Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 5651

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн Үйлдвэр-2 ХД-ийн 62-16 тоотод оршин суух Цогнууд овогт Чойжилсүрэнгийн Ариунболдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 5175879 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байранд оршин байх “ЦНЭ” ХХК-нд холбогдох,

1.170.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ариунболд би 2015 оны 06 сарын 12-ны өдөр '‘ЦНЭ” буюу “TSNE” ломбарданд өөрийн 2014 оны 04 сарын 24-ны өдөр зээлээр худалдаж авсан HP брэндийн /i3-R010DX-13.3 /I3-4012Y/4GB/5 нотевүүк, HP PAVILION i5-214DX, CPU-2.4GH, RAM 6mb, intel core-i7 загвар үзүүлэлттэй нотевүүкийг тус тус барьцаалан 950 000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлдэж авсан ба 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хүүг төлөн гэрээний хугацааг сунгаж байсан бөгөөд энэ өдөр 12.700 төгрөгийг ломбардны эзэнд үлдээсэн байсан. Гэвч би 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш мөнгөний боломжгүйгээс үүдэн гэрээний хугацааг хэтрүүлж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2015 оны 10 дугаар сарын 12-ны байдлаар үндсэн зээл 950.000 төгрөг, хүү, алданги 251.900 төгрөг нийт 1.201.900 төгрөг буцаан төлөхөөр болсон байсан. Би 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 12-ны хугацаанд тус ломбард дээр байнга очиж уулзаж, утсаар ярьж “миний эд хөрөнгийг битгий зараарай, хэтэрсэн хугацааны хүү, алдангийг бүрэн төлнө, эд хөрөнгөө хаяхгүй зээлийн гэрээг сунгана гэдгээ” хэлж, гуйж байсан. Учир нь миний зөөврийн компьютерүүд нь шинэ, үзүүлэлт өндөртэй монгол улсын зах зээл дээр !3-тайг нь 1.700.000 орчим төгрөгөөр, i7- тойг нь 2.000.000 орчим төгрөгөөр зарагдах боломжтой учраас эд зүйлээ хаяж тус байгууллагыг хохироохгүй гэдгээ ийнхүү байнга хэлж байсан. Мөн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн биеэр очиж зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоногийн хүү, алданги нийт 264.400 төгрөг гэж бодуулж гэрээний ар дээр бичүүлж, 2015 оны 09 дүгээр сарын 10-нд  үлдээсэн 12 700 төгрөгийг хасаад 251 900 төгрөг төлнө, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрээний хугацааг сунгана гэдгээ удаа дараа хэлээд гарсан. Харин тус ломбард миний эд хөрөнгүүдийн битүүмжлэлийг задалж ил гаргасан одоо мөнгөө өгөхгүй бол зарна гээд байсан тул би эхнэртээ хэлсэн. Мөн өдөр манай эхнэрч тус байгууллагын 94111139 дугаарын утсаар нь 14 цагийн үед ярьж “бид танай байгууллагыг хохироохгүй, уг компьютерүүдийг зах зээл дээр тус бүр 2.000.000 орчим төгрөгөөр зарах боломжтой, хэдэн төгрөгөөр зарах” гэж байгааг нь асуусан. Гэтэл тус байгууллага “манайх өөрийнхөө хохиролыг барагдуулж л байвал чамд хамаагүй” гэсэн тул “бид наад үнийг чинь хүлээн зөвшөөрөхгүй байна, үнэлгээ хийлгүүлнэ, танай байгууллага хууль зөрчиж байна” гэж хэлэхэд утсаа тасалсан.

Ийнхүү тус байгууллага бусдын барьцааны эд зүйлийг өөрийн өмчийн адил дур мэдэн захиран зарцуулсан Иргэний хуулийн 286, 163.2, 159.1-д заасан журмыг зөрчиж надад учруулсан хохирлын төлбөрт 1.170.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

           

            Хариуцагч “ЦНЭ” ХХК-ийн захирал Н.Ням-Очир шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ч.Ариунболд нь 2015 оны 05 дугаар сарын 28-нд "ЦНЭ" ХХК барьцаат зээлийн газрын 427 тоот гэрээний дугаартай HP Core i7 үзүүлэлттэй Notebook-r анх 350.000 төгрөгөнд түс ломбардны гэрээ болон, дотоод журамтай танилцаж 14 хоногийн хугацаатай тавьсан. Үүнээс хойш гэрээний хугацаа дуусаж /2015 оны 06 дугаар сарын 12-нд/ сунгалт хийлгэх гэж ирэхдээ тус Notebook дээрээ мөнгө нэмж авъя гэсэн. Тэгэхэд нь манай барьцаат зээлийн газар HP Core i7 notebook-ийн зах зээлийн үнэлгээг топгоохдоо гадуур зарагдаж байгаа шинэвтэр нөүтбүүкний үнэлгээг үндэслэж /800-900 мянган төгрөг байдаг гээд/ нэмж 200.000 өгч болно. Үүнээс илүү нэмэхгүй гэхэд, Ч.Ариунболд “өө болж байна танайх үнэлгээ сайн байна би зөндөө газраар явлаа гээд нөүтбүүк дээрээ 200.000 нэмүүлээд, мөн HP core i3 notebook-ийг нэмж тавьяа гээд гуйж 400.000 төгрөгөнд 534 гэрээний дугаараар тавьсан. Ингээд нийт 950.000 төгрөгийг манай барьцаалаг зээлүүлэх газартай гэрээ хийж /дотоод журмыг хүлээн зөвшөөрч/ авсан байдаг. Үүнээс хойш гэрээний хугацааг удаа дараа зөрчиж манай үйл ажиллагаанд хүндрэл учруулах болсон.  Энэ хооронд манайх хугацаа дууссан болон, хүлээлгийн хугацаа дууссан зарагдах боллоо гэдгийг байнга мессеж бичиж өөрийг нь ирж уулзахад нь байнга сануулж хүү төлбөрөө төлөөч гэдгийг хэлж байсан. 2015 оны 06 дугаар сарын 27-с хойш 36 хоногийн дараа 2015 оны 08 дугаар сарын 03-нд ирж 534 тоот гэрээтэй HP core S3, 535 гэрээний дугаартай, HP core i7 2 нөүтбүүкээ алданги төлөхгүйгээр хугацаагаар нь төлсөн байдаг. Үүнээс хойш 2 нөүтбүүкний сунгалт 2015 оны 08 дугаар сарын 18-нд хийх байтал мөн хугацаа 23 хоног хэтэрч ирэхдээ зөвхөн 534 тоот гэрээтэй, HP core i3 нөүтбүүкний сунгалтыг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хийгээд явсан үлдэгдэл 12.700 төгрөг үлдээгээд өнөө маргаашгүй ирж , HP core i7 нөүтбүүкны сунгалтыг хийнэ гээд явсан. /мөн хугацаа хэтэрч байгааг удаа дараа сануулж байсан/, үнэхээр сунгалтаа хийж чадахгүй бол нөүтбүүк чөлөөлдөг хүмүүст хандах юмуу өөр газар тавих юм уу, ах дү нартаа хэлж чөлөөлж аваач гэж гэж удаа дараа хэлж байсан. Тэгэхэд энэ хүн за би хүмүүстэй уулзая, ойлголоо гэсэн. Энэ хүний нэхэмжилсэн, HP core i7 зарагдтал /37 удаа сануулж мессеж бичсэн/ энэ хооронд энэ хүн 2 удаа ирж уулзахдаа үнэхээр танайхаас өөр илүү үнээр авах ломбард алга, мөн нөүтбүүк чөлөөлдөг хүмүүс рүү залгаж үзлээ, өндөр үнээр авахгүй юм байна, одоо болохгүй бол аль нэгийг нь зарлаа гэж өөрөө биеэрээ ирж хүлээн зөвшөөрөөд явсан байдаг. 99907976, 99956065 энэ дугааруудруу мессеж бичсэн. 2015 оны 10 дугаар сарын 05-нд тодорхой мессеж бичсэн энэ хүн 2015 оны 10 дугаар сарын 10-нд яг ирж авна гэсэн боловч ирээгүй. Ингээд нийт 54 хоног хүлээж 2015 оны 10 дугаар сарын 11-нд 780.000 төгрөгөөр 96828282 дугаартай залууд зарсан. 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хугацаа дууссан HP core I7 нь цоо шинэ биш хэрэглэж байсан нөүтбүүк байсан. Энэ хүмүүсийн энэ үйлдлийг би бодохдоо одоо барьцаанд байгаа нөүтбүүкээ үнэгүй чөлөөлөөд авах залилангийн бодолтой байгаа нөхдүүд гэж ойлгож байна. Барьцааны зүйлийг зах зээлийн үнээс доогуур зарсан гэж үзэж байгаад гайхаж байна. Энэ нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн дахин тайлбар хэлэхэд нэхэмжлэгчийг ирж уулзахад, мессежээр мөн адил сануулж байхад энэ хүмүүс ийм нэхэмжлэл гаргаж байгаад гайхайж байна. Манайх энэ нөүтбүүкийг зарахдаа 54 хоногийн алданги 158 900 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 18-ыг хүртэл хүү 38.500 төгрөг нийт 747.400 төгрөгөөр авах ёстой байсан гэж бодоход зарсан үнэ нь 780.000 төгрөг үүнээс 747.000 төгрөгийг хасаад 32.600 төгрөгийг нэхэмжлэгчид өгч болох юм гэв.

            Талууд шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: Ч.Ариунболд нь “ЦНЭ” ХХК-д холбогдуулан 1.170.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бид харилцан тохиролцож нэхэмжлэгч 417.400 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 752.600 төгрөгийг төлөхөөр тохиролцов гэв.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ч.Ариунболд нь хариуцагч “ЦНЭ” ХХК-нд холбогдуулан 1.170.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Ариунболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1.170.000 төгрөгийн 417.400 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “ЦНЭ” ХХК нь 752.600 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг шүүх хуралдааны явцад байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг удирдлага болгон                                                                                 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1. Нэхэмжлэгч Ч.Ариунболд нэхэмжлэлийн шаардлага болох 1.170.000 төгрөгийн 417.400 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “ЦНЭ” ХХК нь 752.600 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, “ЦНЭ” ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЦНЭ” ХХК-иас 22.612 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ариунболдод олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                      

ШҮҮГЧ                                                Л.ЭНХЖАРГАЛ