| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0656/Э |
| Дугаар | 711 |
| Огноо | 2019-05-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 711
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг ҮД:15-54 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б.Т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 04548 0635 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Т
Холбогдсон хэргийн талаар:
Б.Т нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Зулаа” цайны газарт үйлчлүүлж байсан Ж.Халиуны эзэмшлийн 1.304.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-8 Плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: ... 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Зулаа” цайны газар руу ус гуйж уухаар ороод ширээн дээр гар утас байхаар нь аваад буцаад гарсан. Тэгээд гарч яваад такси бариад Цайз руу явах замдаа таксины жолоочид зарж найзуудтайгаа буудалд ороод хэрэглэж дуусгасан. Хохирлыг төлөөгүй байгаа. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Халиуны өгсөн: …Би 2018 оны 05 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед найз Мөнхчимэгийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Zula.s нэртэй цайны газар орж хоол захиалаад байж байсан мөнгөө төлөх гээд түр ширээнээсээ босохдоо ширээн дээрээ “Самсунг Эс-8 Плас” маркийн 1.400.000 төгрөгийн үнэтэй гар утсаа орхиод мөнгөө төлөөд буцаад ирэхэд миний гар утас байхгүй байсан. Тэгээд би найзын хамт хяналтын камерыг шүүж үзэхэд 21 цаг 08 минутын үед гаднаас үл таних 3 хүн орж ирээд нэг саравчтай малгайтай цагаан цамцтай гадуураа хар куртик өмссөн үл таних залуу миний гар утсыг аваад гарч байгаа бичлэг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс : ...Бичлэгийн 21 цаг 08 мин 48 секундэнд уг ширээн дээр суусан байсан 2 эмэгтэй босч ресепшн дээр очих бөгөөд тухайн үед цагаан өнгийн богино куртиктай эмэгтэй гар утсаа ширээн дээр орхин касс руу явж байна. Харин тухайн эмэгтэйтэй зөрж зүүн хананд байх нэмэлт хаалгаар хар өнгийн урт куртик, дотуураа цагаан өнгийн малгайтай цамц өмссөн малгайтай цамцны дотуур саравчтай малгай өмссөн /Б.Ттой ижил биеийн хэмжээтэй, төстэй царайтай/ бор царайтай эрэгтэй хүн орж ирээд шууд утсыг харан эргэн хараад утсыг авч гарах бөгөөд ардаас нь саравчтай малгайтай, дотуураа ягаан цамцтай байж болох эмэгтэй болон нэг царай нь харагдахгүй хар өнгийн богино куртиктай орж ирэх гэж байгаад буцан хамт гарч байна. Саравчтай малгайтай, хар өнгийн богино куртиктай дотуураа ягаан цамцтай байж болох эмэгтэй мэдэлгүй дотогшоо зөрж орж ирээд ардаас нь буцан даган гарч байна...гэх тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ариунтуулын өгсөн: ...Би 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх зах дээр нохойн хоол зарж байгаад орой хамт зах дээр байдаг Б.Т, Чингисболд нарын хамт Хөдөө аж ахуйн автобусны буудлын урд талд байх Зулаагийн цайны газар руу хоолны шавхруу гуйх гээд оройн 21:05 цагт орсон. Эхлээд хаалгаар Б.Т ороод Б.Т ширээн дээр байсан гар утсыг аваад буцаад гарахдаа намайг гаръя гэхээр нь би дагаад гарсан. Гараад хүний утас авсан гүйе гэхээр нь дагаад урагшаа гүйгээд Натурын орчим такси бариад Цайзын орчим байх Алтан цайз нэртэй буудлын гадаа очих үед таксины жолооч хулгайлсан “Самсунг Эс-8 Плас” хар өнгийн гар утсыг нийт 230.000 төгрөгөөр худалдан авахаар тохироод АТМ-аас мөнгө авч өгөхөөр болоод Цайз орчим байх АТМ-аас нийт 230.000 төгрөгөөр утсыг авч өгөөд би Чингисболд, Б.Т, Чинбаяр, Амраа гэх нэртэй залуучуудын хамт буудалд 2 ортой 1 өрөөг 2 шил архитай хамт авч ороод архи ууцгааж хоноод маргааш өглөө нь буудлаас гараад зах дээр ирсэн үлдсэн Б.Тын халаасанд байж байгаад түүнийг тасраад унасан хойгуур алга болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22-23 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Тын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 28, 31, 53-55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Т нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Зулаа” цайны газарт үйлчлүүлж байсан Ж.Халиуны эзэмшлийн 1.304.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-8 Плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.Халиун, гэрч Б.Ариунтуул нарын мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хохирогч Ж.Халиунд учирсан 1.304.000 төгрөгийн хохирлыг Б.Т төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Тод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.Тод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Т нь урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдэж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 53-55 дугаар тал/
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цагдан хоригдож, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 41 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. /хх-ийн 46-47 дугаар тал/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Тын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Б.Т нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг харгалзан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Бумчины Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бумчины Б.Тыг 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Тод оногдуулсан 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Тын цагдан хоригдон 41 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Тоос /РД:УШ96072396/ 1.304.000 /нэг сая гурван зуун дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Жаргалбаатарын Халиунд /РД:ФБ97060124/-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Тод урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