Улсын дээд шүүхийн Тогтоол

2015 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2015/0249

 

СБ аймгийн ЗД-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Ц.Сумъяа, П.Соёл-Эрдэнэ, О.Зандраа, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж, Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 271 дүгээр магадлалтай, СБ аймгийн ЗД-ын нэхэмжлэлтэй, Цөмийн энергийн газрын эрх залгамжлагч Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч СБ аймгийн ЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж, Н.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цөмийн энергийн газраас "МУР" ХХК-нд Ц-002Х, Ц-003Х тусгай зөвшөөрлүүдийг олгохдоо Сүхбаатар аймагт байрлах улсын тусгай хамгаалалттай Дарьгангын байгалийн цогцолбор газар, Эрдэнэцагаан сумын Зотол хаан уулын орон нутгийн тусгай хэрэгцээний газруудтай давхцуулан олгосон байна.

Дарьгангын байгалийн цогцолбор газар нь Дарьганга сумын төвөөс 12 км-т оршдог, салхины нүүдлээс үүсэн хурмал элсэнд хаагдаж тогтсон цэнгэг уст үзэсгэлэнт Ганга нуур болон нуурын орчмын нутгийн уулын хээр, говийн бүсийн шилжилтийн заагт орших экосистемийг хамгаалах зорилгоор 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор 32860 га талбайг Ганга нуурын дурсгалт газрын ангиллаар хамгаалалтад авсан. УИХ-ын 2004 оны 22 дугаар тогтоолоор Ганга нуурын дурсгалт газрыг Дарьганга сумын нутаг дахь Алтан овоо, Наран сумын нутаг дахь Молцог элс орчмын газар нутгаар өргөтгөж, нийт 62860 га бүхий талбайг Дарьгангын байгалийн цогцолборт газрын ангилалд хамруулсан байна.

Эрдэнэцагаан сумын нутаг дахь орон нутгийн тусгай хэрэгцээний газар нь: аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолоор Эрдэнэцагаан сумын Зотол хаан уулын район 644000 га газрыг Улсын тусгай хамгаалалтад оруулах болон зарим хэсгийг нь орон нутгийн нөөцөд авах зорилгоор аймгийн тусгай хэрэгцээнд авсан байдаг. СБ аймгийн ЗД, аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газруудаас Цөмийн энергийн газарт удаа дараа тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтээ гаргаж байсан боловч цуцлах боломжгүй гэсэн хариуг ирүүлдэг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Цөмийн энергийн газрын шууд харьяалах дээд албан тушаалтан болох Монгол Улсын Ерөнхий сайдад 2013 оны 04 дүгээр сарын 22-нд хүсэлт гаргасан боловч иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд ямар нэгэн хариу ирүүлээгүй билээ.

Цөмийн энергийн газар дээрх тусгай зөвшөөрлүүд олгохдоо Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтуудыг зөрчсөн байна.

Иймд Цөмийн энергийн газрын цөмийн материалын хэлтсийн газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хууль зөрчин "МУР" ХХК-нд олгосон Ц-002Х, Ц-003Х тусгай зөвшөөрлүүдийг цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч Цөмийн энергийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Цөмийн энергийн газар нь Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.5-д заасны дагуу Цацраг идэвхт ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг олгох эрх бүхий төрийн захиргааны байгууллага юм. Тус газар нь цацраг идэвхт ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичигт хуульд заасанчлан 1-3 сарын дотор хяналт хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоодог.

УИХ-аас 2009 онд Цөмийн энергийн тухай хуулийг баталсантай  холбогдуулан Ашигт малтмалын газраас өмнө нь олгогдсон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн материалуудыг Цөмийн энергийн газарт шилжүүлсэн бөгөөд тухайн үед Кадастрын зураг зүйн бүртгэл ашигт малтмалын газарт төвлөрч байсан тул аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдлийн материалаар хүссэн талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх  талаар тодруулахаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст албан бичиг хүргүүлдэг байсан.

Энэ дагуу тус газраас Ашигт малтмалын газарт 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/1232 дугаартай албан бичгээр хандсан бөгөөд Ашигт малтмалын газраас 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6-8448 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн. Уг 6-8448 дугаартай албан бичигт Тус хэлтэст ирүүлсэн солбицол бүхий гурван талбайн хилийн зааг нь Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон, хязгаарласан талбайтай давхцалгүй байх тул тус хуулийн 7.6-н дагуу Геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн бүртгэлд түр авсан болно гэжээ.

Иймд хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан "МУР" ХХК-д Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 тоот шийдвэрээр цацраг идэвхт ашигт малтмал хайх Ц-002Х, Ц-003Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг олгосон болно.

Аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс ирүүлсэн хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шалгах нь тус газрын үүрэг бөгөөд энэхүү үүргээ биелүүлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихгүйн тулд "МУР" ХХК-ийн төлөөлөлтэй биечлэн уулзаж тайлбар гаргуулсан.

Түүнчлэн "МУР" ХХК-ийн Ц-003Х дугаарын цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын орон нутгийн хэрэгцээний газартай зураг зүйн хувьд давхцалгүй болохыг нягтлах зорилгоор Ашигт малтмалын газарт 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11/639 дугаартай албан бичгээр хүсэлт гаргасан.

Ашигт малтмалын газраас ирүүлсэн хавсралтуудаас харахад Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоол нь "МУР" ХХК-ийг цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшихээс өмнө гарсан тогтоол, шийдвэр болох нь илт байна.

Цацраг идэвхт ашигт малтмал хайх Ц-002Х дугаартай тусгай зөвшөөрлийн хувьд 2009 онд Ашигт малтмалын газраас ирүүлсэн 6-8448 дугаартай албан бичгийг мөн үндэслэн олгосон бөгөөд тусгай зөвшөөрөл олгох үед ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн бүртгэлд ямарваа давхцалгүй байсан.

"МУР" ХХК-ийн Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын Ц-002Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Улсын тусгай хамгаалалтын нутаг дэвсгэртэй хэсэгчлэн давхцалтай нь Байгал орчин, ногоон хөгжлийн яаманд бүртгэлтэй кадастрын зургаас тодорхой болсон тул аж ахуйн нэгжид энэ тухай мэдэгдсэн. Энэ дагуу "МУР" ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 19-ны өдөр талбайг хэсэгчлэн буцаах өргөдлөө тус газарт ирүүлээд байна.

Иймд Цөмийн энергийн газар нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвшөөрөл хүсэгчид тавигдах хуулийн нөхцөл, шаардлагыг хангасан "МУР" ХХК-д Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 тоот шийдвэрээр Цацраг идэвхт ашигт малтмал хайх Ц-002Х, Ц-003Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг олгосон нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “МУР” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц-002, Ц-003Х тоот тусгай зөвшөөрлүүдийг тус компани Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлагуудыг биелүүлсний үндсэн дээр авсан гэж үзэж байна. Дээрх тусгай зөвшөөрлүүд нь Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарагддаг. Тус компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн, дагуу Цөмийн энергийн газраас Ашигт малтмалын газарт дээрх талбайнуудад газар зүйн солбицлын шүүлт хийлгэсэн байдаг. Шүүлтээр тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон, хязгаарласан талбайтай ямар нэг давхцалгүй нь тогтоогджээ. Уг үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д заасан шаардлагад нийцсэн гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 22 дугаар тогтоол, мөн УИХ-ийн 2004 оны 22 дугаар тогтоол нь энэхүү маргаан бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн байхаар харагдаж байна.

Хэрэв асуудлын нөгөө талаас буюу нэхэмжлэгч талын байр сууринаас дээрх талбайнуудыг тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцаж байгаа гэж үзвэл орон нутгийн холбогдох байгууллага, албан тушаалтнууд ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж, зохих мэдээллийг хуулийн дагуу төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж бүртгүүлээгүйгээс уг асуудал үүссэн гэж үзэхээр байна. Энэ үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14.1.3, 14.1.4-д заасныг ноцтойгоор зөрчсөн байна. Мөн энэ хууль зөрчсөн үйлдэл нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх" гэж заасантай зөрчилдөж байгаа юм.

Манай байгууллага нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран сумдын нутаг "Хүйтэн уул" нэртэй газар орших Ц-002Х тусгай зөвшөөрлийн талбайн Дарьгангын байгалийн цогцолбор гэх газартай давхцаж буй хэсгийг Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д заасны дагуу хэсэгчлэн буцаан өгөх хүсэлтээ Цөмийн энергийн газарт гаргасан. Мөн тус аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг "Хэрэмийн цагаан өндөр" нэртэй газарт орших Ц-003Х тусгай зөвшөөрлийн талбай нь Зотол хаан уул орчмын аймгийн тусгай хэрэгцээний талбайд давхцалгүй гэсэн Цөмийн энергийн газраас мэдэгдсэн болно.

Тусгай зөвшөөрлүүд цуцлуулах тухай асуудалтай холбоотойгоор манай компани дээрх талбайнуудад хайгуулын үйл ажиллагаа эхлүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. Үүний улмаас бидэнд хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагаатай холбоотой багагүй хохирол учирч байна. Иймд "МУР" ХХК нь дээрх захиргааны хэргийн маргаанд оролцож буй хариуцагч талын тайлбарыг дэмжиж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цөмийн энергийн газрын цөмийн материалын хэлтсийн газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 тоот шийдвэрийн “МУР” ХХК-д олгосон цацраг идэвхт ашигт малтмал хайх Ц-002Х, Ц-003Х тоот тусгай зөвшөөрлүүдэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 271 дүгээр магадлалаар: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “МУР” ХХК-ийн захирал Х.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Цөмийн энергийн газар нь тухайн үед АМГ-ын кадастрын хэлтсээс шүүлт хийлгэж 6/8448 тоот албан бичгээр албан ёсны тодорхойлолт авсан байдаг. Үүний дагуу Ц-002Х, Ц-003Х тусгай зөвшөөрлүүдийг олгосон нь Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын шийдвэр нь тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн заалтууд болон мөн тухайн харилцааг зохицуулахаар гаргасан журмуудад нийцсэн бөгөөд нэхэмжлэгч талын гаргасан шаардлага нь үндэслэлгүй байсан нь харагдаж байна.

Өнөөдрийн байдлаар АМГ-ын Кадастрийн бүртгэлийн системд Ц-002Х тусгай зөвшөөрелтэй давхцалтай гэх "Дарьгангын байгалийн цогцолбор газар", Ц-003Х тусгай зөвшөөрөлтэй давхцалтай гэх "Зотолхан уулийн орчмын орон нутгийн тусгай хэрэгцээний газрууд" ямар ч бүртгэлгүй, мэдээллийн санд байхгүй байгаагаас харахад АМГ-аас Цөмийн энергийн газарт ташаа мэдээлэл хүргүүлсэн, тусгай хэрэгцээнээс чөлөөлж бүртгээгүй гэж үзэх нь өрөөсгөл, үндэслэлгүй асуудал юм. Харин ч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Зотолхан уулийн орчмын орон нутгийн тусгай хэрэгцээний газрыг чөлөөлж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу албан ёсоор 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 33 тоот тогтоол гаргасныг аймгийн Засаг дарга үгүйсгэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд түүний эрх хэмжээний асуудал биш юм.

