Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
Хэргийн индекс | 184/2021/02884/И |
Дугаар | 210/МА2022/01969 |
Огноо | 2022-11-07 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2022/01969
2022 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 210/МА2022/01969 |
Ө.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаан
аар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2022/02696 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө.Бын хариуцагч Б.Од холбогдуулан гаргасан ...... дүүргийн ..... дүгээр хороо, ............. дугаар гудамж, ....... тоот хаягт байрлах, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн .............. дугаартай 123 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн .............. дугаартай хувийн сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ө.Б, Б.Б нар ..... дүүргийн .... хороо, .............-р гудамж, ....... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн .............. дугаартай, 123 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах өмчлөх эрхийн гэрчилгээ нь гараагүй 50 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдсан 147 м.кв талбайтай байшинг Г.Агээс 15,000,000 төгрөгөөр худалдан авсан. Ө.Б нь өөрийн ах дүүгээр байшин бариулж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж амжаагүй байсан. Ө.Б нь 2015 онд нөхөр Б.Бын хамт Австрали Улс руу явахаар Б.Бын дүү Б.Огаас 28,000,000 төгрөг зээлдэн авсан боловч виз нь гараагүй. Тэрээр мөн оны 06 дугаар сарын 09-ний өдөр бусдаас 20,000,000 төгрөг авч, Б.Од өгөөрэй гэж Б.Бт өгсөн боловч тэрээр өгөлгүй бугын цусан эврийн эмчилгээний архи руу хөрөнгө оруулалт хийнэ, үйл ажиллагааг нь дэмжээд үүнийг авч явъя гэж 20,000,000 төгрөгийг захиран зарцуулсан. Б.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дүү Б.О, Б.Б нарынхаа хамт О.Быг нотариат дээр дуудсан. Улмаар Б.Од төлөх 28,000,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөгийг өгөхийн тулд 123 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр Б.Ог нэмж, байшингаа баригдаж дуусахаар бусдад худалдан Б.Огийн өрийг төлөх, үлдэгдэл мөнгөө хувааж авах талаар хэлсэн байдаг. Ө.Б уг саналыг зөвшөөрөхгүй Б.Бтай муудалцаж байхад Б.О, Б.Б нар гэрээ бэлэн болсон, гарын үсэг зураад болно гэж хэлсэн. Ө.Б зээлийн харилцан тохиролцох гэрээ, газрын өмчлөгчөөр Б.Ог хамтран өмчлөгчөөр нэмэх гэрээнд гарын үсэг зурж байна гэж ойлгон гарын үсэг зурсан. Гэтэл Б.О нь хариуцагч Ө.Бд холбогдуулан хашаа, байшин чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаар дээрх гэрээнүүдээс гадна 123 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг Б.Од шилжүүлэх бэлэглэлийн гэрээнд Ө.Быг хуурч гарын үсэг зуруулсан болохыг нь мэдсэн. Б.Од өгөх 20,000,000 төгрөгийг Б.Бт бэлнээр өгсөн боловч тэрээр уг мөнгийг Б.Од шилжүүлэхгүй, бизнест хөрөнгө оруулалт хийхээр захиран зарцуулсан. Гэрээнд Ө.Б нь 28,000,000 төгрөгийг Б.Огаас Б.Бын хамт 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр авсан, Австралийн виз гараагүй тул Б.Бын дүү Б.Огийн зээлсэн 28,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг авсан гэж тусгасан. Б.Отай байгуулсан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул мөн хуулийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Б.О нь 2014 оноос Япон Улсад ажиллаж, амьдарч байсан. Ө.Б 2015 онд Австрали Улсад суралцах сургалтын төлбөр 28,000,000 төгрөг зээлдүүлэх хүсэлт тавьсны дагуу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эгч Б.Бгаараа дамжуулан Б.Б, Ө.Б нартай 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж, 28,000,000 төгрөгийг 2,000,000 төгрөгийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дуусахад Б.