Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
Хэргийн индекс | 204/2024/000022 |
Дугаар | 204/МА2024/00023 |
Огноо | 2024-09-03 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 204/МА2024/00023
С.Т-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 146/ШШ2024/00141 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч С.Т-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Х.Ж-д холбогдох,
Хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч Х.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул, нарийн бичгийн дарга П.Анужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Ж-тай 1989 онд танилцан хамт амьдарч бидний дундаас таван хүүхэд төрсөн. Хамт амьдрах хугацаанд тэр архи ууж агсам тавьж сэтгэл санааны дарамтад оруулдаг байсан. Сүүлийн үед байнга архи ууж, зодож хүүхдийн хамт гэрээсээ хөөж цуг амьдрах аргагүй байдалд хүргэсэн. Бид амьдрах хугацаандаа албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй.
Иймд миний бага охин Ж.С-г миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Х.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.Т-тай 1990 онд гэр бүл болсон. Бид дундаасаа таван хүүхэдтэй. Энэ хугацаанд С.Т нь 2-3 хүнтэй гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орж улмаар үр хүүхдээ орхин яваад Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод оршин суугч *** сумын харьяат н.Р гэдэг хүнтэй гэр бүл болоод 2-3 жил болж байна.
Миний бие хүү, охин хоёртойгоо цуг байдаг бөгөөд охин Ж.Ш Монгол Улсын боловсролын их сургуульд элсэн орж, улмаар Оросын холбооны улсын Эрхүү мужид англи, орос хэлний багшаар суралцдаг. Хүү Ж.Б энэ жил сумандаа 12 дугаар ангиа төгсөж байна. Би хүүхдийн хувцас, хичээлийн хэрэгсэл, оюутны төлбөрийг мөнгө нэхэлгүйгээр даадаг. Бага охин Ж.С энэ жил 7 дугаар ангиа төгссөн бөгөөд зуныхаа амралтаар том эгч Ж.О дээр ирдэг. Ээж нь нөхрийн хамт Дорноговь аймгийн Таван толгой гэдэг газар ажилладаг тул охин маань голдуу ганцаараа амьдардаг. Намар хичээл сургууль цуглахаар хичээлийн хэрэглэл ном дэвтэр хувцсыг эгчээр бэлдүүлэн авч өгдөг бөгөөд охиныхоо нэр дээр данс нээж өөрийнхөө боломжийн хэрээр хэдэн төгрөг хадгалуулж мөн эх орны хишиг /Төрийн банкинд/ дансанд хийдэг. Жил бүрд 5 ханатай гэр, хонь, ямаа нийлсэн 100 толгой мал өгч байсан. Гэтэл С.Т нь сумын төвд байсан 0,7 га газар буй бумбат /1-5/ хашааг дур мэдэн өөрийн хамаатан н.А гэдэг хүнд 1,000,000 төгрөгөөр зарсан. Охин Ж.С жилийн 4 улиралд ихэнх хугацаанд 12-13 хоног өсвөр охин хүүхэд ганцаараа байдаг. Энэ тухай сумынхаа хүүхдийн байгууллагад мэдэгдэж байсан. Охинтой энэ жилээс байнга холбоотой байдаг.
Иймд Ж.С-г ах эгч хоёрыг нь бараадуулан өөрөө асран хамгаалагчаар авмаар байна гэв.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Т-ын хувьд Х.Ж гэдэг хүнд холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан. Энэ нь ямар учиртай нэхэмжлэл гэхээр С.Т болон Х.Ж нарын дундаас төрсөн охин Ж.С-г өөрийн асрамжид авах, мөн хуулийн дагуу эцэг Х.Ж-аас тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагчийн хувьд асрамжийн асуудал дээр ээж дээрээ одоо сүүлийн 3 жил байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэж ойлгож байна. 2011 оны хүүхэд одоо 13 настай. Хүүхдийн өдөр тутмын хэрэгцээ, боловсрох, эрүүл мэнд, бусад хувцас хэрэгсэл, хоол хүнстэй холбоотой хэрэгцээ бол мэдээж гарч таарна. Гэтэл заавал одоо өөрийнх нь хадгаламжид би данс нээж мөнгийг нь төлөөд явна. Засгийн газраас олгож байгаа тэр хүүхдийн 100,000 төгрөг юм уу эх орны хишиг энэ мөнгийг нь хүртэл өгөхгүй гээд ингээд ярьж байгаа нь бол хууль бус үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэгэнт ээжийнхээ асрамжид 3 жил гаруй болчихсон, цаашдаа ч гэсэн ээжтэйгээ байх хүүхэд дээр өнөөдөр дансны орлого зарлагынх нь гүйлгээг хязгаарлаад хориглоод байх нь боломжгүй байх.
