Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01622

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 16 210/МА2024/01622

 

 

 

Д ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Гандиймаа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/02930 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж ХХК-д холбогдох,

 

гэм хорын хохиролд 34,804,841 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, Ц.Цэрэнханд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Ж ХХК-ийн Дархан салбар нь бохир усны худаг өөрчлөх ажлыг хийж гүйцэтгэх явцад Д ХК-ийн Засвар туршилт тохируулгын алба-ны харьяа 6 кВ-ын РП-10 хаалттай хуваарилах байгууламж ЯЧ№4 6 кВ-ын кабель шугамыг экскаватороор 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр газар шорооны ажлыг хийж гүйцэтгэх үед гэмтээж тасалсан. Тус гэмтэл гарсан даруйд технологийн зөрчлийг судлан бүртгэх комиссын гишүүд газар дээр ажиллаж гадны нөлөөтэйгөөр кабель шугам тасалсан зөрчлийг бүртгэсэн болно.

...Зөрчлийг судалсан актаар тогтоосон 34,804,841 төгрөгийн төлбөрийг гаргуулах талаар тус компанийн захиралд удаа дараа шаардлага тавьсан боловч дээрх төлбөрийг барагдуулахгүй байна. Иймд, хариуцагчаас 34,804,841 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Хариуцагчийг буруу тодорхойлсон талаар: Манай компани 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Б.Г буюу хувь иргэнтэй ЖҮ-22/71 дугаартай Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, тус гэрээний дагуу бохирын усны худагт өөрчлөлт, өргөтгөлийн ажил хийлгүүлэхээр тохирсон. Гэтэл ажил гүйцэтгэгчийн ажилтан экскаватороор бохирын шугамын сувагчлал ухах явцдаа нэхэмжлэгч компанийн эзэмшлийн 6 кВ-ын кабелийн шугамыг гэмтээсэн байдаг.

Энэхүү зөрчлийг үйлдсэн иргэн нь Ж ХХК-д аливаа байдлаар харьяалалгүй, ажилладаггүй бөгөөд бие даасан хувь иргэн, түүний ажилтан болно. Иймд, энэхүү зөрчлийн хувьд гарсан гэм хорыг Ж ХХК болон манай компанийн аливаа албан тушаалтан учруулаагүй байх тул манай компанийг хариуцагчаар татаж, зөрчлөөс үүдэн гарсан хохирлыг нөхөн төлөхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Хохирлын хэмжээний талаар: ...нэхэмжлэгчээс ирүүлсэн энэхүү үнэлгээ нь иргэн Б.Ггийн зөвхөн нэг хэсгээр гэмтээгээд буй 6 кВ-ын Яч№4 кабелийн шугамыг уртын хэмжээгээр бүхэлд нь буюу 600 метр шинээр солиход гарах зардлыг тооцоолсон үнэлгээ байдаг. Гэтэл кабелийн шугамын гэмтэл гарсан хэсгийг тогтоосон журмын дагуу засах, муфьт холбоо хийх боломжтой бөгөөд энэ тохиолдолд кабелийн шугамыг нийт уртын хэмжээгээр шинээр солихоор шаардаж байгаа нь хор хохирлын хэмжээг бодит байдлаас өндрөөр үнэлж, хэт давсан дүнгээр нэхэмжилсэн харагдаж байна. Кабелийн шугамыг засварлах боломжгүй тохиолдолд ч 2011 онд ашиглалтад орж 11 гаруй жил элэгдээд буй шугамыг шинэ кабелийн шугамаар солиулахыг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасан эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хорыг учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээнэ гэж заасантай нийцэхгүй байна.

