| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0768/Э |
| Дугаар | 775 |
| Огноо | 2019-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 775
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Д.Д /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 1906 01975 0873 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Д.Д, 1981 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Тэнүүн Огоо ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, Ээжийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 4-а хэсэг, Сургуулийн гудамж 1581-6 тоотод оршин суух, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан. улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн 10-3277 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Азжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хэл амаар доромжлон, толгой руу нь гараараа цохиж зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Д нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Т.Азжаргал нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би ажлын газрын хүн болох Золжаргалын хуримнаас гараад оройны 22 цагийн үед гэр рүүгээ очсон. Намайг гэрт ороход Д, Амараа 2 согтуу гэрт сууж байсан тэгэхээр нь миний уур хүрч Амарааг гэрээс хөөгөөд явуулсан. Д-ын ээж болох Дашцэрмаад би “Та одоо яах гээд хүүхэддээ архи авч өгөөд байдаг юм бэ? гэж уурлахад Д, Дашцэрмааг болон Отгонжаргалыг дагуулаад гараад явсан. Тэгээд би хүүтэйгээ хамт унтаж байхад шөнийн 02 цаг 30 минутын үед Д согтуу гэрт орж ирээд намайг хэл амаар доромжилсон тэгээд миний баруун, зүүн нүд рүү баруун гараараа маш олон удаа цохьсон яг хэдэн удаа цохьсоныг санахгүй байна. Тэгээд гэрийн уньнаас 2 гараараа барьж байгаад миний нүүр, гар, цээжин бие, бүхэл хэсэгт маш олон удаа өшиглөж дэвссэн намайг бараг цаг гаруй зодсон. Тэгээд шөнийн 04 цагийн үед Д унтаад өгсөн. Д бид хоёр 2018 оны 12 дугаар сард анх танилцаж байсан хамт амьдраад 3-4 сар болж байна. Д архидан согтуурсан үедээ намайг байнга хэл амаар доромжилж зодож цохидог. Д өдөр болгон архи уудаг. Намайг зоддог өдөр архи уусан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Яллагдагч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…миний уур хүрч Азжаргалтай хэрэлдэж бид 2 маргалдаж эхэлсэн. Тэгээд би уурандаа Азжаргалыг баруун гараараа зүүн хацарт нь 2 удаа алгадсан, Азжаргал над руу сандал бариад гүйгээд ирэхээр нь баруун хөлөөрөө Азжаргалын гуя руу нь 1 удаа өшиглөсөн…2019 оны 02 дугаар сард Азжаргал бид хоёр согтуу хоорондоо зодолдож байсан. Урьд нь 6 жилийн өмнө танхайн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Бид хоёр танилцаад 4 сар болж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг би учруулсан…” гэх мэдүүлэг. /хх-ийн 25 дугаар хуудас/,
“…Би хохирогч Т.Азжаргалын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 1 дүгээр хэсэг 10 дугаар гудамж 3277 тоотод Т.Азжаргалтай маргалдсан. Тэгээд би тухайн өдрийн 02 цаг 30 минутын үед Т.Азжаргалтай хэрэлдээд уураа барьж чадалгүй баруун гараараа зүүн хацарт нь 2 удаа алгадаад, баруун хөлөөрөө гуя руу нь удаа өшиглөж гэмтээсэн. . .” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3478 дугаартай дүгнэлт:
1. Т.Азжаргалын биед баруун зүүн хацар, баруун зүүн дээд зовхи, баруун бугалга шуу, баруун гуя, зүүн өвдөг, шагайн үенд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-32/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-30/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн 10-3277 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Азжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хэл амаар доромжлон, толгой руу нь гараараа цохиэ зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Т.Азжаргалын: “...2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би ажлын газрын хүн болох Золжаргалын хуримнаас гараад оройны 22 цагийн үед гэр рүүгээ очсон. ...шөнийн 02 цаг 30 минутын үед Д согтуу гэрт орж ирээд намайг хэл амаар доромжилсон тэгээд миний баруун, зүүн нүдрүү баруун гараараа маш олон удаа цохисон яг хэдэн удаа цохисоныг санахгүй байна. Тэгээд гэрийн уньнаас 2 гараараа барож байгаад миний нүүр, гар, цээжин бие, бүхэл хэсэгт маш олон удаа өшиглөж дэвссэн намайг бараг цаг гаруй зодсон...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Д-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Т.Азжаргал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Д-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Д.Д-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Д нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР