Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00497

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Б гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2022/00017 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Б гийн хариуцагч “Д ” ХХК, У.Б нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 21,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “Д ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 21,080,000 төгрөг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч Ж.Б нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Д ” ХХК-ийн цахим сүлжээн дэх зарын дагуу холбогдож, блок авахаар болсон. “Д ” ХХК нь 2,700 блокийг 7,600 төгрөгөөр тооцож, нийт 20,520,000 төгрөгийн нэхэмжлэх бичиж өгсөн. Нэхэмжлэхийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг хариуцагч руу шилжүүлсэн. 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр блокоо авах гээд очтол тоо ширхэгтээ хүрээгүй, бутарсан, чанар стандартын шаардлага хангаагүй блок байсан. Бид чанартай блок өг гэж шаардахад чадахгүй, мөнгийг чинь буцааж өгч чадахгүй гэсэн учраас гэрээнээс татгалзсан. Хариуцагч төлбөрийг буцаахгүй гэсэн учраас нэмэлт хугацаа тогтоох нь ач холбогдолгүй гэж үзээд гэрээнээс татгалзаж учирсан хохирол, төлбөрөө шаардаж нэхэмжлэл гаргасан. “Д ” ХХК-ийн захирал Б.М тай уулзахад блокны мөнгийг графикийн дагуу буцаая гээд 2-3 удаа албан бичгээр хариу өгсөн байдаг. “Д ” ХХК-д төлсөн 20,000,000 төгрөгийг банкнаас зээл авч өгсөн, мөн банкны хүү төлсөн байдаг. Иймд 20,000,000 төгрөгийн зээлийн хүү болох 1,080,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмэгдүүлэн, нийт 21,080,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч “Д ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хариуцагчийг буруу тодорхойлсон. У.Б ын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн хариу тайлбарт хамаарал бүхий хүн биш гэдгээ нотолсон байдаг. Мөн хэргийн материалын 87 дугаар хуудсанд У.Б ын ажлаас гарсан тушаал байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа буюу хариуцагч нараас хэдэн төгрөг гаргуулах нь тодорхойгүй байгаа учраас У.Б нь хамтран хариуцагч биш гэж үзэж байна. “Д ” ХХК нь туслах материалын хөнгөн үйлдвэрлэлийг явуулахаас гадна хаус барилга буюу амины орон сууцыг барьдаг компани юм. Гэрээ олон талт харилцаатай байсан. 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр блок худалдах худалдан авах тухай биш амины орон сууц 07 тоот гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа амаар тохиролцсон боловч амины орон сууцны барилга буюу барилгын суурийн ажлын цутгалт хийх гэрээ хийсэн. Талууд хоорондоо харилцан зөвшилцөж санхүүгийн харилцаа үүссэн. Нэхэмжлэгч Ж.Б гэрээ байгуулахдаа өөр нөхцөлөөр байгуулсныг зөвшөөрсөн байдаг. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээ байгуулаад блокоо аваад барилгын ажлыг гүйцэтгэсэн. Тэр мөнгө нь барилга угсралтын суурийн ажил руу орсон. Гэрээний төлбөр буюу 20,000,000 төгрөг нь үүрэг гэхээсээ илүү хувь хүний харилцаа буюу ажлыг хурдан дуусгаад өгөөрэй гэдэг асуудал дээр “Д ” ХХК-аар барилгын ажил гүйцэтгүүлсэн байдаг. Шүүх энэ гэрээг анхнаасаа олон талт гэрээ байсан гэдгийг анхаарч үзнэ үү. Хэргийн материалын 87 дугаар талд авагдсан тушаалд Б.М захирал У.Б ыг менежерээр томилоод ажил гүйцэтгээд гарсан байдаг. Ж.Б гээс монел цэлмэг нэрээр 17х27 харьцаатай суурийн бүрэн цутгамал ажил хийлгүүлээд одоо ажлыг хүлээн зөвшөөрөхгүй, өөр байдлаар нэхэмжлэл гаргаж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэргийн материалын 149 дүгээр хуудсанд Ж.Б гээс монел цэлмэг гэсэн утгатай Хаан банкны данс руу хийсэн баримт байна. Монел цэлмэг гэсэн утга нь амины орон сууцны гэрээнд барилгын суурийн ажил гэрээ гэж бичигдсэн. Нэхэмжлэгч иргэний эрх зүйн харилцаанд гэрээний дуудлагын дагуу ирсэн мөнгөө өгөөд чанар стандартын дагуу муу блок өгсөн учир төлбөрөө буцаан авах нэхэмжлэл гаргасан гэж байна. Хэргийн материалын 31 дүгээр хуудсанд барилгын архитектурын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнд чанар стандартын шаардлага хангасан блок үйлдвэрлэдэг гэж гарсан. Мөн хэргийн материалын 17 дугаар хуудсанд нотлох баримтаар Хаан банктай зээлийн гэрээ байгуулаад 360,000 төгрөгийг 3 сар төлсөн учраас хохирол гэж нэхэмжилж байгаа нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй, мөн хариуцагчийг зөв тогтоосон эсэх нь эргэлзээтэй, ямар гэрээний эрх зүйн харилцаатай явж байгаа нь эргэлзээтэй байна. Олон талт гэрээний эрх зүйн харилцаа явагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч У.Б шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Б надад мөнгө өгсөн зүйл байхгүй. Миний хувьд хариуцагчаар татагдах эрх зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нь чанарын шаардлага хангаагүй блок гэж яриад байна, блокоо итгэмжлэгдсэн лабораторт шинжилгээнд өгөөд хариуг нь өгсөн. Манайх ОХУ-ын технологиор хийж чанар стандартын шаардлага хангасан сайн блок хийдэг. Бид амины орон сууцны гэрээ байгуулж, бүрэн цутгамал суурийн ажлыг 67,000,000 төгрөгөөр хийх байсныг хямдруулж өгнө үү гэсэн учраас би гэрээний дагуу блок татаад суурийн ажлыг хийе гэсэн. Ингээд 67,000,000 төгрөгийн суурийн ажлыг 37,000,000 төгрөгөөр хийсэн ба блокны компаниас материалын үнийг татаж суурийн ажил руу оруулсан. Гэрээ байхгүй болохоор 20,000,000 төгрөгийг авна гэдэг нь ойлгомжгүй байна. Ж.Б 37,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл мөнгийг одоо зээл хөөцөлдөж байгаа учраас зээл гарахаар төлнө гэсэн. Тэр хүртэл бетон нь тасалдсан учир би нэхэмжлэгчид мөнгөө төлөхгүй бол бетон тасалдаад байна гэдгийг хэлсэн. Блокны төлбөрт 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж байна. Блокны мөнгө гэж шилжүүлсэн үү эсвэл суурийн ажлын хөлс буюу гэрээнд заасан мөнгө гэдгийг ялгаж ойлгомоор байна. Гүйлгээний утга дээрээ монел цэлмэг гэж байгаа нь тодорхой бус болоод байна. 10,000,000 төгрөгийг барилгын ажил руу хийсэн мөнгө гэж үзэж байна. Харин 3,000,000 төгрөг болон 7,000,000 төгрөг нь блокны урьдчилгаа байх магадлалтай гэжээ.

 

4.Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д ” ХХК-аас 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б д олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,080,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч У.Б т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д ” ХХК-аас 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагч “Д ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэл нь эргэлзээтэй байгаа талаар удаа дараагийн байдлаар тайлбар гаргадаг боловч шүүх үйл баримтыг дутуу тогтоосон байна. Хариуцагч нь анхнаасаа манай компаниар зөвхөн блок худалдах, худалдан авах харилцаа үүсгээгүй бөгөөд өөрийн эззмшил дэх газартаа АОС бариулахаар харилцан тохиролцсон юм. Үүний үндсэн дээр блок худалдан авах, суурь хийлгэх, угсралт хийлгэнэ гэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тухай аман байдлаар тохиролцоод энэхүү тохиролцоогоо хийхийн тулд гэрээ байгуулж ажлаа үргэлжлүүлэхээр тохиролцсон байдаг. Мэдээж энэ тохирооны дундуур урьдчилан баталгаажуулалт болон блокны төлбөрийг шилжүүлсэн байдаг. “Д ” ХХК болон нэхэмжлэгч Ж.Б гийн хооронд байгуулсан АОС07 тоот гэрээг 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 17х27 харьцаатай суурийн цутгалтыг хариуцагчаар хийлгээд үүний үндсэн дээр захиалагч, гүйцэтгэгч хоёрын хооронд үүссэн харилцааны улмаас санхүүгийн харилцааг өөр байдлаар шүүх шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Энэхүү АОС07 тоот гэрээг үндэслэн байгуулна гэж тохиролцож байж л санхүүгийн харилцаа үүснэ, талууд бие биедээ харилцан үүрэг хүлээж, эрх эдлэх тухайгаа аман байдлаар тохиролцсон ч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохирлыг шаардах эрхтэй мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлэггүй бол үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцох байсан. АОС07 тоот гэрээг анхан шатны шүүхэд өгөөд байхад авахгүй байж байгаад шийдвэр гаргахаас өмнөх хурал дээр хүсэлтээр авч нотлох баримтаар авсан. Үүний улмаас нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо үүрэг үүссэн. Тиймээс энэхүү гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргаж байгаа тул гомдлыг хянан хэлэлцээд зөрчигдсөн эрх, хууль ёсны эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг зөв дүгнэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн. 2,700 ширхэг блокыг 20,250,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон байна гэж үзэж үүнд дүгнэлт хийж 20,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд өгсөн байна. Энэхүү блок чанарын шаардлага хангаагүйгээс захиалагч тал гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй, гэрээнээс татгалзсан учраас харилцан биедээ буцааж өгөх үүрэг хүлээсэн. Татгалзал хуулийн хүрээнд байна гэж дүгнээд 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч талаас хохирол учирсан гэж тайлбарладаг ч сөрөг нэхэмжлэл гаргаагүй, байшин бариулах гэсэн хоорондын яриа тохиролцоо байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцээд түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч “Д ” ХХК, У.Б нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 21,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “худалдах, худалдан авах гэрээний зүйл болох блок доголдолтой байсны улмаас гэрээнээс татгалзаж, төлсөн 20,000,000 төгрөгийг хохирол 1,080,000 төгрөгийн хамт гаргуулна” гэсэн бол хариуцагч нар эс зөвшөөрч “нэхэмжлэгч Ж.Б гээс төлсөн 20,000,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн АОС07 тоот гэрээний үүрэгт тооцохоор тохиролцсон” гэх үндэслэл заан  нэхэмжлэлээс татгалзсан байна.

 

            3.Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч “Д ” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Д ” ХХК нь 2,700 ширхэг блок нийлүүлэх, нэхэмжлэгч Ж.Б нь блокны үнэд 20,000,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн байна.

            3а.Нэхэмжлэгч Ж.Б нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг хариуцагч “Д ” ХХК-д шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэх зэргээр тогтоогджээ. /хх-ийн 6-10-р тал/

            4.Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг баримт бичгийн хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Гэрээний зүйл болох блок доголдолтой байсны улмаас нэхэмжлэгч Ж.Б нь гэрээнээс татгалзсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байхаас гадна хариуцагч “Д ” ХХК нь нэхэмжлэгч Ж.Б д 20,000,000 төгрөгийг буцаан төлөхөө албан бичгээр илэрхийлсэн байна. /хх-ийн 147-148-р тал/

            Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Б нь гэрээний дагуу шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг хариуцагч “Д ” ХХК-аас буцаан шаардах эрхтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

            5.Хариуцагч “Д ” ХХК нь татгалзал болон давж заалдах гомдолдоо “талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн АОС07 тоот ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг тооцохоор талууд тохиролцсон” гэж тайлбарлах боловч тайлбараа нотлоогүй байна. Учир нь ажил гүйцэтгэх гэрээнд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар болох буцаан шилжүүлэх 20,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд тооцохоор тохиролцоогүй, талууд өмнөх гэрээний үүргийг сольсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй. /хх-ийн 179-183-р тал/. Харин хариуцагч “Д ” ХХК нь дээрх ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

            Гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 1,080,000 төгрөг гаргуулах тухай шаардлага болон хариуцагч У.Б т холбогдох шаардлагын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй байна.

            6.Иймд хариуцагч “Д ” ХХК-аас 20,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б д олгож, нэхэмжлэлээс 1,080,000 төгрөг болон хариуцагч У.Б холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Д ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2022/00017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

                                                                                        

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Д ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

           

                                     ШҮҮГЧИД                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                                                                        

                                                                                    Г.ДАВААДОРЖ