Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/01653

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 23 210/МА2024/01653

 

 

 

Б.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/02330 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Над холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 57.200.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М, өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие, хариуцагч О.Нтай 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 1272 тоот Зээлийн гэрээг байгуулж, түүнд 30.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн мөнгөн хөрөнгийг тус өдөр би өөрийн ээж Ё.Мын Хаан банкны ......... тоот данснаас 12,000,000 төгрөгийг О.Нын Хаан банкны .......... тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл 17,800,000 төгрөгийг бэлнээр өгсөн болно.

1.2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож О.Нтай 2019 оны 9 дүгээр 17-ны өдөр 1272 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, ......... дүүрэг, ..... дүгээр хороо, ........ дугаар гудамж, ... тоот хаягт орших ........... дугаартай, .......... нэгж талбарын дугаартай, 193 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан байдаг. Мөн зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тал хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр заасан байдаг.

Иймд О.Наас 1272 тоот зээлийн гэрээний үүрэгт 52.200.000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг ......... дүүрэг, ..... дүгээр хороо, ........ дугаар гудамж, ... тоот хаягт орших ........... дугаартай, .......... нэгж талбарын дугаартай, 193 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар хангуулж өгнө үү.

1.3.Үүнээс гадна 2019 оны 11 дүгээр сарын 01-ний нэмж 5,000,000 төгрөгийг зээлсэн. Ээж Ё.Мын данснаас 1,816,000 төгрөг, миний эзэмшдэг Б ХХК-ийн ............ тоот дансаар 1,199,000 төгрөг, иргэн Д.Тгийн данснаас 985,000 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлсэн.

1.4. Нийтдээ түүнд 35.000.000 төгрөг зээлсэн боловч нэг ч төгрөг буцааж төлөөгүй. Эхний зээлээр тээврийн хэрэгсэл худалдан авахад хэрэглэсэн гэдгээ хариуцагч зөвшөөрч байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг барьцаа болгож нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн ч бодитоор өнөөг хүртэл хариуцагч өөрөө эзэмшиж ашиглаж байгаа. Тээврийн хэрэгслийг шилжүүлж өгөхөд татгалзахгүй гэжээ. 

  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Тус зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би зээлийг аваагүй. Манай нөхөр П.Мэндбаяр авто машин зээлээр худалдан авъя гээд Ё.М эгчээс Тоёота Сай /Тоуоtа Sai/ маркийн ........ УНБ улсын дугаартай авто машин зээлээр авсан байдаг.

Уг гэрээний хувьд би нэхэмжлэл гаргасан хүнийг сайн танихгүй, авто машин нь Б.Оийн нэр дээр байдаг ба тус машиныг авахдаа л 1, 2 удаа харсан.Ё.М эгчийг л тухайн үеэс л мэдэхээс өөрөөр Б.Оийг сайн танихгүй.

2.2. Миний нэр дээр бүртгэлтэй хашаа байшин байдаг байсан, манай нөхөр барьцаа нэхээд байна, чи хашаа байшингаа барьцаалаад гэрээнүүд дээр гарын үсэг зураад өгөөч гэснийх нь дагуу, би гэрээнүүдийг зурж байсан. Тухайн үед уншаагүй, сүүлд ийм өндөр зээлийн хүү нэхэж байгааг сайн ойлгохгүй байгаа бөгөөд надад бэлнээр мөнгө өгөөгүй, машин зарсан хүнд өгсөн байх. Би бэлнээр мөнгө төгрөг аваагүй. Тухайн үед нөхөр маань дансанд чинь н.М эгч мөнгө хийсэн гэнэ, тэр хүн рүү шилжүүлээдэх гээд нөхөр маань хэлж тэр дор нь шилжүүлэг хийж байсан шиг санагдаж байна.

2021 онд нөхөр маань нас барсан учир Ё.М эгчид би төлж чадахгүй болсноо хэлээд машинаа хүлээлгэн өгье, хашааны бичиг баримтаа авъя гэж хэлсэн боловч надаас их мөнгө нэхээд машинаа буцаан аваагүй.

