Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 464

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 156/2016/00504/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Л.Наранцэцэг
Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 16-03 тоотод оршин суух, Боржигон овогт Ламзавын Наранцэцэгийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн  хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 02-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:
    
Хүсэлт гаргагч Л.Наранцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Иймээс дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу тул Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн юм. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбоотой гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэв. (хх-ийн 1 тал)
    
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Л.Наранцэцэг нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Шүүх хүсэлтийг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Л.Наранцэцэгийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй гэжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргагч Л.Наранцэцэг нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.      D  :\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\ажилласан жил\464-Ш-И НАРАНЦЭЦЭГ.docx
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Л.Наранцэцэг нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

    Хүсэлт гаргагч СЕ-63100504 регистрийн дугаартай Боржигон овогт Ламзавын Наранцэцэг нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Гэрч Ц.Ринагийн: ... би 1970 оноос 1991 оныг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Наранбулаг” бригадад хоньчноор ажиллаж байсан... Би багаас нь Л.Наранцэцэгийг танина. Би 1979 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Наранбулаг” бригадад манаачаар ажилд орсон цагаас нь хамт ажиллаж эхэлсэн... Л.Наранцэцэг нь “Наранбулаг” бригадад 1979 оноос 1981 оныг хүртэл хугацаанд манаачаар, 1981 оноос 1990 оныг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан  гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25 тал)
2. Гэрч Л.Монхооройн: ... би 1972 оноос 1991 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Л.Наранцэцэг нь “Наранбулаг” бригадад 1979 оноос 1980 оныг хүртэл хугацаанд манаачаар, 1980 оноос 1990 оныг хүртэл хугацаанд хоньчноор тус тус ажиллаж байсан... Тухайн үед нэгдлийн даргаар Хээшиг, бригадын даргаар Энхбат гэдэг хүн ажиллаж байсан гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-28 тал)

3. Хүсэлт гаргагч Л.Наранцэцэгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Ламзавын Наранцэцэгийг Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн малчнаар томилсугай гэжээ. (хх-ийн 14 тал)

4. Хэнтий аймгийн архивын тасгаас ирүүлсэн цалингийн тодорхойлолтод: Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд малчнаар ажиллаж байсан Л.Наранцэцэгийн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сар, өдрөөр нь бичсэн байна. (хх-ийн 5 тал)

5. Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн даргын 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаартай тушаалын хуулбарт: Л.Наранцэцэгийг Наранбулаг бригадад хоньчноор ажиллуулсугай гэжээ.  (хх-ийн 7 тал)

6. Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн даргын 1985 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаартай тушаалын хуулбарт: “Наранбулаг” бригадын хоньчин Л.Наранцэцэгийг нярай хүүхдээ асрахаар ирүүлсэн хүсэлтийг үндэслэн... чөлөө олгосугай гэжээ.  (хх-ийн 8 тал)

7. Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн даргын 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаартай тушаалын хуулбарт: Хавсралтад дурдсан хоногоор нэр бүхий малчдын амралтын мөнгийг сарын дундаж цалингаар бодож олгосугай гэжээ. Хавсралтын 22 дугаарт Л.Наранцэцэг гэсэн байна. (хх-ийн 9 тал)

8.Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Боржигон овогт Ламзавын Наранцэцэг, 1963 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, СЕ-63100504 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 11 тал)

9.Хүсэлт гаргагч Л.Наранцэцэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн 32 тал)  зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЕ-63100504 регистрийн дугаартай Боржигон овогт Ламзавын Наранцэцэгийг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