Б, Ө.Б буцааж өгөх мөнгөгүй, авсан зээлээрээ худалдаж авсан хашаа байшингаа өгч болно гэсэн. Ө.Б, Б.Б нар ..... дүүргийн .... хороо, ............. гудамж, ... тоот хаягт байрлах газар, уг газар дээр дутуу баригдсан байшинг 15,000,000 төгрөгөөр худалдан авч байсан боловч Б.О нь тэдний уг хөрөнгүүдийг бэлэглэлийн гэрээгээр өмчлөлд нь шилжүүлэх хүсэлтийг хүлээн зөвшөөрч 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан. Эхний бэлэглэлийн гэрээний хувьд Ө.Б, Б.Б нар үл хөдлөх эд хөрөнгийн өөрсдийн өмчлөх хэсгээс Б.Од бэлэглэж, хамтран өмчлөгч болох байсан. Гэтэл Б.О нь 15,000,000 төгрөгөөр худалдаж авсан газрын хамтран өмчлөгч болохгүй гэж хэлсний дагуу талууд мөн өдөр дахин бэлэглэлийн гэрээ байгуулж, Ө.Б, Б.Б нар газрыг бүхэлд нь Б.Огийн өмчлөлд шилжүүлсэн. Ө.Б, Б.Б нар өөрсдийн хүсэл зоригийн дагуу бэлэглэлийн гэрээ байгуулж, газраа шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бын тайлбарын агуулга: Ө.Б, Б.Б нар 2015 онд Австрали Улс руу явахаар төлөвлөж Б.Огаас 28,000,000 төгрөг зээлдэн авсан. Тухайн үед Б.О Япон Улсад амьдарч байсан тул Ө.Б, Б.Б нартай Б.Бгаар дамжуулан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 28,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 2,000,000 төгрөгийн хүүтэй зээлдүүлсэн. Б.О нь 2016 оны 12 сард Япон Улсаас ирээд зээлдүүлсэн мөнгөө шаардахад Ө.Б, Б.Б нарт бэлэн мөнгө байгаагүй тул хашаа, байшингаар өрөө төлөхөөр болсон. Б.Б, Ө.Б, Б.Б нарын гарын үсэг зурсан харилцан тохиролцох гэрээгээр Б.Ог газрын хамтран өмчлөгчөөр нэмж, газрыг зарсан мөнгөөр Б.Од төлөх төлбөрийг төлөх байсан. Үүний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг байгуулсан боловч Б.О нь газрыг бусдаас 15,000,000 төгрөгөөр худалдаж авсан болохыг мэдэж зээлдүүлсэн 28,000,000 төгрөгт хүрэхгүй гэж газрыг бүхэлд нь шилжүүлэхийг шаардсан. Ингээд талууд мөн өдөр 2 дахь бэлэглэлийн гэрээг байгуулж ..... дүүргийн .... хороо, ............. гудамж ... тоот хаягт байршилтай, 123 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, уг газар дээрх байшинг бүхэлд нь Б.Од шилжүүлэхээр тохиролцсон. Б.О нь газар, байшингийн өмчлөгчөөр бүртгүүлсэн ба газар дээрх байшин нь 123 м.кв газраасаа илүү гарч баригдсан тул байшингийн илүү гарсан талбайг хамруулан 200 м.кв газрын эзэмшигчээр бүртгүүлсэн гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ө.Бын нэхэмжлэлтэй Б.Од холбогдох ..... дүүргийн .... хороо, ............. гудамж, ....... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн .............. дугаартай, 123 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах, ..... дүүргийн .... хороо, ............. гудамж, 6, ....... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ............ дугаартай хувийн сууцны өмчлөгч болохыг тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ө.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.
5.1. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд,
Б.Б, Ө.Б, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, ..... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны албан бичгийн хавсралтаар ирүүлсэн баримт зэргээс үзвэл маргаан бүхий газар нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хариуцагч Б.Огийн өмчлөлд шилжиж, бүртгэгдсэн болох нь тогтоогддог. Ө.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа маргаан бүхий газрыг Б.Од бэлэглэх хүсэл зориг байгаагүй, харин хашаа, байшингаа худалдаад Б.Огийн өрийг төлөх хүсэл зоригтой байсан. Бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурснаа мэдээгүй гэж тайлбарлаж маргадаг. Энэ нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн харилцан тохиролцох гэрээнээс харагддаг.
