Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01819

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01819

 

 

 

 

Н.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/02631 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Аийн хариуцагч О.От холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул олон нийтийн хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билгүүн, хариуцагч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдсан Хөгжлийн банктай холбогдох Өөрөөр нь төлүүлье хэлэлцүүлэгт О.О оролцож үг хэлэхдээ Улсын Их Хурал гэдэг чинь дотроо сайн, муу янз бүрийн улсууд байгаа. Хамгийн эхлээд энэ Монголыг тонон дээрэмдэх хонгилыг угсарсан Н.А энд байхгүй байна гэж ярьсан. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Улсын Их Хурлын Ерөнхий хяналтын сонсгол дээр О.О Н.А гишүүн өөрийгөө өмөөрөх шаардлагагүй шүү дээ. 2015 оны 12 сарын 15-ны өдөр бондын зөвлөл байгуулагдсанаас хойш энэ бүх юмны чинь бузар булай тонуулын чинь эхлэл эхэлчихсэн шүү дээ. Та тэр үнэт цаас гаргана, 2013 оны 12 сарын 03-нд Засгийн газрын үнэт цаасны талаар авах зарим арга хэмжээний тухай гээд баталсан байдаг гээд өгүүлбэр нь бүтэн ойлгомжтой бус дутуу дулимаг өгүүлбэрүүд яваад байгаа. Ерөнхий агуулгыг нь ойлгохоор яаж нэр төрд нь халдаад байгаа нь харагдана. Мөн та үнэт цаас гаргадаг, худалдаж авдаг Хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк Хөгжлийн банкнаас худалдаж авдаг. Хадгаламж, харилцах байршил нь Улаанбаатар хотын банк Худалдаа хөгжлийн банкнаас байршуулдаг. 200, 300 тэрбум төгрөгөөр илүүдэлтэй байршуулдаг байсан. Энэ засгийн газрын үед Монгол улсыг толгойлж, Н.А сайдаа та капитан нь байсан шүү дээ Монгол улсын. Тэгээд би танд хандаж хэлэх гэж байна. Дээрээс нь энэ Хөтөл, QSC-г яриад байна, Хөтөлийг яриад байна гээд байх юм. Н.А сайдын үед олгогдсон шүү дээ. Намайг бууснаас хойш 10 хоногийн дараа н.Сайханбилэг олгосон байна лээ гэнэ. Уучлаарай таны үед судлагдаад, таны үед зөвшөөрөгдөөд, таны үед олгогдсон зээл. Н.А сайдаа та одоо энэ нэг хошин шогоо боль. Эгдүүцэл, зэвүүцэл хүрч байна энд. Н.А сайдыг би болбол энэ Хөгжлийн банкийг тонох ажлыг эхлүүлсэн хүн гэж мөнөөсөө мөн. Хэн хэнийгээ танихгүй гэлээ. Н.Мөнхбатыгаа танихгүй гэлээ. Уучлаарай Фортуна Батбаяр таны удирдаж байсан яамны чинь төрийн нарийн бичгийн дарга, таны удирдаж байсан яамны чинь туслах нь очоод гүйцэтгэх захирал хийчихсэн. Дээрээс нь шалгаад энэ хүнийг эргүүлэн татах хүртэл би гээд ингээд орхичихож байгаа юм. Одоо би Н.Аийг шалгахгүй болбол ард иргэдтэйгээ ирээд гадаа гараад хэвтчихъе. Энэ Монголыг тонон дээрэмдэх үйлс энэ Монголыг тонон дээрэмдэх бүх зүйлийн цучил буюу галыг Н.