Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 5650

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЧС65011671 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 23м байр 25 тоотод оршин суух, Харчу овогт Сэр-Одын Энхболдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн СЭ68092617 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Төмөр зам 1 гудамж 13 тоотод оршин суух, Хорь шарайд овогт Болдын Батхүүд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Энхболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Энхболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 03 сарын 20-ны өдөр Б.Батхүү надтай уулзаад, ном хэвлүүлэх гэсэн юм. Та тусалж 10.000.000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлүүлнэ үү гэсэн. Би ломбарданд бага хүүтэй шүү дээ гэхэд ломбарданд тавих эд хөрөнгө байхгүй гэж хэлсэн. Ингээд 2.000.000 төгрөг Б.Батхүүд зээлсэн. Эхний нэг удаа хүү төлсөн, сүүлдээ утсаа авахгүй уулзахгүй олдохоо больсон. Арай гэж олж уулзахад ломбарданд гэрэл зургийн аппарат байгаа, та тэрийг ав гэсэн. Би уг гэрэл зургийн аппаратыг ломбарднаас чөлөөлж, гэрэл зургын аппаратыг зарахад 370.000 төгрөгийн зөрүү гарсан. Би хоёр удаагийн хүү 600.000 төгрөг авсан гэж ойлгосон. Өөрөө ч хүүд төлж байгаа гэж хэлсэн. Иймээс үндсэн зээлд өгсөн 2.000.000 төгрөг, хүү 2.000.000 нийт 4.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Батхүү шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие С.Энхболдоос 2.000.000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн болно. Зээлийн хүүнд нийтдээ 1.8 сая төгрөг төлсөн буюу D-700 мэргэжлийн фото аппарат бүрэн дагалдах хэрэгсэлийн хамтаар хүүнд нь бас өгч байсан болно. Үлдсэн 2 сая төгрөг, хүү төлөх боломжгүй тул 4 сая төгрөг төлөх нөхцөл боломжгүй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

                                                                        

Нэхэмжлэгч С.Энхболд нь хариуцагч Б.Батхүүгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2.000.000 төгрөг, зээлийн хүү 2.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч Б.Батхүү нь зээлийн хүүнд 1.800.000 төгрөг, D-700 мэргэжлийн фото аппарат бүрэн дагалдах хэрэгсэлийн хамтаар өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч С.Энхболд нь хариуцагч Б.Батхүүд 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд үүнд маргахгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлэгдсэн байх ба хуульд уг гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага байхгүй тул зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Нэхэмжлэгч С.Энхболд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд зээлийн гэрээний дагуу хүүнд 600.000 төгрөг, түүний ломбарданд тавьсан зургийн аппаратыг худалдан борлуулж 370.000 төгрөг нийт 970.000 төгрөг авсан бөгөөд үүнээс хойш үндсэн зээл, хүү төлөөгүй тул үндсэн зээл 2.000.000 төгрөг, зээлийн хүүнд 2.000.000 төгрөг нийт 4.000.000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

Хариуцагч Б.Батхүү нь 2.000.000 төгрөгийн зээлсэн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд зээлийн хүүнд 1.800.000 төгрөг, мэргэжлийн фото аппаратыг тус тус өгсөн тул 4.000.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

Монгол улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан.

Нэхэмжлэгч нь үндсэн зээл 2.000.000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй, харин зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй байна.

Иймд хариуцагч Б.Батхүүгийн төлсөн мөнгөн хэлбэрээр төлсөн 600.000 төгрөг, эд хөрөнгөөр төлсөн 370.000 төгрөг нийт 970.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй байна.

Хариуцагч нь зээлийн хүүнд 1.800.000 төгрөг төлсөн гэж тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.Батхүүгээс 1.030.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Энхболдод олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.970.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч Б.Батхүүд 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч талаас урьд гаргасан тайлбар зэргийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                           ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Батхүүгээс 1.030.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Энхболдод олгож нэхэмжлэлийн шаардлагаас 2.970.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83.930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 29.270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Энхболдод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

                                 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Л.ЭНХЖАРГАЛ