Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
Хэргийн индекс | 181/2021/01935/И |
Дугаар | 210/МА2022/01970 |
Огноо | 2022-11-07 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2022/01970
2022 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 210/МА2022/01970 |
".............." ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/02007 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .............. ХХК-ийн хариуцагч ...... ХХК, ..... ХХК, ............... НҮТББ-д холбогдуулан гаргасан нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт хийх, уучлалт гуйлгахыг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.О, хариуцагч ...... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Э.Б, хариуцагч ..... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу Улсын Их Хурлаас Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан. Уг хуулиар тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй тэтгэвэр авагчид ............ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас 1,000,000 төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлэхээр заасан. Тус хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Э" ХХК нь тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой үлдэгдэлтэй болон зээлгүй иргэдэд олгох мөнгөн дүнтэй тэнцэх үнэт цаасыг гаргах ажлыг зохион байгуулж, үүний дагуу зохих стандарт, шаардлага хангасан нууцлал, бичвэр, дугаарлалт, дизайнтай Э нэртэй үнэт цаасыг хэвлүүлэх ажлыг эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд "Э" ХХК нь Э үнэт цаасыг хэвлүүлэхтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудад хүсэлт гаргаж албан бичиг хүргүүлсний дагуу нийт 6 компани хэвлэх үнэ, техникийн шаардлага, хийж гүйцэтгэх хугацааны талаарх саналаа "Э" ХХК-д хүргүүлсэн ба эдгээрийн нэг нь ".............." ХХК юм. Компаниудын ирүүлсэн загвар, үнийн санал, хэвлэх техникийн нөхцөлүүдийг нэг бүрчлэн хэлэлцээд үнэт цаасны хэвлэлтийн чиглэлээр төрөлжсөн байдал, үнэт цаасны чанар, нууцлал хамгаалалт, дахин давтагдашгүй загвар, хамгийн богино хугацаанд гүйцэтгэх боломж, ижил төстэй ажил хийж байсан туршлага зэргийг харгалзан ".............." ХХК-ийн ирүүлсэн саналыг шаардлагад нийцсэн гэж үзэж "Э" үнэт цаасыг хэвлэн нийлүүлэхээр болсон. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ЭМГЛ 22/АГГ-04/2020 дугаар үнэт цаас хэвлэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу ".............." ХХК нь үнэт цаасны зориулалттай цаасаар, гэрээнд заасан техник үзүүлэлтийг хангасан, 2,490 төгрөгийн нэгжийн үнэтэй нийт 592,602,570 төгрөгийн үнийн дүн бүхий 237,993 ширхэг үнэт цаасыг хэвлэж "Э" ХХК-д хүлээлгэн өгсөн. ".............." ХХК-тай холбоотой асуудлаар хэд хэдэн байгууллага, тэдгээрийн төлөөлөл, мэдээллийн сайтууд үндэслэлгүй, компанийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээллийг тарааж, компанийн эрх, ашиг сонирхолд халдсаар байна. ............... НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга Г овогтой Б нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ...... цахим сүлжээний хуудсанд нийтлэгдсэн /..... ХХК-ийн захирал Р.Этай хамт/ ярилцлагадаа "Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын дагуу тэтгэврийн зээлгүй ахмадуудад тараах үнэт цаасыг ".............." ХХК ямар нэгэн тендер, сонгон шалгаруулалтгүйгээр, 592,000,000 төгрөгөөр ваучерыг нэг ширхгийг 2,487,460 төгрөгөөр хийсэн, ... бидний нэрийн өмнөөс 600,000,000 төгрөг дээрэмдээд улайм цайм идчихлээ... гэсэн агуулга бүхий илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэсэн. Мөн тэрээр тус байгууллагыг төлөөлөн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зарласан хэвлэлийн хурал дээр Гадаад харилцааны сайд Б.Бийг албан тушаалаа ашиглан, өөрийн компаниараа дамжуулан үнэт цаас хэвлэх ажлыг ямар ч тендергүйгээр хэвлэсэн. Энэ бол албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа гэмт хэрэг, өөртөө давуу байдал бий болгож байгаа гэмт хэрэг, мөнгө угааж байгаа гэмт хэрэг, дээрэм, хулгай... гэх мэдээлэл хийсэн. Б.Б нь ".............." ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг бөгөөд тус компанийг хувьцаа эзэмшигчийнхээ эрх мэдлийг ашиглан үнэт цаас хэвлэх ажлыг тендергүйгээр авсан мэтээр олон нийтэд мэдээлсэн.