2.3. Миний хувьд Б.Оээс мөнгө зээлэхээр ярьсан зүйл огт байхгүй, өөрөө очиж бэлнээр авч байсан удаагүй. Тухайн үед талийгаач нөхрийн данс хаагдсан гээд миний карт, интернэт банк зэргийг ашиглаж байсан.

2.4. Мөн Б ХХК, Д.Тгийн дансаар, нэхэмжлэгчийн ээж Ё.Маас шилжүүлсэн мөнгөнүүдийг нэхэмжлэгч О.Н шаардах эрхгүй, энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Миний дансаар 4,000,000 төгрөг яалт ч үгүй шилжүүлж авсан байх боловч мөн өдрөө хоёр удаагийн гүйлгээгээр 3,650,000 төгрөгийн зарлагын гүйлгээг PS Z гэсэн утгаар шилжүүлсэн байна. Энэ юуны мөнгө ямар учраас дансаар орсныг огт мэдэхгүй байна. Талийгаач нөхөр шилжүүлж байсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан О.Наас 46.960.600 төгрөгийг гаргуулж Б.Оэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.239.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг О.Нын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ........... дугаартай, нэгж талбарын .......... дугаартай, ......... дүүрэг, ..... дүгээр хороо, ........ дугаар гудамж ... тоотод байрлах, 193 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Барьцааны гэрээний 2.1-ийн бусад хэсэг, 2.2 дах заалт тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул ........ УНБ улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг О.Нын нэр дээр буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Б.Оэд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 585.100 /70.200+418.950+94.950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 462.953 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Харуицагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/02330 тоот шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1-д 2019.09.17-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч нь 30,000,000 сая төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, гээд мөн 5.1-д 20:44-20:57 цагийн хооронд АТМ-ээр бэлнээр 7 удаагийн 12,490,000 төгрөгийн орлого хийгдэж./34/, Нэхэмжлэгчээс өөрийн ээж Ё.Мын дансаар дамжуулан 12,200,000 төгрөгийг /хх12/, үлдэх 17,800,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарласан. Зохигчид маргаанд хамаарах зээлээр Тоёота сай маркийн .......... УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсан гэж тайлбарласан тул шүүх тухайн өдөр 30,000,000 сая төгрөгийн бус бодитоор 24,690,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ. Бэлэн мөнгийг өөрийн дансанд орлогоор хийсний дараа болон бэлэн бусаар мөнгөн хөрөнгийг олгосон гэж үзэв. гэж энэ шүүгчийн дураараа шийдээд байгааг миний бие ер ойлгохгүй байна.

Аливаа гэрээ хэлцэл 2 талын хүсэл зоригийг тодорхой агуулсан байна гэж Иргэний хуульд заасан бөгөөд миний бие зээл аваагүй гэж хариу тайлбартаа маш тодорхой тайлбарласан.

Би ойлгосноор манай хүний анхны санаа бол авто машин зээлээр авах байсан ба нөгөө тал ч гэсэн машин зээлээр өгч өөрийн нэр дээр бүртгүүлж тус машины зээлийг дууссаны дараа та 2 өөрийн нэр дээр аваарай гэсэн үндсэн тохироо буюу авто машин зээлээр л авсан. Эндээс үзвэл би машин л зээлээр авсан.

Авто машин зээлээр өгч аваад байгаа үндсэн 2 тал Ё.М болон Нөгөө талд манай хөрийн хүсэл зориг байсан намайг барьцаа хэрэгтэй байна энэ дээр гарын үсгээ зурчих л гэсэн. Тухай үед миний данс руу Ё.М эгч 12,200,000 мянган төгрөг шилжүүлсэн бусад мөнгийг манай нөхөр олж зохицуулсан.

