| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 183/2021/02256/И |
| Дугаар | 210/МА2022/00583 |
| Огноо | 2022-03-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2022/00583
| 2022 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 210/МА2022/00583 |
Д.Д, Б.О нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/03079 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Д, Б.О нарын хариуцагч Ц.Өт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 66,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгч Д.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Ц.Өээс үндсэн зээлд 44,000,000 төгрөг, алдангид 22,000,000 төгрөг, нийт 66,000,000 төгрөг гаргуулна.
1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.О, Д.Д нар Ц.Өтэй хамаатан садан бөгөөд 2018 оноос түүнд сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлсээр байсан. Д.Д мөнгөний боломжгүй үедээ хадгаламж барьцаалсан зээл, цалингийн зээл авах, зарим үед ахаасаа мөнгө зээлж Ц.Өт зээлдүүлдэг байсан. Өмнөх үүргээ баталгаажуулах зорилгоор бичгээр гэрээ байгуулсан гэжээ.
2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Хариуцагч нь нэхэмжлэгч нараас тус тусад нь зээлийн гэрээгээр мөнгө зээлж, эргүүлэн төлөлт хийж байсан. Зээлийн үлдэгдэлгүй. Нэхэмжлэгч хэдээс хэдэн онд хамаарах, хэзээ зээлсэн зээлийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Талуудын хооронд зээлийн харилцаа байсан бөгөөд хариуцагч нь нийт 258,779,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж талууд тооцоо нийлээгүй байхдаа хариуцагч баталгаа гаргасан гэж тайлбарладаг. Бичгээр байгуулсан 2 гэрээний дагуу шаардах эрхгүй. Алдангийг ямар үнийн дүнгээс, хэзээнээс үүрэг зөрчсөн гэж үзэж шаардаж байгаа нь тодорхойгүй. Хариуцагч зээлийн үлдэгдэл төлбөргүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Д, Б.О нарын хариуцагч Ц.Өт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 66 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 487 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.
4.1. Үйл баримтын талаар,
4.1.а. Нэхэмжлэгч нар 2017 оноос эхлэн хариуцагчийг мөнгө хэрэгтэй гэж гуйх бүрт нь төрөл садангийн хүмүүс тул туслах үүднээс хадгаламжаа барьцаалах, цалингийн зээл авах зэргээр зээлдүүлж байсан. Цалингийн зээл болон хадгаламж барьцаалсан зээл авахад банкинд буцаан төлөх үед хүү тооцож төлдөг тул хариуцагчтай хүү тооцохоор тохиролцон зээлдүүлдэг байсан. Талууд 2018 оны 10 дугаар сарын 05, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өмнө хүү тооцож зээлдүүлж байсан хэлцлээ баталгаажуулж зээлийн гэрээг бичгээр нөхөж байгуулсан нь Иргэний хуулийн 56.3-т заасантай нийцсэн. Хариуцагч 2021 оны 5 сард өөрийн гараар нэхэмжлэгч нарт 44,000,000 төгрөгийг 2021 оны 10 сараас эхлэн ажилд орохоороо төлнө гэж бичиж өгснөө хүлээн зөвшөөрдөг. Мөн хариуцагч фэйсбүүк зурвасаар нэхэмжлэгч Д.Д руу 44,000,000 төгрөг төлөхөө илэрхийлсэн утга бүхий захидлууд явуулсан ба шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан. Иймд хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч нарт зээлийн эргэн төлөлт төлөхөө хүлээн зөвшөөрсөн байхад шүүх энэ талаар ямар ч дүгнэлт хийхгүй орхигдуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
4.2. Зээлийн гэрээний тухайд,
4.2.а. Шүүх бичгээр зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нарт хүү болон алданги шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэн. Хариуцагчийн хувьд хүү тооцон зээлж байсан нөхцөл байдалд маргадаггүй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй агуулгаар маргадаг. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн зээлийн хүү өгөх хүсэл зориг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн атлаа бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй тул хүү алданги тооцох эрхгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
4.2.б. Нэхэмжлэгч нараас хариуцагч руу шилжүүлсэн нийт төлбөрийн хэмжээг буруу тооцоолсон. Нэхэмжлэгч нар нийт 275,109,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн ба хариуцагч уг дүнг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүх нэхэмжлэгч нарыг 248,140,000 төгрөг шилжүүлсэн гэж төлбөрийг багасгаж буруу тооцоолсон. Ямар үндэслэлээр багасгаж тооцоолсон нь тодорхой бус байна.