А асаасан шүү гэх үг хэллэгийг хэлж нэхэмжлэгч Н.Аийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал, үндэслэлгүй мэдээ мэдээлэл тараасан О.От уг мэдээллийг тараасан олон нийтийн хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: 2022 оны 02 дугаар сарын 11, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд болсон хэлэлцүүлэг, сонсголд оролцож Хөгжлийн банкны найдваргүй зээлүүд, улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан иргэн хүний хувьд үг, үзэл бодлоо илэрхийлсэн. Н.А гэх хүнийг танихгүй, мэдэхгүй бидний хооронд харилцаа байхгүй. О.О нь ямар нэгэн нам, улс төрийн байгууллагыг төлөөлөөгүй. Н.А гэх хүний одоогийн эрхэлж байгаа ажил, гадаад байдал, шинж төрх, хувь хүний байгаа байдлыг дурьдаагүй, хараалын үг хэллэг ашиглаагүй. Уг хэлэлцүүлэг дээр Н.Аийн талаар онц зүйл яриагүй, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн сонсгол дээр Н.Ат хандаж иргэнийхээ хувьд Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн тайланг уншиж судлаад үүнтэй холбогдуулан хүний нөөц, авто зам, бодлого төлөвлөлтийн хүрээнд хийгдсэн ажлуудыг нь онцлон 2012-2014 онд Засгийн газрыг тэргүүлж байх үед чинь ийм, ийм буруу шийдвэрүүд гарсан байна гэдгийг Хяналт шалгалтын хороо тайлан дээрээ гаргасан байна. Ингэхээр та энэ бүхэнтэй холбогдолгүй биш холбогдолтой. Бүх зээлийг олгосон гэж би огт хэлээгүй, эргэн төлөлтгүй найдваргүй зээлүүд таны Засгийн газрын үед олгогдсон байна гэж хэлсэн. Иргэн хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хүрээнд Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн тайлангаас иш татаж ярьсан. Н.А гэх хүнтэй өс хонзон, маргааны зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэгчийн одоогийн эрхэлж буй албан тушаал, нэр төр, алдар хүндэд нь халдсан зүйл байхгүй. Ажлын хэсгийн тайланг үндэслэж шүүмжлэл илэрхийлсэн гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: О.О нь үзэл бодлоо илэрхийлэхдээ хангалттай баримтгүйгээр Н.Аийн нэр төрд халдсан байна. Гэхдээ бодитоор нэр хүнд нь гутаагдсан, нэр хүнд алдагдаж хохирсон байдал нь баримтаар тогтоогдохгүй байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь заалтыг баримтлан хариуцагч О.От холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул олон нийтийн хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгахыг хүссэн нэхэмжлэгч Н.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг үл харгалзан, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх эдлэх хуулийн урьдчилсан нөхцөл нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан үйл баримт, уг мэдээ тараасан этгээд нь түүнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй байх үйл баримт бүхий нөхцөл байдал байхаар хуульд тусгагдсан.

