| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0812/Э |
| Дугаар | 824 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 824
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
улсын яллагч Э.Намуун,
шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Н-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 08279 1020 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.Н, 1984 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа нүүрсний машин барьдаг ажилтай, ам бүл 7, эцэг, эх, эгч дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлог хотхон 41-105 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 237 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан,
Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Сансрын тунель орчим иргэн Э.Хүрэлбаатартай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Э.Хүрэлбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..баарны гадна гараад шатан дээр тамхи татаад зогсож байтал 30 гаран насны ах ирээл миний татаж байсан тамхыг шууд аваад хэд сороод өгье гэсэн. Хэсэг байж байгаад би нөгөө ахад хандан та болсон уу би тамхиа авчих уу гэж хэлтэл ямар нэгэн үгийн зөрөөгүй эргэж хараад миний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би тэр хүнийг цааш түлхээд нүүрээ дараад сууж байтал эргэж ирээд миний нүүрэн хэсэгт нэг өшиглөсөн. Энэ үед би гараараа нүүрээ дарсан байсан учир миний гар дээр өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх- ийн 16-17/,
Гэрч Л.Хашбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “.. Н гэх хүн намайг цохих гэж далайхад Хүрэлбаатар Наранбаатарын араас таттал Н Хүрэлбаатарыг цохих гэтэл Хүрэлбаатар бултсан. Н Хүрэлбаатарын нүүрэн хэсэгт нэг удаа цохисон" гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,
Яллагдагч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..би дүгнэлттэй санал нийлж байна. Би Э.Хүрэлбаатарын биед уг гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 87/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12218 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Сансрын тунель орчим иргэн Э.Хүрэлбаатартай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Э.Хүрэлбаатарын: “...баарны гадна гараад шатан дээр тамхи татаад зогсож байтал 30 гаран насны ах ирээл миний татаж байсан тамхыг шууд аваад хэд сороод өгье гэсэн. Хэсэг байж байгаад би нөгөө ахад хандан та болсон уу би тамхиа авчих уу гэж хэлтэл ямр нэгэн үгийн зөрөөгүй эргэж хараад миний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би тэр хүнийг цааш түлхээд нүүрээ дараад сууж байтал эргэж ирээд миний нүүрэн хэсэгт нэг өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг,
шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Н-т хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Н-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Н нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР