Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 695

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

улсын яллагч У.Дэндэвдорж,

шүүгдэгч Б.Х ,

хохирогч Х.Батцэцэг,

гэрч Б.Бат-Ууган нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б.Х-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01458 0709 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Х

Холбогдсон хэргийн талаар:

Б.Х  нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Батцэцэгтэй маргалдан улмаар түлхэж унагаасны улмаас зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х  мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 20-ны  орой 23 цагийн орчим би хохирогч дээр очоод хүүхэд яасан бэ? гэхэд өөдөөс зарсан гэсэн. Тэгэхээр нь би шууд нүүр рүү нь мангасдсан. Миний барьж байсан ундааг над руу шидээд дайрсан. Тэгэхээр нь би хоёр давхар руу нь гараад найз Заяагаас нь хувцсыг нь авч доошоо буусан. Ээж рүү нь ярих гээд утсыг нь аваад гараас нь барьж хүүхэд дээрээ очьё гэсэн. Доошоо бууж байхад шатны гишгүүр дээр гишгэтэл Батцэцэг намайг үхээч гэж хэлээд түлхсэн. Доошоо буунгуутаа энэ машинд суу гэхэд Батцэцэг машин руу гүйсэн. Тэгэхээр нь би араас нь очоод Батцэцэг суугаад дараа нь найз Анхзаяаг нь машинд суу гэж хэлсэн. Тэгэхэд Батцэцэг буцаад буусан. Тэгээд шууд газраас чулуу аваад над руу шидэж,  цохиж эхэлсэн. Тэгээд тавингуут би одоо үхнэ, намайг үхсэний дараа хүүхдээ аваарай гэж хэлээд машин руу гүйсэн. Тэгээд бид хоёр  ноцолдоод, би Батцэцэгийг татан замаас гаргаад за за больё гэж хэлээд Заяаг найзыгаа аваад яв гэж хэлсэн чинь найз нь би яаж согтуу хүн авч явдаг юм бэ гэж хэлсэн. Би Батцэцэгийн 2 гарыг нь барьчихаад байж байхыг таксины жолооч харж байсан. Намайг тавингуут Батцэцэг үснээс зулгаагаад байхаар нь би хойшоо ухрахад намайг өшиглөх гэж байгаад өөрөө унасан. Тэгээд унаад хөлөө бариад ёо ёо гэж хэлэхээр нь би таксинд суу гэж хэлээд найз Заяатай нь цуг дөрвүүлээ Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод байцаагчид нь би өөрөө хэлсэн. Манай хүүхдийн эх байгаа юм. Бид хоёр урьд нь сууж байсан. Гэмтсэн юмаа өргөдөл бичнэ гээд байна. Та хараад өгөөч гэхэд байцаагч очиж хараад өө энэ хүн чинь согтуу байна шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хүн өргөдөл бичнэ гээд байгаа юм. Тэгээд бас хохирогч аль эртнээс би цагдаад олон хүн танина чамайг цагдаад өгнө гэж хэлдэг байсан. Гэмтлийн байцаагч 2 дугаар хэлтэс дээр оч