Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 10

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/17 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, “Б” эрүүл мэндийн төвийн даргаар томилохыг хариуцагчид даалгасан шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, гуравдагч этгээд Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ховд аймгийн Жаргалант сумын "Б"- эрүүл мэндийн төвд их эмчээр ажилладаг. Цаашид мэргэжпээ дээшлүүлж тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой.

"Б"-ийн Эрүүл мэндийн төв нь 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 9 гишүүнтэй зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулж одоог хүртэл нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна.

“Б"-ийн Эрүүл мэндийн төвийн захиралаар ажиллаж байсан их эмч

 

М.Цагаач нь өндөр насны тэтгэвэрт гарах болсонтой холбогдуулан Б" ЗБН-ийн гишүүдийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн хуралдаанаар Б эрүүл мэндийн төвийн даргыг сонгох хурал хийж хуралд оролцогчдийн 66,6%-ийн саналаар Э.А би даргаар сонгогдсон юм.

Жаргалант сумын "Б"-ийн Эрүүл мэндийн төвийн даргаар Э.А намайг сонгосныг баталгаажуулах тухай хүсэлтийг холбогдох баримтуудын хамт Ховд аймгийн эрүүл мэндийн газарт хүргүүлсэн.

Ховд аймгийн Эрүүл мэндийн газар нь Жаргалант сумын Б өрхийн эрүүл мэндийн төвийн хүсэлт.нөхөрлөлийн тухай хуулийн заалтыг зөрчиж, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/17 дугаар тушаал гаргаж Б өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар Булганаагийн Н-г томилсон тушаал гаргасан байна. Энэ тушаал нь Эрүүл мэндийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, нэхэмжлэгч миний сонгох, сонгогдох эрх,хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн хууль бус шийдвэр /акт / гэж үзсэн тул миний бие уг тушаалыг хүчингуй болгуулахаар Монгол Улсын төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.

Миний өргөдлийн хариуг Монгол Улсын төрийн албаны зөвлөл 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1432 дугаартай албан бичигээр ирүүлсэн.

Өрхийн Эрүүл мэндийн төв нь Аймгийн Засаг дарга.Эрүүл мэндийн төвийн даргатай гурвалсан гэрээгээр ажилладаг тул нэхэмжлэлийг танаа шшүхэд хандан гаргаж байна.

Иймд Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/17 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, "Б" эрүүл мэндийн төвийн даргаар томилохыг хариуцагчид даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.

 

Хариуцагч, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа:

1.Б өрхийн эрүүл мэндийн төв нь хњн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх чиг үүрэгтэй эрүүл мэндийн байгууллага юм.

2. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 364 дүгээр тогтоолоор баталсан Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 1.6-д "Эрүүл мэндийн газар нь ӨЭМТ-ийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана", Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т "Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө" гэсэн заалтуудыг тус тус үндэслэж их эмч Б.Н-ыг Б эрүүл мэндийн төвийн даргаар өмнөх дарга томилсон байх.

3. Э.А нь жирэмсний амралтыг 2016 оны 07 сарын 18-аас эхлэн авч 2016 оны 08 сарын 24-нд төрөөд жирэмсний амралттай байх хугацаанд Б өрхийн эрүүл мэндийн ахлагч эмч М.Цагаач нь " 2016 оны 11 дүгээр сарын 08 -нд" өндөр насны тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдсөн учир тухайн үед ажиллаж их эмч Б.Н-ыг томилсон болно.

4. Б өрхийн ахлагчийг томилохоос өмнө Эрүүл мэндийн газрын дарга Б.А нь удаа дараа нөхөрлөлийн хурал хийж ахлагч сонгосон хурлын тэмдэглэлийг шаардсан боловч ирүүлээгүй учир Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг тогтвортой хэвийн явуулах, тљрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай чанартай хүргэх зайлшгүй шаардлагаар 2016 оны 11 дүгээр сарын 11-нд Б.Н-ыг томилсон.