5.1. нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан үйл баримтын тухайд,

Хариуцагч О.О нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдсан Хөгжлийн банктай холбогдох Өөрөөр нь төлүүлье хэлэлцүүлэгт үг хэлэхдээ "... Монголыг тонон дээрэмдэх хонгилыг угсарсан Н.А энд байхгүй байна..., 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Улсын Их Хурлын Ерөнхий хяналтын сонсгол дээр үг хэлэхдээ 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бондын зөвлөл байгуулагдсанаас хойш энэ бүх юмны чинь бузар булай тонуульн чинь эхлэл эхэлчихсэн шүү дээ..., "... та үнэт цаас гаргадаг, худалдаж авдаг Хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк, Хөгжлийн банкнаас худалдаж авдаг. Хадгаламж, харилцах байршил нь Улаанбаатар хотын банк Худалдаа хөгжлийн банкнаас байршуулдаг, ... Н.А сайдыг болвол энэ Хөгжлийн банкийг тонох ажлыг эхлүүлсэн хүн гэж мөнөөсөө мөн ..., ...Энэ Монголыг тонон дээрэмдэх бух зүйлийн зучил буюу галыг Н.А асаасан шүү ... гэж хэлсэн болохоо шүүхэд гаргасан хариу тайлбар, анхан шатны шүүх хурал дээр өгсөн тайлбараараа хүлээн зөвшөөрдөг. Уг үйл баримт нь нэхэмжлэгчийн өгсөн Өөрөөр нь төлүүлье хэлэлцүүлэг болон УИХ-ын хяналтын сонсгол дээр О.Оын дүрстэй CD бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогддог. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдсан Хөгжлийн банктай холбогдох Өөрөөр нь төлүүлье хэлэлцүүлэг бол Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй аж ахуй нэгжүүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор ...... сайтын эрхлэгч Н.Ө, ..... нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Л нар санаачлан Хөгжлийн банкны захирал Н.М, Монгол банкны удирдлагууд, Сангийн яам, УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсэг, Хууль зүй дотоод хэргийн яам, Авилгатай тэмцэх газар, улс төрийн намуудын төлөөлөл, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Баялаг бүтээгчдийн холбоо, зээл авсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, эдийн засагчид, иргэний нийгмийн байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцсон улс орон даяар шууд дамжуулагдсан томоохон хэлэлцүүлэг болсон. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Улсын Их Хурлын Ерөнхий хяналтын сонсгол нь Нийтийн сонсголын тухай хуулийн 8.1-д заасны дагуу Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах зорилгоор зохион байгуулсан нийтийн сонсгол байсан. Уг сонсголд УИХ, ЗГ-ын гишүүд, Үндэсний аудитын газар, Монгол банк, Хөгжлийн банк, аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүд оролцож, улс орон даяар шууд дамжуулсан. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хөгжлийн банктай холбогдох Өөрөөр нь төлүүлье хэлэлцүүлэг Туушин зочид буудалд зохион байгуулагдсан болох, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Хөгжлийн банктай холбогдох Улсын Их Хурлын Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд зохион байгуулагдсан болох, уг хэлэлцүүлэг болон ерөнхий хяналтын сонсголын үйл ажиллагаанд хариуцагч О.О оролцсон эсэх, ийнхүү оролцохдоо нэхэмжлэгч Н.Атай холбогдуулан нэхэмжлэлд дурдсан мэдээллийг олон нийтэд тараасан үйл баримт болсон эсэхэд нэхэмжлэгч болон хариуцагч аль аль нь маргаагүй буюу уг үйл баримтууд нь нэгэнт илэрхий болсон, хариуцагчийн зүгээс уг олон нийтийн хэлэлцүүлэг, сонсголд оролцож нэхэмжлэгч Н.Аийн талаар нэхэмжлэлд дурдсан мэдээллийг хийсэн болохоо хүлээн зөвшөөрч, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шууд дамжуулагдсан болохыг үгүйсгээгүй байхад анхан шатны шүүх болсон үйл баримтыг өөрөө үгүйсгэж, хэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх зарчмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Нийтийн сонсголын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдох 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Улсын Их Хурлын Ерөнхий хяналтын сонсгол нээлттэй зохион байгуулагдсан. Нээлттэй сонсголыг УИХ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн албанаас сурвалжлах, төрийн ордонд ажиллаж байгаа сэтгүүлчдийн зүгээс өөрсдийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ олон нийтэд түгээх нь ойлгомжтой, илэрхий үйл баримт юм.

5.2. Мэдээ тараасан этгээд нь түүнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй баримтын тухайд,

