Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00826

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00826

 

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/00957 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч С.Тт холбогдуулан гаргасан 38,479,250 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: С.Таас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны 250 ширхэг пумны түрээсийн төлбөр 12,000,000.00 төгрөг, 07 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 200 ширхэг пумны түрээсийн төлбөр 5,600,000 төгрөг, үлдсэн 123 ширхэг пумны 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 14,114,250 төгрөг, нийт 31,714,250 төгрөг болон 123 ширхэг пумны үнийг зах зээлийн ханшаар тооцож 6,765,000 төгрөг, нийт 38,479,250 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Э ХХК 2020 онд ......... аймгийн нутагт баригдаж байгаа төмөр зам дээр ажил хийж байхад хариуцагч С.Т, ажилтнуудынхаа хамт уг төмөр замын зарим хэсэгт хувиараа ажиллаж байсан. С.Т нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 450 ширхэг барилгын пум авах тухай түрээсийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулж, 7 хоногийн хугацаатай 6,300,000 төгрөгөөр пум түрээсэлсэн боловч 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 191 ширхэг пум, 09 дүгээр сарын 02-ны өдөр 136 ширхэг пумыг буцаан өгч, үлдсэн 123 ширхэг пумыг одоо болтол өгөөгүй. Нэхэмжлэгч нь 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойших түрээсийн төлбөрийг тооцохдоо өөр компанид түрээслэж байсан өртгөөр тооцсон. Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 123 ширхэг пумыг буцааж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул учирсан хохирлыг 1 ширхэг пумыг 55,000 төгрөгөөр тооцож 6,765,000 төгрөгийг нэхэмжилсэн гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Түрээсийн гэрээ байгуулсан талаар маргахгүй. 450 ширхэг пум түрээслэхээр гэрээ байгуулсан боловч 250 ширхэг пум хүлээж авсан. 250 ширхэг пумыг буцааж өгөөд төлбөр тооцооны талаар акт үйлдсэн ба 250 ширхэг пумны түрээсийн төлбөрт 12,000,000 төгрөг өгөхөө хүлээн зөвшөөрсөн. Төлбөрөөс 3,600,000 төгрөг төлсөн, үлдэх 8,400,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үлдэгдэл пумыг С.Т хүлээж аваагүй, авсан пумыг н.Боор дамжуулан буцааж өгсөн. Нэхэмжлэгч тооцоог хариуцагчийн тооцоотой хольж байна. 123 ширхэг пумыг н.Б хүлээж авсан тул түүнээс төлбөрийг нь нэхэмжлэх хэрэгтэй, 123 ширхэг пумыг ийм хэмжээний үнэтэй гэж бодохгүй байна гэжээ.

3. Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч С.Таас 8,400,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,079,250.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,021.00 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 149,350.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Үйл баримтын талаар,

4.1.а. Э ХХК нь 2020 онд ......... аймгийн нутагт баригдаж байгаа төмөр зам дээр ажил хийж байхад С.Т нь тухайн төмөр замын зарим хэсэгт өөрийн ажилтнуудын хамт ажиллаж байсан. Тэрээр 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчээс 450 ширхэг барилгын пум авахаар түрээсийн гэрээг байгуулсан ба гэрээгээр пумыг 7 хоногийн хугацаатай 6,300,000 төгрөгөөр түрээсэлсэн боловч 07 дугаар сарын 31-ний өдөр 191 ширхэг пум, 09 дүгээр сарын 02-ны өдөр 136 ширхэг пумыг буцааж өгч, үлдсэн 123 ширхэг пумыг өгөөгүй тул нэхэмжлэл гаргасан.

4.2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 30,079,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2.а. Иргэний хуулийн 196.1.1-д зааснаар С.Тт 450 ширхэг барилгын пумыг түрээслэхээр хүлээлгэн өгсөн нь гэрээгээр нотлогддог. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн хариуцагчийн үгэнд хөтлөгдөж, гэрээнээс гадна актаар хүлээлгэн өгөөгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: ... тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Э ХХК хариуцагч С.Тт холбогдуулан барилгын пумны түрээсийн төлбөрт 31,714,250 төгрөг, 123 ширхэг пумны үнэ 6,765,000 төгрөг, нийт 38,479,250 төгрөг нэхэмжилснээс хариуцагч 8,400,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.

3. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

4. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээгээр талууд 30*120 хэмжээтэй 50 ширхэг пум, 60*120 хэмжээтэй 400 ширхэг пумыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 7 хоногийн хугацаатай, хоногийн 2,000 төгрөгөөр түрээслэх, гэрээний төлбөрт 6,300,000 төгрөг төлөх, түрээслэгч гэрээний хугацаа дуусмагц түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид хүлээлгэн өгч акт үйлдэхээр тохиролцсон байна. /хх9-11/

4.а. Талууд гэрээ байгуулагдсан, гэрээний зүйлийг эзэмшиж, ашигласан үйл баримтын талаар маргаагүй, харин гэрээгээр тохиролцсон хэмжээний буюу 450 ширхэг пумыг шилжүүлэн өгсөн эсэхэд маргаж байна.

4.б. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүсэн гэж дүгнэсэн нь зөв.

4.в. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Гэрээгээр 30*120 хэмжээтэй 50 ширхэг пум, 60*120 хэмжээтэй 400 ширхэг пумыг түрээслүүлэхээр тохиролцсон боловч гэрээний зүйлийг шилжүүлэн өгөхдөө баримт үйлдээгүй байх ба 450 ширхэг пум хүлээлгэн өгснийг нотлох баримтгүй байна.

Хэргийн 12-р тал дахь 2020.07.07-2020.07.31-ний өдөр, 2020.08.01-2021.10.01-ний өдрийг хүртэлх түрээсийн хэвний тооцооны акт гэх нэг талын баримт нь зөвхөн нэхэмжлэгч талын гарын үсэгтэй байх ба энэ нь хариуцагч 450 ширхэг пум хүлээн авсныг нотлохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, талуудын мэтгэлцсэн баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг журамтай.

Хариуцагч 250 ширхэг пум хүлээн авч, буцаагаад өгсөн, түрээсийн төлбөрт 12,000,000 төгрөг төлөхөөс 3,600,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарладаг бөгөөд хэрэгт 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн пум түрээслэх тухай 2020.07.01-2020.07.24 хүртэл 250 ширхэг пум 60*200 ширхэг, 30*50 ширхэг нийт 250 ширхэг, өдрийн түрээс нь 2,000 төгрөгөөр түрээсэлж нийт 12,000,000 төгрөгийн түрээс төлөх болсон. 2020.07.28-ны дотор төлбөр барагдуулах гэсэн талуудын гарын үсэгтэй баримт байна. /хх8/

5. Шүүх хэрэгт авагдсан 2 талын гарын үсэг бүхий баримт, талуудын тайлбарыг харьцуулан үзэж 250 ширхэг пумыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хооронд ашигласан түрээсийн төлбөр 12,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 3,600,000 төгрөгийг хасч, 8,400,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 хэсэгт тус тус нийцсэн байна.

6. Нэхэмжлэгчийн хариуцагчид 450 ширхэг барилгын пум хүлээлгэн өгсөн болох нь гэрээгээр нотлогдож байхад шүүх зөвхөн хариуцагчийн үгэнд хөтлөгдөж хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

6.а. Гэрээнд 450 ширхэг барилгын пум түрээслэхээр заасан боловч энэ дүнгээр буюу 450 ширхэг пумыг түрээслэгчид хүлээлгэн өгсөн баримтгүй байна. Нэхэмжлэгч тайлбараа баримтаар нотлоогүй нөхцөлд шүүх 450 ширхэг пум шилжүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдоос ирүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн судлагдаж, талуудын харилцан мэтгэлцсэн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар харьцуулан дүгнэж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/00957 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.МӨНХЗУЛ