Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2019/0549

 

Д.Х-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Д.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2019/0508 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.Х нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2019/0508 дугаар шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Х “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон, Б.Доржийн гудамж, 32 дугаар байрны 8 тоот орон сууцыг 2017 оны 12 дугаар сард иргэн Э.Х үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон улсын бүртгэгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож”

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 481-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...өмнөх захиалгын гэрээгээр барьсан барилгын захиалгын гэрээгээ хүчингүй болгоогүй байж шинэ гэрээ байгуулж бүртгүүлсэн нь зөв гэж үзсэн шүүхийн шийдвэрийг шүүх нотлох баримт цуглуулах үүргээ гүйцэт цуглуулж, үнэлж шийдвэрээ гаргасан гэдэгт эргэлзэж байна.

Шүүх өмнөх захиалгын гэрээг хүчинтэй эсэхэд дүгнэлт хийгээгүй буруутай. Шүүх Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шинэ өөр этгээдэд уг хөрөнгийг худалдах эрх олгосон гэж үзжээ. Уг шийдвэр нь 100 хувь төлбөрийг төлөөгүй учир өмчлөгчөөр тогтоож болохгүй гэсэн болохоос нэхэмжлэгч 70 хувь төлбөр төлсөн гэдгийг үгүйсгэсэн шийдвэр биш юм. Мөн шийдвэрээр үүргээ дутуу гүйцэтгэсний торгуульд 1.755.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон байдаг ба үндэслэх хэсэгтээ гэрээ хүчинтэй, гэрээний төлбөр төлөх хугацаа дуусаагүй байгаа гэж дүгнэсэн нь төлбөрийн ихэнхийг нь төлсөн гэдгийг нотолсон шүүхийн шийдвэр хүчинтэй байхад захиргааны шүүх гэрээнээс татгалзсан, гэрээг хүчингүй болгосон гэж андуурснаас нэхэмжлэгч хохироход хүрчээ.

Хөрөнгө болгосон гэрээ хүчинтэй байсан ч хамаагүй, төлбөрөө 70 хувь төлсөн байна уу хамаагүй, өөр этгээдэд уг орон сууцыг давхардуулан худалдах нь хуульд нийцнэ гэж шийдвэрлэсэн болж таарлаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн эцэг болох Ц.Д нь “Г к” ХХК-тай 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Орон сууц захиалга”-ын 08 дугаартай гэрээг[1] байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр одоо маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг захиалгаар бариулж, худалдан авахаар тохиролцсон байна.

Улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгө буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 32 байр, 08 тоот хаягт байршилтай 35.3 м.кв хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “Глоб констракшн” ХХК нь гуравдагч этгээд Э.Х-тай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Орон сууц захиалга”-ын 23/08 дугаар гэрээг байгуулан шилжүүлжээ.

Гуравдагч этгээд тухай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, орон сууц захиалгын гэрээ, “Г к” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12/15 дугаар албан бичгийн хамт хавсарган[2] Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасны дагуу хариуцагч Э.Х-ын нэр дээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000607392 дугаар гэрчилгээг[3] мөн өдөр олгосон байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчилж байгаа өмчлөгч тус бүр өөрт ногдох хэсгээ бүртгүүлэхээр бие даан мэдүүлэг гаргана” гэж заасны дагуу гуравдагч этгээдээс гаргасан мэдүүлгийг хариуцагч хүлээн аваад уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.1.6-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх атал уг үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна гэж үзлээ.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг улсын комисс хүлээж аваагүйн улмаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахгүй байсан, “Г к” ХХК нь 32, 36 дугаар байрнуудын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авах, тус байрны оршин суугч нарт гэрчилгээ олгуулах талаар удаа дараа хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд маргаж буй орон сууц буюу барилгыг улсын комисс хүлээж аваагүй /мэргэжлийн комиссын акт байхгүй/ гэдэгтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ”, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан улсын бүртгэл хөтлөх журмын дагуу хөтөлнө”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4.4-т “Шинээр баригдсан барилга байгууламж, нийтийн орон сууцны зориулалттай барилгын өмчлөх эрхийг анхны удаа улсын бүртгэлд бүртгэхэд дараах шаардлагыг хангасан байвал зохионо. Үүнд:”, 4.4.2-т “хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл зэргийг тодорхой тусгасан “Захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт” /хавсралт дугаар/-ыг улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянаж энэхүү журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж бүртгэнэ.” гэж тус тус зааснаас үзвэл тухайн барилгыг барьсан этгээд улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комисст хүлээлгэн өгч, акт гаргуулан түүнийг хариуцагч байгууллагад урьдчилан жагсаалтаар мэдүүлэг гаргасан, эсхүл Э.Х гаргасан мэдүүлэгтээ уг мэргэжлийн комиссын актыг хавсарган өгсөн бол хариуцагч гуравдагч этгээдийн мэдүүлгийг бүртгэж, маргаж буй гэрчилгээг гарган өгөх байжээ.

