Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01095

 

 

 

 

 

 

 

 

2022 06 08 210/МА2022/01095

 

 

 

 

М.О гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/01374 дугаар шийдвэртэй, нөхөх олговорт 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.О гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.О , түүний өмгөөлөгч А.Б, прокурор Б.У, гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний аав Ж-гийн М ийг 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 42, 47, 48 дугаар зүйлд зааснаар 10 жил хорих ялаар шийтгэсэн бөгөөд 1948 онд суллагдсан. Манайх ам бүл 4 буюу эцэг Ж.М , эх Ж.Д , охин М.С , М.О нарын хамт амьдарч байсан бөгөөд эцэг Ж.М 1975 онд, эх Ж.Д 1981 онд тус тус нас барсан. Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаар магадлалаар эцэг Ж.М ийг цагаатгасан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/ эсхүл төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгоно гэж заасан. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст мөн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар нөхөх олговор нэхэмжлэх бүрдүүлбэр материалыг бүрдүүлж өгсөн. Тухайн байгууллага нь холбогдох материалыг бүрдсэн гэж үзэж, Зууны мэдээ сонины 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 232 /6709/ дугаарт М.О г мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд хэмээн үзэж нийтэд мэдээлсэн. Би эцэг эхээсээ хоёулаа. Миний төрсөн дүү М.С бид хоёр Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатчийн 0482 бүртгэлийн дугаартай хэлцлийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн. Тухайн хэлцэлд шүүхэд нэхэмжлэл гаргах, мөнгө хүлээж авах зэрэг бүхий л харилцаанд төлөөлөх эрхийг М.О надад олгосон бөгөөд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг дүү М.С бид 2 адил тэнцүү хуваан авахаар болсон. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт нэхэмжлэл гаргах эрх нь хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгагдсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаа байна гэж заасан. Нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа дууссан ч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нөхөх олговрыг нэхэмжлэхээс хугацаагаа хоцроосон юм. Энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйл ковид-19 цар тахлын улмаас иргэн болон төрийн байгууллага аж ахуй нэгжүүд удаа дараагийн хатуу хол хорио тогтоосны улмаас ажиллаагүй. Түүнчлэн хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байсан. Нийт ард иргэдийн дунд ковид-19 цар тахлын халдварын тархалт нь өндөр настан болон суурь өвчтэй хүмүүст илүү хурдан хүрч, хүндээр тусаж байсан зэрэг нь өндөр настан биднийг хэвийн амьдралаас холдуулсан төдийгүй төрийн байгууллага болон хувийн хэвшил, олон нийт цугларсан газарт очиж ажил үйлчилгээ авахаасаа эмээж байсан. Мөн Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссын заавар зөвлөмжийн дагуу гэрийн хорионд өөрсдийгөө тусгаарлаж хоног хугацаа алдсан зэрэг шалтгаанууд байна. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд хугацааг зогсооно ... гэж заасан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон этгээдэд учирсан хохирол /эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөн/-ыг энэ хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө гэж заасан. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг олгож өгнө үү гэжээ.

 

2.Гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 752 дугаар шийдвэрээр Ж.М ийн охин М.С д нөхөн олговорт 1,000,000 төгрөг олгосон. Хэлмэгдэгч Ж.Мишгээгийн охин М.С 2020 оны 11 дүгээр сарын дундуур цагаатгалын нөхөн олговрыг хөөцөлдөж байгаад ковид-19 өвчний улмаас материалаа бүрэн гүйцэт өгч чадаагүй. Дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дах хэсэгт нэхэмжлэл гаргах эрх нь хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгасан хэрэгтнийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхэмжлэл гаргана гэсэн байдаг бөгөөд энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхэмд хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэжээ.

 

3.Прокурорын тайлбар, татгалзлын агуулга: Ж.М нь 1938 онд улс төрийн хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 42, 47, 48 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба түүнийг Улсын Дээд шүүхийн эрүүгийн коллегийн 1993 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаар магадлалаар цагаатгасан. Нэхэмжлэгч М ийн О нь хэлмэгдэгч Жидбуугийн М ийн төрсөн хүүхэд болох нь баримтаар тогтоогдож байгаа. 3.2 Зууны мэдээ сонины 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 232 дугаарт нийтлэгдсэн зохих журмын дагуу нөхөн олговрын нэхэмжлэл бүрдүүлсэн байх боловч хэрэгт Э.М ийн эхнэр Ж.Д гийн нас барсан эсэх талаар баримт авагдаагүй, мөн нэхэмжлэгч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дах хэсэгт Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна гэж заасан хугацааг хэтрүүлж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж байгаа боловч шүүх ковид-19 цар тахлын үед нэхэмжлэлийг цахимаар хүлээн авч байсан бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагаа явагдаж байсан. Иймд М.О нь хууль заасан хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасныг баримтлан цагаатгалын нөхөх олговорт 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.О гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Короновируст халдвар /Ковид-19/-цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-т заасныг баримтлан дээрх хугацаанд шүүхийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан тул нэхэмжлэлээ хугацаандаа гаргах боломжтой байсан гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон. Тодруулбал тус хууль нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хуулийн 18.1-т зааснаар 2022 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал үргэлжилжилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хэдийгээр шүүхүүд үе үе карантилагдаж, цахимаар ажиллаж байсан ч гэсэн бодит нөхцөл байдал дээр халдварын тоо маш өндөр, нас баралт их, нийтийг хамарсан цар тахлын түвшинд байсан тул өндөр настан бид нар айж, гэрээс гарахгүй, олон хүнтэй газраар явахгүй байсан ч үр хүүхэд, ар гэрийнхэн удаа дараалан өвдөж, тэдний ойрын хавьтал болж, гэртээ өөрсдийгөө тусгаарлах, мөн өөрсдөө ч өвдсөн сар жилүүд өнгөрсөн нь нийтэд ил, нотлох шаардлагагүй үйл баримт зайлшгүй мөн. Монгол Улсад ковид-19 халдварыг дотооддоо алдаж, хатуу хөл хориог 2020 оны 11 дүгээр сарын 11-ээс тогтоож эхэлсэн нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал бий болсон нь тодорхой байгаа тул энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа зогсох ёстой. Шүүх хэвийн ажиллаж байсан гэсэн нь бодит байдалд нийцэхгүй дүгнэлт бөгөөд шүүх карантилагдаж, цахимд шилжих гэх мэтээр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаагүй. Хэдийгээр шүүх цахимаар үйл ажиллагаагаа явуулж байсан ч гэсэн өндөр настан бидний хувьд олон материал бүрдүүлж, олон газраар орох, архив гэх мэт төрийн байгууллагуудаар үйлчлүүлэхэд саад, хүндрэл их гарч байсан. Хэдийгээр нэхэмжлэлээ гаргах чухал ч Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрх минь эн тэргүүний асуудал учраас хатуу хөл хорио суларсан ч өндөр настан миний хувьд одоог хүртэл эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. 2020 оны 11 дүгээр сараас эхлэн 2021 оны сүүл үе хүртэл нөхцөл байдал хүнд байсныг хэн хүнгүй мэдэж байгаа бөгөөд Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг энэ оны 02 дугаар сарын 14-нд анх удаа цуцалсан, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорио удаа дараа буюу нийт 4 удаа сунгасан байдаг ба хэдийгээр хатуу хөл хорио суларсан ч бодит байдал дээр өвчлөл, халдварын тоо, нас баралт өмнөх оны сүүл хүртэл өндөр байсан нь нийтэд ил үйл баримт юм. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл гэдэг бол зөвхөн шүүхийн болон төрийн байгууллагын үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй, иргэн хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой ойлголт. Гэтэл шүүх цахимаар ч гэсэн ажиллаж байсан тул шүүхэд нэхэмжлэлээ хугацаандаа гаргах боломжтой гэж явцуу утгаар тайлбарлаж байгаа нь алдаатай байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ч гэсэн ахмад настны хувьд өндөр эрсдэлтэй тул хүндэтгэн үзэх шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэх хууль зүйн боломж байсаар атал ийнхүү өрөөсгөл дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасны дагуу нийтийг хамарсан цар тахлын улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаантай буюу давагдашгуй шинжтэй онцгой нөхцөл байдал гэж үзэж, уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү. Иймд дээрхи үндэслэлүүдийг харгалзан үзэж, миний давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд гаргасан прокурорын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь цар тахлын улмаас нэхэмжлэл гаргах боломжгүй байсан гэж тайлбарласан. Шүүхэд шуудангаар болон цахимаар нэхэмжлэл гаргах боломжтой байсан бөгөөд шүүхийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлэн нэхэмжлэлээ гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуулийн хугацаанд материалаа бүрдүүлж өгөөгүй гэдгээ мэдэгдэж байсан. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзээд нийтэд зарласан. Шүүх хуулийн дагуу шийднэ гэх агуулгаар зарласан гэжээ

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч М.О нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу эцэг Ж.М ийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсаны нөхөх олговорт 40,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын зүгээс дэмжсэн тайлбар гаргасан бол төрийг төлөөлж оролцсон прокурор нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрсөн тайлбар гаргасан байна. /хх-ийн 7-р тал/

 

3.Хэлмэгдэгч Ж.М нь Онцгой бүрэн эрхт комиссийн 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 42, 47, 48 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдэж, Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн коллегийн 1993 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаар магадлалаар цагаатгагдсан болох нь талуудын тайлбар, Тагнуулын Ерөнхий Газрын тусгай архивын лавлагаа, Монгол Улсын Дээд шүүхийн магадлал зэргээр тогтоогджээ. /хх-ийн 8-10-р тал/

 

3.а.Нэхэмжлэгч М.О нь хэлмэгдэгч Ж.М ийн төрсөн охин болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон, түүнийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд гэж үзэх боловч нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. /хх-ийн 11-р тал/

Тодруулбал, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна гэж заасан.

 

3.б.Нэхэмжлэгч М.О нь нөхөх олговорт 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ дээрх хуулийн зохицуулалт ёсоор 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө шүүхэд гаргаагүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хуулиар тогтоосон хугацааг өнгөрүүлсэн гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

3.в.Дээрх хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаж чадаагүй нөхцөл байдлаа нэхэмжлэгч нь Коронавирус цар тахалтай холбон тайлбарлах боловч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоолоор бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06 цаг хүртэлх хугацаанд бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхэд хязгаарлалт тогтоогдсон гэж үзэхгүй.

 

3.г.Мөн эдгээр бүх цаг хугацаанд шүүхийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хугацааг хэтрүүлэх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Нөгөө талаар, нэхэмжлэгч М.О гийн төрсөн дүү М.С нь Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 752 дугаар шийдвэрээр хэлмэгдэгч Ж.М ийн нөхөх олговорт 1,000,000 төгрөгийг авсан байна. /хх-ийн 15-р тал/ 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт орсон байх бөгөөд энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч М.О нь нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/01374 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН Г.ДАВААДОРЖ