| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/05602/И |
| Дугаар | 5689 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 5689
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ГЮ57012263 регистрийн дугаартай, Булган аймгийн булган сум, 1 дүгээр баг Ачуутын Бунханы өврийн А-3 дугаар гудамж 2 тоотод оршин суух Жумба овогт Найданжавын Мэнджаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн УП88050123 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол 15 дугаар хороо 7Б байрны 18 тоот оршин суух, Олонхууд овогт Ганбаатарын Долгормаад холбогдох,
Зээлийн гэрээний үүүрэгт 27.360.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгчдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Мэнджаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Мэнджаргал миний бие Ганбаатар овогтой Долгормаад 2014 оны 02 дугаар сарын 20-нд Булган аймгийн Хас банкинд охин М.Ариунцэцэгийн хамт хамтран эзэмшдэг байсан хадгаламжийн мөнгөнөөсөө 18.000.000 төгрөгийг 40 хоногийн хугацаатай 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн юм. Тэрээр “Хас” банкин дахь хашаа байшингийн зээлээ чөлөөлүүлэх гэж энэ мөнгийг авсан бөгөөд яг 40 хоногийн дараа өгнө гээд байхаар нь хадгаламжийнхаа хүүгээр хүү тооцож өгсөн юм. Гэтэл энэ хүн мөнгийг минь өгөхгүй тэр чигтээ алга болсон тул хайж хайж нэг удаа уулзсан чинь удахгүй өгнө барьцаанд нь үүнийг авч бай, наадахыг чинь бас зарах гэж байгаа юм гээд байрны гражийн гэрчилгээ өгөөд бас л алга болсон. Ингээд төлөхгүй болохоор нь Булган аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан чинь шалгаж үзээд иргэний хэрэг байна, шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Долгормаа болон түүний дүү Г.Хишигсүрэн, нөхөр Г.Лхагвацэрэн нар нь тухайн үедээ бүгд л гуйж түүж байж мөнгийг минь авчихаад цагдаад бүгд худлаа ярьсан байна лээ. Надаас авсан мөнгө нь хүрэхгүй болохоор манай хүргэнээр дүү Г.Хишигсүрэн нь цалингийн зээл авахуулаад эгчийнхээ зээлэнд нь хийгээд дараа нь төлж өгсөн юм. Одоо би энэ Г.Долгормаа гэдэг хүнээс үндсэн зээл 18.000.000 төгрөг, хүү 360.000 төгрөг, алданги 9.000.000 төгрөг бүгд 27.360.000 төгрөг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Долгормаа шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төдөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Долгормаа миний бие 2 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй, Найданжавын Мэнджаргал болон түүний охин Ариунцэцэг нар нь намайг Мөнхжаргал гэдэг хүнээс мөнгө зээлж байсан мэтээр бодит байдлыг илтэд мушгин гуйвуулан тайлбар хийж, мөнгийг нь намайг залилан авсан мэтээр эрүүгийн журмаар удаа дараа цагдаагийн байгууллагад хандан, сэтгэл санааны дарамтанд оруулж дарамталсан. Миний хувьд Ариунцэцэгээс мөнгө авч өгөлцөж байснаас анхнаасаа л түүний ээжтэй харьцаж байгаагүй, зүс танина. Уг хүнээс мөнгө авч байсан удаагүй. Их хэмжээний мөнгө нэхэмжлэн танай шүүхэд хандсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мэнджаргал гэдэг хүнийг Ариунцэцэгийн ээж гэдгээр нь мэдэхээс биш энэ хүнтэй ямар нэг гэрээний харилцаа байхгүй, бэлнээр мөнгө авсан ч зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Мэнджаргал нь хариуцагч Г.Долгормаад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 18.000.000 төгрөг, хүү 360.000 төгрөг, алданги 9.000.000 төгрөг нийт 27.360.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Зохигчдын хооронд 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 18.000.000 төгрөгийг 40 хоногийн хугацаатайгаар, 2 хувийн хүүтэй зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулагджээ./хх-ийн 5 дугаар тал/
Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Тодруулбал, зээлийн гэрээгээр зээлдүүлэгчийн үүрэг нь зээлдэгчид мөнгө, эсхүл бусад эд хөрөнгийг шилжүүлэх болон тохиролцсон хугацаанд захиран зарцуулах эрхийг олгох бөгөөд зээлдэгчийн үүрэг нь мөнгө эсхүл эд хөрөнгийг буюу анх шилжүүлж авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн, ижил хэмжээний эд хөрөнгийг буцааж өгөхөд оршдог байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчийн Хас банкин дахь дахь хашаа байшингийн зээлээ чөлөөлүүлэх хүсэлтийнх нь дагуу Булган аймгийн Хас банкинд охин М.Ариунцэцэгийн хамт хамтран эзэмшдэг байсан хадгаламжийн мөнгөнөөсөө 18.000.000 төгрөгийг 40 хоногийн хугацаатай, 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж тодорхойлж байх бөгөөд М.Ариунцэцэг, Г.Долгормаа нарын хоорондох үүргийн харилцаа нь 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаанд харилцан хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч Г.Долгормаагийн Хас банкнаас бизнесийн зориулалтаар зээлсэн зээлийн үлдэгдэл болох 20.073.725,32 төгрөгийг Мэнджаргалын Ариунцэцэг нь 2014 оны 02 дугаар сарын 24-ны төлж хаасан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 31, 70 дугаар тал/
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгийг бодитойгоор хариуцагчид шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэгч Н.Мэнджаргал нь 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч Г.Долгормаагаас шаардах эрхгүй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Долгормаагаас 27.360.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Мэнджаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