 дугаар магадлал хүчин төгөлдөр байна. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар нэхэмжлэл  гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн талаар тайлбарлаж маргаж байна.

Нэхэмжлэгч Ч.Ц нь “А” ХК-ны  гэрчилгээг хүчингүй болгуулахаар Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргад хандан гаргасан гомдолд 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 180 дугаар албан бичгээр /хх-5/ “...гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй...” талаар   хариу өгсөн ба гомдлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж  хүлээн авахаас татгалзаагүй гомдлыг хянан үзэж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч  нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлахдаа “А” ХК-ны захирал Ч.Ц-ын гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсон, компаний хурал хийх эрх нь хувьцаа эзэмшигчдэд шилжсэн  талаар Санхүүгийн зохицуулах хорооны тайланд бичсэн байсан. Үүнийг үндэслэн Ц-ын гүйцэтгэх бүрэн эрх дуусгавар болсон гэж үзэж холбогдох баримтуудыг үндэслэн бүртгэсэн” гэж тайлбарлаж маргажээ.

 

Шүүхээс Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж байгаа “А” ХК-ны хувийн хэрэгт үзлэг хийсэн ба тус хувийн хэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд   “А” ХК-ны үйл ажиллагаанд хийсэн  шалгалтын тайлан-2010 гэсэн тайлангийн 2 хуудас нүүргүй  материал авагдсан ба тайланд “..........уг хурлаас хойш  хувь нийлүүлэгчдийн хурал хуралдаагүй байна. Компаний дүрмийг 1999 онд батлагдсан Компанийн тухай хуульд нийцүүлэн шинэчлээгүй,  бөгөөд ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсон байна. Эдгээр гишүүдийн  анкет компанид хадгалагддаггүй бөгөөд  энэхүү байгууллага нь  хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна” /хх-139-р хуудас ар тал/,Санхүүгийн зохицуулах хорооны Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн “Хүсэлт уламжлах тухай”  3/2289 дугаар албан бичигт “........ Энэ нь компаний гүйцэтгэх удирдлага Ч.Ц-ын бүрэн эрх дуусгавар болсон гэж үзэх үнсдэслэл болж байна” зэрэг баримтуудыг үндэслэн Ч.Ц-ын гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7-д “Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ энэ хуулийн 59.4-т заасан хугацааны дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаагүй бол Санхүүгийн зохицуулах хороо тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсныг нийтэд мэдээлнэ.” гэж зааснаас үзэхэд Санхүүгийн зохицуулах хорооноос  энэ  талаар нийтэд мэдээлснээр гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болох ба нийтэд мэдээлсэн талаарх баримт хувийн хэрэгт байхгүй,  хариуцагчийн тайлбарласнаар  санхүүгийн зохицуулах хорооны ажлын тайлан, Санхүүгийн зохицуулах хорооны Цагдаагийн хэлтэст хандан хүргүүлсэн хүсэлтэд үндэслэн Ч.Ц-ын гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсон  гэж үзэж бүртгэл явуулсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зааж өгсөн ба 3.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 3.1.5-д зааснаар “нотлох баримтанд үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” 5 дугаар зүйлийн 5.1-д “Улсын бүртгэлийг энэ хуулийн 5.3-5.5-д заасан мэдээлэл бүхий, нотлох баримтад үндэслэн хөтлөнө”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл гаргагч хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараахь баримт бичиг бүрдүүлнэ” гэсэнтэй нийцэхгүй байна. 

Мөн улсын бүртгэлийн үндэслэл болсон “А" ХК-ны 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурал, хурлаас гүйцэтгэх захирлаар Х.Б-г томилсон шийдвэр нь хүчин төгөлдөр бус болох нь Ховд аймгийн Булган сум дахь  сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 155 дугаар шийдвэрээр /хх-93-107/ нотлогдож байх ба 155 дугаар шийдвэрээр “...А” ХК-ны 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал, хурлаас гарсан шийдвэр, гүйцэтгэх захирлаар Х.Б-г томилсон шийдвэр, шинээр хийлгэсэн компаний тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг  хүчингүй болгож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хуулийн  хүчин төгөлдөр болсон байна.

Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “ Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр  нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан байх тул А” ХК-ны 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал, хурлаас гарсан шийдвэр, гүйцэтгэх захирлаар Х.Б-г томилсон шийдвэрт шүүхээс дахин дүгнэлт хийх үндэслэлгүй байна.

 Дүгнэвэл “А” ХК-ны 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000041319 дугаар гэрчилгээний “А” ХК-ны захирлаар Х.Б-г томилсан өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зааж өгсөн 3.1.5-д зааснаар “нотлох баримтанд үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл гаргагч хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараахь баримт бичиг бүрдүүлнэ” гэсэнтэй нийцээгүй байх тул “А” ХК-ны 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000041319 дугаар гэрчилгээний “А” ХК-ны захирлаар Х.Б-г томилсон өөрчлөлтийг хүчингүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Хуулийн этгээдийн  улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж, “А” ХК-ны 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000041319 дугаар гэрчилгээний “А” ХК-ны захирлаар Х.Б-г томилсон өөрчлөлтийг хүчингүй болгосугай. 

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЯНЖИНДУЛАМ