| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0665/Э |
| Дугаар | 712 |
| Огноо | 2019-05-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 712
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч Д.Г , түүний өмгөөлөгч У.Сайнбилэг ҮД:15-54,
хохирогч Н.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Д.Г яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00582 0485 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Г
Холбогдсон хэргийн талаар:
Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 60-832 тоотод оршин суух иргэн Н.Батсайханы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж “Тошиба” маркийн 32 инчийн ЛСД зурагт, 10 литрийн бетон 3 ширхэг, хөнгөн цагаан данх, хөнжил, эсгий гудас, усны тэрэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 485.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Батсайхан мэдүүлэхдээ: Энэ хэрэг хурууных нь хээгээр илэрсэн. Надад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй. Шархадны эцсийн буудлаар энэ хүн архиа уугаад л явж байдаг. Ах дүү нар нь намайг хэрэгт холбогдуулсан мэтээр хандаж байна. Хохирлоо төлүүлж авмаар байна. Гомдолтой байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Батсайханы өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 60-832 тоот 14 цагийн үед эхнэр Тогтохбаярын хамт ирж хоноод маргааш буюу 1 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн үед гэрээ цоожлоод Чингэлтэй дүүрэгт байдаг гэртээ очиж хоноод маргааш буюу 01 дүгээр сарын 15-ны өдөр 12 цагийн үед Шархадны 60-832 тоот гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн ЛСД Тошиба брэндийн зурагт, 10 литр бетон 3 ширхэг, хөнгөн цагаан данх, хөнжил, эсгий гудас, усны тэрэг зэрэг эд зүйлүүд алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би гомдолтой байна. Хулгайд алдсан эд зүйлээ буцааж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Тогтохбаярын өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ ирсэн чинь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 60-832 тоот гэрийн маань хашаа, байшингийн хаалга онгорхой, цонхнууд бас онгорхой байсан. Тэгээд шууд цагдаад хандаж дуудлага өгсөн. Би өөрийн нөхөр болох Батсайханы мэдүүлэгтэй санал нийлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ПМ2/032 дугаартай дүгнэлт: ...Шинжилгээнд тэнцэх 3 гэж дугаарласан гарын мөр нь Доржбүрэлж овогтой Галданбуянгийн баруун гарын эрхий хурууны хээтэй тохирч байна...гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар тал/,
- “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 48 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.Г гийн: ...Би 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Шархадны голын дэлгүүрийн хажууд байдаг жаалганд ганцаараа нэг шил 0,5 граммын Хандгай нэртэй архи авч уугаад Давсны булаг ороод дүү болох Галданцогтыг хайж тэр айлд орсон чинь хүн байхгүй байхаар хаалгыг нь төмрөөр хөшөөд онгойлгож ороод 3 ширхэг хөнгөн цагаан 10 бетон, нэг ширхэг усны тэрэг, хар өнгийн 32 инчийн зурагт хулгайлчихаад тэргэн дээр нь түрж гараад нэг айлын хашаанд ороод тавьчихаад тэр айлаа одоо санахгүй байгаа. Тэгээд дээшэ гэр рүүгээ явж байсан чинь цагдаа ирээд бариад эрүүлжүүлэхэд хийсэн. Согтуугийн гайгаар хулгай хийсэн. Батсайханыг би таньдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 дугаар тал/,
- Шүүгдэгч Д.Г гийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51, 52, 54-56 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 60-832 тоотод оршин суух иргэн Н.Батсайханы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж Тошиба маркийн 32 инчийн ЛСД зурагт, 10 литрийн бетон 3 ширхэг, хөнгөн цагаан данх, хөнжил, эсгий гудас, усны тэрэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 485.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Батсайхан, О.Тогтохбаяр, яллагдагчаар өгсөн Д.Г нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Г ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Г гийн гэм буруугийн үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 60-832 тоотод оршин суух иргэн Н.Батсайханы хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цоожийг эвдэн орж эд зүйлийг нь хулгайлан авсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн бол хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Д.Г гийн үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хохирогч Н.Батсайханд 485.000 төгрөгийн хохирол учирсан уг хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Д.Г гаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Шүүгдэгч Д.Г д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөөгүй, шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, архи согтууруулах ундаа хэрэглэдэг, хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.
Шүүгдэгч Д.Г д холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр товлосон боловч шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх авч 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс цагдан хоригдсон тул түүнийг цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна. /хх-ийн 87-88 дугаар тал/
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Г-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Г д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Г гийн цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Г гаас 485.000 /дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Наранхүү Батсайханд олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Г гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Г д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