Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01221

 

А.А гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/00766 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.А гийн хариуцагч Д.Ж т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 17,894,800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэр төр сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах, эдийн бус гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Д.Ж нь А.А гаас 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд 15 удаагийн шилжүүлгээр нийт 26.410.000 төгрөг зээлж авсан. Мөн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,452,000 вонын үнэтэй галакси нөүт 20 маркийн утсыг зээлж авсан. Д.Ж нь 26,410,000 төгрөг зээлснээс 10,000,000 төгрөгийг буцаан төлсөн, мөн 1,452,000 вонын үнэтэй утасны төлбөрт 650,000 вон буюу 1,484,800 төгрөгийг төлөөгүй байгаа. Иймд хариуцагч Д.Ж ээс зээлийн үлдэгдэл 16,410,000 төгрөг, гар утасны үлдэгдэл төлбөр 1,484,800 төгрөг, нийт 17,894,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 13,138,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Д.Ж нь А.А гаас 26,410,000 төгрөгийг шилжүүлж авсан нь үнэн. Гэхдээ зориулалт нь зээлийн гэрээний харилцаа биш, Солонгос Улсаас бараа авч Улаанбаатар хот руу явуулах, мөн тээврийн зардалд зориулж авсан. Үүнээс 10,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Мөн 2,000,000 төгрөгийг төлсөн байгаа. Гар утас шилжүүлж авна гэж тохироогүй гэжээ.

3.Сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д.Ж нь А.А гаас авсан мөнгөө эргүүлэн төлж байхад нь тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан Д.Ж ийн оршин суудаг тайм скүэр хотхоны оршин суугчдын группд Д.Ж ийн утасны дугаар, автомашины улсын дугаар, автомашины зураг зэргийг оруулан, залилан мэхлэгч мэтээр нийтэлж, мөн 36,000,000 төгрөг зээлсэн гэж худал мэдээлэл олон нийтэд тараасан нь Д.Ж ийн нэр хүндийг гутаасан. Үүнээс шалтгаалж Д.Ж нь үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байгаа бөгөөд сэтгэл санааны хямралд орсон. Тус нийтлэлээс болж Д.Ж нь өөрийн орчин тойрны хүмүүс болон тус хотхоны оршин суугчдаас санаа зовж, өөрийн гэртээ очиж хонох боломжгүй болж, утасны дугаарыг нь ил гаргаснаас үүдэн удаа дараа өөр дугааруудаас дарамт, сүрдүүлэг ирж, сэтгэл санааны ноцтой хохирол учирсан. Иймд Д.Ж ийн нэр хүндийг сэргээлгэх, олон нийтэд тараасан худал мэдээллийг залруулж, өөрийн фэйсбүүк хуудсанд оруулсан аливаа зураг, дүрс бичлэгийг устгаж, уучлалт гуйхыг хариуцагчид даалгах, сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.А нь өөрийн фэйсбүүк хаягаасаа тайм скүэр хотхоны оршин суугчдын группд Админаа заавал оруулаад өгөөч би гадаад байгаа бөгөөд тайм скүэр 501-803 тоот Д Ж 9911**** машин нь **** УБР ланд 200, 36,000,000 төгрөг авах ёстой бөгөөд 07 дугаар сарын 30-нд өгнө гэсэн боловч өгөөгүй бүх дугаарыг минь блоклосон тул СӨХ-оос холбогдох арга хэмжээг авч тусална уу гэсэн мэдээлэл оруулсан нь үнэн. Гэхдээ би түүнийг нэр хүндийг гутаагаагүй бөгөөд залилан мэхлэгч гэж бичээгүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: А.А гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Харин Д.Ж ийн нэхэмжлэлийн хувьд сэтгэл санааны хохирлыг барагдуулахгүйгээр үлдсэн шаардлагыг хангах буюу хэсэгчлэн хангах үндэслэлтэй байна гэжээ.

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ж ээс 16,410,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,484,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Д.Ж ийн нэхэмжлэлтэй, А.А д холбогдох, нэр хүнд сэргээлгэх, олон нийтэд тараасан худал мэдээллийг залруулж, өөрийн фейсбүүк хуудсанд оруулсан аливаа зураг, дүрс бичлэгийг устгаж, уучлалт гуйхыг даалгах, сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.А гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,424 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Ж ээс улсын тэмдэгтийн хураамжид 240,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.А д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ж ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ж ээс улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн сангийн дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

7.а.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.А гийн шилжүүлсэн гэх 26,410,000 төгрөг нь бүхэлдээ зүгээр авсан мөнгө биш бөгөөд үүнээс 1,272,000 төгрөг нь А.А гийн явуулсан ачааг хүлээн авахад зарцуулагдсан мөнгө хэмээн дурдсан. Гэтэл шүүх хариу тайлбарт заасан мөнгөн дүнг бүхэлд нь тээврийн зардалд зарцуулагдсан хэмээн буруу тайлбарлаж, зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд үндэслэн дүгнэсэн.

7.б. Нэхэмжлэгч болон хариуцагчийн гаргасан нотлох баримтад зохигчдын дансны хуулгыг хавсаргасан бөгөөд шүүх шийдвэрлэхдээ зөвхөн Д.Ж ийн данснаас шилжүүлсэн гүйлгээний утгыг харгалзан үзэж, төлсөн төлбөр болох 2,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй хэмээн дүгнэсэн. Харин А.А гийн шилжүүлсэн гүйлгээний утгыг харгалзан үзэхгүйгээр шийдвэрлэсэн бөгөөд нотлох баримт шинжлэн судлах үед А.А гийн данснаас 2020.06.24-ний өдрийн 22:42 цагт шилжүүлсэн гүйлгээний утгыг шинжлэн судлуулсан. Гэвч шүүх тухайн нотлох баримтыг үнэн зөв, бодитойгоор үнэлээгүй байна. Иймд Д.Ж ийн шилжүүлсэн гэх 2,000,000 төгрөг нь нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах үнийн дүн юм.

7.в.Нэгтгэгдсэн хэргийн хувьд шүүх шийдвэрийнхээ үндэслэлд ... хариуцагч А.А нь өөрийн фэйсбүүк хаягаас оруулсан мэдээлэл нь Д.Ж ийн нэхэмжлэлд дурдсанаар ... түүнийг залилан мэхлэгч мэтээр мэдээлэл оруулсан, мөн уг мэдээллээс шалтгаалан Д.Ж нь өөрийн гэртээ харих боломжгүй болж, түүний гар утасны дугаарт өөр дугааруудаас дарамт сүрдүүлэг ирсэн. Д.Ж нэхэмжлэлийн шаардлагаа нэр хүнд сэргээлгэх, сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах гэсэн үндсэн хоёр шаардлагыг тавьсан бөгөөд тус бүр улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байдаг. Гэтэл шүүх дүгнэхдээ зөвхөн сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг учирсан эсэхийг дүгнэж, нэр хүнд сэргээх эсэх талаар дүгнэлт гаргаагүй байна. Хариуцагч А.А гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад тус мэдээллийг А.А оруулсан болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл шүүх тайлбарыг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасныг зөрчсөн. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг зарим хэсэг болох Д.Ж ийн нэр хүндийг сэргээж, А.А д төлсөн 2,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагчийн буцаан шилжүүлсэн гэх 2,000,000 төгрөг нь зээлсэн мөнгөнөөс буцаан шилжүүлсэн мөнгө биш. Уг мөнгө нь хариуцагч БНСУ-аас самсунг нөүт ультра маркийн гар утсыг нэхэмжлэгчээр авахуулах зорилгоор шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан. 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шилжүүлгийн баримт, нэхэмжлэгчээс хариуцагч гар утас явуулсан илгээмжийн баримт мөн Д ХХК-ийн карго илгээсэн баримтуудаар тус тус тогтоогдсон. Нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг хасуулахаар гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч хариуцагчийн амьдардаг оршин суугчдын фэйсбүүк группд түүнтэй холбоо барих зорилгоор сууц өмчлөгчдийн холбоонд хандаж пост оруулсан. Иргэний хуульд зааснаар хүний нэр төр алдар хүндийг сэргээх, урьдчилсан нөхцөл нь хүний эрх ашиг сонирхолд халдаж, бодит нөхцөл байдалд нийцээгүй худал мэдээлэл нийтэлсэн байхыг шаарддаг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагчийн нэр хүндийг гутаасан нотлох баримт тогтоогдоогүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч А.А гийн хариуцагч Д.Ж т холбогдуулан гаргасан гар утасны үнэ 1,484,800 төгрөг, зээлийн үлдэгдэл төлбөр 16,410,000 төгрөг, нийт 17,894,800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч, нэр төр сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах, эдийн бус гэм хорын хохиролд 20,000,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

3.Нэхэмжлэгч А.А хариуцагч Д.Ж т 2019 оны 10 сараас 2021 оны 01 сар хүртэлх хугацаанд нийт 26,410,000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч А.А д 10,000,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-ийн 3-4-р тал/.

3.а.Хариуцагч татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо нэхэмжлэлээр шаардаж буй үнийн дүнгээс 1,272,000 төгрөг нь нэхэмжлэгч А.А гийн БНСУ-аас явуулсан ачаанд зарцуулагдсан, мөн нэмж 2,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд зохигчийн гаргасан нотлох баримтыг шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журамтай.

3.б.Хариуцагч Д.Ж нь нэхэмжлэгч А.А гийн явуулсан ачаанд 1,272,000 төгрөг төлсөн гэдгийг эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн, хариуцагч Д.Ж нь нэхэмжлэгч А.А д 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөгийг самсунг нөүт 20 ультра депосит гэсэн гүйлгээний утгаар шилжүүлснийг 26,410,000 төгрөгт хамааралгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

3.в.Мөн нэхэмжлэгч А.А нь гар утасны үнэ 1,484,800 төгрөг гаргуулах тухай шаардлагаа баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг 16,410,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

4.Хариуцагч Д.Ж нь нэр төр сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах, эдийн бус гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээж, гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

4.а.Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Д.Ж ийн оршин суудаг Тайм скүэр хотхоны оршин суугчдын фэйсбүүк группд Тайм скүэр 501-803 тоотод оршин суух, Д.Ж ээс /9911****/, /33-77 УБР ланд 200/, 36,000,000 төгрөг авах ёстой, 07 дугаар сарын 30-ны өдөр өгнө гэсэн боловч өгөөгүй, бүх дугаарыг блоколсон тул сууц өмчлөгчдийн холбооноос арга хэмжээ авч өгч туслана уу гэсэн агуулгатай мэдээллийг байршуулсан байна. Хэрэгт фэйсбүүк группт оруулсан мэдээлэл нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр авагдсан боловч дээрх мэдээллийг нийтэлсэн болохоо нэхэмжлэгч А.А тайлбараараа хүлээн зөвшөөрсөн.

4.б.Дээрх агуулга бүхий мэдээлэлд нэхэмжлэгч А.А нь хариуцагч Д.Ж ээс өөрийн авах ёстой авлагын талаар бичсэн байх бөгөөд уг мэдээлэлд заагдсан нөхцөл байдал хариуцагчийн хувьд үнэн зөв болохыг нэхэмжлэгч буюу мэдээлэл тараасан этгээд нотлох үүрэгтэй. Зохигчийн хооронд тодорхой хэмжээний өглөг, авлагын асуудал байсан үйл баримт тогтоогдсон. ... Д.Ж ээс мөнгөний авлагатай ... гэх мэдээллийг бодит байдалд нийцээгүй, залилан мэхлэгч мэтээр нэр хүндийг нь гутаасан агуулгатай гэж үзэхээргүй байна.

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

4.в.Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд үндэслэл бүхий дүгнэлт хийж бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг залруулан өөрчлөв.

5.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн хувьд сэтгэл санааны хохирлыг барагдуулахгүйгээр үлдсэн шаардлагыг хангах буюу хэсэгчлэн хангах үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийн зарим хэсэг хууль зүйн үндэслэлтэй байгааг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/00766 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дах заалтын Д.Ж ийн гэсний өмнө Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН Г.ДАВААДОРЖ