5. Б.Н нь Өрхийн эрүүл мэндийн төвд 4 жил ажилласан мэдлэг туршлагатай тухайн багийн ард иргэдийн итгэл хүлээсэн эмч юмаа.

6. Б.Амаржаргал миний бие нь 2016 оны 11 сарын 15-нд Эрүүл мэндийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон бөгөөд Э.А нь ажил авсны дараа ӨЭМТ-ийн хурлын тэмдэглэлийн гар бичмэлийг авч ирсэн, тухайн үед миний зүгээс чи жирэмсний амралттай байгаа хуучин даргын тушаал хүчинтэй байна, Б.Н нь 2017 оны 03 сарын 01-ээс жирэмсний амралт авах юм байна тэгэхээр чи төвийн ахлагчаар ажиллах боломжтой гэдэг хариу өгсөн гэжээ.

Мөн Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 256 дугаартай албан бичгээр өгсөн тайлбартаа Ховд аймгийн Жаргалант сумыэ Хайрхан багийн 1-04 тоотод оршин суух Б Эрүүл мэндийн төвийн эмч Э.А-ийн “Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн Б/17 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, “Б” Эрүүл мэндийн төвийн даргаар томилохыг хариуцагчид даалгасан шийдвэр гаргуулах тухай” гэсэн нэхэмжлэлийн шаардлагад:

  1. Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Өрхийн эрүүл мэндийн дүрмийн 2.3.1, 2.3.4, 2.5 дахь заалтуудыг үндэслэн томилох нь зүйтэй гэсэн заалтыг баримтлах,
  2. Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу томилох боловч тухайн шатны Засаг даргатай зөвшилцөөгүй гэж үзэж байна гэж тайлбар хүргүүлэв гэжээ.

 

Гуравдагч этгээд Б.Н шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б эрүүл мэндийн төв нь 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 9 гишүүнтэй зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулж одоог хүртэл нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна.

Энэ дотроос ганцхан Бага эмч Лхагва-Очир овогтой Гэрэлчулуун байгаа нэхэмжлэгч Э.А байхгүй нөхөрлөлийн гишүүнд ороогүй байгаа хүнийг сонгосон нь буруутай үйл ажиллагаа.

Б өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан их эмч М Цагаач нь өндөр насны тэтгэвэрт гарах болсонтой холбогдуулан "Б" зарим бүрэн нөхөрлөлийн гишүүдийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Б эрүүл мэндийн төвийн даргыг сонгох хурал хийж хуралд оролцогчдийн 66.6%-ийн саналаар Э.А даргаар сонгогдсон байна.

Жаргалант сумын Б өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар Э.А намайг сонгосныг баталгаажууллах тухай хүсэлтийг холбогдох баримтуудын хамт Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн байна. Тухайн үед нөхөрлөлийн хурлын тэмдэглэл албан ёсоор шивэж баталгаажуулж өгөөгүй хоцорсон учир Ховд аймгийн эрүүл мэндийн газрын дарга Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 364 дүгээр тогтоолоор батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 1.6 дахь заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтыг тус тус үндэслэн Б өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар хариуцагч Б.Н миний бие томилсон тушаал гаргасан байсан.

Нөхөрлөлийн хурлын тэмдэглэлийг нарийн бичиг хариуцагч Б.Н миний бие хөтөлсөн боловч нэхэмжлэгч Э.А өөрөө шивж Б өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.Цагаачаар баталгаажуулахгүй өгч ашиг сонирхолын зөрчил гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү .

 

2016 оны 11 сарын 14-нд Эрүүл мэндийн газрын дарга дуудаж байна гэхээр нь яваад очтол нарийн бичгийн дарга нь таныг “Б” эрүүл мэндийн төвийн даргаар томилсон тушаал гарсан, та тушаалаа гардан авна уу гэж хэлээд өгсөн. Би тэр үед манай нөхөрлөлийн хуулиараа “Б” эрүүл мэндийн газрын даргаар Э.А гэдэг хүнийг томилсон. Гэтэл яагаад намайг томилж байгаа юм бэ гэхэд нарийн бичгийн дарга нь тэрийг мэдэхгүй та тушаалын дагуу явж ажилаа ав гэж хэлсэн. Тэгээд би “Б” эрүүл мэндийн төв дээр ирээд тухайн үед эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан М.Цагаач дээр ирж тушаалыг танилцуулахад  яагаад чамайг даргаар томилсон тушаалыг  гаргасан юм бол гэхэд нөхөрлөлийн хурлаар Э.А-г томилсон тухай хурлын тэмдэглэлээ албан ёсоор авчирч өгөөгүй, тухайн хурлын тэмдэглэлийн гар бичмэлийг авчирч өгсөн учир нотлох баримт гэж үзэхгүй гэж хэлсэн. Манай нөхөрлөлийн тухай хуулиар бүрэн ба бүрэн бус гишүүнчлэлтэй гэж заасан байдаг. Бүрэн гишүүнчлэлтэй гэдэг нь их эмч нар, бүрэн бус гишүүнчлэлтэй гэдэг нь бага эмч нар ордог дүрэмтэй байдаг. 2016 оны 11 сарын 08-ны өдөр нөхөрлөлийн хурлаа хийхэд тухайн үед даргаар ажиллаж байсан М.Цагаач эмч маань би санал өгөхгүй гэх хэлж байсан гэв. Нөхөрлөлийн тухай хуулиар тухайн эрхийн эрүүл мэндийн төвийн туслах ажилчид нөхөрлөлийн гишүүнчлэлд ордоггүй байсан гэв. Уг тушаал гарсан шалтгаан нь хурлын тэмдэглэл хугацаандаа гараагүй учир тухайн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарч намайг тус эрүүл мэндийн төвийн даргаар томилсон байх гэж үзэж байна гэв. Тухайн үед би хурлын тэмдэглэлийг компютер дээр шивж хөтөлсөн бөгөөд тухайн тэмдэглэлээ Эрүүл мэндийн газарт хүлээлгэж өгөх гэсэн болов холбогдох албан тушаалтан нь ажилдаа ирээгүй байсан тул би хурлын тэмдэглэлийг өгч чадаагүй. Дараа нь энэ тушаалын талаар А даргатай уулзахад тушаалыг чинь андуураад гаргасан байна гэж хэлж байсан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг өмгөөллийн үгэндээ: Ховд аймнийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/17 дугаар тушаал нь хууль бус гэж үзэж байна. Учир нь өрхийн эрүүл мэндийн төв нь Нөхөрлөлийн тухай хуулиа дагаж мөрдөх ёстой байдаг. Өрхийн эрүүл мэндийн төвийг яаж ажиллах ёстойг зааварчилсан Засгийн газрын 2001 оны 361 дүгээр тогтоолоор дүрэм баталсан байгаа. Энэ дүрэмд өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагыг тус нөхөрлөлийн гишүүдийн хурлаар, тухайн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажиллсан хүнийг сонгоно гэж заасан байдаг. Нөхөрлөлийн хурлыг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хийж тухайн хурлаар гаргасан шийдвэр, хурлын тэмдэглэлийг компютерээр шивж баталгаажуулан тухайн үед тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан М.Цагаач нь албан тоотоор аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн байдаг.

Гэтэл Б.Н эмч нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар ажилаа авсан нь тухайн өрхийн эмнэлэгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар гарсан шийдвэрийн зөрчиж гаргасан учир хууль бүс тушаал  гэж үзэх үндэслэлтэй. Иймд Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарын  2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй бологож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.А нь Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, “Б” эрүүл мэндийн төвийн даргаар томилохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Хариуцагч Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь шүүх хуралдааныг эзгүйд хийх талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн, хэргийн оролцогчид хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжүүлэхийг зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг хариуцагчийг байлцуулахгүйгээр үргэлжүүлсэн.