Гэтэл зээлдэгч надад дансаар, болон бэлнээр Б.Оэ гэдэг хүнээс нэг ч төгрөг аваагүй байтал шүүх далдыг харж байгаа юм шиг намайг бэлэн мөнгө авч өөрийн дансанд хийж байгаад шилжүүлсэн мэтээр гүтгэж бичиж байгаад би их гомдолтой байна. Учир тийм зүйл болоогүй би бэлнээр мөнгө хүлээж аваагүй. 

Би тэр Б.Оэ гэдэг хүнийг танихгүй, машин авч явах үед ганц нэг харсан гэж үнэн байдлаа шүүхэд хэлсэн.

Мөн шүүх дээр хэрэг маргаан шийдэгдэхийн өмнөх нь Б.Оэ гэдэг хүн 5,000,000 сая төгрөг зээлсэн байна гээд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж ирүүлсэн байсан би дансаа хартал яалтчгүй 4,000,000 сая орсон байсан ба 1,000,000 төгрөгийг бэлнээр надад өгсөн мэтээр бичсэн байсан шүүх бас л намайг 5,000,000 сая төгрөг авсан гэж дүгнэлт хийж энэ дээр миний дансаар 4,000,000 сая төгрөг орсон байна аа харин бэлнээр өгсөн 1,000,000 сая төгрөгийг бас л би аваагүй байхад хүн гүжирдсэн шийдвэр гарсан.

Үүнийг би, бас сая шүүх дээр л мэдэж байх жишээтэй үүнээс дүгнээд үзвэл. Би энэ Ё.М эгчээс мөнгө төгрөг зээлье гэж ер нь ярьж байгаагүй ийм байхад чи зээлсэн гээд байгааг би сайн ойлгохгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж би тус зээлийн гэрээг анхнаасаа байгуулах хүсэл зориг байгаагүй машин л зээлээр авсан машин аа л нэхэмжлэгчид буцаах нь шударга гэж үзэж байгаа учир хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийдвэрлэж 46,960,600 төгрөгийг төлөхийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Дүр үзүүлсэн хэлцэл байгуулсан гэх үндэслэлээр ямар нэгэн хэлцэл хүчин төгөлдөр бус болоогүй. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдагдсан зүйл яригдаагүй. Тухайн өдөр О.Нын данснаас Сувдаа сай гэх гүйлгээ автомашин худалдсан тал руу гарсан. Түүнчлэн О.Н, Б.Оэ нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд энэ гэрээний хүрээнд Б.Оийн хүсэлтээр Ё.М өөрийн дансанд байгаа мөнгийг О.Н руу шилжүүлсэн.

Өөрөө дансаа ашигладаггүй байсан, өөр хүн ашигладаг гэх хариуцагчийн тайлбар хуульд нийцэхгүй байна. Маргаан бүхий автомашиныг буцааж өгөөд төлбөрийнхөө тодорхой хэсэгт суутгаж болно гэсэн боловч зугтаагаад олдохгүй байсан тул хариуцагчийг эрэн сурвалжилж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Шүүх нотлох баримтыг үндэслэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргасан.

О.Н нөхрөө нас барсны дараа ...таны өр төлбөрийг төлнө, автомашинаа зараад төлбөрөө төлнө гэж хэд хэдэн удаа надтай уулзахдаа худлаа хэлж байсан. Би аргаа бараад шүүхэд хандсан. 2019 оны 11 дүгээр сард байгуулсан зээлийн гэрээг үндэслэн зээл нэмж авах хүсэлт гаргасны дагуу нэмж зээл өгсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Оээс хариуцагч О.Над холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 52,200,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Б.Оэ нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр О.Нтай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь 37,200,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Анхан шатны шүүх Б.Оэ болон О.Н нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг буруу хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь буцаан зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлсэн байх ёстой.  

 

4.1. Хэрэгт цугларсан баримтаар Ё.Мын Хаан банк дахь ........... тоот данснаас 2019 оны 09 дүгээр 17-ны өдөр хариуцагч О.Нын .......... тоот данс руу 12,200,000 төгрөг шилжүүлж, мөн өдөр 7 удаагийн үйлдлээр 12,490,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгджээ.