гэж хэлсэн. Би байцаагчид хэлсэн. Надад мөнгө байхгүй та энэ таксины жолоочид хамгийн сүүлд гэрт нь хүргэж өгөөд мөнгөө авчих гэж хэлээд өгөөч гэхэд байцаагч жолоочид хэлээд бид хэдийг аваад Баянзүрхийн 2 дугаар хэлтэс рүү явсан. Баянзүрхийн 2 дугаар хэлтэс рүү очиход ахлах дэслэгч Мөнхжаргал гэдэг хүн байсан. Энэ хүн өргөдөл бичиж өгнө. Энэ хүн намайг түлхсэн гээд байгаа юм. Энэ хоёр гэрч байна гэж хэлэхэд шууд байцаагч нь хоёр гэрчийг явуулаад өргөдлөө бичиж авсан. Намайг өрөөнд ороод сууж байхад эвтэйхан суу энэ тэр гээд дарамтлаад байсан. Тэгэхээр нь би та яагаад 2 гэрчийг явуулчихаж байгаа юм бэ?, хэд хоногийн дараа мэдүүлэг өгвөл өөр мэдүүлэг өгнө шүү дээ гэхэд чамайг би яаж ийж байгаад хорино, яасан илүү үгтэй нөхөр вэ гээд байсан. Тэгээд цагдаа намайг өрөөндөө авч үлдээд Анхзаяа, Батцэцэг хоёрыг таксины жолооч гэрт нь хүргэж өгөөд буцаж ирээд, намайг цагдаа дээрээс авч гэрт хүргээд, би төлбөрийг нь хийгээд тэгээд явуулсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Батцэцэг мэдүүлэхдээ:  Би энэ хүнээс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр салсан байгаа. Энэ хүнтэй хамт амьдрах гээд олон удаа хичээсэн боловч байнгын намайг зөрсөн хүн болгон юу ч байсан хамаагүй хардаж сэрддэг байсан. Хамгийн гол нь үүнийгээ ерөөсөө буруу гэж боддоггүй. Би чамайг цагдаад өгнө шүү гэж айлгаж хэлсэн ч ерөөсөө тоодоггүй байсан. Сая хүртэл коридорт инээгээд зөрөхдөө бах нь ханасан аятай ална шүү гээд гараа зангидаад өнгөрч байна. Дандаа чамайг ална шүү гэдэг байсан. Гэрт байнга ирж хэрүүл, шуугиан хийдэг. Үүнийгээ ерөөсөө буруу гэж боддоггүй. Ерөөсөө хүүхдээр далимдуулж намайг ийм тийм гэж доромжилдог. Гэрт ирээд хана руу савах, нүүр рүү цохих, хоолой боож хүнийг зоддог. Би найзтайгаа караокед сууж байгаад ариун цэврийн өрөө ороод тэндээ сууж байтал гэнэт гаднаас орж ирээд үгийн зөрүүгүй нүүр рүү цохичихоод гараад явсан. Тэгээд би дээшээ гараад Анхзаяа гэдэг найз дээрээ очсон чинь сая чиний хувцас хунар, цүнхийг чинь аваад гарчихлаа шүү дээ гэхээр нь Анхзаяа бид 2 цагдаа дуудах уу яах уу гэж ярилцаад сууж байтал гаднаас орж ирээд хувцас, цүнхийг шидэнгүүтээ явъя гээд, хаашаа дагуулж явах гээд байгаа нь бүү мэд. Байнга л ална хядна шүү гэж дарамтладаг. Би найзыгаа олон удаа цагдаа дуудаад өгөөч гэж гуйсан боловч найз чамайг согтуу болохоор цагдаа ирээд аваад явна шүү дээ гээд дуудаж өгөөгүй. Арга ядаад машины өөдөөс гүйгээд зогсоогоод