Хариуцагч О.О нь нэхэмжлэгч Н.Атай холбогдуулан Хөгжлийн банктай холбогдох Өөрөөр нь төлүүлье хэлэлцүүлэг, УИХ-аас зохион байгуулсан Ерөнхий хяналтын сонсголын үеэр тараасан мэдээллийнхээ үнэн зөвийг нотолсон нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй. Монгол Улсыг тонон дээрэмдэх хонгил гэж юу болох, уг хонгилыг нэхэмжлэгч Н.А хэрхэн яаж угсарсан болох, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ямар бондын зөвлөл, ямар эрх зүйн баримт бичгээр байгуулагдсан эсэх, хэзээнээс ямар бузар булай тонуул нь эхэлсэн болох, Н.А хэзээ, ямар үнэт цаас гаргасан эсэх, Н.А нь Хөгжлийн банкийг хэрхэн яаж тоносон болох, Монгол Улсыг яаж тонон дээрэмдсэн болох, ийнхүү Монгол Улсыг тонон дээрэмдсэн бол түүнийг нь эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр байгаа эсэхийг нотолсон ямар ч баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч О.О нь ийнхүү хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдлээ Үндсэн хуульд зааснаар үг хэлэх эрхээ эдэлсэн гэж тайлбарладаг. Монгол улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 16, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дах заалтуудыг Үндсэн хуульд заасан үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусад иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх үүрэгтэй гэж ойлгоно. Гэтэл хариуцагч О.О нь үг хэлэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх Үндсэн Хуульд заасан үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтыг тал бүрээс нь үнэн бодитойгоор үнэлж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч 15 телевизээр нэр төр гутаасан учраас уучлалт гуйж залруулахыг шаардсан. Би нийтийн сонсголд оролцож үг хэлэхэд 15 телевиз байгаагүй, тухайн үед 2 телевиз байсан. Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуулийн 16 дугаар зүйл болон Нийтийн сонсголын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу үзэл бодлоо илэрхийлсэн. Н.А сайдад хандан тухайн үеийн Засгийн газрын зарим буруутай шийдвэрүүдээс шалтгаалан Монгол Улсын Хөгжлийн банк ямар нөхцөлд хүрсэн талаар Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн шалгалтын нууцаас гарсан материалыг үндэслэн мэдээлсэн. Н.Аийг ямар нэгэн доромжилсон үг хэллэг хэлээгүй, Н.Аийг таньдаггүй байсан учраас нэр төрийг нь гутаах үндэслэл байхгүй. Тухайн үед хийж байсан ажил хэрэгтэй нь холбогдуулаад дээрх үгнүүдийг хэлсэн. Мөн хонгил угсарсан гэх мэт содон үгнүүдийг өөрийнх нь самбартай лайваас иш татаж хэлсэн. Үүнд доромжилсон, хараасан буюу дээрэмчин гэх үгнүүдийг хэрэглээгүй. Миний хэлсэн үгнүүдийг 15 телевизээр цацсан талаарх баримт гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н.А нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал, үндэслэлгүй мэдээ, мэдээлэл тараасан гэх үндэслэлээр хариуцагч О.От холбогдуулан уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хариуцагчийн Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэний хувьд үзэл бодлоо илэрхийлэх эрхийнхээ хүрээнд Хөгжлийн банканд хийсэн ажлын хэсгийн тайлангаас иш татаж ярьсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдаагүй, гутаан доромжлоогүй гэх тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

4. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдлоо.

4.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор 1 ширхэг CD бичлэг ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэлд хариуцагч О.О 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдсан Хөгжлийн банктай холбогдох Өөрөөр нь төлүүлье хэлэлцүүлэгийн үеэр нэхэмжлэгчийн талаар ... , Хамгийн эхлээд энэ Монголыг тонон дээрэмдэх хонгилыг угсарсан Н.А энд байхгүй байна .., гэж, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан Улсын Их Хурлын Ерөнхий хяналтын сонсголд ... Энэ Монголыг тонон дээрэмдэх үйлс, энэ Монголыг тонон дээрэмдэх бүх зүйлийн цучил буюу галыг Н.А асаасан, Н.А гишүүн өөрийгөө өмөөрөх шаардлагагүй шүү дээ. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бондын зөвлөл байгуулагдсанаас хойш энэ бүх юмны чинь бузар булай тонуулын чинь эхлэл эхэлчихсэн шүү дээ. Та тэр үнэт цаас гаргана, 2013 оны 12 дугаар сарын 03-нд Засгийн газрын үнэт цаасны талаар авах зарим арга хэмжээний тухай гээд баталсан байдаг, ингээд та үнэт цаас гаргадаг, худалдаж авдаг Хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк Хөгжлийн банкнаас худалдаж авдаг. Хадгаламж, харилцах байршил нь Улаанбаатар хотын банк Худалдаа хөгжлийн банкнаас байршуулдаг. Бүр илүүдэлтэй 200, 300 тэрбум төгрөгөөр илүүдэлтэй байршуулдаг ийм байсан. Энэ Засгийн газрын үед Монгол Улсын толгойлж Н.А сайдаа та капитан байсан шүү дээ Монгол Улсын. Тэгээд би танд хандаж хэлэх гэж байна. Дээрээс нь энэ Хөтөл, QSC-г яриад байна. Хөтөлийг яриад байна гээд байх юм. Н.А сайдын үед олгогдсон шүү дээ, .., Уучлаарай таны үед судлагдаад таны үед зөвшөөрөгдөөд таны үед олгогдсон зээл, Н.А сайдаа та одоо энэ нэг хошин шогоо боль. Н.А сайдыг би болбол энэ Хөгжлийн банкийг тонох ажлыг эхлүүлсэн хүн гэж мөнөөсөө мөн ..., гэж ярьсан нь бичигдсэн байна. /хх27-29/

