| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0723/Э |
| Дугаар | 739 |
| Огноо | 2019-05-09 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 739
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Б.Мөнгөншагай /томилолтоор/,
шүүгдэгч С.О , түүний өмгөөлөгч Р.Түвшинбат ҮД:07-12,
хохирогч Ш.Болортуяа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чулуунчимэг, түүний өмгөөлөгч А.Бүдханд ҮД:12-89 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.О яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1819 00347 0101 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, С.О
Холбогдсон хэргийн талаар:
С.О нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны 04 цагийн үед Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг 35 дугаар зөрлөгөөс урагш 235/425 дугаартай тэмдэгт буюу Улаанбаатар хотоос Замын-Үүд явах босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замд “Toyota Wisn” маркийн 93-18 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ ...хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах[a1] бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12 дугаар бүлэг/ Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй тохируулан сонгож явна, мөн бүлгийн 12.2-т заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн бүлгийн 12.3-т заасан жолооч хөдөлгөөний аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс улмаас онхолдож зорчигч А.Баяртуулын амь насыг хохирч, иргэн Ш.Болортуяагийн эрүүл мэндэд хүнд, Б.Нямганьдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Болортуяа мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 05-нд Улаанбаатараас 00 цагт гарсан. Замдаа гайгүй явж байсан. Дорноговийн “Айраг” суманд хүнд юм буулгаж өгсөн. Тэнд баахан архидалт явагдсан байсан. Бид нар бие засах гээд буусан юм. Тэнд нилээн удаж байгаад шүүгдэгч гэх энэ хүн гарч ирсэн. Гарч ирчихээд нэг гартаа усаа бариад, нэг гартаа тамхиа татаад л хөгжмөө зогсоо зайгүй орилуулаад л яваад байсан. Тэгээд байж байтал юу гээд байгаа юм бэ гэсэн би аятайхан жолоогоо бариарай гэсэн чинь аймаар хурдтай давхисан. Тэгээд л юу болсныг мэдэхгүй, нэг мэдсэн би ухаан алдсан байсан. Одоо бол миний бие зовиур шаналгаатай байна. Эмчлээд байхад л эдгэхгүй байна. Бүх юмаараа л хохироод үлдчихлээ. Одоогоор 1.300.000 төгрөг нэхэж байгаа. Эр нөхрөө ажил төрөлд нь явуулахаа ч больсон, эцэг эхээ халамжлах ёстой байтал тэр хоёроороо халамжлуулах юм болоод байна. Өмнө нь 3.000.000 төгрөг авсан. Тэр бол гэмтлийн эмнэлгийн хагалгааны л төлбөр. Одоо би нөхөн сэргээхэд 300.000 төгрөгөөр хэвтсэн. Мөн манай нөхөр намайг сахиад ажилдаа яваагүй тул цалинг нь нэхэмжилж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чулуунчимэг мэдүүлэхдээ: Миний охин эмч, хагалгааны сувилагч байсан. 2016 онд Солонгос улсад хэлний бэлтгэлээр сурч байгаад 2018 онд үргэлжилж сурахаар бүх материалаа бүрдүүлсэн байсан. Тэр өдөр миний охин яагаад газраар явах болсон юм бэ гэвэл, онгоцоор нисэх гэж байсан чинь хамт явах хүн нь хоёулаа Бээжингээс нисье гээд тэр газраа очихын тулд газраар явсан. Би тухайн үед охиноо энэ машинд суухад нь хэлсэн. Жолооч нь ямар хүн байна гэсэн чинь таны үеийн хүн гэхээр нь дотроо тайвширсан. Би ч бас өчнөөн жил жолоо барьж байна. Миний охин бас жолооч учраас суунгуутаа бүсээ бүсэлдэг, хариуцлагатай жолооч байсан. Замын-Үүд рүү явахаар энэ хүний машинд суугаад явсан. Хүний урдаас янз янзын юм яриад байхааргүй охин. Болортуяа гэдэг хүнийг эргэж очихдоо ар гэрийнх нь хүн энэ охиноос болсон, энэ охин гай болсон гэсэн байна лээ, энэ ямар