цагдаа дуудаад өгөөч гэж гуйсан. Надтай зууралдаж байгаад түлхээд унагаасан. Намайг унагаачихаад би биш шүү чи өөрөө унасан шүү битгий баашлаад бай гээд хөл рүү хүртэл өшиглөсөн. Мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, одоо хүртэл би таягтай явж байгаа хөл гүйцэд эдгээгүй байгаа. Гэхдээ энэ хүнээр төлбөр төлүүлэхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Бат-Ууган мэдүүлэхдээ: Жуковын музейн тэнд таксинд явж байтал энэ хоёр хүн маргалдаж байгаад Батцэцэг гэдэг хүн унаад, тэгээд миний машинд суун Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Миний таксинд найзтайгаа хамт 3 хүн сууж явсан. Машинд явж байхдаа Батцэцэг гэдэг эмэгтэй надаас холд, чамайг цагдаад өгнө гэж хэлээд байсан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Батцэцэгийн өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 20-ны орой Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жуков” худалдааны төвийн хажуу талд байрлах “Кремиль” нэртэй пабад найз Анхзаяагийн хамт орж үйлчлүүлж байгаад ариун цэврийн өрөө орохоор болоод ганцаараа явсан. Би ариун цэврийн өрөөнд бие засчихаад тамхи татаад зогсож байхад миний хүүгийн эцэг Б.Х  гаднаас ороод ирсэн. Орж ирээд шууд үгийн зөрүүгүй шууд миний нүүр рүү гараараа цохисон. Миний нүүр рүү цохисныхоо дараа цамцнаас татаад чирээд гарах гэхээр нь би гарахгүй гээд эсэргүүцэж байхад Б.Х  намайг тавиад дээд давхраас миний гадуур хувцас, цүнх, гар утас зэргийг аваад буугаад ирсэн. Бууж ирээд дахиад явъя гэж над руу орилж, чарлаж дайрсан. Тэр үед би дээд давхар руу найз руугаа явж байхад өөдөөс миний найз Анхзаяа гараад ирсэн. Анхзаяа надад Б.Х  хоёуланг нь энд байгаа талаар яаж мэдсэн байна гэж хэлээд, тооцоо хийгээд уг газраас гарах гэж байхад Б.Х  гаднаас ороод ирсэн. Б.Х  орж ирээд намайг бас түлхсэн...Тэгж байгаад сүүлдээ би Анхзаяаг цагдаа дуудаад өгөөч гэж гуйхад Анхцэцэг 102-т дуудлага мэдээлэл өгөхдөө буруу өгсөн юм шиг байна лээ, цагдаа ирэхгүй байна шүү дээ гэж надад хэлсэн. Тэр үед Б.Х  миний 2 гарны булчин хэсгээс барьж аваад сэгсэрсэн. Сэгсэрч байгаад намайг түлхсэн. Тэр үед би арагшаагаа унасан. Би газар унахад миний хөл өвдсөн. Би миний хөл өвдөөд байгаа тухай Б.Х ид хэлэхэд худлаа маяглаад байгаарай гэж хэлээд миний гуталны ул руу өшиглөсөн. Тэр үед цаана байсан нэг эрэгтэй хүн намайг хөлөө гэмтээсэн юм биш үү гэж хэлсэн чинь Б.Х  өөр хүнийг хараад намайг эмнэлэг рүү дагуулаад явсан...