...Түүнчлэн нэхэмжлэгч талаас ирүүлсэн эдгээр үнэлгээг Д нь дангаар тооцон тогтоож, зөрчил судалсан акт үйлдэн манай байгууллагад илгээж байсан бөгөөд энэхүү хохирлын дүнг тогтоох болон холбогдох актыг үйлдэхдээ Ж ХХК-иас ямар нэгэн санал авч байгаагүй нь Эрчим хүчний тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т ...хохирлын хэмжээг эрчим хүчээр хангагч, хэрэглэгч хамтран тогтоож, актаар баталгаажуулсан байна гэж заасныг зөрчсөн байна. Иймд, дээрх үндэслэл, шалтгааныг харгалзан үзэж, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Миний бие Ж ХХК-д гэрээний дагуу ажил хийж байхдаа уг гэмтлийг гаргасан. Нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг би хариуцан арилгана. Гэхдээ гэмтэл гарсан шугамыг бүтнээр нь солиулах гэж байгааг дэмжихгүй, яг гэмтсэн хэсгийг нь залгаас хийх байдлаар засварлах боломжтой, уг зардлыг нь би хариуцна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хариуцагч Ж ХХК-иас 31,640,765 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,164,076 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Ж ХХК-иас 3,300,000 төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-иас 316,154 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчийг тодорхойлсон хэсгийн талаар

...Б.Г нь 2022 оны 05-р сарын 08-ны өдөр ЖҮ-22/71 дугаартай Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ, ЖҮ-22/171-01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээнүүдийн дагуу ажил гүйцэтгэх явцдаа нэхэмжлэгчийн кабелийг гэмтээж хохирол учруулсан. Хохирлыг төлөхөө удаа дараа илэрхийлсэн нь анхан шатны шүүх хурал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээг мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д заасан Хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэж Ж ХХК-ийг Хөдөлмөрийн гэрээний дагуу иргэн Б.Гг ажиллуулж байсан гэж үзэн хариуцагчаар тооцон хохирлыг бүрэн төлөхөөр шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.1-т заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. ...ажил гүйцэтгэж байсан экскаваторын жолооч Н.Мөнхбаярыг Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллуулж байгаагийн хувьд иргэн Б.Г Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу тус хэргийн жинхэнэ хариуцагч болно.

2. Капитал зууч ХХК нь шүүхээс томилсон шинжээч биш бөгөөд нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр шууд тус 600 м кабелийг бүхэлд нь солиход гарах зардлыг тооцон гаргуулахаар үнэлгээ хийлгүүлсэн дүгнэлт болно. Тус дүгнэлт дээр 600 м кабелийг заавал солих шаардлагатай эсэх талаар дүгнэлт байхгүй.

...Шүүхээс томилогдсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тайланд иргэн Б.Ггийн гэмтээсэн кабельд муфть буюу залгаа хийж засварлах боломжтой бөгөөд энэ нь цаашид хэвийн ажиллах талаар дүгнэж, зардал нь 3,260,300 төгрөг болох талаар дүгнэсэн. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгэсэн хийгээд эс зөвшөөрч маргаагүй дахин эсхүл нэмэлт шинжээч томилох хүсэлт гаргаагүй болно. 

Мөн түүнчлэн анхан шатны шүүх яагаад Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг шийдвэрийн үндэслэл болголгүй Капитал зууч ХХК-ийн үнэлгээг шийдвэрийн үндэслэл болгож байгаа талаар үндэслэл бүхий тайлбар хийгээгүй байна.

...Иймд, давж заалдах гомдлыг хангаж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06-р сарын 04-ний өдрийн 102/ЛІШІШ2024/02930 дугаар шийдвэрийн нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Иргэн Б.Гтай холбоотой гэх асуудалд нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлох журмын дагуу Ж ХХК-ийн өөрийн өмчлөлийн бохир усны худаг хийх явцад 2022 онд болсон үйл явц ба тухайн худгийг хийх явцдаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн айл өрхийн цахилгаан эрчим хүчийг хангаж буй 6000 кабел шугамыг гэмтээж тасалсан тул Ж ХХК-ийг хариуцагчаар тодорхойлж байна.

Хохирлын хэмжээний тухайд ...тухайн шугамыг нийлүүлж буй ОХУ-ын Эркүтс гэх кабелийн баталгаат хугацаа гэдэгт тодорхой заасан байх бөгөөд шинэ кабел шугам нь 30 жилийн насжилттай ба хэрэв залгаас буюу муфтыг хийвэл баталгаат хугацааны дээд тал нь 4,5 жил байна.

