Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 714

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч Ф.О , түүний өмгөөлөгч М.Батмөнх ҮД:18-28,

хохирогч Ц.Анх-Учрал, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд ҮД:19-51 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Л овогт Ц.О яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0621 42066 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ф.О

Холбогдсон хэргийн талаар:

Ф.О  нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амгалан” авто тээврийн оношлогооны гадна хохирогч Ц.Анх-Учралтай маргалдах явцдаа түүний хоолойг нь боож, ухаан алдуулан, газар унагааж, эрүүл мэндэд нь дагзны зүүн хэсгийн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай суурийн хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ф.О  мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад би авто оношилгоон дээр оочирлож байсан. Би түрүүлээд оочир авсан байсан. Манай хөдөөнөөс ирсэн ах надад оочир захисан байсан тул миний ард ирээд зогссон. Гэтэл Анх-Учрал сигналдаж байгаад ирээд үзэх үү гэж хэлээд бид хоёр харилцан заамдалцаж байсан. Би хохирогчийг унасныг мэдээгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Анх-Учрал мэдүүлэхдээ: Ф.О  болон түүний гэр бүлийнхэнд хэлэхэд шүүхээс гарсан шийдвэрт надад битий гомдоорой гэж хэлмээр байна. Ф.О  надад хэзээ ч сэтгэл гаргаж байгаагүй. 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 16 цаг 30 минутын үед би оношилгоонд зогсож байтал шүүгдэгч дундуур зай гаргаад орж ирээд, над руу уурлаад байсан. Би бас яараад байна гэдгээ хэлсэн. Би түрүүлж очоод заамдсан зүйл байхгүй. Хэрэг гарахад өмссөн хувцас одоо хүртэл угаагүй байгаа. Энэ хүн надад эмнэлэгийн тусламж үзүүлээгүй. Цагдаа, эмнэлэг ирэхэд шүүгдэгч байгаагүй. Энэ хугацаанд эмчилгээний зардал гэвэл баримтаар өгсөн зардлаас өөр олон зардал гарсан байдаг. Шүүгдэгчид би  толгойн Имрад үзүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн боловч алга болсон. Би өөрөө мөнгө гаргаад эмчилгээ хийлгэж байсан. Би одоо ажилгүй байгаа. Гэтэл энэ хүн зүгээр ажлаа хийгээд явж байна. Би насан туршдаа хохирсон. 1.682.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн боловч 1 сая төгрөг өгсөн. Түүнээс хойш гарсан баримтыг хэрэгт өгсөн. Өнөөдөр шүүгдэгч эмчилгээний төлбөрийн үлдэгдэл гэж 8000 төгрөг шилжүүлсэн. Би хохиролтой байгаа гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Анх-Учралын өгсөн: ...Тэр залуу намайг цамцны захаар боохоор нь би мөн адил зөрүүлэн тэр залууг цамцны захаар нь боогоод би өөрөө ухаан алдаж унасан байсан. Намайг заамдаж аваад 2 тийш сэгсчээд байсан. Тэгээд би ухаан алдсан. Намайг хаашаа юугаар цохисныг мэдээгүй...

...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах авто оношилгооны төвд машинаа үзлэгт оруулах санаатай дугаарлаад зогсож байтал урдуур нэг машин дайрч орсон. Би яараад байна, битгий оочер дайраад бай гэтэл 03-98 УБЭ машины жолооч над руу хэл амаар дайрч доромжлоод намайг заамдаад боосон. Хэсэг хугацаанд ухаан алдаж унаад босоод иртэл толгой битгий өвчин орчихсон өвдөж байсан. Тэр залуу намайг зодчихоод зугтаагаад яваад өгсөн. Одоо миний бие өвдөөд хэцүү байна...гэх мэдүүлэг /хх-ийн 6-9, 10-11 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9178 дугаартай шинжээчийн:

