Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 823

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,                            

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Д.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 01747 1016 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.Ц, 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Батс Инженеринг ХХК-д зам талбайн баригадын дарга ажилтай, ам бүл 7, ээж, ах, 4 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 69-н дан байр 05 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 6-140 тоотын хашааны гадаа хохирогч Г.Ганхөлөгтэй зодолдож улмаар цээжин тус газар нь өшиглөж унагааж эрүүл мэндэд нь санаатай хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

 

Шүүгдэгч Д.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Г.Ганхөлөг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай гэрийн гадаа машин дотор би Ц-тай ажилд орсонгүй гэдгээс болоод маргалдсан. Цогтсайхан бид 2 машинаас буугаад заамдалцаад бие биенийгээ харилцан 2-3 удаа цохилцсон. Тэгэхэд Тогоодорж, Ганбаяр нар салгах гэж оролдоод байсан. Цогтсайхан бид 2 салгахаар нь буцаж барьцалдаж аваад Ц бид 2 газар унасан бөгөөд яаж унаснаа мэдэхгүй байна. Тэгээд босож ирээд би дахиад газар унасан байсан Цогтсайхан унаагүй байсан бөгөөд Тогоодорж миний дээрээс дарчихсан боль гэж хэлж байсан...” /хх 8-9/ гэх мэдүүлэг,

Гэрч Н.Тогоодорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ганхөлөг, Ц нар маргалдаад машинаас буугаад барьцалдаж аваад Ганхөлөг, Цогтсайханг мөргөөд тэр хоёр зууралдаад Ганхөлөг, Ц-г 2 удаа ямар ч гэсэн газар унагаагаад дээр доороо ороод ноцолдоод байсан. Тэгж байхадаа Ц, Ганхөлөгийг зууралдаад ноцолдож байх явцдаа 2-3 удаа цохиж байгаа харагдсан...” /хх 11/ гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Жавзандолгор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ц-г агсраад дайраад байхаар нь Ганхөлөг, Цогтсайхан дээр машины цаад талд очоод маргалдаж байгаад Ганхөлөг унасан болхоор харж чадаагүй. Машины цаад талд Ц, Ганхөлөг хоёр барьцалдаж авах гээл Тогоодорж, Ганбаяр нар салгах гэсэн байдалтай байж байсан...” /хх 13/ гэх мэдүүлэг,

Гэрч Г.Ганчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Ц цамцаа тайлаад цамцаа тайлаад чи дандаа ингэж новширдог гээд Ганхөлөгийн цээж хавьцаа өшиглөсөн тэгэхэд Ганхөлөг газар хажуу талаараа унаад босож ирэхдээ хөл нь доголчихсон байсан...” /хх 14-15/ гэх мэдүүлэг,

Яллагдагч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид хоёр маргалдаж байх явцдаа бие биенээ харилцан цохилцсон юм. Тэгэх явцдаа Ганхөлөг бид 2 газар давхаралдаж унасан. Тэгэхэд Тогоодорж бид хоёрыг салгаад Ганхөлөгийг гэрт нь оруулж өгсөн...” /хх 29/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3227 дугаартай дүгнэлт:

  1. Г.Ганхөлөгийн биед баруун тахилзуур ясны доод булууны ташуу зөрөө багатай далд хугарал, баруун тавхайд цус хуралт, дух, зулайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. 4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 17/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 35/, оршин суугаа хаягийн тодорхойлол /хх 33/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 34/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 6-140 тоотын хашааны гадаа хохирогч Г.Ганхөлөгтэй зодолдож улмаар цээжин тус газар нь өшиглөж унагааж эрүүл мэндэд нь санаатай хүндэвтэр хохирол учруулсан болох нь

 Хохирогч Г.Ганхөлөгийн: “...Манай гэрийн гадаа машин дотор би Ц-тай ажилд орсонгүй гэдгээс болоод маргалдсан. Цогтсайхан бид 2 машинаас буугаад заамдалцаад бие биенийгээ харилцан 2-3 удаа цохилцсон. Тэгэхэд Тогоодорж, Ганбаяр нар салгах гэж оролдоод байсан. Ц бид 2 салгахаар нь буцаж барьцалдаж аваад Цогтсайхан бид 2 газар унасан бөгөөд яаж унаснаа мэдэхгүй байна. Тэгээд босож ирээд би дахиад газар унасан байсан Ц унаагүй байсан бөгөөд Тогоодорж миний дээрээс дарчихсан боль гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Ганчимэгийн: “... Ц цамцаа тайлаад цамцаа тайлаад чи дандаа ингэж новширдог гээд Ганхөлөгийн цээж хавьцаа өшиглөсөн тэгэхэд Ганхөлөг газар хажуу талаараа унаад босож ирэхдээ хөл нь доголчихсон байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Ц-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Ц-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Ц-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ц-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Ц нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР