| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/06746/И |
| Дугаар | 5694 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 5694
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЧА80091078 регистрийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, ШЦХ 1-5 тоотод оршин суух Начингууд овогт Сумъяаначингийн Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ПД82100877 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, сансар хотхон оргил гудамж, 1-8 тоотод оршин суух Халзад овогт Базарсэдийн Ууганболдод холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 3.374.500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Лхагвасүрэн би иргэн Б.Ууганболдтой 2014 оны 10 сарын 05-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Хилчин харуулт алтай хотхоны 106-111 тоот 2 өрөө байраа 6 сарын хугацаатай, сарын 550.000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дуусч, түрээслэгч байрнаас гарахдаа байрны мөнгө болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 2.050.000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Удахгүй банкны ажилчдын хөнгөлөлттэй зээлд хамрагдаж зээл авах гэж байгаа зээлээ авахаараа төлбөрөө бүрэн төлж барагдуулах тул та тэр болтол хүлээгээч гэж хүссэнийг нь харгалзаж 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаа олгосон. Гэвч зээлээ авч чадаагүй үлдэгдэлээ төлөөд үлдсэн нь гээд 500.000 төгрөг төлсөн. Үүнээс хойш одоог хүртэл үлдэгдэл төлбөрөө барагдуулаагүй байна. Иймээс түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр 1.550.000 төгрөг, төлбөр барагдуулах хэлцэлд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой 0.5 хувийн алданги болох 1.824.500 төгрөг нийт 3.374.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч С.Лхагвасүрэн нь Б.Ууганболдоос 3.374.500 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талууд харилцан тохиролцож нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 1.674.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 1.700.000 төгрөгийг 2016 оны 11 сарын 30-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав. Иймээс эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Лхагвасүрэн нь хариуцагч Б.Ууганболдод холбогдуулан гэрээний үүрэгт 3.374.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч С.Лхагвасүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 3.374.500 төгрөгийн 1.674.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Ууганболд 1.700.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч С.Лхагвасүрэн нэхэмжлэлийн шаардлага болох 3.374.500 төгрөгийн 1.674.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Ууганболд нь 1.700.000 төгрөгийг 2016 оны 11 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Б.Ууганболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.940 төгрөгийн 50 хувь буюу 34.470 төгрөгийг улсын орлогоос, 34.470 төгрөгийг, хариуцагч Б.Ууганболдоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.Лхагвасүрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