Мөн нэхэмжлэлийн шаардлагад тухайн үеийн АМГ-ын үйл ажиллагаатай холбоотой шаардлага огт байхгүй. АМГ-аас тусгай хэрэгцээний газрыг хэрхэн бүртгэдэг, бүртгэсэн эсэхээ эргэн мэдээлдэг эсэх нь Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын шийдвэр гаргасантай хамааралгүй   асуудал юм. Тухайн үед мөрдөгдөж байсан Цөмийн энергийн тухай хуульд  заасан тусгай зөвшөөрлийг олгох шаардлагуудын дагуу тусгай зөвшөөрлүуд олгогдсон. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргадаг. Манай тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс халин төрийн байгууллага хоорондын "харилцаа, процессын" асуудалд дүгнэлт өгөн, улмаар энэ нь шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон нь алдаа гэж үзэж байна.

Ашигт малтмалын газрыг шүүхэд төлөөлөх эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч  томилох эрх бүхий этгээд нь тухайн агентлагийн дарга болох нь нотлогдож байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон АМГ-ын   Кадастрын хэлтсийн дарга Н.Ч-ын шүүхэд гаргасан хууль бус итгэмжлэл нь Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нийцээгүй бөгөөд улмаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байгаа нь мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан хариуцагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй буюу түүнийг албан ёсны байр сууриа хамгаалах боломжгүй нөхцөл байдалд уг хэргийг шийдвэрлэсэн. Иймд хуульд заасан хэргийн оролцогчийн эрх бүрэн хангагдаагүй гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлтийн "Хариулт 4" гэсэн хэсгийн 2 дахь догол мөрөнд Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлийн 2004 оны 22 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газраас 2008 оны 33 дугаар тогтоолоор чөлөөлсөн 1, 2 дугаар талбайнууд нь "МУР" ХХК-ийн эзэмшиж буй Ц-003Х тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай ... гэж дүгнэжээ. Энэ нь Ц-003Х тусгай зөвшөөрлийн нийт талбай нь аймгийн тусгай хэрэгцээний газартай давхцалгүй байна гэсэн үг юм. Уг шинжээчийн дүгнэлтийн талаар анхан шатны шүүхийн шийдвэрт огт дурдаагүй, үнэлээгүй бөгөөд давж заалдаж шатны шүүхийн магадлалд гуравдагч этгээдийн энэ тухай гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн байдаг.

Ц-002Х тусгай зөвшөөрлийн хувьд тус компани нь тухайн маргаан үүсээд буй газраас хэсэгчлэн буцаах хүсэлт гаргасан бөгөөд энэ нь нийт талбайн 38% болж байна. Дээрх үйлдэл нь Ц-002Х тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцлахыг хүлээн зөвшөөрсөн эсхүл уг талбай нь Дарьгангын байгалийн цогцолбор газартай бүхэлдээ давхцалтай гэсэн ойлголт биш бөгөөд "МУР” ХХК-ийн зүгээс үүсээд буй маргааныг зөв, зохистой хэлбэрээр шийдвэрлэхийг хичээсэн үйлдэл юм. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулийн дагуу үлдэж буй талбайд үргэлжлүүлэн хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг.

Эндээс харахад шүүх хэрэгт авагдсан нотлох баримт буюу шинжээчийн дүгнэлтийг буруу ойлгосон, уг нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй гэж үзэхээр байна.

Хэргийн оролцогчдоос гаргасан гуравдагч этгээд болон хариуцагч талуудын хууль ёсны эрх ашигт хамааралтай нотлох баримтууд хангалттай байсан, нэхэмжлэгчийн өөрийн хариуцлагагүй, буруутай үйл ажиллагаа харагдаж байсан хэдий ч шүүх зохих ёсоор үнэлээгүй, гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Цөмийн энергийн газрын цөмийн материалын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран сумдын нутагт орших Хүйтэн уул, Эрдэнэцагаан сумын Хэрэмийн цагаан өндөр нэртэй талбайд цацраг идэвхт ашигт малтмал хайх Ц-003Х, Ц-002Х тусгай зөвшөөрлийг “МУР” ХХК-д олгожээ.