учиртай юм бэ гай болно гэхээрээ яах уу?, замын зорчигчдоо тээвэрлээд өөртөө мөнгө олж байгаа юм байж яагаад зорчигчдоо гай гэж байгаа юм бэ. Би энэ талаар дөнгөж сая ирээд сонслоо. Маргааш өглөө нь 10 цагийн үед мэдсэн. Би энэ хүний нас намбыг нь бодоод миний хүүхдийг саад бартаагүй хүргэх байхдаа гээд хоцорсон. Би бол энэ хүнээс юу хүсч байсан бэ гэхээр энэ хүнээс хамгийн хүн чанаргүй хамгийн муухай байдлыг л харлаа. Би энэ хүнтэй уулзъя гээд улаан галзуу Дорноговийн эмнэлэгт очсон ч надтай уулзаагүй. Дараа нь би удаа дараалан Дорноговийн байцаагчаар дамжуулан уулзахыг хүссэн ч уулзаагүй. Гөлөг дайрчихсан хүн ч замаас гаргаад сүүлийн дэрлүүлээд тавьдаг монгол ёс жудаг байна даа. Тэгэхэд миний охинд тэгж хандаагүй. Өмнөх шүүх хурал дээр хараад л миний охины алтан амийг аваад явсан алуурчин энэ хүн байжээ гэж бодсон. Надад хохирол төлье барья гэж нэг ч удаа ч дуугараагүй.Энэ хүн Айраг суманд буухдаа нэг гартаа ундаа бариад, нэг гартаа тамхи бариад далбилзуулаад хоорондоо байнга утсаар яриад явж байсан гэсэн. Хохирол 16.269.000 төгрөгийн оршуулгын хохирол гарсан. Миний сэтгэл санааны хохирол, миний охины амь нас, манай гэр бүлд насаар минь учруулсан гай зовлонг энэ хүн л учруулсан. Надад энэ хүн төлж өгч чадахгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чулуунчимэг: ...Маргааш өглөө нь буюу 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ийм зүйл болсон гэдгийг мэдсэн юм. Бид нарын зүгээс маш гомдолтой байна. Тухайн машиныг жолоодож явсан жолооч нь шөнийн цагаар ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон яваад ийм зүйл болсон гэж бодож байна. Уг жолоочийн маш хариуцлагагүй байдлаас болоод ийм хэрэг гарч миний охины амь нас хохирсон гэж үзэж байна. Миний бодлоор уг машиныг жолоодон явсан жолооч машин барьж яваад унтсан болов уу гэж бодож байна. Автомашины жолооч хүн тээвэрлэж байгаа бол машин тэрэгнийхээ бүрэн бүтэн болон авч яваа зорчигчийнхоо амь нас, эрүүл мэндийг бүрэн хариуцаж явах ёстой байдаг, гэтэл уг машины жолооч болохоор ямар нэгэн албан ёсны хүн тээвэрлэх эрхгүй хууль бусаар тээвэрлэж байсан гэж ойлгож байна. Гэхдээ тухайн үед охинтойгоо утсаар яриад жолооч нь ямар хүн байна машины дугаар, дугаар нь хэд гэж байна гэхэд цаана нь машины жолооч нь би энэ хооронд олон жил хүн тээвэрлэлээ гэж ярих нь сонсогдож байсан юм. Тэгэхээр уг машины жолооч нь хүн тээвэрлэхдээ зар өгөөд явах хүндээ би энэ хооронд олон жил явж байгаа зохих зөвшөөрөлтэй мэтээр хүмүүсийг хуурч явдаг байсан гэж ойлгож байна...Баримттайгаар 14.119.420 төгрөг, баримт гаргах боломжгүй зардлын 2.150.000 төгрөг, нийт 16.269.420 төгрөгийн баримт гаргаж өгсөн байгаа. Хүний амь нас мөнгөөр үнэлж баршгүй шүү. Жолооч өнөөдрийг хүртэл нэг ч уулзаагүй, уучлалт гуйгаагүй, хохирол мөнгө барагдуулсан зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24, 230 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Болортуяагийн: ... жолооч машинаа эвгүй жолоодоод байсан. Нэг эсрэг урсгал руу ороод нэг өөрийнхөө урсгал руу ороод машинаа хоёр тийш нь болгоод байсан. Мөн нэг гартаа тамхи татаад, нөгөө гартаа ус барьж уугаад жолоогоо тэр болгон бариагүй, нэг л эвгүй яваад байхаар нь би уурлаад жолоочид чи яаж яваад байгаа юм бэ гэж хэлэхэд хариуд нь би очих газарт чинь хүргэж өгөхгүй замд буулгачихаж чадна чадна гэж хэлээд уурлаад байхаар нь би нэг их юм хэлээгүй, чимээгүй болсон. Тэгтэл хэсэг хугацааны дараа машин гэнэт замаас гараад онхолдсон би ч ухаан алдаад юу болсныг сайн мэдээгүй...Би гомдолтой байна. Эрүүл саруул байсан биеэ ийм болгоод маш хэцүү байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-61 дүгээр тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нямганьдын өгсөн: ...Осолд орсноос хойш би урьдынх шигээ ажиллаж, хөдөлж чадахаа больсон, байнгын зовиуртай, биеийн байдал дээрдсэн зүйл алга байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91 дүгээр тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Булганы өгсөн: ...тэгж явж байтал автомашин гэнэт замын хажуу тал руу орсон. Тэгээд эсрэг урсгал руу дараад 3-4 удаа машин хөлбөрсөн. Тэгээд машины хөдөлгөөн зогсоход арын хоёр эгчийн нэг нь ухаан алдсан байдалтай, жолооч болон урд суусан охин ухаан алдсан юм шиг байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-31 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Б.Нямганьдын өгсөн: ...жолооч машинаа хоёр тийш найгуулаад яваад байсан. Тэгэхээр нь гайхаад хөөе чи яаж яваад байгаа юм бэ гэж хэлээд удаагүй байтал машин онхолдсон. Би машин онхолдохоос өмнө яг тэгэхэд хоёр тийш найгаад яваад байхад нь жолооч руу харахад хоёр гар нь жолооны хүрд дээр байгаагүй юм шиг санагдсан. Хэрэв байсан бол тэгж явахгүй байсан байх. Тэгээд осол болсны дараа би машин дотор сэрээд өөрийгөө бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгаж үзэхэд арай гайгүй байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-115 дугаар тал/,
Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02/0100 дугаартай шинжээчийн:
1. Амь хохирогч А.Баяртуулын цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магалдлан шинжилгээгээр гавал ясны оройн хэсгийн олон тооны хугарал, Тархины хатуу бүрхүүлийн урагдал, тархины зүүн талын бөмбөлөгийн дух, дагз, суурь хэсэг, баруун талын бөмбөлөгийн чамархай, орой, суурь хэсэг, бага тархины эдийн няцрал, Зүүн тал бөмбөлөгийн чамархайн хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, гавал суурь ясны баруун, зүүн чулуулаг яс, турк эмээл, дух, дагзны хонхор зэргийг нилэнхүйд нь хамарсан тодорхойлох боломжгүй олон тооны хугарал, Элэгний эдийн няцрал, Баруун уушигны дээд, доод дэлбэнгийн эдийн урагдалт, зүүн уушигны дээд дэлбэнгийн шарх, Баруун 1,2,3-р хавирганы суганы урд шугамаархи, зүүн 1,2,3,4 дүгээр хавирганы эгэмний дунд шугамаархи, зүүн 2,3 дугаар хавирганы суганы урд шугамаархи хугарал, Хоншоор, эрүү, хацар ясны хугарал, Дух, дагзны шарх, дух, баруун шанаа, хацар дээд, доод уруул, эрүүний баруун хэсгийг хамарсан, хүзүү, зүүн ташаа, зүүн хөл, хэвлий, баруун бугалга, нуруу, зүүн алганы ар хэсгийн зулгаралт, баруун хөх, зүүн хөх цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд спиртийн агууламж илэрээгүй байна.
5. Амь хохирогч А.Баяртуул нь хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна.
6. Амь хохирогчийн цогцосноос авсан цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна. Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Анхбаяр гэх дүгнэлт /1-рхх-ийн 155-156 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 175 дугаартай шинжээчийн:
1. Ш.Болортуяагийн биед хүзүүний 4-р нугалмын их биеийн хугарал, мултрал, нугасны эдийн няцрал, хүзүүний 5-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэх дүгнэлт /1-р хх-ийн 164 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1798 дугаартай шинжээчийн:
1. Б.Нямганьдын биед өвчүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч М.Аригуунтөгс гэх дүгнэлт /1-р хх-ийн 168 дугаар тал/,
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаартай:
1. Жолооч С.О нь тээврийн хэрэгсэл жолоодох ВСЕ ангилалын 47167 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна.
2. “Тоёото-Виш” маркийн 93-18 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан С.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ ...хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах[a2] бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг, мөн дүрмийн 12 дугаар бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.1-т заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй тохируулан сонгож явна гэсэн заалтыг, мөн бүлгийн 12.2-т заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг, мөн бүлгийн 12.3-т заасан жолооч хөдөлгөөний аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
3. “Тоёото-Виш” маркийн 93-18 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан С.О нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байх бөгөөд осол хэргийн газарт тоормосны мөргүй байна. Цагдаагийн ахмад Б.Батцэвэр гэх дүгнэлт /1-р хх-ийн 201 дүгээр тал/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1-р хх-н 3-12 дугаар тал/,
Хохирогч Ш.Болортуяагийн 3.597.759 төгрөгийн хохирлын баримт /1-р хх-ийн 64-76 дугаар тал/,
Хохирогч Б.Нямганьдын 580.600 төгрөгийн хохирлын баримт /1-р хх-ийн 95-107 дугаар тал/
Хохирогч А.Баяртуулын 16.269.420 төгрөгийн хохирлын баримт /1-р хх-ийн 232-250-р тал, 2-р хх-ийн 01-07-р тал/,
- Шүүгдэгч С.О гийн иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 116-121 -р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
С. С.О нь Улаанбаатар хотоос Зам-Үүдийн чиглэлд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 04 цагийн үед Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг 35 дугаар зөрлөгөөс урагш 235/425 дугаартай тэмдэгт буюу Улаанбаатар хотоос Замын-Үүд явах босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замд “Toyota Wisn” маркийн 93-18 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-б-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ ...хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах[a3] бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12 дугаар бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.1-т заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй тохируулан сонгож явна, мөн бүлгийн 12.2-т заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн бүлгийн 12.3-т заасан жолооч хөдөлгөөний аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчигч А.Баяртуулын амь нас хохирч иргэн Ш.Болортуяагийн эрүүл мэндэд хүнд, Б.Нямганьдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Болортуяагийн өгсөн “...жолооч машинаа эвгүй жолоодоод байсан. Нэг эсрэг урсгал руу ороод нэг өөрийнхөө урсгал руу ороод машинаа хоёр тийш нь болгоод байсан. Мөн нэг гартаа тамхи татаад, нөгөө гартаа ус барьж уугаад жолоогоо тэр болгон бариагүй, нэг л эвгүй яваад байхаар нь би уурлаад жолоочид чи яаж яваад байгаа юм бэ гэж хэлэхэд хариуд нь би очих газарт чинь хүргэж өгөхгүй замд буулгачихаж чадна гэж хэлээд уурлаад байхаар нь би нэг их юм хэлээгүй, чимээгүй болсон. Тэгтэл хэсэг хугацааны дараа машин гэнэт замаас гараад онхолдсон би ч ухаан алдаад юу болсныг сайн мэдээгүй...би гомдолтой байна. Эрүүл саруул байсан биеэ ийм болгоод маш хэцүү байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-61-р тал/,
гэрч Б.Нямганьдын өгсөн “...жолооч машинаа хоёр тийш найгуулаад яваад байсан. Тэгэхээр нь гайхаад хөөе чи яаж яваад байгаа юм бэ гэж хэлээд удаагүй байтал машин онхолдсон. Би машин онхолдохоос өмнө яг тэгэхэд хоёр тийш найгаад яваад байхад нь жолооч руу харахад хоёр гар нь жолооны хүрд дээр байгаагүй юм шиг санагдсан. Хэрэв байсан бол тэгж явахгүй байсан байх. Тэгээд осол болсны дараа би машин дотор сэрээд өөрийгөө бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгаж үзэхэд арай гайгүй байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-115 дугаар тал/, Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны 2019 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 02/ 0100 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-рхх-ийн 155-156 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 175 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-рхх-ийн 164 дүгээр тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1798 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 168 дугаар тал/, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 201 дүгээр тал/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1-р хх-ийн 3-12 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.О г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Нямганьд 580.600 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгснөөс шүүгдэгч С.О 600.000 төгрөгийг төлсөн байна. /1-р хх-ийн 95-107, 130-р тал/
Шүүхийн шатанд хохирогч Б.Нямганьд нь өөрт холбогдох хохирлын талаарх бичгийн нотлох баримтыг ирүүлээгүй тул одоогоор хохирогч Б.Нямганьдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Болортуяа 3.597.759 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгснөөс шүүгдэгч С.О 3.631.500 төгрөгийг төлсөн байна. /1-р хх-ийн 64-76, 128-р тал/
Шүүхийн шатанд хохирогч Ш.Болортуяа эмчилгээ сувилгааны зардал, 302.600 төгрөг, нөхрөөрөө 1 сар асруулсны улмаас түүний цалин хөлс болох 1.000.000 төгрөг нийт 1.302.600 төгрөгийг нэхэмжилж байна. /2-р хх-ийн 65-70 дугаар тал/
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилаын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.
