Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 5695

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ДП77051009 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Жанжны 22 дугаар гудамж, 424 тоотод оршин суух Хойд овогт Баавгайн Хонгорзулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ШУ88072411 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Жанжны 18 дугаар гудамж, 406 тоотод оршин суух Хөвдүүд овогт Баярбаясгалангийн Нандин холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4.237.500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баярбаясгалан овогтой Нандин нь 2014 оны 09 сарын 11-ний өдөр 6.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар хүүгүй зээлсэн бөгөөд уг зээлээ төлөхгүй явсаар 2015 оны 3 сард 3.000.000 төгрөг, 2015 оны 6 сард 1.500.000 төгрөгийг буцаан төлсөн боловч өдийг хүртэл үлдэгдэл 1.500.000 төгрөгийг төлөөгүй болно. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээнд хүү тооцоогүй боловч зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд иргэний хуулийн дагуу алданги тооцохоор тохирсон. Иймээс зээлийн гэрээний үлдэгдэл 1.500.000 төгрөг, зээлийн гэрээнд заасан алданги 2.737.500 төгрөг, нийт 4.237.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.Хонгорзул нь хариуцагч Б.Нандингаас 4.237.500 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 500.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 3.737.500 төгрөгийг 2016 оны 11 сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. Иймээс талуудын эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Б.Хонгорзул нь хариуцагч Б.Нандинд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.237.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Хонгорзул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 500.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Нандин 3.737.500 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон                                                                                 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1. Нэхэмжлэгч Б.Хонгорзул нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.237.500 төгрөгийн 500.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Нандин нь 3.737.500 төгрөгийг 2016 оны 11 сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Б.Нандинд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.750 төгрөгийн 50 хувь буюу 41.375 төгрөгийг улсын орлогоос, 41.375 төгрөгийг, хариуцагч Б.Нандингаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Хонгорзулд олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                     

ШҮҮГЧ                                               Л.ЭНХЖАРГАЛ