Нэхэмжлэгч СБ аймгийн ЗД “...улсын тусгай хамгаалалттай болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулан тусгай зөвшөөрлийг олгосон нь буруу...” гэж эдгээр тусгай зөвшөөрөлтэй холбогдох шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэсэн ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан “...нотлох баримтуудыг бүхэлд нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж, дүгнэх...” шаардлагад нийцээгүйгээс гадна шүүх маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг зөв дүгнээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэргээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл болж чадаагүй  байна. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл “МУР” ХХК-д Ц-002Х дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран сумдын нутагт орших Хүйтэн уул дахь талбай нь Улсын Их Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолоор байгалийн цогцолбор газрын ангилалд хамруулсан газартай тодорхой хэсгээрээ давхацсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

Мөн Ц-003Х тусгай зөвшөөрлөөр олгогдсон Эрдэнэцагаан сумын Хэрэмийн цагаан өндөр нэртэй талбай нь Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээний газарт хамрагдаж байсан талаар хэргийн оролцогчид маргаагүй, зөвхөн Ц-003Х тусгай зөвшөөрөл олгогдох үед дээрх талбайг тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн гэж үзэх эсэх нь маргааны гол асуудал байна. 

Иймд шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгохдоо холбогдох хуулиар тавигдсан шаардлагыг хэрхэн биелүүлснийг зөв дүгнэх шаардлагатай юм. 

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаж байгаа эсэхийг” шалгахыг Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д зааснаар үүрэг болгожээ. 

Цөмийн энергийн газраас Ашигт малтмалын газарт 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/1232 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрөл хүссэн талбайн давхцалын байдлыг тодруулахаар хандсан болон “... тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон, хязгаарласан талбайтай давхцалгүй...” болохыг тодорхойлсон Ашигт малтмалын газрын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6-8448 дугаар албан бичгүүд хэрэгт авагдсан байна.

Үүнээс үзвэл, Цөмийн энергийн газар нь маргаан бүхий Ц-002Х, Ц-003Х тусгай зөвшөөрлүүдийг олгохдоо “...давхцал байгаа...” эсэхийг тодруулах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээргүй байхад шүүхүүд дээрх нотлох баримтыг үгүйсгэж, “...  тусгай зөвшөөрлийг давхардуулан олгож хууль зөрчсөн ...” хэмээн хариуцагчийг буруутган дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Тусгай зөвшөөрөл анх олгогдох үед захиргааны байгууллагад мэдэгдээгүй байсан нөхцөл буюу Ц-002Х дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь улсын тусгай хамгаалалтын газар нутагтай зарим хэсгээрээ давхацсаныг хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрч, маргаагүй нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг давхцалгүй хэсгээр нь эзэмших гуравдагч этгээдийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Иймээс Ц-002Х дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон 105937 гектар талбайгаас давхцаагүй хэсгээр нь “МУР” ХХК цацраг идэвхт ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй тул зөвхөн давхцалтай хэсгийг нь хүчингүй болгох нь зөв байжээ. 

Түүнчлэн “МУР” ХХК-ийн Ц-003Х тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 33 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн талбайд хамаарч байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Гэтэл шүүхээс “...тухайн газар нь тусгай хэрэгцээнээс чөлөөлөгдөөгүй, ...” гэж дүгнэн, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 33 дугаар тогтоол болон дээрх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нь буруу байна.

Шүүх ийнхүү дүгнэхдээ “Газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа 5 жилээс доошгүй байхаар Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг үндэслэн газрыг тусгай хэрэгцээнээс чөлөөлөх боломжгүй” талаар Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргад мэдэгдсэн Ашигт малтмалын газрын 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 7-4914 дүгээр албан бичгийг үндэслэл болгожээ.