 

4.2. Үүнээс гадна 2019 оны 11 дүгээр 01-ний өдөр Ё.Мын ........... тоот данснаас 1,816,000 төгрөг, Б ХХК-ийн ............ тоот данснаас 1,199,000 төгрөг, мөн Д.Тгийн 5820093327 тоот данснаас 985,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг О.Нын .......... тоот данс руу шилжсэн байна.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар уг 28,690,000 төгрөгийг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу түүнтэй хамаарал бүхий этгээдүүдээс хариуцагчийн данс руу шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж зааснаар нэхэмжлэгчийг бусдаар дамжуулж 28,690,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх энэхүү харилцааг шаардах эрх шилжсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасантай нийцээгүй байна.

 

5. Талуудын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Оэ нь хариуцагч О.Над тус зээлийг бусдаас автомашин худалдан авахад нь зориулж зээлдүүлсэн бөгөөд хариуцагч нь 2019 оны 09 дүгээр 17-ны өдөр 19,500,000 төгрөгийг .......... УНБ тоот улсын дугаартай автомашиныг худалдсан Г.Шижирбаатарын дансанд шилжүүлсэн, тэрээр уг автомашиныг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь тогтоогджээ.

 

Хариуцагч О.Н нь тухайн зээлийг аваагүй гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан. Хариуцагч О.Н нь зээлийн гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Оэ нь хариуцагч О.Над 28,690,000 төгрөгийг өгсөн байхад 24,690,000 төгрөг өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй боловч нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

 

7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заажээ.

 

Б.Оэ, О.Н нарын байгуулсан зээлийн гэрээнд хүүгийн талаар тохиролцсоны дагуу хариуцагчийн төлбөл зохих нийт үүргийг тооцоход тэрээр зээл 24,690,000 төгрөг, зээлийн хүү 5,925,600 төгрөг /24,6900,000x4%=987,600x6=5,925,600/, нийт 30,615,600 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргийг хүлээнэ.

 

Түүнчлэн О.Н нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алдангийг Б.Оэ төлөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн ба анхан шатны шүүх хариуцагчийн төлбөл зохих алдангийн хэмжээг үндсэн үүргийн 50 хувиас хэтэрч байгааг харгалзан дээрх хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 12,345,000 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлтэй /24,690,000x0.5%=123,450x1,352=166,904,400/.

 

Иймд, анхан шатны шүүх хариуцагчийн биелүүлээгүй үүрэг болох зээл, зээлийн хүү болон алдангийн хэмжээг зөв тогтоосон байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр О.Нын өмчлөлийн ......... дүүрэг, ..... дүгээр хороо, ........ дугаар гудамж, ... тоот хаягт байрлах 193 м.кв талбайтай газар өмчлөх эрх болон .......... УНБ тоот улсын дугаартай автомашиныг барьцаалахаар барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Мөн анхан шатны шүүх зохигчдын байгуулсан барьцааны гэрээнд заасан тоёотой сай маркийн .......... УНБ тоот улсын дугаартай автомашиныг барьцаалах болон үүргийн гүйцэтгэлийг хангахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний харилцаа үүсээгүй буюу хууль зөрчсөн хэлцэл гэсэн үндэслэлээр барьцааны гэрээний тухайн автомашинтай холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэсэгт нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүхээс энэ талаар нэмж дүгнэлт өгөхгүй.

 

9. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нь автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй байхад, мөн шүүх зохигчдын хооронд байгуулсан .......... УНБ тоот улсын дугаартай автомашиныг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үр дагаврыг шийдвэрлэсэн байхад шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримталсан нь учир дутагдалтай болжээ.

 

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан давж заалдах гомдолд хязгаарлалгүй бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд дараах хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/02330 дугаар  шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтаас Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР