Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1534

 

 

Р.Алтангэрэл, Р.Алтансүх, Р.Алтанцэцэг нарын 

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүpx, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04366 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.Алтангэрэл, Р.Алтансүх, Р.Алтанцэцэг нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг даалгуулах, Р.Алтангэрэл, Р.Алтанцэцэг нарыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчаар болон төлбөр авагч "Жи энд эр" ХХК-ийн төлөөлөгчөөр оролцуулахгүй байгаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхсоёлын давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч, Р.Алтансүх, Р.Алтанцэцэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Алтангэрэл,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Жи энд эр" ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Р.Раднаа, Р.Алтансүх, Р.Алтангэрэл, Р.Алтанцэцэг бид тус компанийн мөн 50 хувийн зааг эзэмшигч нэгдмэл сонирхол бүхий Г.Ганбат, Г.Ганболд, Б.Гантөмөр, Ш.Нямаа нарын ax дүүсээс "Жи энд эр" ХХК-д учруулсан хохирол 323 810 900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1564 дугаар шийдвэрээр Г.Ганбатаас 319 805 252 төгрөг гаргуулж "Жи энд эр" ХХК-д олгохоор, мөн 2 дахь заалтаар хариуцагч Г.Ганбатаас 1 759 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн. 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Дашдаваагийн хариу мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч, төлбөр авагч биднийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох, төлөөлөх эрхгүй, уг ажиллагаанд оролцуулах боломжгүй гэсэн. Улмаар 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/17267 тоот албан бичгээр 2009 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2010 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд л тус компанийн гуицэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байсан, төлбөр төлөгчтэй нэгдмэл сонирхол бүхий Г.Ганболдыг "Жи энд эр" ХХК-ийг төлөөлөх эрхтэй нь тогтоогдож байна гэж үзээд уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан байдаг. Г.Ганболд ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож эхлэнгүүтээ буюу 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Г.Ганбатаас гаргуулах 321 564 752 төгрөгийн төлбөрийг төлбөр төлөгчтэй тохиролцож тус компани авахаар болсон тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож, гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү гэсэн бичгийг өөрсдөдөө хадгалагдаж байсан компанийн тамга, тэмдгийг хууль бусаар ашиглан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасныг шийдвэр гүйцэтгэгч Ц.Гантуяа, ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Дашдаваа нар хүлээн авч 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай тогтоол"-ыг гаргасан байна. Энэ талаар бид шүүхэд нэхэмжлэл гарган иргэн Г.Ганболдыг "Жи энд эр" ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй болохыг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 759 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 581 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 574 дугаар тогтоолоор тус тус тогтоолгож, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Д.Энхбатад 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад хандан 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 46 дугаар "Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай" тогтоолыг хүчингүй болгох гомдол гаргасан боловч дээрх хууль бус үйлдлийг зогсоох арга хэмжээг шийдвэр гүйцэтгэх байгууллага аль ч шатандаа шийдвэрлэж чадалгүй, шүүхэд ханд гэсэн агуулга бүхий албан бичгийг 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр бидэнд хүлээлгэн өгсөн. Ийм учир шалтгаанаар нэхэмжлэгч, төлбөр авагч бид шүүхэд хандан дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлбөр төлөгчтэй тохиролцож, тус компани авахаар болсон тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү гэсэн хүсэлтийг Г.Ганболд гаргасан байдаг. Гэтэл тэрээр 2009 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2010 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд л тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд уг албан бичгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргах үед компанийг төлөөлөх бүрэн эрх нь дуусгавар болсон байсан. Г.Ганболдын хүсэлтийг үндэслэн уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгож байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр "Жи энд эр" ХХК-д төлөх 319 805 252 төгрөгийн төлбөрийг бодитоор барагдуулсан зүйлгүй. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааг "төлбөр төлсөн" гэсэн үндэслэлээр дуусгавар болгож байгаа атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д "төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрвэл тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор" гэснийг үндэслэж 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолыг гаргасан. Баянгол дүүргийн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1564 дугаар шүүхийн шийдвэрт хариуцагч Г.Ганбатаас 1 759 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн байдаг бөгөөд тус хэргийн нэхэмжлэгч нь "Жи энд эр" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Р.Раднаа, Р.Алтансүх, Р.Алтангэрэл, Р.Алтанцэцэг нар байсан юм. Тодруулбал төлбөр төлөгч Г.Ганбат 1 759 500 төгрөгийг гаргуулж Р.Раднаа, Р.Алтансүх, Р.Алтангэрэл, Р.Алтанцэцэг бидэнд олгох ажиллагааг ч дээрх шийдвэрийн дагуу хийгдэх ёстой. Гэтэл энэхүү 1 759 500 төгрөгийн төлбөр гаргуулах ажиллагаанд ч биднийг оролцуулахгүй шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл компани нь хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд компанийн бүхий үйл ажиллагаа хувьцаа эзэмшигчийн хяналт, мэдэлд байх ёстой. Иймээс дээр дурдсан үндэслэлээр 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 46 дугаартай "Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай" тогтоолыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1564 дугаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг даалгах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Р.Алтансүх, Р.Алтангэрэл, Р.Алтанцэцэг биднийг оролцуулахгүй байгаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, гуравдагч этгээдээр оролцуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1564 дүгээр шийдвэрээр Г.Ганбатаас 319 564 752 төгрөгийг гаргуулж "Жи энд эр" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч "Жи энд эр" ХХК-ийн захирал гэх Г.Ганболдоос Р.Алтангэрэл нь тус компанийг төлөөлөх итгэмжлэлгүй бөгөөд цаашид миний бие өөрөө оролцоно гэсэн албан бичгийг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн байна. Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас лавлагаа авахад тус компани нь 2009 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хувь нийлүүлэгчдийн хурлаар Г.Ганболдыг гүйцэтгэх захирлаар сонгон итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр томилж, Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь тогтоогдсон тул Р.Алтангэрэлийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар мэдэгдсэн болно. Мөн төлбөр авагч "Жи энд эр" ХХК нь төлбөр авагч Г.Ганбаттай харилцан тохиролцсон тул гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү гэсэн хүсэлтийг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12/6 дугаар албан бичгээр ирүүлснийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалтад зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 46 дугаартай "Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол"-ыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1564 дугаар шийдвэртэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах. нэхэмжлэгч Р.Алтангэрэл, Р.Алтансүх, Р.Алтанцэцэг нарыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхсоёл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1564 дүгээр шийдвэрээр Г.Ганбатаас 319 564 752 төгрөгийг гаргуулж "Жи энд эр" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан. Төлбөр авагч "Жи энд эр" ХХК-ийн 2009 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлаар Г.Ганболдыг гүйцэтгэх удирдлагаар сонгон итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр томилж, Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэл хийгдсэн талаарх баримтыг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас гаргуулан авч, нотлох баримтаар хэргийн материалд хавсаргаж өгсөн байгаа. "Жи энд эр” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд захирал Г.Ганболдын зүгээс Р.Алтангэрэл нь тус компанийг төлөөлөх итгэмжлэлгүй бөгөөд цаашид миний бие өөрөө оролцоно гэсэн албан бичгийг тус албанд 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн байна. Төлбөр авагч "Жи энд эр" ХХК нь төлбөр төлөгч Г.Ганбаттай харилцан тохиролцсон тул гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү гэсэн хүсэлтийг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12/6 дугаар бүхий албан бичгээр ирүүлсэн тул  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч талууд хоорондоо эвлэрсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Гэтэл анхан шатны шүүх төлбөр төлөгчөөс төлбөрийг бодитойгоор гаргуулж төлбөр авагчид олгох ажиллагааг хийлгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуулийн заалтад нийцэхгүй гэж хуулийг буруу хэрэглэн дүгнэлт хийсэн тул дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй  болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Р.Алтангэрэл, Р.Алтансүх, Р.Алтанцэцэг нар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг даалгуулах, Р.Алтангэрэл, Р.Алтанцэцэг нарыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчаар болон төлбөр авагч "Жи энд эр" ХХК-ийн төлөөлөгчөөр оролцуулахгүй байгаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1564 дүгээр шийдвэрээр хариуцагч Г.Ганбатаас 319 805 252 төгрөгийг гаргуулан “Жи энд эр” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4 474 248 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг болон хариуцагч Г.Ганболд, Г.Гантөмөр, Ш.Нямаа нарт холбогдох хэсэг, нэхэмжлэгч Р.Раднаа, Р.Алтанцэцэг, Р.Алтангэрэл, Р.Алтансүх нарт холбогдох орлого 323 810 900 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Ганбат, Г.Ганболд, Б.Гантөмөр нарын сөрөг нэхэмжлэл, 20 215 190 төгрөг гаргуулах Ш.Нямаагийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.                                                                                       /хх-6 дугаар тал/