Тэгээд дээр нь яг ямар үндэслэлээр асрамжийн асуудлыг зөвшөөрөхгүй байгаа юм. Зөвшөөрөхгүй байгаа талаараа ч нэг их сайн ярихгүй байх шиг байна. Тэгээд нэгэнт ээжтэйгээ байгаа учраас би яах вэ төлнө гэж байгаа юм байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэдэг маань нэг ёсондоо асрамжийн асуудлыг зөвшөөрөөд байгаа юм шиг байна гэж ойлгоод байгаа юм. Тэгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эцэг тогтоолгомоор байна гээд хүсэлт өгчихсөн байсан. Энэ нь тэтгэлэгтэй холбоотой ямар нэгэн байдлаар үүргээ биелүүлэхгүй зайлсхийж байгаа нэг хэлбэр юм уу гэж харагдахаар зүйлүүд байна. Энэ нөхцөл байдлыг нь харгалзан үзээд эх С.Т-ын асрамжид Ж.С-г үлдээж, эцэг Х.Ж-аас Гэр бүлийн тухай хуульд зааснаар тэтгэлэг гаргуулах нь үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар охин Ж.С-г эх С.Т-ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин *** оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн охин Ж.С-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг Х.Ж-аар тэжээн тэтгүүлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.
5. Хариуцагч Х.Ж-ын давж заалдах гомдлын агуулга: Миний бие С.Т-тай гэр бүл болж дундаасаа таван хүүхэд төрүүлсэн. Түүнтэй нийт 30 гаруй жил амьдарсан бөгөөд энэ хугацаанд С.Т 2-3 хүнтэй бэлгийн харьцаанд орж үр хүүхдээ орхисон. Одоо н.Р гэдэг хүнтэй цугтаа амьдраад 2-3 жил болж байна.
Энэ хугацаанд миний бие хүү Ж.Б, охин Ж.Ш хоёртой байдаг. Ж.Ш нь Монгол Улсын Боловсролын Их Сургууль суралцдаг, хүү Ж.Б нь энэ жил 12 дугаар ангиа төгсөж Их Дээд сургуулийн хувиар авч байгаа. Том охин Ж.О тусдаа айл гэр бүл болсон. Энэ хугацаанд хичээлийн хэрэгсэл болон оюутны төлбөрийг ээжээс нь мөнгө нэхэлгүй дааж ирсэн бөгөөд охин Ж.С ээжтэйгээ цуг байдаг. Гэхдээ аавтайгаа байнга холбоотой байдаг. Ээж нь гэр бүлийнхээ хамтаар Дорноговийн Таван толгойд ажилладаг, энэ хугацаанд охин Ж.С байнга гомдсоор байдаг. Таван толгойд ажилд орсон гээд Улаанбаатар хотод танихгүй айлд орхиод явсныг дуулаад том охин Ж.О-аа дэргэдээ ав гэсэн бөгөөд дүүгээ гэртээ байлгаж байгаад намар хичээлийн хэрэгсэл болон хувцас авч өгсөн. Надтай уулзуулдаггүй бөгөөд нууцаар утсаар ярьдаг. Өөрийнхөө таван хүүхдийг орхисон. Хойд эцэг нь хүний хүүхдийг өөрийнх хүүхэд шиг сайн эцэг болж чадахгүй болов уу гэж бодож байна.
Анхан шатны шүүхээс хүүхдийн тэтгэлгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоосон бөгөөд сар бүр төлөхөөр шийдвэрлэсэн. Өөрийнхөө оронд Г.Г-ийг оруулсан. Би эрүүл мэндийн хувьд эмнэлгийн хяналтад байдаг, нүдэндээ хоёр удаа хагалгаа хийлгэсэн. Өндөр насны тэтгэврээс өөр орлогогүй. Хоёр оюутны төлбөр төлдөг. Нас биед хүрсэн, амьдралд хөлөө олоогүй яваа хоёрын хоёр оюутны төлбөрийг ээж С.Т-ыг эх хүний үүргээ биелүүлж хувааж гаргуулмаар байна. Бага охин Ж.С 7 дугаар ангид суралцдаг. Хүүхдийн мөнгийг нь ээж нь авдаг. Хүү Ж.Б-ийн мөнгийг авдаг. Эх орны хишиг болох мөнгийг хүүхдийн нэр дээр хадгалуулсан. Эцэг эхийнхээ хэнтэй цуг байхыг хүүхдийн хүсэлтийг асууж үүнийг харгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Ж нь охин Ж.С-г өөрийн асрамжид авах тухай хариу тайлбар гаргасан. Мөн охин Ж.С нь өөр дээр нь болон хариуцагчийн эгч Х.О дээр ирж, очин байдаг. Ээж С.Т нь өөр хүнтэй гэр бүл болсон, охины байгаа газраас өөр газар ажиллаж амьдардаг тул охин Ж.С нь жилийн 4 улирал ихэвчлэн ганцаараа амьдардаг учир охины эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байж болзошгүй мэдээллийг хариуцагч өгсөн.
