| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0784/Э |
| Дугаар | 789 |
| Огноо | 2019-05-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 789
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч Т.Ц , түүний өмгөөлөгч Ц.Мандал ҮД:14-94 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Ц яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 08895 0891 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т.Ц
Холбогдсон хэргийн талаар:
Т.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” захын өргөтгөлийн хэсгийн хүнсний ногооны 01 дугаартай лангуун дээрээс иргэн Ж.Бямбаноровын “ЛЖ-К10” загварын гар утсыг хулгайлж, 479.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ц мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” захын өргөтгөлийн хэсгийн хүнсний ногооны лангуун дээр грушик хийж байгаад Бямбаа эгчээ утсаа өгчих гэж хэлээд утсыг нь аваад кармаандаа хийж байгаад алдсан. Тэр өдөр би найзуудтайгаа жаахан архи уучихсан гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Бямбаноровын өгсөн: …2018 оны 10 дугаар сарын 26-ны орой 18 цагийн орчимд “Нарантуул” захын өргөтгөл 1 номерийн лангуун дээрээ худалдаа хийж байхад хажууд ачаа зөөдөг Т.Ц байсан. Тэгээд би үйлчлүүлж байсан хүнд ногоо савлаж өгөх гээд цаашаа хараад 10 орчим минут болоод лангууны хажууд тавиур дээр өөрийн бор өнгөтэй “Эль-Жи К-10” гэсэн утсаа тавьчихсан байсан. Тэгээд хүнд ногоог нь савлаж өгчихөөд утсаа авах гэтэл утас байхгүй, Т.Ц бас байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би “Нарантуулын” цагдаагийн хэсэг дээр очоод хяналтын камер шүүж үзтэл Т.Ц миний утсыг аваад халаасандаа хийж байгаа дүрс бичигдсэн байсан юм. Камерийн бичлэг дээр манай лангуунаас гараад урд байдаг гар утас зардаг павилон руу ороод гарч байгаа дүрс байсан, би өөрөө тухайн газарт очоод хүнээс нь асуух гэтэл хаагаад явсан байсан ба гадна хаяг дээр нь байсан утасны дугаараар залгахад Цогоо орж ирсэн. Гэхдээ надад утас өгөөгүй,гэхдээ учир нь олдох байлгүй дээ гэж хэлээд утсаа салгасан. Миний бодлоор тэр хүнд үлдээсэн байж магадгүй гэж бодож байна, мөн би гар утас руугаа 10 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл залгаж үзэхэд дуудаад авахгүй байсан юм. Тэгээд 10 дугаар сарын 30-ны өдөр дугаараа сэргээлгэсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Дугарын өгсөн: ...Тухайн өдөр манай лангуун дээр 2 удаа орж ирсэн, тэгээд хөгшин бие нь сайн уу гэж миний биеийг асууж мэнд мэдсэн өөр ямар нэгэн зүйл яриагүй, архиа уучихсан байсан. Тэгээд би лангуугаа 19 цагийн орчимд хаагаад гэрт харьсан хойгуур Бямбаа над руу залгаад утас тавьсан уу цэнэглүүлэх гээд үлдээсэн гэж Ц надад хэлсэн гэж ярьсан. Тэгэхээр нь би надад үлдээгээгүй гэж хэлсэн, мөн над руу цагдаагаас ярьсан. Цогоо 2 удаа орж ирэхдээ утас үлдээсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,
- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н хохирогч Ж.Бямбаноровын алдсан гар утасны үнэлгээ /хх-ийн 22-23 дугаар тал/,
- Шүүгдэгч Т.Ц ийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27, 33 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Т.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын өргөтгөлийн хэсгийн хүнсний ногооны 01 дугаартай лангуун дээрээс иргэн Ж.Бямбаноровын “ЛЖ-К10” загварын гар утсыг хулгайлж, 479.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.Бямбаноровын мэдүүлэг, камерын бичлэг, Эд хөрөнгө үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Ц ийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н хохирогч Ж.Бямбаноровын алдагдсан утсыг 479.200 төгрөгөөр үнэлсэн байх ба хохирогч Ж.Бямбаноров нь “манай хүү 2018 оны 08 дугаар сард “ТЭДИ” төвөөс 480.000 төгрөгөөр авч өгч байсан, одоо 400.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлгийг өгсөн байх бөгөөд шүүгдэгч Т.Ц нь шүүхийн шатанд хохирогчид 400.000 төгрөгийг төлсөн тул Т.Цотггэрэлийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 14-15, 22-23, 76 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Ц нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Т.Ц ийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Т.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Т.Ц д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Т.Ц ийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Т.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацааг дуустал хэргийн хамт хадгалуулахаар үлдээсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Ц нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг сануулсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