1. Ц.Анх-Учралын биед дагзны зүүн хэсгийн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч М.Золжаргал гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Эрдэнэдалайгийн өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр би нутгийн ах Ц.Анх-Учралтай хамт явж” Приус-20” маркийн машин аваад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байдаг Авто оношилгооны гадаа машинаа үзлэгт оруулах гэж оочерлож байхад манай машины урдуур нэг суудлын жижиг тэрэг дайраад орохоор нь Ц.Анх-Учрал нөгөө машины жолоочийг чи оочер дайраад байна, бид нар энд түрүүнээс хойш оочерлож байна гээд нөгөө машины жолоочтой маргалдаад тэр хоёр сүүлдээ барилцаад авсан чинь би хажуугаар нь салгах гэхэд хажуу талаас нэг хөгшин ах чи зүгээр холд гээд байхаар нь би ойртоогүй нэг харахад Ц.Анх-Учрал ахыг нь нөгөө махлаг биетэй залуу цамцаар нь бооход Ц.Анх-Учрал ухаан алдсан чинь шууд нөгөө залуу боож байсан гараа тавиад цааш нь түлхсэн чинь Ц.Анх-Учрал ах шууд толгойны ар хэсгээр зам дээр шууд унаад ухаан алдаад чичрээд байсан. Би очих гэхэд хажууд байсан хүмүүс хамаагүй хөдөлгөж болохгүй шууд цагдаа дууд гэхээр нь би цагдаа дуудаад нөгөө машины жолоочийг хайхад яваад өгсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Эрдэнэ-Очирын өгсөн: ...тэгснээ машинаа хурдан гарга гэсэн чинь Ф.О  өмнө машин байна гээд тэр хоёр маргалдаад хоорондоо барилцаж аваад хоёр биенээ цамцаараа боолцоод тэр хоёр оношилгооны гадаа гарсан. Тэгтэл хохирогч гэх залуу гэнэт хойшоо саваад цементэн зам дээр унасан. Тэгэхээр нь би Ф.О ыг чи наад хүнээ босгооч гэж хэлсэн чинь Ф.О  нөгөө залууг татаж босгосон, тэр үед оношилгооны хүмүүс ирээд бид хоёрыг машинаа гарга гээд байхаар нь бид хоёр машиндаа суугаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар тал/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн: ...”Приус-20 “машины жолооч талаас хохирогч Анх-Учрал бууж ирж хар машины жолоочтой уулзаад оношилгооны төв рүү орж 15.36.41 минутанд хохирогч Анх-Учрал нь дунд зэргийн нуруутай, цэнхэр ноосон цамц, жинсэн өмд, хар өнгийн пүүз өмссөн залуутай барилцсан байдалтай гарч ирэн 15.36.45 хохирогч болон цэнхэр цамцтай залуу хоёр биенээ гараараа өмсөж явсан  цамцны захнаасаа боолцож байгаа дүрс харагдах ба 15.36.56 минутанд цэнхэр цамцтай залуу хохирогчийг боосон гараа тавихад хохирогч ертөнцийн зүгээр хойшоо шууд биеийн ар хэсгээр унаж шууд хөл гаранд таталт өгч байгаа бичлэг байх ба 15.37.10 минутанд хохирогч Анх-Учралыг боож унагаасан залуу болох цэнхэр цамцтай залуу гараараа амны дээр дарж татаж босгож байгаа дүрс бичигдсэн...гэх тэмдэглэл /хх-ийн 85 дугаар тал/,

- Шүүгдэгч Ф.О ы иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46, 47, 48 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Ф.О  нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр  Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амгалан” авто тээврийн оношлогооны гадна хохирогч Ц.Анх-Учралтай маргалдах явцдаа түүний хоолойг нь боож, ухаан алдуулан, газар унагааж, эрүүл мэндэд нь дагзны зүүн хэсгийн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай суурийн хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хохирогч Ц.Анх-Учрал, гэрч Б.Эрдэнэдалай, Ц.Эрдэнэ-Очир нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 9178 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ф.О ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ф.О  нь би хохирогч Ц. Анх-Учралд болгоомжгүй үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж мэтгэлцэж байна.

            Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол гэмт хэргийг шууд бус санаатай үйлдсэн гэж үздэг.

            Шүүгдэгч Ф.О  нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амгалан” авто тээврийн оношлогооны гадна хохирогч Ц.Анх-Учралтай оочер, дарааллаас болж маргалдах явцдаа түүний хоолойг нь боож, ухаан алдуулан, газар унагааж байгаа үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийн улмаас хор уршиг учрах боломжтойг мэдсэн атлаа уг хор уршгийг хүсээгүй, түүнд зориуд хүргэсэн буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шууд бус санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.

            Хохирогч Ц.Анх-Учрал мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт 1.682.392 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангасан баримт нь 1.092.372 төгрөгийн баримт байгаагаас шүүгдэгч Ф.О  нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд нийт 1.008.000 төгрөгийн хохирлыг төлсөн байх ба үлдэгдэл төлбөр нь 84.373 төгрөг байна. /хх-ийн 26-38, 155 дугаар тал/

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Анх-Учрал эмчилгээний төлбөр 1.060.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 3.000.000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна. /хх-ийн 156-158 дугаар тал/

            Хохирогч Ц.Анх-Учрал нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өмгөөлөгч Б.Нандинчулуунтай гэрээ байгуулж хууль зүйн туслалцаа авч 3.000.000 төгрөгийн төлбөр төлсөн болох нь талуудын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 39, 60-61, 156 дугаар тал/

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д: хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, эрхтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д: ...хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д: ...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж тус тус хуульчилсан байна.

            Хохирогч Ц.Анх-Учралын өмгөөлөгчид төлсөн зардал 3.000.000 төгрөг, эмчилгээний зардал 1.060.000+эмчилгээний зардлын үлдэгдэл төлбөр 84.373=нийт 4.144.373 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ф.О ыг хохирогчид учирсан хохирлыг төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргах эсэхийг тодруулахад шүүх хуралдааныг үргэлжүүлэх хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй байна.

            Хохирогч Ц.Анх-Учрал нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ф.О  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 48 дугаар тал/

Шүүгдэгч Ф.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж хуульчилсан.

Шүүгдэгч Ф.О ы үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ф.О  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

           Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Л овогт Ф.О ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ф.О ыг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ф.О д оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ф.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

           6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д  510.дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ф.О аас /РД:/ 4.144.373 /дөрвөн сая нэг зуун дөчин дөрвөн мянга гурван зуун далан гурван/ төгрөгийг гаргуулан хохирогч Цогийн Анх-Учралд /РД/ олгосугай.

            7. Хохирогч Ц.Анх-Учрал нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ф.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ф.О д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