Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00972

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын

хоёрдугаар хэлтсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01047 дугаар шийдвэртэй, Ж.Ц ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хүсэлттэй иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагчийн хүсэлт, түүний үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголон 17-615 тоотод оршин суух, Ж-ны Ц /РД:ШЖ8305****/ нь гудамж талбай олон нийтийн газарт байнга архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг тул Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулах талаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга: Манай ээж 2020 оны өвөл нас барсан. Үүнээс хойш архи уух болсон. Явахгүй гэсэн бодолтой байна. Манай эхнэр группд байдаг. Бид хоёр гурван хүүхэдтэй. Том хүү маань 13 настай, дунд хүү маань 5 настай, бага охин маань 1 настай. Би Өмнөговь аймгийн Гурван тэс суманд бетон зуурмагчинаар ажилладаг байсан. Эхнэрийн маань группийг жил бүр сунгадаг болохоор би хамт явж сунгахаар хотод ирсэн. 2022 оны 06 дугаар сарын сүүлээр сунгагдах байх. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасныг баримтлан Ж-ы Ц /РД:ШЖ8305****/-ыг захиргааны журмаар албадан эмчлүүлж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Ж.Ц ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд уг хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүн болон мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэл болгосон шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар цагдаагийн алба хаагч нь албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар гуравдагч этгээдийн гэр бүлийн гишүүн төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Миний бие Хан-Уул дүүргийн 8-р хороонд эхнэр 3 хүүхдийн хамт түрээсийн байранд амьдардаг. Эхнэр Л.У нь 2009 онд авто осолд орж Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын зөвлөгөөнөөр сэтгэц мэдрэлийн өвчтэй гэсэн оношоор 70 хувийн чадвараа алдсан гэж групп тогтоолгосон. Уг ослоос болж унаж татах, ярьсан хэлснээ мартах, бие даан ганцаар явах чадвар муу, огцом уур уцаартай болсон. Биднийг тусалж дэмжих хамаатан садан байхгүй учир миний бие эхнэрээ өөрийн асаргаанд авч явдаг. Эхнэр Л.У нь 01-13 насны гурван хүүхэд болон өөрийгөө асран хамгаалж явах чадваргүй болно. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажилдаа явах гэж байтал хорооны цагдаа хүчээр машинд суулган авч явж, эрүүл мэндийн үзлэгт оруулсан. Миний бие алдаа дутагдлаа гүнээ ухамсарлаж ойлгож байна, цаашид архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, бүрэн засарч хүмүүжнэ гэдгээ амлаж байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Хүсэлт гаргагч Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс нь Ж.Ц ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

3.Гуравдагч этгээд Ж.Ц нь архи хэтрүүлэн хэрэглэж, удаа дараа эрүүлжүүлэгдэн захиргааны зөрчил гаргаж байсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр, саатуулагдсан этгээдийн бүртгэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 8, 11, 33-39-р тал/

3.а.Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотор, сүрьеэ, мэс засал, арьс, хавдар, мэдрэл, гэмтэл, халдварт зэргийн мэргэжлийн эмч нар холбогдох үзлэгийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр явуулж, Ж.Ц ыг архидан согтуурах донтой болохыг тодорхойлж, захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болохыг тодорхойлсон байна. /хх-ийн 40-р тал/

Иймд анхан шатны шүүх Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түүнийг архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Гуравдагч этгээд нь эхнэр Л.У группд байдаг, бага насны 3 хүүхэдтэй, эхнэрээ асардаг тул архины албадан эмчилгээнд хамрагдах боломжгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дах хэсэгт Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглоно гэж заасан бөгөөд Ж.Ц нь дээрх тохиолдлуудын алинд нь ч хамаарахгүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01047 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гуравдагч этгээд нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Г.ДАВААДОРЖ