Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0565

 

П.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч П.Д, түүний өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, С.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0541 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу П.Д-ийн нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0541 дүгээр шийдвэрээр: “Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан П.Д-ийн “Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Д болон түүний өмгөөлөгч Ө.Э давж заалдах гомдолдоо: “...Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1.5-д заасан “эрүүгийн хариуцлагад татагдсан” гэх үндэслэлийг “яллагдагчаар татагдсан тогтоол” гарсан гэдэгтэй адилтгаж хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаас авч үзвэл яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж заасан нь тус бүр өөр агуулга, үр дагавар бүхий үйл баримт байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-д заасан гэм буруугийн шүүх хурлаар түүнийг гэм буруутайд тооцсон бол тэр үеэс эхлэн шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагад татагдсан гэж үзнэ. Энэ үед Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1.5-д заасан үндэслэл хууль зүйн утгаараа үүснэ. Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхээр зохицуулжээ. Шүүхийн ерөнхий зөвлөл нь Прокурорын тухай хуулийн 58.6-д “Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахтай холбогдуулан түүний бүрэн эрхийг Улсын ерөнхий прокурор түдгэлзүүлж болно” гэж заасантай төсөөтэй хэрэглэсэн. Хууль тогтоомжийг хэрэглэх эрх зөвхөн шүүхэд байна. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүх биш харин захиргааны байгууллага тул хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд хууль хэрэгжүүлэгч хуулийг заасан хэвээр хэрэгжүүлэх ёстой болохоос түүнийг хэрэглэх, тэр тусмаа төсөөтэй хэм хэмжээг иш татан тайлбарлан хэрэглэх эрх байхгүй. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан тогтоолтой холбогдсон гомдлыг Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.А-ийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5/1984 дүгээр албан бичгээр хүчингүй болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өмгөөлөгчид өгсөн дээд шатны прокурорын хариу мэдэгдэх хуудас бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны албан ёсны баримт бичиг бөгөөд энэ баримтыг шүүх үнэлээгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тус шийдвэр жишиг болвол Монгол Улсын шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд Прокурорын байгууллага халдаж болох маш том орон зайг үүсгэсэн байна. Үүнийг шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 болон Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй. Захиргааны актын талаар гомдол гаргах боломж олгоогүй тийнхүү гомдол гаргах хугацаа өнгөрөөгүй байтал хууль зөрчин Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэн улмаар түүнийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 44 дүгээр зарлиг гарч П.Д-ийн бүрэн эрхийг түдгэлзүүлснээр зөвлөлийн 30 дугаар тогтоол хэрэгжиж, П.Д-ийн акттай маргах эрхийг эдлүүлэх боломж олголгүй гүйцэтгэснээр эрхийг зөрчсөн гэж маргаж байгаа үндэслэлд шүүхээс дүгнэлт өгөөгүй. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа П.Д-г шийдвэр гаргах ажиллагаанд өмгөөлөгчтэйгөө оролцох боломжоор хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлыг хойшлуулах хүсэлтээ гаргасаар атал үл хэрэгсэн үргэлжлүүлэн шийдвэр гаргасан нь хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн.

П.Д-ийн эрх ашгийг хязгаарласан тогтоолыг хууль ёсны байх шаардлагад үл нийцүүлэн, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчмыг алдагдуулан гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байхад анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэснийг хүлцэн, хүлээн зөвшөөрөх эрх зүйн боломжгүй.  Хуралдаанд намайг зарим хэсэгт тодорхойгүй байдлаар “хаалттай хязгаарлагдмал” оролцуулсан ба уг хуралдаанаас өмнө Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн санал болон холбогдох баримт материалтай танилцахыг хүссэн ч эс тоож, хуралдаанд энэ талаар хэлэлцэх үедээ ч оролцуулаагүй. Түүнчлэн уг хуралдаанд тодорхой үндэслэл, шалтгааныг дурдан холбогдох нотлох баримттай хавсарган өгснийг хэлэлцсэн ч надад тухайн өдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээн авах эсэх, 3 үндэслэлээр гаргасан хүсэлтийг ч аль нэг шийдэл гаргасан эсэх талаар огт мэдэгдээгүй. Тогтоолд гомдол гаргах эрхийг хязгаарласан захиргааны байгууллагын хууль зөрчсөн ажиллагааг шүүх шийдвэртээ огт үндэсгүй дүгнэлт хийжээ. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шийдлийнхээ үндэслэл болон хэрэглээд, хэлэлцээд байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлд заасан ажиллагааны талаар өмгөөлөгч н.Д өмнө нь прокурорт тасралтгүй гомдол гаргаж, шийдвэрлүүлж явсан тул хуралдаанд түүнийг оролцуулах нь миний хувьд ач холбогдолтой, шаардлагатай байсныг хүсэлт гаргаж, түүнийгээ дэмжиж оролцсон ч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд үл тоон олонхи прокурорын саналыг чухалчлан өөрийн захиргааны байгууллагын нэр хүндээ эрхэмлэн хүлээн авч эцэслэн шийдвэрлэсэн.

Өмнөх 56 дугаар тогтоолд “Шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хангалттай үндэслэл байна гэж прокурор үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэхээсээ өмнө хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэн холбогдох нотлох баримтуудыг саналын хамт ирүүлсэн... тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг... Ерөнхий зөвлөл эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн. Шат шатны прокурорын үйл ажиллагаа нь Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Прокурор дээд шатны прокурорын хууль ёсны шийдвэр, даалгаврыг заавал биелүүлнэ” гэсэн зарчмыг хэрэгжүүлээгүй бөгөөд энэ талаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл хөндлөнгөөс оролцож дээд шатны прокурорын шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаас нотлогдоно. Миний бие 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хуулийн хүрээнд ажиллаж, хууль зүйн үндэслэл бүхий шударга шийдвэр гаргаж, түүнийг нь дээд шатны шүүх нь баталгаажуулсан шийдвэр гаргасны хариуд иргэний хэргийн хариуцагчийн гомдлоор 3 жил гаруй хугацаанд бүхий л хэлбэрээр хохирч ёс зүйн, эрүүгийн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу шалгуулсаар, гомдол тэмцэл хийсээр явна. Тодруулбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь заалтыг зөрчиж байна гэдгийг аль төрлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхний үе шатнаас л мэтгэлцээний гол үндэслэл болж ирсэн, одоо ч тэмцэлдэж яваа ч ямар ч үндэслэлээр няцаадаггүй хэрнээ буруутгасаар л байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн 03 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэг”-ийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд анхан шатны шүүх уг дэгийг нотлох баримтын шаардлага хангахгүй хэлбэрээр хэрэгт хавсаргасан, тухайн дэгийг надад танилцуулаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, П.Д-ийн Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 56 дугаар тогтоолоор[1] Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 5/5193 дугаар албан бичгийн дагуу Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Д-ийн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн байна.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас дахин 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр  “...Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь хэсэгт заасны дагуу ...шүүгч П.Д-ийн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авч өгнө үү” гэх 1/732 дугаар албан бичгийг[2] холбогдох баримтын хамт хариуцагчид хүргүүлсний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “шүүгч П.Д-г эрүүгийн хэргийн яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон” гэх нөхцөл байдлыг гүйцэд тодруулахаар 01/132 дугаар албан бичгийг[3] Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Б-д хүргүүлжээ.

Нийслэлийн прокурорын газар 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1/1170 дугаар албан бичгээр[4] “...Прокуророос шүүгч П.Д-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон талаар шийдвэр гараагүй болно” гэх хариуг хариуцагчид хүргүүлсэн байх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн маргаж буй 30 дугаар тогтоолоор[5] Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Д-ийн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс дээрх тогтоолыг хүчин төгөлдөр бус байсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гарган маргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “...Шүүхийн ерөнхий зөвлөл тогтоол гаргахдаа миний хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн, ...Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, Процессын хувьд Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн хэд хэдэн ноцтой алдаа байгаа” гэж тайлбарлан маргажээ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн дор дурдсан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ:”, 17.1.5-д “эрүүгийн хариуцлагад татагдсан” гэж заасныг шүүгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байхыг ойлгохоор байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...шүүхээс П.Д-гын гаргасан үйлдлийг гэм буруутайд тооцож, хариуцлага ногдуулснаар түдгэлзүүлнэ” гэж тайлбарлаж байгаа шиг ойлгох боломжгүй. 

Нэхэмжлэгчийн хувьд “эрүүгийн хариуцлагад татагдсан” гэдэг нь Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 201701000004 дүгээр прокурорын тогтоолоор[6] шүүгч П.Д-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татах тогтоол гарснаар тооцогдохоор байна.

Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 5/1984 дүгээр албан бичигт “...П.Д-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, холбогдох баримтыг бүрдүүлж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд дахин тавьж шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн тул таны гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан болохыг мэдэгдье” гэж дурдсан ч уг мэдэгдэх хуудсаар 201701000004 дүгээр прокурорын тогтоолыг хүчингүй болгосон гэж үзэх үндэслэлгүй төдийгүй хариуцагч маргаж буй 30 тогтоолыг гаргах үед дээрх тогтоол хүчин төгөлдөр байсан нь Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 1/1170, 4/4263 /анхан шатны шүүхийн 2019 оны 1/4316 дугаар албан бичгийн[7] хариу/ дугаар албан бичгүүдээр тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “...Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 5/1984 дүгээр албан бичгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон байхад 30 дугаар тогтоолыг гаргасан” гэх тайлбар болон үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “Шүүхийн ерөнхий зөвлөл Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн” гэж дурдсан бөгөөд хариуцагч 30 дугаар тогтоолыг гаргахдаа нэхэмжлэгчээс өмгөөлөгч авч хуралдаанд оролцох хүсэлт гаргасан байхад уг хүсэлтийг хариуцагч хүлээн аваагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны аль ч үе шатанд хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авч болно” гэж заасантай зөрчилдсөн ч маргаж буй 30 дугаар тогтоол нь уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимтай нийцсэн, уг үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгосон ч шүүгч П.Д-ийн “эрүүгийн хариуцлагад татагдсан” гэх нөхцөл байдал өөрчлөгдөхгүй тул тухайн гомдлыг хүлээн авахааргүй байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 03 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэг”-ийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд анхан шатны шүүх уг дэгийг нотлох баримтын шаардлага хангахгүй хэлбэрээр хэрэгт хавсаргасан, тухайн дэгийг танилцуулаагүй” гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд 2 дугаар хавтаст хэргийн 117 дугаар хуудаснаас 123 дугаар хуудсанд авагдсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэг” нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа боловч тухайн баримт нь захиргааны актын үндэслэл болоогүй, энэ нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэхээргүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэл болохгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0541 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Д, түүний өмгөөлөгч Ө.Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.   
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-84 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-88 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-105 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-106 хуудас

[5] Хавтаст хэрэг 1-9 хуудас

[6] Хавтаст хэрэг 1-156 хуудас

[7] Хавтаст хэрэг 1-158 хуудас