Уг мэдээлэл нь тус компанийг хувьцаа эзэмшигчийнхээ албан тушаалын байдлыг ашиглаж, үнэт цаас хэвлэх ажлыг хууль бус аргаар авсан, хууль зөрчин үндэслэлгүйгээр төрийн мөнгийг завшсан, дээрэмдсэн мэтээр худал мэдээллийг тарааснаар олон нийт, нийгмийн өмнө ".............." ХХК-ийн нэр төрийг гутааж, ажил хэргийн нэр хүндэд халдсан.
...... ХХК-ийн Эгүүр.мн /.........../ гэх сайтад мөн адил дээрх асуудлаар "30-60 саяд хэвлэчих ваучерыг Б.Б сайдын компанид 592 саяар хэвлүүлжээ", "Гадаад паспортын бэлдэц хэвлэх эрхийг сайд Б.Бийн компани авсан уу", ".............. ХХК, Г.Бг шүүхэд өгөхөө мэдэгдлээ" гэх гарчиг бүхий нийтлэлүүдийг олон нийтэд хүргэж ".............." ХХК-ийн нэр хүндийг гутаасан мэдээг нийтэлсэн. ........... сайтад 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нийтлэгдсэн 30-60 саяд хэвлэчих ваучерыг Б.Б сайдын компанид 592 саяар хэвлүүлжээ гэх нэртэй нийтлэлд Нэг сая төгрөгийн ваучерыг хэвлүүлэхийн тулд ... Гадаад харилцааны сайд Б.Бийн .............. ХХК хэвлэсэн байна. ... ваучерын хэвлэл нэрийдлээр хагас тэрбум буюу 592,602,570 төгрөгийг М ХХК залгиж орхисон... гэх мэдээллийг нийтэлж, мөн адил .............. ХХК-ийг гадаад хэргийн сайдын албан тушаалаар давуу эрх олж авсан гэх мэдээллийг нотолгоо, үндэслэлгүйгээр олон нийтэд тараасан.
"....." ХХК-ийн захирал Р.Э нь ...... гэх цахим сүлжээний хэрэгсэлд 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нийтлэгдсэн "Ярихгүй бол болохгүй сэдэв..." гэх гарчигтай ярилцлагадаа "М" ХХК-ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг тараасан. Тодруулбал, "Мөнхийн үсэг гэдэг нэртэй байсан компанийг М гэсэн нэртэй ийм хоёр компани шиг юм болгоод нэг компани дээр хоёр компани захиалга авдаг, сонгуулийн саналын хуудас хэвлэх ажлыг гадаад хэргийн яамны сайд Б.Бийн компани энэ ажлыг нэлээн хэдэн жил хийчихлээ, .. улсаас асар их хэмжээний мөнгийг сүүлийн арваад сонгуулийн турш авч байна... энэ бол гэмт хэрэг... гэх" агуулгатай мэдээллийг тараасан. Хариуцагч нар нь нэг үндэслэлээр ".............." ХХК-ийг хууль бус аргаар үнэт цаас /сонгуулийн саналын хуудас/-ыг хэвлэсэн, тус компанийн хувьцаа эзэмшигчийн албан тушаалын байдлыг ашиглан их хэмжээний мөнгө идсэн, дээрэмдсэн гэх мэдээллийг тарааснаар ".............." ХХК-ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутааж, эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
Тендерийн шалгаруулалтгүйгээр үнэт цаас хэвлүүлсэн гэх асуудлын тухайд, ".............." ХХК нь "Э" үнэт цаас хэвлэх ажлыг "Э" ХХК-тай харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар уг ажиллагааг төлөвлөх, зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулдаг. Үнэт цаас гаргахтай холбоотой үйлчилгээ худалдан авах ажиллагааг тус хуулиар зохицуулахгүй тул "Э" үнэт цаасыг "М" ХХК тендергүйгээр буюу хууль зөрчин хэвлэсэн гэх мэдээлэл нь үндэслэлгүй.
".............." ХХК-ийг хувьцаа эзэмшигчдийн нэг Б.Бийн албан тушаалын байдлыг ашиглаж, давуу эрхийг үүсгэн улсын мөнгө идсэн гэх асуудлын тухайд, Б.Б нь иргэний хувьд ".............." ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн боловч дангаар уг компанийн үйл ажиллагааг хариуцдаггүй, зөвхөн компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрхийг эдлэн оролцдог. Тус компани нь тусдаа бие даасан, эрх зүйн статустай хуулийн этгээд ба хэн нэгэн хувь хүний үйлдэлтэй холбон, үндэслэл, нотолгоогүйгээр эрх, ашиг сонирхолд халдаж байгаа нь компанийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндэд сөрөг үр дагавар үүсгэж байна. Үнэт цаас хэвлэх ажлыг тухайн ажлыг хариуцсан компанитай хэлэлцэн тохиролцож, гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн тул улсын мөнгө дээрэмдсэн, хууль бусаар аргаар залилсан гэх мэдээлэл нь үндэслэлгүй.
Түүнчлэн "М" ХХК зөвхөн "Э" ХХК-аас захиалсан захиалгын дагуу гэрээнд заасан нэр, төрөл, чанар, тоо ширхэг, үзүүлэлт бүхий үнэт цаасыг хэвлэн, хүлээлгэн өгөх үүрэг хүлээх бөгөөд үнэт цаас гаргах, тараах зэрэг эрх бүхий байгууллагын шийдвэрлэх түвшний асуудал тус компанид хамааралгүй.
Иймд тус компанийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан ......" ХХК /.........../, "..............." НҮТБ, "....." ХХК-д уг гутаасан мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч "..... ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Тус компани нь "Э" ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр болсон сонгон шалгаруулалтад уг компаниас ирүүлсэн и-мэйл болон 11/225 дугаартай албан тоотоор А5 хэмжээтэй, 240,000 ширхэг "Э" нэртэй үнэт цаас хэвлэх үнийн санал ирүүлэхийг хүссэний дагуу 2 төрлийн үнийн санал өгсөн. 200 гр/магт, 140 гр цагаан цаасаар хэвлүүлбэл нэгж үнэ 130 төгрөг (Нийт дүн 31,200,000 төгрөг), 200 гр үнэт цаасаар хэвлүүлбэл нэгж үнэ 250 төгрөг (Нийт үнэ-60,000,000 төгрөг), "Э" ХХК-ийн зүгээс бидний өгсөн үнийн саналыг хүлээх тухай мэдэгдэл ба загвар ирүүлэхийг хүссэн хүсэлтийг 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр и-мэйлээр ирүүлсэн. Үүний дагуу бид Э үнэт цаасны бодит загварыг хэвлэн, хүргэж өгсөн. Уг сонгон шалгаруулалтад ямар нэгэн албан ёсны хариу ирээгүй тул загвар өгснөөс хойш 10 хоногийн дараа "Э" ХХК-аас лавлахад Танайх үнийн хувьд шалгараагүй гэж мэдэгдсэн. Гэвч Э ХХК-ийн шилэн дансны мэдээллээс харахад дээрх "Э" үнэт цаасыг ".............." ХХК-аар 592,602,570 төгрөгөөр хэвлүүлж, төлбөрийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр "Э" ХХК-ийн 5001861322 тоот данснаас 297,180,255.00 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 06-нд "Э" ХХК-ийн 1505004958 тоот данснаас 295,422,315.00 төгрөгийг "Бонд хэвлэлт гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байсныг 6 сарын дараа олж мэдсэн. ".............." ХХК бол Гадаад хэргийн сайд Б.Бийн хувьцаа эзэмшдэг компани бөгөөд нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ тусгасан байна. Шударга бусаар, зохион байгуулалттайгаар, үндсэн төсөвт үнээс 10 дахин өндөр үнээр, давуу эрхээр уг тендерийг гүйцэтгэсэн уг компанийн үйлдэл болон захиалагч Э ХХК-ийн талаар өөрсдийн баримт бичиг, нотлох баримтуудад тулгуурлан мэдээлэл хийсэн. "Э" ХХК-аас "М" ХХК-руу "Бонд хэвлэлт" /Ахмадын ваучер/-ийн шилжүүлсэн дээрх төлбөрийн мэдээлэлд үндэслэн тайлбар хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч ...... ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга: ........... мэдээллийн сайтад тавигдсан мэдээ нь ".............. ХХК-ийн нэр хүндийг гутаах зорилго, агуулгатай биш. Харин тус мэдээллийн сайтад 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нийтэлсэн мэдээлэлд тодорхой дурдсан байсны дагуу, тэдгээр нь Б.Бийн хөрөнгө орлогын мэдүүлэг, https://www.tender.gov.mn/ сайтад тавигдсан мэдээлэл, бусад холбогдох мэдээллүүдийг нэгтгэн нийтэлсэн төдий. Тодруулбал, тухайн үед Гадаад хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байсан /одоо Гадаад хэргийн сайд/ Б.Б нь ".............." ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн бөгөөд энэ нь тус хэргийн хавтаст хэрэгт авагдсан компанийн дүрмээс харагддаг. ".............." ХХК-ийн оролцсон тендерийн мэдээлэл, түүхийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс тодорхой харж болох бөгөөд ........... мэдээллийн сайтад тэдгээр нийтэд нээлттэй мэдээллийг нийтэлсэн. Тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй тэтгэвэр авагчид 1,000,000 төгрөгтэй тэнцэх дүнтэй ваучерыг хэвлэхэд нийт 592,000,000 төгрөг зарцуулсан бөгөөд энэ талаарх мэдээлэл нь Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд нээлттэй нийтлэгдсэн. 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 297,180,255 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 295,422,315 төгрөг, хэвлэлийн ажилтай холбогдуулан хариуцагч "....." ХХК 30-60 сая төгрөгөөр хэвлүүлэх үнийн саналыг захиалагчид хүргүүлсэн байдаг. Иймд ........... мэдээллийн сайтад ".............." ХХК-ийн тухай мэдээлсэн мэдээллүүд нь Шилэн дансны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл ил тод, нээлттэй байх, олон нийт түүнд хяналт тавих зарчмын дагуу нийтэд нэгэнт ил болсон, бодит мэдээллүүдийг нийтэлсэн. Бодит байдалд нийцэх мэдээллийг нийтэлсэн нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэл биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын "......" ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч ............... НҮТББ-ын татгалзал, тайлбарын агуулга: Нийтийн сүлжээнд уг мэдээллийг анх түгээсэн эх сурвалж нь ............... НҮТББ, түүний тэргүүн Г.