Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 791

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

хохирогч Э.Сэндэр, хохирогчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл ҮД:19-43,

шүүгдэгч Г.Ё , түүний өмгөөлөгч Г.Нарантуяа ҮД:15-91 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Г.Ё холбогдох эрүүгийн 1906 01472 0850 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.Ё

Холбогдсон хэргийн талаар:

 Г.Ё  нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 107-71 тоотод эхнэр Э.Сэндэрийг үл ялих зүйлээр шалтаглан маргаж зүүн өвдгөн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь зүүн өвдөгний үенд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ё  мэдүүлэхдээ: Би архи уучихсан ороод хоолноос болж маргалдаад шүүгээнээс хутга авч өвдөг рүү нь хутгалчихсан юм. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Сэндэр мэдүүлэхдээ: Бид хоёр 10-н жилээс үерхэж нөхөрлөж байгаад 2009 оноос гэр бүл болж бид дундаас үр хүүхэд төрсөн. 2012 онд дээд сургуульд сурч байгаад энэ хүнтэй амьдрахаар болж сургуулиа орхисон. 2018 оны 05 дугаар сарын сүүлээр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бид ихэнхдээ манайд хамт амьдарч  байсан. 2019 оны 02 дугаар сарын 22-ны орой би охиноо салхилуулахаар Г.Ё ын төрсөн эгчийн охинтой гурвуулаа гадаа байж байгаад орж ирэхэд Г.Ё  согтуу орж ирээд би түүнд өөрийнх нь авч ирж өгсөн шөлтэй хоол байхаар нь халааж өгсөн, би гадаа байж байгаад оройтож орж ирсэн учир хоол хийж амжаагүй байсан. Г.Ё  надад уурлаж  шөлтэй хоол өглөө, арчаагүй гэхээр нь надад бухимдал төрөөд чи намайг төрсөн байхад хайр халамж, анхаарал тавьж байсан удаа байна уу, яагаад ингээд байгаа юм, тэгвэл хоёулаа салъя гэж уурлан маргаан үүсэхэд хутга авч уурлаж миний хөлийг хутгалсан. Тухайн үед охин бид хоёрыг алчихаад өөрийгөө ална гэж сүрдүүлсэн. Энэ гэмтлийн улмаас эмчилгээнд 250.000 төгрөгийг зарцуулсан. Түүнийг сая надад өглөө. Би гомдож байна. Надаас нэг удаа уучлалт гуйгаагүй. Өмнө нь намайг өчнөөн л гомдоож байсан. Би тэр бүхнийг уучилж өнгөрөөж байсан. Одоо бол уучлах аргагүйг өөрөө ч ойлгож байгаа байх. Цаашид ч хэцүү л байна. Хүүхдээ төрөхөд ч хажууд байгаагүй, Монголд байсан мөртлөө хүүхэд төрөөд сар болсны дараа ирж байсан. Тэр ч бүү хэл намайг төрөөд удаагүй байхад бэлгийн замын халдварт өвчин халдааж байсан. Ийм гомдмоор, энэ хүнээс салмаар шалтаг зөндөө байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Сэндэрийн өгсөн: ...манай нөхөр Г.Ё  архи согтууруулах ундаа хэрэглэсэн ирээд намайг хоол унд хийсэнгүй гэж маргаан хийгээд бид хоёр маргалдсан. Гал тогооны шүүгээг онгойлгон дотор нь байсан улаан иштэй хутга аваад өөрийгөө болон намайг алчихаад амиа хорлоно гээд хутгатай гараараа далайгаад зангаад байсан. Тэр үед охиноо тэвэрчихсэн байсан болохоор охин чинь айлаа шүү дээ боль гэж гуйсан. Тэгээд дахиад над руу гараа далайхаар нь би охиноо хамгаалаад ардаа оруулаад  өөрийг нь цааш түлхтэл  Г.Ё  барьж байсан хутгаараа  миний өвдөг рүү хатгачихаар  нь  би  айгаад гуйж  тайвруулаад  хутгыг нь буйдан доогуур  нуусан.  Би гомдолтой байна . зураг авахуулсан 250.000 төгрөгийг нэхэмжилж байна ...гэх мэдүүлэг /хх-ийн 10-17  дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр  Ч. Одгаравын: ... 2019 оны 02 дугаар сарын 22 -ны өдөр  21 цаг өнгөрч байхад  ажлаасаа гэртээ ирсэн. Гэрт орж ирэхэд манай охин  Сэндэр, зээ охин, Г.Ё   гурав байсан. Г.Ё  архиуучихсан байсан.  тэгээд байж байтал  20 орчим минутын дараа  Г.Ё  гэрээс гарч явсан. Сэндэр  буйдан дээр охиноо тэврээд  сууж байгаад  ээжээ  Г.Ё  намайг хутгалчихсан гэж хэлэхээр нь  би өвдөг дээгүүр нь тавьсан  бүтээлгийг нь авч харахад  зүүн талын өвдөгнөөс  цус гарчихсан байхаар нь  цагдаа дуудсан... гэх мэдүүлэг  /хх-н 23-25-р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2781 дугаартай шинжээчийн:

1. Э.Сэндэрийн биед зүүн өвдөгний үенд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар тал/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 63-р тал/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-43-р тал/

- Шүүгдэгч Г.Ё ын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47, 61 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт:...гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Ё  хохирогч Э.Сэндэр нар нь гэр бүлийн харилцаатай эхнэр, нөхөр хүмүүс болох нь гэрлэлтийн гэрчилгээ, тэдгээрийн тайлбараар тогтоогдож байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэх үндэстэй байна. /хх-ийн 77 дугаар тал/

Иймд Г.Ё ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэстэй тул түүний гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзэв.

Г.Ё  нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 107-71 тоотод эхнэр Э.Сэндэрийг үл ялих зүйлээр шалтаглан маргаж зүүн өвдгөн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь зүүн өвдөгний үенд шарх бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Сэндэр, гэрч Ч.Одгарав нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2781 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Ё ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Сэндэр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх 250.000 төгрөгийн нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлснийг төлсөн байх тул шүүгдэгч Г.Ё ыг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 63 дугаар тал

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Ё  нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. /хх-ийн 41-43-р тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: ...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад  эдлүүлэхээр шийдвэрлэж болно. гэж хуульчилжээ.

Иймд Г.Ё ад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Ё ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ё  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А овогт Г.Ё ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Ё ыг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар  Г.Ё ад оногдуулсан 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Ё  нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Ё ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