4.2. Дээрх хэлэлцүүлэг, сонсголд хариуцагч О.О оролцохдоо нэхэмжлэгчтэй холбоотой мэдээлэл хийсэн эсэх, тухайн мэдээллийн агуулгын хувьд маргаагүй, уг мэдээлэл нь бодит байдалд нийцсэн эсэх, үүгээр нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан эсэхт маргасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-д зааснаар Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхтэй.

Хэдийгээр хариуцагч О.О нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банктай холбогдох Өөрөөр нь төлүүлье хэлэлцүүлэг, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Төрийн ордонд зохион байгуулагдсан Улсын Их Хурлын Ерөнхий хяналтын сонсголд иргэний хувьд оролцох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй боловч үзэл бодол, сэтгэгдлээ бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгаар илэрхийлж болохгүй.

Дээрх мэдээ, мэдээлэл нь нэхэмжлэгчийн ажил үүрэгт сөргөөр нөлөөлөх бөгөөд үүгээр нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэхээр байна.

4.3. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж заасан.

Хариуцагчийн дээрх хэлэлцүүлэг, сонсголд ярьсан мэдээ мэдээлэл нь үнэн зөв, бодит байдалд нийцсэн гэх нотолсон баримтгүй байх ба тайлбарын үндэслэлээ нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргаагүй, тухайн мэдээллийн үнэн зөвийг нотлох үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Н.Аийн уг мэдээ, мэдээлэлийг худал, үндэслэлгүй, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд хариуцагчийг нэхэмжлэгчийн талаар бодит үнэнд нийцээгүй мэдээ мэдээлэл тараасан гэж үзэв. Тэрээр Хөгжлийн банканд хийсэн ажлын хэсгийн тайлангаас иш татан ярьсан гэж тайлбарладаг боловч уг тайланд нэхэмжлэгчийн талаар хариуцагчийн хэлсэн үг, өгүүлбэр байгаа эсэх, уг тайланд Хөгжлийн банкны бусдад олгох зээлийн ажиллагаанд Н.Аийн оролцооны талаар хэрхэн тусгагдсан нь тодорхойгүй, баримтгүй байна.

5. Хариуцагч нь анхан болон давж заалдах шатны шүүхэд миний бие нийтийн сонсголд оролцож үг хэлэхэд 15 телевиз байгаагүй, тухайн үед 2 телевиз байсан, 15 телевизээр миний хэлсэн үгнүүдийг цацсан талаарх баримт гаргаж өгөөгүй гэж тайлбарладаг. Хэрэгт хариуцагчийн хэлсэн дээрх мэдээлэл нь 15 хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тараагдсан гэх баримтгүй боловч Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз болон ..... хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тараагдсан болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. /хх52, 78/

6. Иргэдийн төлөөлөгч хариуцагч О.О өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлсэн боловч магадгүй тухайн үеийн сэтгэл хөөрлөөр үгийн сонголт буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгч Н.Ат бодитоор учирсан хохирол өнөөдрийн байдлаар байхгүй гэж дүгнэсэн боловч дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. /хх47/

Нэхэмжлэгч Н.Аийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, уг мэдээ тараагдсан хэлбэрээр буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч О.От даалгасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв. Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах тухай Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд уучлалт гуйх гэсэн зохицуулалт байхгүй тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/02631 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Аийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, уг мэдээ тараагдсан хэлбэрээр буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч О.От даалгасугай. гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 2 дах заалтын ... 56 дугаар зүйлийн 56.1 ... гэснийг ...56 дугаар зүйлийн 56.2 ... гэж, ... үлдээсүгэй. гэснийг ... үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

А.МӨНХЗУЛ