Ж ХХК-ийн худгийг хийж буй шинэчлэгдэж буй ажлын явцаас болоод кабель шугам дундуураа тасарсан. Хэрэглэгчдийн найдвартай цахилгаан эрчим хүч хангагдах нөхцөл боломж байнгын эрсдэлтэй байгаа. ...600 метр кабелиараа уртын хэмжээг нь солиход ...Мэргэжлийн шинжээч хөрөнгийн үнэлгээг 31,000,000 төгрөгөөр хийх боломжтой гэдгийг гаргаж өгсөн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 600 метр кабель солих ёстой юм байна гэж шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг дэмжиж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д ХК нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 34,804,841 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон хэдий ч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар Ж ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Б.Гтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, түүгээр компанийнхаа Дархан-Уул аймаг дахь салбарын гадна бохир усны 84 метр шугамын ажил, мөн 2 худаг суулгах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохирсон бөгөөд Б.Г нь дээрх ажлыг хийж гүйцэтгэх явцад тус өдөр Д ХК-ийн РП-10 хаалттай хуваарилах байгууламж ЯЧ№4 6 кВ-ын кабелийн шугамыг экскаватороор тасалсан үйл баримт тогтоогджээ.

 

Зохигчид дээрх үйлдэлд хариуцагч нь гэм буруутай эсэх болон хохирлын хэмжээний талаар маргасан ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж зааснаар хариуцагч нь гэм буруугүй гэдгээ нотлох үүрэг хүлээнэ.

 

4. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан.

 

Тодруулбал, хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж түүнээс тогтоосон хөдөлмөрийн хуваарь, дүрэм, журам, зааврын дагуу ажиллаж буй ажилтан, албан тушаалтан тийнхүү ажил үүргээ гүйцэтгэх явцад бусдад хохирол учруулсан бол гэм хорыг ажил олгогч этгээд хариуцаж арилгана.

 

Анхан шатны шүүх Ж ХХК, Б.Г нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй байхад тухайн харилцаанд хамаарахгүй гэм хорын тусгай дүрмийн хүрээнд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулна.

 

Үүнд: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хууль зөрчсөн гэм буруутай санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн өмч хөрөнгөд хохирол учирсан бол хариуцагч нь гэм хор учруулснаас үүсэх үүргийн ерөнхий төрлийн хүрээнд уг хохирлыг хариуцаж арилгах үүрэгтэй.

 

5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.21-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг үйлдвэрлэлийн орчинд хамааруулах ба мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу үйлдвэрлэлийн барилга байгууламжийг барьж байгуулах, өргөтгөх, шинэчлэх, машин техник, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, туршилт, засвар хийх үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна.

 

Ж ХХК болон Б.Г нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар бохирын усны шугам солих, худаг суулгах ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэн гэсэн боловч хэрэгт тухайн батлагдсан зураг төсөл авагдаагүй байх тул захиалагч буюу Ж ХХК нь газар шорооны ажил явагдах ойр орчмын газар доорх инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, кабель байгаа эсэхийг шалгасан гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

Хэдийгээр Ж ХХК, Б.Г нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд ... аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг дагж мөрдөх ажлыг гүйцэтгэх шаардлагатай аливаа зөвшөөрлийг урьдчилан авах гэж тохирсон боловч энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах гэж зааснаар ажил олгогч буюу захиалагчийн үүрэг нь бусдад шилжсэн гэсэн үндэслэлээр түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Тодруулбал, Ж ХХК нь өөрт ашигтай ажлыг иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлж буй захиалагчийн хувьд үйлдвэрлэлийн орчны газар шорооны ажлыг хийж гүйцэтгэхэд ойр орчмын газар доорх инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, кабель байгаа эсхийг шалгах, хэрэв байгаа тохиолдолд холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах ажлыг хариуцах үүрэгтэй ба хариуцагч нь энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