Хохирогч Ш.Болортуяа нь эмчилгээний зардалд 270.000+ 11.000+ 6000 +7800 +7800= нийт 302.600 төгрөг, нөхөр Ф.Мягмардорж өвчтэй байх хугацаанд асарч 1.000.000 төгрөгийн цалин хөлсөө аваагүй болох нь эмчилгээний зардалд төлсөн төлбөрийн баримт, “Мама Мияа” ХХК-н тодорхойлолт, “Мама Мияа” ХХК-н 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №18/12 Чөлөө олгох тухай тушаал зэргээр нотлогдож байх тул 1.302.600 төгрөгийн хохирлыг шүүгдэгч С.О гаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ш.Болортуяагийн эрүүл мэндэд хүнд, хохирогч Б.Нямганьдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тул цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д ..хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж хуульчилжээ.
Талийгаач хохирогч А.Баяртуулын хууль ёсны төлөөлөгч Д.Чулуунчимэг 16.269.420 төгрөгийн хохирол нэхэмжилж байх боловч 2.150.000 төгрөгийн хохирол нотлох баримтгүй байгаа ба оршуулгын зардалд зайлшгүй гарсан гэж үзэх зардал байна. Шүүгдэгч С.О нь энэ хохирлыг төлөхөд татгалзахгүй гэсэн тул гаргуулж шийдвэрлэв. /1-р хх-н 232-250-р тал, 2-р хх-н 01-07-р тал/
Шүүгдэгч С.О нь хохирогч А.Баяртуулын ар гэрт хохирол төлөөгүй байх ба шүүхийн шатанд “Монгол Даатгал” ХХК-иас 5.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн шүүхийн Худалдаа хөгжлийн Банкин дахь 499003241 тоот дансанд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байршуулсан байх тул шүүхийн шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болохоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чулуунчимэгт олгох үндэстэй байна. /2-р хх-ийн 64 дүгээр тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч С.О гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх боловч нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, гэм хорын хохирол бүрэн арилаагүй зэргийг харгалзан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг биечлэн эдлүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.О нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 118 дугаар тал/
Шүүгдэгч С.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын ихэнх хэсгийг нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсоныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна. Осолд орсон тээврийн хэрэгслийн №01955122 дугаартай гэрчилгээг С.О д буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт С.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь хохирсон хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.О гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.О д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. С.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.О гаас /РД: / 1.302.600 /нэг сая гурван зуун хоёр мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Шинжээгийн Болортуяад /РД: /, 11.269.420 /арван нэгэн сая хоёр зуун жаран есөн мянга дөрвөн зуун хорин төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Долгорхандын Чулуунчимэгт /РД: / олгож, мөн “Монгол Даатгал” ХХК-иас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 100 90000 5406 тоот дансанд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байршуулсан 5.000.000 /таван сая/ төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болохоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Долгорхандын Чулуунчимэгт /РД:/ олгосугай.
6. Хохирогч Ш.Болортуяа, Б.Нямганьд нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.О гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасныг тус тус баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураагдан ирсэн С.О гийн “В” ангилалын 47167 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлж, 01955122 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг С.О д буцаан олгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шүүгдэгч С.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.О д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