Б биш. Цахимаар нийтийн мэдээлэлд тавигдсаны дараа ахмадууд ваучер гэдэг үнэт цаасаа гар дээрээ аваагүй, яагаад ахмадуудын нэрээр асуудал хөндөгдөөд байгааг ярилцаж, байр сууриа илэрхийлсэн. "Ахмад ба ваучер" сэдэвт 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хэвлэлийн хурлын мэдээг сэтгүүлчдэд албан ёсоор тараасан. Уг мэдээнд нэхэмжлэл компанийн нэр огт нэрлэгдээгүй. Ахмадуудын уулзалтад тус компанийн нэр огт яригдаагүй, уг компанийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Хэвлэлийн хурлын мэдээ нь 6,000,000 төгрөгийн тэтгэврийн зээл тэглэхэд оролцсон талуудад талархал илэрхийлсэн. Хууль баталж таван төрлийн тэтгэврийн ахмадуудыг хамруулан санхүүгийн таатай нөхцөл бүрдүүлж байгааг, үнэт цаас 2020 оны 05 дугаар сард тараагдаж, 2021 оны 05 дугаар сард мөнгө болгон авахаар зохицуулсан тухай, Б.Б сайд тендергүйгээр 592,000,000 төгрөгөөр хэвлэж ахмадуудын нэрийг барьж хожоо гаргасан үйлдлийг эсэргүүцсэн, уул уурхайн охин жижиг компани ашигтай ажиллаж байхад уул уурхайн том компаниудын ашиг хаана байна, томчууд хожиж байна, 592,000,000 төгрөгийг улсад буцааж тушаа, Б.Бийг огцруул гэсэн мэдээнүүд, "Э силвер ресурс" ХХК-д хүргүүлсэн ...............ны албан бичиг, тус компанитай уулзсан ахмадууд, тэтгэврийн зээлгүй, нэг сая төгрөгөөс доош төгрөгийн зээлтэй ахмадуудын асуудлыг төрөөс нэг удаа төлөх санхүүжилт бэлэн болсон банкны мэдээлэл, ваучерын фото зургуудын хамт багтаасан. Харин уг компани өөрсдөө сайн дураараа нэрээ зарлаж хамаатуулаад байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч тал Б.Б сайдын оролцоо далд байсан учраас эрх ашиг нь хамааралтай салшгүй холбоотойгоо өөрсдөө илэрхийлж байна гэж үзэж байна. Хэвлэлийн хурал дээр энэ компанийн нэрийг огт дурдаагүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
Тус холбооны тэргүүн Г.Б 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ...... сайтад ярилцлага өгөхөд нэхэмжлэл гаргасан компанийн нэр огт гараагүй, хэлэгдээгүй байхад яагаад нэрээ оруулан хэлсэн болгож хувиргаад байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зарлагдсан тендерт оролцсон гэсэн үг, өгүүлбэр байхгүй бөгөөд энэ нь тендергүй, зөвхөн гэрээний эрх зүйгээр зохицуулагдсан гэдгээ өөрсдөө нотолсон. Тус холбоо болон тэргүүн Г.Бгийн зүгээс нийтийн сүлжээнд уг мэдээллийг анх түгээсэн эх сурвалжийн мэдээллийг үндэслэн Б.Б сайдын нэрийг дурдсан, ямар компанид хувьцаа эзэмшигч болох ямар нэртэй компани үнэт цаасыг хэвлүүлсэн талаарх мэдээллийг огт хөндөөгүй, энэ талаар мэдээлэл байгаагүй. Хувьцаа эзэмшигч Б.Б гэдэг асуудалд оролцоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Олон нийтийн дунд тараагдсан мэдээнд худал мэдээ харагдахгүй байна. Мөн 30-60 сая төгрөгт бүтчих үнэт цаасыг заавал үнэтэй байдлаар хэвлүүлэх болов. Нэхэмжлэгч талын шаардлагыг хүчингүйд дүгнэж байна гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч .............. ХХК-ийн хариуцагч ...... ХХК, ..... ХХК, ............... НҮТББ нарт холбогдуулан гаргасан ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт хийх, уучлалт гуйлгахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, .............. ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.
7.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өмгөөлөгч Т.Дтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгч Т.Д /№0158/ нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд хувийн шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн. 2022 оны 09 дүгээр сарын 09 -ний өдөр өмгөөлөгч М.О /№2614/-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, өмгөөлөгч М.О шүүх хуралдаан товлогдсон өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан учраас хэргийн материалтай танилцах боломжгүй байсан тул хэргийн материалтай танилцах тухай хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлүүлэх эрхийг зөрчиж, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох боломжийг олгохгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэсэн.
7.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэлийн тухайд, нэхэмжлэгч нь .............. ХХК-ийн хувьцааг Б.Б /гадаад харилцааны сайд/ эзэмшдэг гэдэгтэй огт маргаагүй. Харин гадаад харилцааны сайдын албан тушаалыг эрхэлдэг Б.Б гэдэг иргэнээс тусдаа этгээд буюу Монгол Улсын хуулийн этгээд болох .............. ХХК-ийн нэр хүндийг гутаасан учраас нэр хүндийг гутаасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт хийх, уучлалт гуйлгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ............... НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Б, ..... ХХК -ийн захирал О.Этай хамтран хийсэн Ярихгүй бол болохгүй сэдэв нэртэй ярилцлагад ... үнэт цаасыг .............. ХХК ямар нэгэн тендер, сонгон шалгаруулалтгүйгээр, 592,000,000 төгрөгөөр ваучерыг нэг ширхгийг нь 2,487,460 төгрөгөөр хийсэн, ... бидний нэрийн өмнөөс 600,000,000 төгрөг дээрэмдээд улайм цайм идчихлээ гэх мэдээлэл, ...... ХХК-ийн Эгүүр.мн сайтад тавигдсан 30-60 саяд хэвлэчих ваучерыг Б.Б сайдын компанид 592 саяар хэвлүүлжээ нэртэй нийтлэлд ... ваучерын хэвлэл нэрийдлээр хагас тэрбум буюу 592,602,570 төгрөгийг .............. ХХК залгиж орхисон гэх зэргээр .............. ХХК-ийг ямар нэг ажил хийлгүйгээр, хууль бусаар мөнгө авсан, дээрэмдсэн мэт мэдээллийг олон нийтэд тараасан. Харин хэн нэгэн этгээдийг үзэл бодлоо илэрхийлсэн, үнэн бодит мэдээлэл нийтэлсний төлөө шүүхэд нэхэмжлэл гаргаагүй.
Хариуцагч нар иргэн Б.Б болон хуулийн этгээд .............. ХХК-ийн талаар зүй ёсны, тэдгээрийн нэр төрд халдаагүй байдлаар үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтлэх эрх нь нээлттэй болохоос, мөнгө хууль бусаар авч идсэн, дээрэмдсэн мэт илт худал мэдээлэл тараасан нь зүй ёсны, зохистой үйлдэл биш. Э нэртэй ваучерыг Э ХХК-аас үнэт цаас хэвлэх эрх бүхий компаниудад санал явуулж, тус компаниудаас ирүүлсэн үнэт цаасны стандарт, нууцлал, бичвэр, дугаарлалт, дизайн, үнийн санал зэргийг харгалзан үзэж ажлын хэсэг хэлэлцээд .............. ХХК-ийг шалгаруулж, улмаар гэрээ байгуулан үнэт цаас хэвлэх ажлыг гүйцэтгүүлж, ажлын хөлсийг төлсөн болох нь илэрхий харагддаг. .............. ХХК-ийг өөрийн хувьцаа эзэмшигчийн нэр хүнд, албан тушаалыг ашиглаж үнэт цаас хэвлэх нэрийдлээр хагас тэрбум төгрөг идсэн, дээрэмдэж авсан гэх ойлголтыг олон нийтийн дунд шууд түгээж, улмаас олон нийтээс компанийг муулсан, доромжилсон олон арван сэтгэгдэл цуглуулж, компанийн нэр хүндийг гутаасан байгааг анхан шатны шүүх зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ..... ХХК-аас Эыг 31,200,000 төгрөгөөс 60,000,000 төгрөгт хэвлэх саналыг өгсөн учраас 30-60 саяд хэвлэчих ваучерыг Б.