 

Уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6690 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарчээ.

 

 “Жи энд эр” ХХК-ийн захирал Г.Ганболд нь 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж гаргасан хүсэлтдээ “Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 15/64 дүгээр шийдвэрээр Г.Ганбатаас “Жи энд эр” ХХК-д 321 564 752 төгрөг төлүүлэхээр гарсан. Энэ төлбөрийг төлбөр төлөгчтэй тохиролцож, тус компани авахаар болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү” гэжээ.            /хх-81 дүгээр тал/

 

Уг хүсэлтийн дагуу хариуцагч байгууллага 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 46 тоот шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоолыг гаргасан байна.                                                                                                            /хх-14 дүгээр тал/

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад “Жи энд эр” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Р.Алтангэрэл төлбөр төлөгдөөгүй, төлбөр төлөгчтэй нэгдмэл сонирхолтой тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг дуусгавар болсон Г.Ганболдын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон нь хууль бус болох талаар удаа дараа гомдол гаргасныг хариуцагч тал хүлээн аваагүй бөгөөд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдтэй холбоотой асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлүүлэх талаар хариуг өгч байжээ.                                                                                     /хх-79-80 дугаар тал/

 

Г.Ганболдыг “Жи энд эр” ХХК-ийг бүрэн төлөөлөх эрхгүй буюу захирлын үүрэг дуусгавар болсныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 759 дүгээр шийдвэр, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 581 дүгээр магадлал, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 574 дүгээр тогтоолоор тогтоогдсон тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгч нарыг гомдол гаргах эрхтэй этгээд гэж үзнэ.                                                                           /хх-16-27 дугаар тал/

 

Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг төлбөр авагч “Жи энд эр” ХХК-ийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээд Г.Ганболдын хүсэлтээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосныг буруу гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04366 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                      

                                      ШҮҮГЧИД                                                 Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