Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 740

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б.Х яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 08669 0801 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Х

Холбогдсон хэргийн талаар:

Б.Х нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 8-421 тоотод иргэн Г.Галцэцэгтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэнд цохиж, маажих, үснээс нь зулгаах зэргээр нь биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: Би тэр өдөр 10 жилийн найз ирээд нэг шил 0.75 граммын “Хараа” архи хувааж уугаад бараг зэрэг согтсон байсан. Тэгээд Галцэцэгийнд орж үснээс зулгааж алгадсан юм. Эгчийгээ өмөөрч хэрүүл маргаан хийсэн. Гэхдээ би ухаан алдталаа уугаагүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Галцэцэгийн өгсөн: ...Би 2018 оны 10 дугаар сарын 23-ны орой 19:00 цагийн үед гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт байж байхад гаднаас миний нөхрийн нагац эгч болох Б.Х согтуу ороод ирсэн. Согтуу орж ирээд надад хандаж миний эгчийг зодлоо гэж над руу орилж хашгирч эхэлсэн. Би тэр үед тийм зүйл байхгүй, би юу гэж хадам ээжийгээ зоддог юм гэж хэлэхэд шууд үгийн зөрүүгүй хадам эгч Б.Х над руу дайраад миний үснээс зулгаагаад, нүүр маажсан. Тэр үед Хишигсүрэнгийн төрсөн охин Уранчимэг гэрт орж ирээд чи миний ээжийг зодлоо гэж хэлээд миний үснээс зулгаасан. Энэ үед хадам эгч Б.Х бас миний үснээс зулгаасан. Тэр үед миний нөхөр Энхтөр нагац эгч Б.Х болон түүний охин Уранчимэг хоёрыг хаалгаар түлхээд гаргасан. Тэр 2 хаалгаар гараад шороон дээр өнхрөөд унасан. Түүнээс хойш дахин гэрт орж ирээгүй. Миний нүүрэнд учирсан хумсны маажсан гэмтлийг Б.Х учруулсан...

...Б.Х эгч нь 2009 оноос уг айлд бэр болж ирсэн цагаас охин Уранчимэгийн хамт архи уугаад байдаг байсан. Одоо хэр нь охины хамт архи уугаад байж байдаг. Надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй. Би шүүх хуралдаанд суухгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 15-16 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Энхтөрийн өгсөн: ...Гаднаас Хишигсүрэн, Уранчимэг хоёр орж ирээд миний эгчийг зоддог хэн бэ гээд дайрсан. Манай эхнэрийн ээж Эрдэнэтуул манай ээж Бариад нар маргалдсаныг тэр хоёр буруугаар ойлгоод манай эхнэрийг хэрэлдэж зодсон гэж ойлгосон юм шиг байна лээ. Б.Х манай эхнэрийн үснээс эхэлж зулгаагаад нүүрийг нь маажаад газарт унагаад өшиглөж байхад би салгах гээд байж байхад гаднаас Уранчимэг орж ирээд хамт үснээс нь зулгаах гэхээр нь би салгаж хөөж гаргасан. Б.Х манай эхнэрийн үснээс зулгааж өшиглөж зодсон. Хишигсүрэн, Уранчимэг нар байнга архи ууж байдаг. Хаанаас мөнгө олдог талаар мэдэхгүй, ажил төрөл хийдэггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 12901 дугаартай шинжээчийн:

1. Г.Галцэцэгийн биед хамрын нуруу, угалз, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн гуя, цээж, нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Г.Ханхүү гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Х гийн: ...Би тэр өдөр найз Бүрэнбаатарын хамт нэг шил 0,75 граммын Хараа нэртэй архи хувааж уусан байсан. Би согтсон байсан. Болсон явдлыг бүрэн дүүрэн санаж байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ахин ийм алдаа дутагдал гаргахгүй байж чадна...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/,

- Шүүгдэгч Б.Х гийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26, 27 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Х нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 8-421 тоотод иргэн Г.Галцэцэгтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэнд цохиж, маажих, үснээс нь зулгаах зэргээр нь биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Галцэцэгийн “...Би 2018 оны 10 дугаар сарын 23-ны орой 19:00 цагийн үед гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт байж байхад гаднаас миний нөхрийн нагац эгч болох Б.Х согтуу ороод ирсэн. Согтуу орж ирээд надад хандаж миний эгчийг зодлоо гэж над руу орилж хашгирч эхэлсэн. Би тэр үед тийм зүйл байхгүй, би юу гэж хадам ээжийгээ зоддог юм гэж хэлэхэд шууд үгийн зөрүүгүй хадам эгч Б.Х над руу дайраад миний үснээс зулгаагаад, нүүр маажсан. Тэр үед Хишигсүрэнгийн төрсөн охин Уранчимэг гэрт орж ирээд чи миний ээжийг зодлоо гэж хэлээд миний үснээс зулгаасан. Энэ үед хадам эгч Б.Х бас миний үснээс зулгаасан. Тэр үед миний нөхөр Энхтөр нагац эгч Б.Х болон түүний охин Уранчимэг хоёрыг хаалгаар түлхээд гаргасан. Тэр 2 хаалгаар гараад шороон дээр өнхрөөд унасан. Түүнээс хойш дахин гэрт орж ирээгүй. Миний нүүрэнд учирсан хумсны маажсан гэмтлийг Б.Х учруулсан...Б.Х эгч нь 2009 оноос уг айлд бэр болж ирсэн цагаас охин Уранчимэгийн хамт архи уугаад байдаг байсан. Одоо хэр нь охины хамт архи уугаад байж байдаг. Надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй. Би шүүх хуралдаанд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 15-16 дугаар тал/, болон яллагдагч Б.Х гийн өгсөн “...Би тэр өдөр найз Бүрэнбаатарын хамт нэг шил 0,75 граммын Хараа нэртэй архи хувааж уусан байсан. Би согтсон байсан. Болсон явдлыг бүрэн дүүрэн санаж байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ахин ийм алдаа дутагдал гаргахгүй байж чадна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 12901 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Х г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Галцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Х г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 15-16 дугаар тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 6 хоног яллагдагчаар цагдан хоригдсон байна. /хх-ийн 54 дүгээр тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т: баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагаар, зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Х гийн цагдан хоригдсон 6 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцоход түүнд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас цагдан хоригдсон 6 хоног буюу хоногт шилжүүлэн 48 цагийг хасч тооцон, 192 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэх үндэслэлтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х-г 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Х д оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.        

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Х нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Х гийн цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг ажлын найман цагаар тооцож 48 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 192 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Х д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