4.2.в. 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 400,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 150,000 төгрөг нь плитка зарсан төлбөр, 2017 оны 3 дугаар сарын 12-ны 500,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1,150,000 төгрөг гар утас зарсан төлбөр, нийт 2,200,000 төгрөг нь Ч.Өийн нэхэмжлэгч нарт шилжүүлсэн төлбөрөөс хасагдаж тооцогдох төлбөр байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагаас 44,000,000 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Нэхэмжлэгч нараас Хаан банкны болон Худалдаа хөгжлийн банкны дансаараа мөнгө авч, буцаад уг данс руу нь шилжүүлсэн 500 хуудас дансны хуулгыг нотлох баримтаар өгсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 2018-2020 он гэж бичсэн. Гэхдээ 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хийсэн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зээлийн гэрээний үүрэгт 66,000,000 төгрөг гаргуулна гэдэг боловч энэ хэмжээний мөнгө хариуцагчид шилжиж ороогүй, гэрээнд бичигдсэн үнийн дүнд өмнөх зээлсэн мөнгөний хүүг оруулан тооцсон гэсэн тайлбаруудыг нэхэмжлэгч хэлсэн. 2019 оны дансны хуулгаас харахад 33,000,000 төгрөгийг өгөөд 34,000,000 төгрөг болгоод авсан. 2018-2020 он хүртэл 171,700,000 төгрөгийг аваад 253,379,000 төгрөг болгож шилжүүлсэн баримтууд байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл мөн шүүх хуралдааны явцад бичгээр байгуулсан гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг, 40,000,000 төгрөгийг өгөөгүй, харин өмнө нь өгч байсан мөнгөндөө хүү тооцоод гэрээнүүдийг байгуулсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. 2019 онд нийт 30,400,000 төгрөг авч, 34,000,000 төгрөг болгож төлсөн. 2020 онд 9,000,000 төгрөг авч, 24,000,000 төгрөг болгож төлсөн. Хариуцагч илүү мөнгө төлсөн боловч шаардаагүй. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд хянан үзэж шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч Д.Д, Б.О нар үндсэн зээл 44,000,000 төгрөг, алданги 22,000,000 төгрөг, нийт 66,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.Ө эс зөвшөөрч нэхэмжлэгч бүрээс зээлийн гэрээгээр мөнгө зээлж, эргүүлэн төлөлт хийж байсан, зээлийн үлдэгдэлгүй, 258,779,000 төгрөг төлсөн гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
4. Хэрэгт 2017-2020 онуудад нэхэмжлэгч тал хариуцагчид зээл олгосон, хариуцагч нь буцаан төлөлт хийж байсан талаарх банкны дансны хуулга авагджээ. /1хх14-86, 117-250, 2хх1-152/
Түүнчлэн 44,000,000 төгрөгийн зээлийн гэрээ авагдсан бөгөөд уг мөнгөн дүнг зээлдэгчид шилжүүлэн өгсөн баримтгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагч 44,000,000 төгрөг төлөхөө илэрхийлж, фэйсбүүк зурвас /facebook chat/-аар харилцаж байсан гэж тайлбарласан.
5. Шүүхээс зохигчдын харилцаж байсан фэйсбүүк зурваст үзлэг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2, 51.5 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байна.
Тодруулбал, шүүх үзлэгийн явцад илэрсэн нөхцөл байдлыг бичээгүй, талуудын харилцсан цахим зурвасуудыг хуулбарлаж хэрэгт хавсаргасан байх боловч зурвасуудын утга агуулга нь уншигдахгүй, бүдэг, тодорхой бус байна. Энэ талаар нэхэмжлэгч хариуцагч фэйсбүүк зурвасаар 44,000,000 төгрөг төлөхөө илэрхийлсэн утга бүхий захидлууд явуулсан ба хариуцагч нэхэмжлэгч нарт зээлээ төлөхийг хүлээн зөвшөөрсөн байхад шүүх энэ талаар ямар ч дүгнэлт хийхгүй орхигдуулсан гэж гомдол гаргасан нь үндэслэлтэй байна. /2хх182-189/
6. Дээрх ажиллагаа нь хэргийн бодит нөхцөл байдлын талаар дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байж болох тул давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй.
7. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа учраас талуудын хооронд үүссэн байгаа гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагчийн төлсөн байгаа төлбөрийн хэмжээ зэрэг нөхцөл байдлуудын талаар урьдчилан дүгнэлт хийх шаардлагагүй.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/03079 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
А.МӨНХЗУЛ