...Миний биед халдаж байсныг төрсөн эмэгтэй дүү Мөнхцэцэгт 1 удаа хэлж байсан. Түүнээс өөр хүнд би огт хэлж байгаагүй. Бас тухайн үед цагдаа, эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй. Миний биед учирсан гэмтлүүдийг Б.Х  учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8, 9 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Анхзаяагийн өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 20-ны орой би найз Батцэцэгтэй гэрт нь уулзаж байгаад бид хоёр ярилцаад гараад караокед орохоор болсон. Бид хоёр орой 21 цагийн үед караокед орсон ба караокед ороод хоёр цаг өрөө түрээслэн авсан ба түрээсийн цаг дуусч байхад Батцэцэг гараад ариун цэврийн өрөө орохоор болоод ганцаараа ариун цэврийн өрөө явсан. Би караокены өрөөнд ганцаараа үлдээд Батцэцэгийг хүлээгээд сууж байхад гаднаас Батцэцэгийн хүүхдийн эцэг болох Хүрлээ /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ ороод ирсэн. Орж ирээд чамтай угаасаа юм ярихгүй гэж хэлээд намайг хэл амаар доромжилж байгаад Батцэцэгийн цүнх, куртикийг аваад гарсан. Гараад явсны дараа Батцэцэг өрөөнд ороод ирсэн. Би Батцэцэгийг орж ирэхээр нь Хүрлээ орж ирээд чиний юмыг аваад гарсан гэж хэлээд бид хоёр хамтдаа караокены өрөөнөөс гарахаар болоод гарсан. Караокены өрөөнөөс гартал Хүрлээ коридорт  хүлээгээд зогсож байсан. Батцэцэгт Хүрлээ цүнх, куртикийг нь өгсөн. Бид гурав доошоо буугаад караокены тооцоог би хийгээд бид гурав гараад явсан. Гарч яваад  шууд бид хоёр түрүүлээд яваад өгсөн. Тэгсэн бид хоёрын араас Хүрлээ гүйцээд ирсэн. Батцэцэг бид хоёр түрүүлээд явж байхдаа Батцэцэг цүнхээ үзэж доторх эд зүйлээ бүртгэсэн чинь утас нь байхгүй байна гэж надад хэлсэн. Хүрлээг хүрч ирэхэд нь Батцэцэг гар утсаа нэхсэн. Би бас нэхсэн. Тэр үед гар утсыг нь өгөхгүй хэл амаар доромжлоод байсан. Хүрлээ утсыг нь өгөхгүй болохоор нь би  Батцэцэгт наад утсаа хая гэж хэлээд дагуулаад дээшээ гэр рүү нь явсан. Тэр үед Хүрлээ дахиж гүйцэж ирээд Батцэцэгээс хүүхэд хаана байна, хүүхдээ аваад явна гээд маргалдаад байсан. Батцэцэг маргалдаж байгаад надад хандаж цагдаа дууд гэж хэлсэн. Би 102 руу залгаад утсаар яриад байж байхад цаана Хүрлээ, Батцэцэг хоёр маргалдаад л байсан...Зууралдаж байхдаа хүүхдээ авна, одоо явъя гэх зэргээр хоорондоо юм яриад нэг нэгнийгээ түлхэлцэж эхэлсэн. Тэгж байгаад Хүрлээ Батцэцэгийн цээж рүү нь гараараа түлхсэн чинь Батцэцэг хойшоогоо савж газар унасан. Газар унаад шууд миний хөл эвгүй болчихлоо, би хөлөө хөдөлгөж чадахгүй байна гэж орилсон. Тэр үед цаана зогсож байсан машинд бид 3 суугаад гэмтлийн эмнэлэг явсан. Зодож, цохисон асуудлыг бол мэдэхгүй. Ямар ч байсан Хүрлээ миний найзын араас байнга мөрдөж мөшгөдөг. Хаана байгаа газар нь олоод хүрээд ирдэг. Батцэцэгийг байнга дагаж мөрдөж байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бат-Ууганы өгсөн: ...Сууж байсан эмэгтэй босч ирээд үгүй би явахгүй гэж хэлээд уг эрэгтэй хүнтэй явна, явахгүй гэсэн асуудлаас болж зууралдаж эхэлсэн. Зууралдаж байгаад эмэгтэй хүн нь газар унасан. Газар унаад шууд хөлөө бариад хөл эвгүй болчихлоо гэж орилсон. Тэр үед эрэгтэй хүн, эмэгтэй найз хоёр нь гэмтлийн эмнэлэг явъя гэж хоорондоо ярилцаад такси харсан. Тэр үед би ойрхон байсан болохоор надаас гэмтэл явах уу гэж асуухаар нь би зөвшөөрөөд гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2685 дугаартай шинжээчийн:

1. Х.Батцэцэгийн биед зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Н.Энхцолмонгийн өгсөн: ...Х.Батцэцэгийн биед учирсан гэмтэл нь унах, дарагдах, шахагдах үед үүсгэгдэх боломжтой гэмтэл. Уг гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн эмч буруу бичсэн байна. Миний хийсэн хэсэг газрын үзлэгт зүүн гэж бичсэн байгаа болохоор зүүн өвдөг байна. Гэмтлийн эмчийн бичиглэлийн алдаа гарсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.Х ийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 26, 27, 28, 36-37 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Х  нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Батцэцэгтэй маргалдан улмаар түлхэж унагаасны улмаас зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Х.Батцэцэг, гэрч Б.Анхзаяа, Б.Бат-Ууган нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2685 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Х ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

  Хохирогч Х.Батцэцэг нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй байх тул шүүгдэгч Б.Х ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Гэвч хохирогч Х.Батцэцэг энэ гэмтлийн улмаас учирсан гэм хорын хохирлын холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч Б.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Х  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Б.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Батаагийн Б.Х-г 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дэх  хэсэгт зааснаар Б.Х-д оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Хохирогч Х.Батцэцэг энэ гэмтлийн улмаас учирсан гэм хорын хохирлын холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