Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1560

 

 

“Хасуу цамхаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/00179 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хасуу цамхаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох тухай 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Итгэлийн давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Итгэл,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дэлгэрмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөрөнгийн үнэлгээний “БЭСГЭ” ХХК-ийн үнэлгээгээр нийт үнэ 306 230 000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ бүхий “Хасуу цамхаг” ХХК-ийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолоп, Замчид гудамж 7/3 тоотод байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039930 дугаарт бүртгэлтэй 240 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн 208 233 968 төгрөгийн төлбөрт өгөх шийдвэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гаргасан байна. Иймд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасны дагуу танай шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг “Хасуу цамхаг” ХХК нь 2012 онд 600 000 000 төгрөгийн ажлын гүйцэтгэлд авч байсан үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд нийт 306 230 000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн 208 233 968 төгрөгийн төлбөрт өгөхөөр Шийдвэр гүйцэтгэх албанаас “Хасуу цамхаг” ХХК-ийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох тухай 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2512 дугаар шийдвэрээр “Хасуу цамхаг” ХХК-иас 208 233 968 төгрөгийг гаргуулж “Номин юнион” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Хасуу цамхаг” ХХК-ийн “Номин юнион” ХЗХ-д үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол Замчдын гудамж 7/3 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039930 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 159/02 дугаартай битүүмжпэх тогтоолоор битүүмжлэн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 159/04 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж төлбөр төлөгч “Хасуу цамхаг” ХХК-иас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн саналыг авахад 600 000 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр авагч “Номин юнион” ХЗХ хүлээн зөвшөөрөөгүй тул 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ” ХХК-иар тогтоолгоход 306 230 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч “Хасуу цамхаг” ХХК-ийн захирал Н.Дэлгэрсайханд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3/40290 дугаартай албан бичгээр, анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 214 361 000 төгрөгөөр оруулах тухай мэдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3/43699 дугаартай албан бичгээр мэдэгдэж эрх үүргийг танилцуулж тэмдэглэл хөтөлсөн. Тухайн үл хөдлөх хөрөнгө анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2 дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар 50 хувь бууруулж 153 115 000 төгрөгөөр оруулах болсон талаар 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 3/1422 дугаартай албан бичгээр мэдэгдэж 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй үнийн санал ирээгүй тул 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч “Номин юнион” ХЗХ-д санал болгосон.

Төлбөр төлөгч “Хасуу цамхаг” ХХК-ийн захирал Н.Дэлгэрсайханд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3/40290 дугаартай албан бичгээр үнэлгээний мэдэгдлийг өгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж тэмдэглэл хөтөлсөн мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах бүрт албан бичгээр мэдэгдсэн байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдлоо гаргаагүй, урьдчилан шийдвэрлүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2512 дугаар шүүгчийн захирамжаар “Хасуу цамхаг” ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 207 040 814 төгрөгийг “Номин юнион” ХЗХ-д төлөх, дурдсан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Замчид гудамж 7/3 тоотод байрлалтай 240 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033390 дугаарт бүртгэгдсэн үл хөдөлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “Номин юнион” ХЗХ-д үл маргах журмаар шилжүүлэхээр тохиролцож, эвлэрснийг баталгаажуулсан. Захирамжид заасан хугацаанд “Хасуу цамхаг” ХХК төлбөрөө төлөөгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гүйцэтгэх баримт бичгийг хүргүүлж, үүнээс хойш Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2512 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж байгаа. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас барьцааны эд зүйлтэй холбоотой үнэлгээ хийлгэхээр хөндлөнгийн үнэлгээний байгууллагыг томилж дүгнэлт гаргуулсан, мөн 2 удаа албадан дуудлага худалдааг зохих журмын дагуу явуулаад үнийн санал ирээгүй буюу худалдан борлогдлоогүй тул төлбөр авагч болох манай компанид төлбөртөө тооцож авах санал гаргасан байдаг. Барьцаа эд хөрөнгийг санал болгох хурал 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд болсон. Хуралд тус албаны албаны дэд дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч нар болон шийдвэр гүйцэтгэгч И.Гомбожав, “Хасуу цамхаг” ХХК-ийн захирал Н.Дэлгэрсайхан, төлбөр авагчийг төлөөлж зээлийн хэлтсийн дарга Я.Нацагдорж мөн миний бие оролцож, шийдвэр гүйцэтгэх албанаас санал болгосон барьцаа эд хөрөнгийг авахыг хүлээн зөвшөөрсөн. Учир нь төлбөр төлөгчийн санхүүгийн байдал сайнгүйн дээр мөн шүүхийн шийдвэрээр бусдад төлөх ёстой өр төлбөр нилээдгүй байсан тул төлбөрийг мөнгөөр төлж барагдуулахгүй болох нь тодорхой байсан. Хэдийгээр уг барьцаа эд хөрөнгийг авах туйлын зорилго манай Хадгаламж зээлийн хоршоонд байхгүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу санал болгож байгаа эд хөрөнгийг авахаас татгалзвал гүйцэтгэх баримт бичгийг буцааж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хааж дахин зардал чирэгдэл гаргах нь тодорхой байсан. Тус шүүхэд төлбөр төлөгч “Хасуу цамхаг” ХХК-иас уг барьцаа эд хөрөнгийг 2012 онд 600 000 000 төгрөгийн ажлын гүйцэтгэлд авсан, 306 230 000 төгрөгөөр үнэлэгдэж, 208 233 968 төгрөгийн төлбөрт тооцож санал болгосон асуудлаар маргаж байгаа нь үндэслэлгүй юм. 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн санал болгох хурлаас ямар нэгэн шийдвэр гараагүй бөгөөд зөвхөн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгосон барьцааны зүйлээр төлбөрийг албадан төлүүлэхээр холбогдох ажиллагааг хийсэн боловч худалдан борлогдоогүй асуудлыг танилцуулж, төлбөр авагчид барьцаа эд хөрөнгийг төлбөртөө тооцож авахыг санал болгосон төлбөр авагч саналыг хүлээн зөвшөөрсөн. Барьцаа эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гарсан ба үнэлгээтэй холбоотой асуудлаар гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар “Хасуу цамхаг” ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 25 тоот санал болгох хурлын протоколыг хүчингүй болгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Тус шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2016/19863 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн үйлчлэлийг энэ өдрөөс дуусгавар болсонд тооцож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “Хасуу цамхаг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Итгэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ” ХХК-ийн үнэлгээгээр нийт үнэ 306 230 000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ бүхий “Хасуу цамхаг” ХХК-ийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчид гудамж 7/3 тоотод байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039930 тоот бүртгэлтэй, 240 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн 208 233 968 төгрөгийн төлбөрт өгөх шийдвэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гаргасан байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг “Хасуу цамхаг” ХХК нь 2012 онд 600 000 000 төгрөгийн ажлын гйүцэтгэлд авч байсан үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд 306 230 000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн 208 233 968 төгрөгийн төлбөрт өгөхөөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Хасуу цамхаг” ХХК-ийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгон шийдвэрлэсэн. Гэтэл 2012 оноос 2016 оныг хүртэл хугацаанд ам.доллар валютын ханш болон инфляцын өөрчлөлтийн зөрүү зэргийг харгалзан үзэхгүйгээр шүүх шийдвэрлэсэн. Иймд дээрх үндэслэлүүдийг хянан хэлэлцэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Хасуу цамхаг” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон авахыг төлбөр авагчид санал болгох тухай 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдлоо гаргаагүй, урьдчилан шийдвэрлүүлээгүй гэж маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2512 дугаар шийдвэрээр хариуцагч “Хасуу цамхаг” ХХК нь нэхэмжлэгчид 207 040 814 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж шийдвэрлэсэн байна.                    /хх-23-25 дугаар/

                                                                                 

Уг шийдвэрийн биелэлтийг хангуулахаар төлбөр төлөгч “Хасуу цамхаг” ХХК-ийн эд хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа явагджээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгчийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчид гудамж 7/3 тоотод байрлалтай 240 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033390 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авсан ба уг ажиллагаанд хуульд заасны дагуу нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.                                   

                                                                                       /хх-13, 30-32, 34-36 дугаар тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч “Хасуу цамхаг” ХХК-ийн захирал Н.Дэлгэрсайхан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчид гудамж 7/3 тоотод байрлалтай 240 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033390 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 600 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Номин Юнион” ХЗХ зөвшөөрөхгүй, үнэлгээ хийлгэх тухай хүсэлт гаргасан нь талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй гэж үзнэ.                                                            /хх-38-40 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болон төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 93 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Бэсгэ” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 306 230 000 төгрөгөөр үнэлсэн нь хууль зөрчөөгүй болно.                                                                                                             

            /хх-41-54 дүгээр тал/

 

 Хэргийн 55-66 дугаар талд авагдсан баримтаар хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгчид Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3/40290 дугаартай албан бичгээр мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдаанд үл хөдлөх эд хөрөнгийг 70 хувь бууруулж 214 361 000 төгрөгөөр оруулах тухай мэдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3/43699 дугаартай албан бичгээр мэдэгдсэн, хоёр дахь албадан дуудлага худалдаанд үл хөдлөх эд хөрөнгийг 50 хувь бууруулж 153 115 000 төгрөгөөр оруулах тухай мэдэгдлийг 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 3/1422 дугаартай албан бичгээр мэдэгдсэн тухай үйл баримт тогтоогдсон байна.

 

Төлбөр төлөгч нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчид гудамж 7/3 тоотод байрлалтай 240 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033390 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/289 дүгээр тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд, 2016 оны 1 дүгээр сарын 08-ны 1/9 дүгээр тогтоолоор хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулсан боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй болох нь хэргийн 57-64 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдсон байна.                                                      

 

Нэхэмжлэгч нь үнэлгээ болон үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зөвшөөрөхгүй талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу гаргаагүй байна.

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тохиолдолд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох журамтай бөгөөд энэ журмын дагуу 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлаар худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч “Номин юнион” ХЗХ-д санал болгосон нь хэргийн 66 дугаар тал дахь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 3/6232 тоот мэдэгдэл, 67-69 дүгээр тал дахь 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 25 тоот Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлын 25 тоот протокол зэрэг баримтаар тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчид гудамж 7/3 тоотод байрлалтай 240 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033390 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгосныг буруутгах боломжгүй шүүхийн хийсэн дүгнэлт зөв болжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт “төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заажээ.

 

Хэргийн 11 дгээр талд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3/155 тоот хариу мэдэгдэх хуудас авагдсан бөгөөд уг мэдэгдэх хуудсанд нэхэмжлэгчийн 2016 оны 3 дугаар сарын 14-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй талаар хариу өгсөн байна. Үүний дараа гомдлоо нэхэмжлэгч шүүхэд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байх тул урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг шүүх шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн явуулж буй ажиллагаа нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад валютын ханш болон инфляцын өөрчлөлтийн зөрүүг харгалзан үзэх талаар шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад үүрэг болгоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй хууль хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/00179 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “37 дугаар зүйлийн 37.3” гэснийг “34 дүгээр зүйлийн 34.3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