Иймд, гэм хор учруулагчийн эс үйлдэхүй, түүнээс үүсэх гэм хорын хохирол, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоог үндэслэн хариуцагч Ж ХХК-ийг гэм буруутай гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

 

6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

 

Нэхэмжлэгч Д ХК нь өөрсдийн нотлох баримтаар өгсөн Капитал зууч ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн үнэлгээний тайланд ...ЯЧ№4 6 кВ-ын кабелийн шугамыг сольж, засварлахад 31,640,765 төгрөгийн зардал гарна гэсэн дүгнэлтийг үндэслэх ёстой гэснийг хариуцагч Ж ХХК нь үндэслэлгүй гэж маргасан.

 

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн тасарсан кабелийг 3,260,300 төгрөгөөр засварлах боломжтой гэсэн дүгнэлтийг баримтлах нь зүйтэй гэж үзэв. Учир нь:

 

6.1. Шүүх шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар шүүх шинжилгээ нь шүүхийн захирамж, тогтоолоор шинжилгээний объектод тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах нарийн үйл ажиллагаа бөгөөд зохигчдын маргаж буй кабелийг муфть холбож засварлах боломжтой эсэх, тийнхүү холбосон тохиолдолд найдвартай ажиллах чадвартай эсэх, засварлах бол хэдэн төгрөгийн зардал гарахыг тогтоолгохоор шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотлох баримтаар үнэлэх шинжээчийн дүгнэлт мөн юм.

 

6.2. Энэхүү дүгнэлтийг зөвлөх инженер, үнэлгээчин болон цахилгааны инженер мэргэжилтэй хүмүүс хамтран гаргасан бөгөөд дүгнэлтэд ....6кВ-ын РП-10 хаалттай хуваарилах байгууламж ЯЧ№4 кабелийг холболтын муфть хийж засварлах боломжтой ба 3,260,300 төгрөгийн зардал гарна,... кабелийн баталгаат хугацаа 18 сар /ашиглахгүй хадгалах хугацаа/, ашиглах бол баталгаат хугацаа 12 сар бөгөөд 30 жил ба түүнээс дээш тасралтгүй ажиллах боломжтой..., гэмтсэн кабелийн үйлдвэрлэгчийн ашиглалтын хугацаа 30 ба түүнээс дээш жил тасралтгүй ажиллахаар бүтээгдсэн, ...2011.09 сард хийгээд 13 дахь жилдээ ашиглагдаж байгаа бөгөөд дахиад 17 ба түүнээс дээш жил ашиглагдах боломжтой, муфть хийж засварлах бол засварласан муфть 30 жил ашиглагдана, ...шинэ кабелийн насжилт 30 жил, тус кабелд муфть хийж холбосноор /солих шаардлагагүй/ цаашид 30 жил ашиглагдах боломжтой, ...байгалийн болон механик үйлчлэлээр хохирол учрах боломжтой ба кабел шугамыг муфть хийж зассанаар баталгаатай ажиллана-цахилгаан хангамжид нөлөөлөхгүй.... гэх зэргээр нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын асуултанд бүрэн хариулжээ.

 

6.3. Харин Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хувьд зөвхөн хөрөнгийн үнэлгээний мэргэжилтэй этгээд тасарсан кабелийг солих болон засварлахад гарах зардлын хэмжээг тодорхойлсон ба мэргэжлийн үүднээс кабелийг бүрэн солих шаардлагатай эсэх, муфть холбож сольж болох эсэх, сольсон тохиолдолд хэвийн ажиллах эсэх талаар дүгнэлт өгөөгүй байна.

 

Иймд, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулж, хариуцагч Ж ХХК-аас 3,260,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХК-д олгож шийдвэрлэнэ.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/02930 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Ж ХХК-аас 3,260,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31,544,541 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

3 дахь заалтад ... 316,154 ... гэснийг 67,115 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,155 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧИД  Т.ГАНДИЙМАА

 

 

Б.МАНДАЛБАЯР