Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 726

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Б.Р , түүний өмгөөлөгч У.Сайнбилэг ҮД:15-54 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Р холбогдох эрүүгийн 1906 00939 0608 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Р

Холбогдсон хэргийн талаар:

Б.Р  нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 032 дугаар цэргийн ангид алба хааж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Р  мэдүүлэхдээ: ...2018 оны 05 дугаар сард цэргийн албанд татагдаж ирсэн. 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө хариуцлагатай харуулд гарсан. Тухайн үед сэтгэл санаагаар унасан байсан.  Ротын дарга 2-3 хоногийн өмнө яамнаас шалгалт ирэхэд намайг цэргийн дүрэм цээжлээгүй байна гэж загнасан. Намайг номоор цохиж байгаад салаан даргад хэлээд зодсон. Дэслэгч Санжаасүрэн чамаас болж гал тогоонд ажилламааргүй байна гэж уурлаж байсан. Салаан даргын орлогч, салаан ахлагч нар 2 хоногийн дотор цэргийн дүрмээ цээжил гэж хэлсэн. Тэгээд харуулд гарч байхдаа дүрмээ тасралтгүй цээжилж байсан. Тэгээд тамхи татаад зогсож байтал нэг Приус-20 зогсож байсан. Тэгээд хүн байна уу? гээд хаалгыг нь онгойлгоод харсан чинь хүн байгаагүй. Гэтэл дэд хурандаа намайг дуудаад яагаад харуулын цэг дээр зогсохгүй хүний машин ухаад зогсож байгаа юм бэ? гэхээр нь би уучлаарай гэж хэлээд буцаад харуулын цэг дээр ирээд байж зогсож байтал хуульч араас ирээд Бямбадорж ахлах ахлагчийг дууд гээд Соёл амралтын хүрээлэнд оруулсан. Тэгээд намайг 108 удаа суниа, шөнөжингөө суниалгаж хонуул гэж хэлсэн. Тэгээд үүнээс болж би сэтгэл санаагаар унаад, их айж байсан. Би цэргийн ангиасаа оргоод хороололд ажил хийж байгаад баригдсан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ариунболдын өгсөн: ...Манай 032 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б.Р  нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 22 цагийн орчимд харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа зэвсэгт хүчний архивын ажилтан Мишээлтийн халаах гээд асааж орхисон машины хаалгыг онгойлгосон байж байгаад дэд хурандаа Гантулгад баригдсан байсан. Ингээд дэд хурандаа Гантулга тэр алба хаагчийн ангийн жижүүр болон ротын эргүүлд мэдэгдээд хулгай хийхийг завдсан гэж үзсэн байсан. Ингээд тухайн үед эргүүл Бямбадорж нь ангийн жижүүр ахмад Баярцогтод мэдэгдээд Баярцогтын зөвшөөрлөөр байлдагч Б.Р ийг харуулаас буулгасан байсан. Ингээд удалгүй салаан захирагч Санжаасүрэн дуудагдаж ирээд тасгийн дарга, дэд түрүүч Багабанди нартай уулзаж юу болсон талаар тодруулсан байсан бөгөөд Санжаасүрэн Багабандид үүрэг өгөөд Б.Р ийг харгалзаад байж бай гэсэн чинь Б.Р  Багабандийг хэл амаар өдөөд байхаар нь Багабанди салаан дарга Санжаасүрэнд орж илтгэх хооронд тухайн үед ротын ээлжинд худлаа хэлж сатааруулж байгаад тамхинд явуулаад араар нь гутлаа аваад хашаа даваад 04 цагийн үед зугтаасан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Уугантамирын өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 21-нд Самбуу бид хоёр ажил дээрээ хонож ажиллаж байхдаа 2,5 литрийн пиво уусан. Бид хоёр пиво ууж байхад Самбуу ах дүүтэйгээ интернэт facebook мессенжэрээр видеогоор ярьсан, ярихдаа утасныхаа камерийг гараараа таглачихаад ярьж байсан. Ярихдаа гадаа гараад ярьсан. Би Самбууг ороод ирэхэд нь хэнтэй ярьсан талаар асуухад дүүтэйгээ ярьсан, манай дүү харин очих газаргүй болчихсон гэнэ гэхээр нь би чи өөрөө очоод дүүтэйгээ нэг уулзаач гэхэд би очиж болохгүй гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

            - Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн б/35 дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах” тухай тушаал /хх-ийн 55 дугаар тал/,

           - Шүүгдэгч Б.Р ийн иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40, 41, 43 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Б.Р  нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 032 дугаар цэргийн ангид алба хааж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ариунболд, А.Уугантамир нарын өгсөн мэдүүлэг, “Сахилгын шийтгэл оногдуулах” тушаал зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Р ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүгдэгч Б.Р ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Р ийн үйлдсэн гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Р  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, хэсэгт заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.

Шүүгдэгч Б.Р  нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 26 хоног цагдан хоригдсон болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1122 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Б.Р ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа  дур мэдэн орхиж явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Р ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Р ийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Р  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Р ийн цагдан хоригдсон нийт 26 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Р  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Б.Р ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Р ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