Хариуцагч Б.О нь маргаан бүхий газрын өмчлөх эрхийг Б.Б, Ө.Б нараас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт шаардаж, газрын өмчлөх эрхийг зээлийн гэрээний үүрэгт бэлэглэлийн гэрээний үндсэн дээр тооцож бэлэглэлийн гэрээний хэлбэрээр олж авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл мөн. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээ нь нэг талын хүсэл зоригоор хийгддэг нэг талын гэрээ байдаг. Ө.Б нь 28,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт маргаан бүхий газрыг бэлэглэж, өмчлөх эрхийг бүхэлд нь шилжүүлэх хүсэл зориг байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гурван өөр агуулга бүхий хүсэл зоригийг илэрхийлсэн гурван төрлийн гэрээ Б.О, Ө.Б, Б.Б нарын хооронд байгуулагдсан байдаг. Уг гэрээнүүдээр маргаан бүхий газрыг Ө.Б нь Б.Огийн өмчлөлд бүр мөсөн шилжүүлж, бэлэглэх хүсэл зоригтой байсан гэж үзэхэд эргэлзээтэй бөгөөд эдгээр гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар анхнаасаа дүр үзүүлэн хийсэн гэж үзэхээр байна. Гэтэл шүүх дээр дурдсан хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулж үзээгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хөрөнгө олж авсан этгээд Б.О, үүрэг гүйцэтгэгч этгээд Ө.Б нарын хооронд өмнө нь зээлийн гэрээний харилцаа, түүнээс улбаатай бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн түл Б.Ог үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
Түүнчлэн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр боловч 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу маргаан бүхий газрын өмчлөх эрхийг олж авсан нь зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох үндэслэлд хамаарахгүй байгааг шүүх анхаарч үзээгүй. Б.О нь Ө.Бд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт бэлэглэлийн гэрээний дагуу маргаан бүхий газрын өмчлөх эрхийг олж авсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 931 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1047 дугаар магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг анхаарч үзэж өгнө үү.
5.2. Эрх зүйн маргаан бүхий харилцааг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй тухайд,
Нэхэмжлэгч нь хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах шаардлагын үндэслэлээ Ө.Б, Б.Б нар маргаан бүхий газрыг тус газар дээр дутуу баригдсан байшингийн хамтаар худалдаж авсан бөгөөд уг дутуу баригдсан байшинг Ө.Б нь өөрийн хөрөнгөөр үргэлжлүүлэн барьсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулаагүй байсан. Маргаан бүхий хувийн сууцыг Б.О нь нотлох баримт бүрдүүлэн өмчлөх эрхийг анх удаа олж авсан тул Б.О нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлаж маргадаг. Б.О 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүсэлт гаргаж, мэдүүлэг бөглөн ..... дүүргийн .... хороо, ............. гудамж, ... тоот хаягт байршилтай хувийн сууцны өмчлөх эрхийг анх удаа олж авсан болох нь тогтоогддог. Уг хувийн сууц, маргаан бүхий газрын хамтаар Ө.Б, Б.Б нар иргэн Г.Аээс худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 15,000,000 төгрөгөөр худалдан авч, улмаар уг хувийн сууцыг 70 хувийн гүйцэтгэлтэй болгон барихад Ө.Б хөрөнгөө оруулсан болох нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, Г.А, Б.Б нарын хооронд байгуулагдсан бичгээр хийсэн хэлцэл, гэрч н.Наранбаярын шүүхэд өгсөн мэдүүлэг, ..... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн баримтуудаар тогтоогддог. Мөн Б.О нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаагүй, маргаан бүхий хувийн сууцыг барихад Б.О хөрөнгө оруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Маргаан бүхий хувийн сууцны өмчлөх эрхийг Б.О нь Б.Б, Ө.Б нараас ямар нэгэн гэрээ, хэлцлийн үндсэн шилжүүлж авсан талаарх баримт байхгүй. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр хувийн сууцыг биш газрыг бэлэглэх агуулгатай байсныг шүүх анхаарч үзээгүй. Хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр хариу төлбөргүй шилжүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болж, тухайн хөрөнгө нь бэлэг хүлээн авагчийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Зээлийн гэрээний харилцаа, түүнээс улбаатай бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн тул Б.Ог үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Маргаан бүхий хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөөгүй.
5.3. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй харилцаанд дүгнэлт хийсэн тухайд,
2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ нь Б.Б, Ө.Б, Б.Б нарын хооронд байгуулагдсан. Хариуцагч Б.О Б.Бгаар дамжуулж уг зээлийн гэрээг байгуулж, 28,000,000 төгрөг зээлсэн гэдэг боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болохыг шүүх анхаарч үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Практикт гэрээний нэршлийг буруу бичих тохиолдол байдаг тул үүнтэй адил. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Уг гэрээний зорилго нь Ө.Б, Б.Б нараас Б.Од хөрөнгө шилжүүлэх байсан ба зорилго биелэгдсэн. Зээлийн гэрээ байгуулсан нь тогтоогдохгүй гэж маргаж байгаа боловч шүүх хуралдааны явцад Б.Бгаар дамжуулан Б.Огаас зээл авсан гэдгээ нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Б.Б гэрчийн мэдүүлэг өгөхдөө Б.О шаардах ёстой гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байх боловч нотолж чадаагүй. Харин хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дэх хэсэгт зааснаар газар дээр байрлах бүртгэлгүй байшин дагаж шилжсэн. Газар, дутуу баригдсан байшингийн үнийн дүнг тооцож үзвэл хариуцагч бүхэлд нь хүлээн авах бүрэн боломжтой. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзсэн болно.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар нотлох баримтад үндэслэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг залруулах нь зүйтэй.