Б сайдын компанид 592 саяар хэвлүүлжээ нэртэй нийтлэл бодит байдалд нийцсэн гэж үзсэн нь учир дутагдалтай. Үнэт цаас хэвлэх ажлыг Э ХХК-ийн зүгээс санал авч, ажлын хэсэг нь хуралдаж стандарт, нууцлал, бичвэр, дугаарлалт, дизайн зэрэг нь тус үнэт цаасыг хэвлэхэд тохирсон гэж үзсэн .............. ХХК-ийн саналыг хүлээн авч шийдвэрлэсэн ба ..... ХХК-аас ирүүлсэн санал нь энэхүү шаардлагуудыг хангаагүй гэж үзсэн учраас шалгаруулаагүй нөхцөл байдал тогтоогддог. Гэтэл шаардлага хангаагүй байдлаар буюу 31,200,000 төгрөгөөс 60,000,000 төгрөгт багтаан хэвлэх нь зөв байсан мэтээр нийтлэл бичсэнийг шүүх бодит байдалд нийцсэн гэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр, нотлох баримтыг дутуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ...... ХХК-ийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүх хэргийн оролцогчдод эдлэх эрхийг нь эдлүүлсэн. Шүүх хуралдаан 1 сарын өмнө товлогдож, хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байсан. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, өөрийн зохион байгуулалтгүй, буруутай үйл ажиллагаанд шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар залруулга хийх ёстой. ...... ХХК-ийн нийтэлсэн мэдээлэл нь тодорхой баримт, эх сурвалж, нийтэд илэрхий мэдээлэлд үндэслэсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогддог. Худал мэдээлэл бус үнэн бодит баримтад анализ хийж нийтэд мэдээлсэн болох нь харагддаг. Нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг үндэслэлгүйгээр гутаасан зүйл байхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ..... ХХК-ийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Б хувьцаа эзэмшигч мөн, 592.0 сая төгрөгөөр ваучер хэвлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд бид уг нөхцөл байдлыг нийтэлсэн. Харин нэхэмжлэгч компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
10. Хариуцагч "..............." НҮТББ давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж үзэхэд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч .............. ХХК хариуцагч ...... ХХК, ..... ХХК, ............... НҮТББ-д холбогдуулан нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт хийх, уучлалт гуйлгахыг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.9, 34.3.10, 34.3.11-д өмгөөлөгч нь хэргийн нотлох баримттай танилцах, шүүх хуралдааныг хойшлуулах болон бусад асуудлаар хүсэлт гаргах, өмгөөлөлд бэлтгэх боломжит хугацаа, нөхцөлөөр хангагдах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч Т.Дыг өөрчилж өмгөөлөгч М.Отай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан байна. Энэ өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч М.О хэргийн материалтай танилцах, иргэн Б.Бийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргажээ. /хх37-38, 60-61, 67/
Шүүх уг хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч өмгөөлөгчөө өөрчлөх болсон нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, хэргийг хянан шийдвэрлэхэд шүүхээс гарах шийдвэр Б.Бийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй гэх үндэслэлээр хангахгүй орхисон нь үндэслэл муутай болжээ. /хх79-81/
Нэхэмжлэгч тал өмнөх өмгөөлөгч хөдөө орон нутагт ажилтай гэсэн учраас өөр өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан гэж тайлбарласан байх ба сонгосон өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон нөхцөлд өөр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхтэй. Өмгөөлөгч М.Оыг хэргийн материалтай танилцаж, өмгөөлөлд бэлтгэх боломжит хугацаа, нөхцөлөөр хангаагүй нь дээр дурдсан түүний эрхийг зөрчсөн байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/02007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
А.МӨНХЗУЛ