Анхан шатны шүүх охин Ж.С-ийн саналыг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 7-н наснаас дээш насны хүүхдээс хүүхдийн асрамжийн талаар өөрийн саналыг нь сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх энэ ажиллагааг хийлгүйгээр хүүхдийн эрхийг зөрчиж хүүхдийн асрамжийн талаар шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 146/ШШ2024/00141 дүгээ шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
1. С.Т нь Х.Ж-д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан /хх-ийн 01/-ыг Х.Жад эс зөвшөөрч хүүхдээ өөрийн асрамжид авна гэж хариу тайлбар гарган маргажээ. /хх-ийн 20/
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
3. Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар охин Ж.С-г эх С.Т-ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Ж.С-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг Х.Ж-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
4. Дээрх шийдвэрт Х.Ж “... охин Ж.С жилийн дөрвөн улиралд ихэнх хугацаанд 12-13 хоног өсвөр охин хүүхэд ганцаараа байдаг, мөн хойд эцэг нь хүний хүүхдийг өөрийнх хүүхэд шиг сайн эцэг болж чадахгүй, тиймээс ах, эгч хоёрыг нь бараадуулан түүнийг өөрөө асрамжид авна. Эцэг, эхийнхээ хэнтэй цуг байхыг хүүхдийн хүсэлтийг асууж үүнийг нь харгалзан шийдвэрлэж өгнө үү...” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
5. С.Т нь Х.Ж-д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч тухайн нэхэмжлэлийн хүрээнд иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэлийг Х.Ж-д гардуулан, хариу тайлбар авч, улмаар энэ нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргажээ. /хх-ийн 01, 10, 18, 20, 23/
С.Т дээрх байдлаар хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаагүй байна. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр “нэгэнт асрамжийн асуудлыг шийдэж байгаа учраас хүүхдийн тэтгэлгийг шүүх шийдэх боломжтой байх гэж бодож байгаа” гэж тайлбар гаргасан /хх-ийн 29/-ыг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн гэж дүгнэх боломжгүй.
Учир нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэхийн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэр хангасан нэхэмжлэл гаргасан байх ёстой. Үүний дараа шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гаруулан, хариу тайлбар аваад, тухайн нэхэмжлэлийг нотлох болон үгүйсгэх нотлох баримт гаргах хугацаа олгож, зохигчийг мэтгэлцэх боломжоор хангах үүрэгтэй.
Гэтэл 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийн шийдвэрлэхдээ хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлаар аль нэг тал хуульд заасан хэлбэрээр нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх энэ талаар шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсгийг зөрчсөн төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх Х.Ж-ын эрхийг хязгаарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил болжээ.
6. Охин Ж.С 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 07/-аар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл шүүх хуульд зааснаар хүүхдийн саналыг харгалзан үзэхийн тулд долоо ба түүнээс дээш настай хүүхдийн саналыг эхлээд авсан байх учиртай.
Гэтэл охин Ж.С долоо ба түүнээс дээш настай боловч шүүх хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлтэй холбоотой түүний саналыг аваагүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй учир энэ нь нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж дүгнэх үндэслэл болж байх тул Х.Ж-ын давж заалдах гомдлын “эцэг, эхийнхээ хэнтэй цуг байхыг хүүхдийн хүсэлтийг асууж үүнийг нь харгалзан шийдвэрлэж өгнө үү” гэх хэсгийг хангах үндэслэлтэй байна.
7. С.Т нь Х.Ж-ыг байнга архи ууж, зодож хүүхдийн хамт гэрээсээ хөөж цуг амьдрах аргагүй байдалд хүргэсэн гэсэн бол Х.Ж нь С.Т-ыг нөхрийн хамт Таван толгой гэдэг газар ажилладаг учир охин Ж.С жилийн дөрвөн улирлын ихэнх хугацаанд ганцаараа байдаг /хх-ийн 31-33/ гэж хүүхдийн амьдарч байгаа орчин нөхцөлийн талаар маргажээ.
Тиймээс анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулах буюу мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилж, энэ талаар дүгнэлт гаргуулсны үндсэн дээр хүүхдийн асрамжийг тогтоох нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд нийцэхээр байна.
Хүүхдийн эрхийн хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т төр үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэнэ гэж заасан. Гэр бүлийн холбогдолтой хэрэг маргааныг шийдвэрлэхдээ дээрх онцлогийг харгалзан шүүх талуудыг мэтгэлцүүлэхэд чиглүүлэх, мэтгэлцэх нөхцөлийг хангах, маргааны зүйлийг тодруулах нь талуудын тэгш эрхийн зарчимд харшлахгүй болохыг дурдав.
8. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг зөвтгөх, залруулах боломжгүй байх тул хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлээр анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул Х.Ж-аас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 146/ШШ2024/00141 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Ж-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Л.НЯМДОРЖ