3. Нэхэмжлэгч Ө.Б ...... дүүргийн ..... дүгээр хороо, ............. дугаар гудамж, ....... тоот 123 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, мөн хаягт байрлах өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй 50 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдсан 147 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгч болохыг тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч Б.О эс зөвшөөрч маргажээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
4.а. Б.О нь Б.Бгаар дамжуулан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ө.Б, Б.Б нарт 28,000,000 төгрөг 1 жилийн хугацаатай 2,000,000 төгрөгийн хүүтэй зээлдүүлсэн байх ба зээлдэгч нар зээлийн мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй байна. /1хх42/ Улмаар Б.Б, Ө.Б нар 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр маргаан бүхий 123 м.кв талбайтай газрыг Б.Од бэлэглэж, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 123 м.кв газар болон уг газар дээр баригдсан 147 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б.О бүртгэгджээ. /1хх46, 51-52/ Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, үүргийн гүйцэтгэлд зээлдэгч өөрийн өмчлөлийн газрыг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн гэж үзэхээр байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээнд хууран мэхэлж гарын үсэг зуруулсан, дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлах боловч уг тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй.
Дүр үзүүлэн хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэгт тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог хэлцлийг ойлгоно.
Талуудын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хэлцэл нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээ байх боловч уг хэлцэл нь Ө.Б, Б.Б нар маргаан бүхий 123 м.кв талбайтай газрыг Б.Огаас авсан зээлийн гэрээний үүрэгт тооцон өмчлөлд нь шилжүүлсэн агуулгатай байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
4.б. Хэрэгт дээрх гэрээнээс гадна талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа, үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэсэн гэрээтэй хамааралтай 2 гэрээ авагдсан байдаг бөгөөд хэргийн 1 дүгээр хавтасны 45 дугаар талд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх тухай гэрээ бодитоор хэрэгжээгүй. Мөн энэ талаар тус газар нь Б.Б, Ө.Б нарт зээлдүүлсэн мөнгөний хэмжээнд хүрэхгүй болохыг мэдээд газрыг бүхэлд нь шилжүүлэхээр тохиролцож бэлэглэлийн гэрээг дахин байгуулсан гэж хариуцагч, гуравдагч этгээд тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй.
4.в. Хэргийн 1 дүгээр хавтасны 44 дүгээр тал дахь харилцан тохиролцох гэрээ нь Б.Б, Ө.Б, Б.Б нарын хооронд байгуулагдсан, уг тохиролцоо нь хариуцагч Б.Огийн зээлийн гэрээний үүрэг шаардах эрхэд хамаарахгүй.
5. Өмнө нь Б.О нь Ө.Б, Б.Б, Ө.Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Ө.Сүхбатад холбогдуулан ...... дүүргийн ..... дүгээр хороо, ............. дугаар гудамж, ... тоот хаягт байрлах 200 м.кв талбайтай газар, ....... хаягт байрлах 123 м.кв газар, 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг чөлөөлүүлэх, 123 м.кв газар болон дутуу баригдсан байшинг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэн авсан болохыг тогтоолгохоор нэхэмжилсэн. /1хх9-10,14-15, 19-30/
Уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх ба Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/02030 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1792 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ХТ2021/00304 дугаар тогтоол хэрэгт авагдсан байна. Иймд нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно. /1хх31-41/
Нэхэмжлэгч Ө.Б хувиасаа 8,000,000 төгрөг гаргаж, ах дүү нарын дэмжлэгээр дутуу баригдсан байшинг барьсан гэж тайлбарладаг бөгөөд энэ талаар шаардлага гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлага нь барилгад оруулсан хөрөнгийг гаргуулах маргаанд хамааралгүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийх, тодруулах ажиллагааг хийх шаардлагагүй болно. /1хх19-30/
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний залруулсан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2022/02696 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 106 дугаар зүйлийн 106.1 ... гэснийг ... 56 дугаар зүйлийн 56.5 ... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. .
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
А.МӨНХЗУЛ