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт зэргийг үнэлж дүгнээд нэхэмжлэгч Э.А-ийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/17 дугаар “Б.Н-ыг ажилд томилох тухай” тушаалд Монгол Улсын засгийн газрын 2011 оны 364 дүгээр тогтоолоор батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 1.6 дахь заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтуудыг үндэслэн Б өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар Булганаагийн Н-ыг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн томилжээ. /хх-36/

Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “Б эрүүл мэндийн төв нь нөхөрлөлийн хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаагаа явуулдаг. Нөхөрлөл нь гишүүдийн хурлаар даргаа томилж, чөлөөлдөг. Гэтэл Эрүүл мэндийн газар нь нөхөрлөлийн даргыг шууд томилсон нь буруу байна” гэж тайлбарлажээ.

Б зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь  бүрэн хариуцлагатай 4, бүрэн бус хариуцлагатай 5 гишүүнтэйгээр эрүүл мэндийн болон эмнэлгийн үйлчилгээ эрхлэх зорилготой үүсгэн байгуулах гэрээ байгуулж, холбогдох баримтыг бүрдүүлэн  2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 2160153 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ./хх-39-50,24/

Нэхэмжлэгч Э.А, Б.Н нь тус нөхөрлөлийн бүрэн хариуцлагатай гишүүн болох нь шүүхээс нөхөрлөлийн хурлын тэмдэглэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна. /хх-76 ар тал/

Нөхөрлөлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 8-д “Энэ зүйлийн 1-7 дахь хэсэгт заасан онцлогоос  бусад харилцаа энэ хуулийн 2 дугаар бүлгийн холбогдох зүйл заалтын дагуу зохицуулагдана”, 21 дүгээр зүйлийн 21.2-д “гэрээнд нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг нэг буюу хэд хэдэн гишүүнд олгохоор зааж болно”, Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна”,  16.3-т “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”  гэж заасан ба Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 364 дүгээр тогтоолын хавсралтаар Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”  батлагдсан байна. /маргаан бүхий акт гарах үед хүчинтөгөлдөр мөрдөгдөж байсан/

Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 2.5-д “Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал байна. Шийдвэрийг нөхөрлөлийн  гишүүд олонхийн саналаар гаргаж шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг  хамтран хүлээнэ”, 2.6-д “Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас  тус төвийн даргыг  томилж, чөлөөлнө” гэж заасан ба Б зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн /цаашид Б ЗГБХН гэх/ хувьд  нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас даргыг томилж чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх  ба Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас Б ЗГБХНөхөрлөлийн даргыг томилсон нь тухайн харилцааг зохицуулах эрх олгогдоогүй байхад эрх хэмжээгээ хэтрүүлэн  маргаан бүхий актыг гаргасан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.5-д “Энэ хуулийн 15.1.2, 15.1.3, 15.1.4, 15.1.5, 15.1.6, 15.1.8, 15.1.9, 15.1.10, 15.1.14-т заасан орон нутгийн өмчит байгууллагын удирдлагыг энэ хуулийн 11.1.9, 12.2-т заасны дагуу томилж, чөлөөлнө” гэж заасан ба Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргад өрхийн эрүүл мэндийн төвийн буюу “Б” БГБХНөхөрлөлийн даргыг томилж, чөлөөлөх эрх олгогдоогүй байна.

Иймд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/17 дугаар “Б.Н-ыг ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож,  “Б” эрүүл мэндийн төвийн даргаар томилохыг хариуцагчид даалгах  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нөхөрлөлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 8, 21 дүгээр зүйлийн 2  дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/17 дугаар “Б.Н-ыг ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, “Б ” эрүүл мэндийн төвийн даргаар томилохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн датор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЯНЖИНДУЛАМ