| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/07213/И |
| Дугаар | 5688 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 5688
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ИБ87062408 регистрийн дугаартай, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, го парк 107 байр, 94 тоотод оршин суух Булаг овогт Жигжидсүрэнгийн Биндэрьяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ИЕ88011273 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, цайз 72 хотхон, 1-5 тоотод оршин суух Сэрхээнхэн овогт Мягмарсүрэнгийн Жавхланбаярт холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Биндэрьяа, хариуцагч М.Жавхланбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оноос М.Жавхланбаяртай анх уулзаж эхэлсэн. 2015 оны 1 сараас хамтран амьдарч 2015 оны 9 дүгээр сард сүй тавьсан. Бидний амьдрах хугацаанд 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр охин Б.Долгорсүрэн төрсөн. М.Жавхланбаяр нь 2012 оны 2015 он хүртэл Япон улсад ажилласан энэ хугацаандаа өөр эмэгтэйтэй давхар үерхэж хамтран амьдарч гэр бүлээ батлуулсан байсан. Намайг охиноо өөр дээрээ түр бүртгүүлчих 2016 оны 9 дүгээр сар 12 дугаар сард тэр эмэгтэйгээ ирэхээр асуудал гарах байх гэж хэлсэн. 2016 оны 3 дугаар сард тэр эмэгтэй нь монголд ирээд гэрлэлтийн баталгаагаа салгах гээд М.Жавхланбаяр нь салахгүй гээд зөвшөөрөөгүй байсан. М.Жавхланбаяр нь надад “би тэр эмэгтэйгээс салахгүй, удахгүй 7 сард Япон явна, би чамтай болон охинтой чинь амьдрахгүй, би чамд хайргүй гэх болсон. Анхнаасаа би чамд худал хэлсэн, чамаар тоглож байсан.” гэж хэлсэн. 2016 оны 5 дугаар сараас бид тусдаа амьдрах болсон. Иймд М.Жавхланбаяр гэх хүнтэй цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Б.Долгорсүрэнгийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие энэхүү нэхэмжлэлийн дагуу эцэг тогтоолгох тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Биндэрьяа нь хариуцагч М.Жавхланбаярт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Биндэрьяа хариуцагч М.Жавхланбаяр нар нь 2012 онд танилцаж, тэдний дундаас 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр охин Б.Долгорсүрэн төрсөн болох нь зохигчдын тайлбар, охин Б.Долгорсүрэнгийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т ”хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх ... ” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах” мөн зүйлийн 12.2-т “эцэг, эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан.
Хариуцагч нь охин Б.Долгорсүрэнг өөрийн охин мөн эсэх тал дээр маргаагүй тул 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Б.Долгорсүрэнгийн эцэг М.Жавхланбаяр мөн болохыг тогтоож, эцэг М.Жавхланбаяраас сар бүр хүүхдийн тэтгэлгийг гаргуулан охин Б.Долгорсүрэнг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Б.Долгорсүрэнг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь мөн тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг М.Жавхланбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Б.Долгорсүрэнгийн эцгээр Сэрхээнхэн овогт Мягмарсүрэнгийн Жавхланбаяр /РД: ИЕ88011273/-ийг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Жавхланбаяраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Биндэрьяад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