Нэгэнт тухайн барилгыг улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комисс хүлээн аваагүй, жагсаалтыг мэдүүлгээр Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гарган өгөөгүй байхад хариуцагч иргэдэд тэгш бусаар хандаж, гуравдагч этгээдэд гэрчилгээ олгосон нь хууль бус бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчимтай зөрчилдсөн байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, Ж.Б нараас дээрх бүртгэлийг хийж, гэрчилгээг олгохоос өмнө 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт тухайн үл хөдлөх эд хөрөнгө шүүхийн маргаантай байгаа талаар буюу хүсэлт[4] гаргасан нь “М ш” ХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 08/615 дугаар албан бичиг[5], түүний хавсралтаар[6] тогтоогдож байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө:”, 14.1.6-д “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол” гэж зааснаас үзвэл тухайн эд хөрөнгийн өмчлөгч эсхүл өв залгамжлагч өргөдөл, гомдол гаргасан байх хуулийн шаардлага тавигдаагүй бөгөөд хөрөнгийн талаар маргаан байгаа гэж нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч байгууллагад хүсэлт гаргасан байхад захиргааны байгууллага уг хүсэлтийг судлалгүйгээр шийдвэр гаргасан нь буруу юм.  

Мөн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 001 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-гээр[7] “Г к” ХХК-тай байгуулсан орон сууцны захиалгын гэрээний хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай шаардах эрхийг Д.Х-д олгосон бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Өв залгамжлагч, худалдан авагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно”, “Эд хөрөнгийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8.7-д “Өв залгамжлах эрх бүхий этгээдийн хүсэлтээр өв нээгдэхээс өмнө өв залгамжлах эрх бүхий этгээдийн өргөдөл, ...гэх мэт нотлох баримтыг үндэслэн урьдчилан тэмдэглэл хийж болно” гэж заасан тул анхан шатны шүүхийн “...өмгөөлөгч М.Э-ын Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтийг урьдчилан тэмдэглэл хийлгэхээр гаргасан хүсэлт гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 101/ШШ2018/02107 дугаар шийдвэр[8], Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2033 дугаар магадлал[9], Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 001/ХТ2019/00235 дугаар тогтоолоор[10] Д.Х-ын “Г к” ХХК-д холбогдуулан гаргасан “...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ч 08 дугаартай гэрээг хүчингүй болгоогүй, Ц.Д нь уг гэрээгээр төлөх төлбөрийн 9.750.000 төгрөг /70 хувь/ буюу 8261 ам долларыг төлсөн байх тул хариуцагчийн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэх боломжгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0508 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.5, 5 дугаар зүйлийн 5.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.1.6, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Д.Х-ын Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон, Б.Доржийн гудамж, 32 дугаар байрны 8 тоот орон сууцыг 2017 оны 12 дугаар сард Э.Х-ын нэр дээр бүртгэсэн бүртгэл болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000607392 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Х-д тус тус олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-4 хуудас

[2] Хавтаст хэрэг 32-37 хуудас

[3] Хавтаст хэрэг 41 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-9 хуудас

[5] Хавтаст хэрэг 1-7 хуудас

[6] Хавтаст хэрэг 1-8 хуудас

[7] Хавтаст хэрэг 1-6 хуудас

[8] Хавтаст хэрэг 1-85 хуудас

[9] Хавтаст хэрэг 1-89 хуудас

[10] Хавтаст хэрэг 1-93 хуудас