Үүнээс хойш “МУР” ХХК-д Ц-003Х дугаар тусгай зөвшөөрөл олгогдсон 2010 он хүртэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Ашигт малтмалын газраас энэ асуудлаар ямар нэг шийдвэр гараагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “...5 жилээс доошгүй байна” гэж хугацааг тусгайлан заасан нь эрх бүхий этгээд газрыг тусгай хэрэгцээнд авахдаа тодорхой хугацаа заах, энэ нь 5 жилээс доошгүй байх хуулиар тавигдсан шаардлага юм.

Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолоор анх газрыг тусгай хэрэгцээнд авахдаа хугацаа заалгүй хууль зөрчжээ.

Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх нь орон нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх, гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээллээ төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх нь энэ байгууллагын үүрэг байхаар Ашигт малтмалын тухай хуулийн 12, 14 дүгээр зүйлүүдэд тодорхой заажээ.

Мөн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн мэдээллийг хүлээн авч, тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэх, тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан нөхцөлд энэ талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй болохыг дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д заасан байна.

Маргаж буй газрын тухайд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 33 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа, анх тусгай хэрэгцээнд газрыг авахдаа тусгай хэрэгцээнд байлгах хугацааг заагаагүй ч хуульд заасан “5 жил”-ийн хугацаа  өнгөрснөөр түүнийг чөлөөлөгдсөн талбай гэж үзэж  “... тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон, хязгаарласан талбайтай давхцалгүй...” болохыг тодорхойлсон Ашигт малтмалын газрын 2010 оны 6-8448 албан бичиг нь дээрх хуулиудад нийцсэн гэж үзнэ.

Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар Засаг дарга Хурлын шийдвэрт зөвхөн хориг тавих эрхтэй, харин Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 33 дугаар тогтоолыг “...төрийн захиргааны төв байгууллага бүртгээгүй...” гэх үндэслэлээр газрыг тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үгүйсгэх эрхгүй болно.

Иймд 2 шатны шүүх “МУР” ХХК-д Ц-003Х дугаар тусгай зөвшөөрөл олгосон Цөмийн энергийн газрын шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу байна.

Дээр дурдсаныг үндэслэн гуравдагч этгээдийн гомдлын зарим хэсгийг хангаж, харин нэхэмжлэлийн шаардлагаас Ц-003Х тусгай зөвшөөрөлд холбогдох заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Цөмийн энергийн газрын цөмийн материалын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр “МУР” ХХК-д Ц-002Х дугаар тусгай зөвшөөрлөөр олгосон 105937 гектар талбайгаас Улсын Их Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолоор байгалийн цогцолбор газрын ангилалд хамруулсан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “з”-д зааснаар “Засаг дарга нь “хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах” хүрээнд дотоод, гадаадад тухайн засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг төлөөлөх” бүрэн эрхтэй байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын талаарх гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэхээр 2013 оны 4 дүгээр сарын 22-нд Монгол Улсын Ерөнхий сайдад гомдлоо, “...хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй...” гэж 2013 оны 6 дугаар сарын 10-нд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ тус тус гаргасан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах урьдчилсан нөхцөл шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Монгол Улсын Ерөнхий сайдад гомдлоо гаргахаас өмнө буюу 2011 оноос эхлэн нэхэмжлэгч нь холбогдох тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахаар салбарын яам, тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллагуудад хандаж байсан баримтууд хэрэгт авагджээ.

Иймд хяналтын шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс  гаргасан гомдолд дурдсан “...Засаг дарга нэхэмжлэл гаргах эрхгүй..., гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн ...” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн  2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 271 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д заасныг баримтлан Цөмийн энергийн газрын цөмийн материалын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр “МУР” ХХК-д олгосон Ц-002Х тусгай зөвшөөрлөөр олгосон 105937 гектар талбайгаас Улсын Их Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолоор байгалийн цогцолбор газрын ангилалд хамруулсан газартай давхцалтай хэсгийг хүчингүй  болгож, нэхэмжлэлийн шаардлагын 2010 оны 34 дүгээр шийдвэрийн Ц-003Х тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн орлогоос буцаан олгосугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                       Л.АТАРЦЭЦЭГ