Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 85

 

 

 

Ц.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Ц.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр магадлалтай, Ц.Д-д холбогдох 2123000560152 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1958 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, тэтгэвэрт, гэмт хэрэгт холбогдох үедээ Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил эрхэлж байсан, ам бүл 1, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнуулж байсан, Ц.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ц.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-г 1 жил 2 сарын хугацаанд Завхан аймгийн Яруу сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жил 2 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дгийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Дгээс хуурамч бичиг баримт бүрдүүлж үндэслэлгүйгээр авсан тэтгэвэр болох 6.545.267 төгрөгийг түүний одоо авч байгаа тэтгэврээс сар бүр 50 хувиар суутгал хийж Нийгмийн даатгалын санд буцаан олгож,

Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Ц.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Д гаргасан гомдолдоо “... Завхан аймгийн, Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 04 тоот магадлалаар хэвээр үлдээснийг эс зөвшөөрч дараах гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,  39.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг баримтлан хяналтын шатны гомдлыг гаргаж байна. Үүнд: Завхан аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолд үндэслэлгүйгээр илүү авсан тэтгэврийг буцаан гаргуулахаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж дараах байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийг нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/  -ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө/ гэж тус тус хуульчилсан. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1-д тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн төлүүлэх тухай шүүхийн, эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийхээр хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Нэг удаагийн суутгалын хэмжээ нь тэтгэмжийн болон сарын тэтгэврийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэжээ. Надаас хуурамч бичиг баримт бүрдүүлж үндэслэлгүйгээр авсан тэтгэвэр болох 6.545.267 төгрөгийг түүний одоо авч байгаа тэтгэврээс cap бүр 50 хувиар суутгал хийж Нийгмийн даатгалын санд буцаан олгох нь зүйтэй гэж үндэслэлгүй шийдвэрлэсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухайн хуулийн 4 дүгээр зүйлд Өндөр насны тэтгэвэр авах эрхийг заасан ба 4.1-т Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн  эрэгтэй ... даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно ... гэж заасан ба тухайн шаардлагыг бүрэн хангасан даатгуулагч юм. Тус хуулийн 4 дүгээр зүйлд Тэтгэвэр тогтоолгох эрх хэрэгжих талаар маш тодорхой заасан ба тухайн зүйлд ... Хөдөлмөрийн болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасны дагуу иргэнтэй байгуулсан гэрээгээр ажиллагч уг гэрээгээ ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон нөхцөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох, эрх нь хэрэгжинэ гэж заасан байна. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргааны албан тушаалтан нь дээрх 2, 3 төрлийн гэрээ байгуулдаггүй ба тэтгэвэрт гарахад заавал ажлаасаа чөлөөлөгдсөн тушаал захирамжийг шаардах боломжгүй байна. Иймд Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 04 тоот магадлалыг хүчингүй болгож, Завхан аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн ... 7  дахь хэсгийг хүчингүй болгон өөрчилж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж тогтоолгох тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлөгдсөн тушаал шаардах юм бол хөдөлмөрийн гэрээгээр ажилласан байх ёстой. Өөрөөр хэлбэл, хөлсөөр ажиллах гэрээ эсхүл ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан тохиолдолд зайлшгүй тухайн харилцааг зогсоосон шийдвэрийг авчирч өгөх ёстой гэсэн хуулийн зохицуулалттай. Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр авчир гэсэн танай хуулийн заалт аль юм бэ гэхээр прокурор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хариулж чадахгүй байгаа. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгохдоо зайлшгүй ажлаас чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрээ авчирч өгөх тухай заалт хуульд байхгүй. Тийм учраас энэ хүнд сумын нийгмийн даатгалын байцаагч хууль бус шаардлага тавьсны улмаас уг гэмт хэрэгт холбогдсон байгаа юм. Ц.Д нь улсад 34 жил ажилласан, Нийгмийн даатгалын тухай багц хууль 1995 онд батлагдсан ба 26 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Харин нийгмийн даатгалын шимтгэлээ буцааж авч эхлэхэд хохирол учруулсан гэдэг байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан түүнд 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Ц.Д нь Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд тус сумын Засаг даргын ажлаас чөлөөлөгдөх захирамжид түүний гарын үсгийг хуурамчаар үйлдэж, өндөр насны тэтгэвэр тогтоолгон өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүгдэгч Ц.Д нь Засаг даргын захирамжид гарын үсэг зурах, захирамж гаргах эрх бүхий субъект бол биш, сумын Засаг даргын эзгүйд түүний орлогч буюу орлон гүйцэтгэгч эрх үүргийг нь хэрэгжүүлэх үүрэгтэй. Шүүгдэгч 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийгөө ажлаас чөлөөлсөн захирамж гаргаж, энэ талаараа холбогдох хүмүүст мэдэгдэхгүйгээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 5 сарын хугацаанд ямар нэгэн шийдвэргүйгээр үргэлжлүүлээд ажлаа хийж, цалин авч байсан. Энэ талаараа Засаг даргад хэлэхгүй байж байгаад 2020 оны 05 сард Засаг даргаар өөрийгөө ажилд эргүүлэн томилсон тушаал нөхөж гаргуулснаар анхнаасаа өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэж байна. Иймд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэж байна. Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн хуурамч бичиг баримт үйлдэж өөртөө өндөр насны тэтгэвэр тогтоолгож, улмаар нийгмийн даатгалын сангаас 10 сар тэтгэвэр авсан орлогыг Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг албадан гаргуулах хуулийн зохицуулалттай тул шүүгдэгч Ц.Дгээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6.545.267 төгрөгийг гаргуулах өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.Дгийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу хоёр шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянан үзээд анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Шүүгдэгч Ц.Д нь  хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Ц.Дгээс хуурамч бичиг баримт бүрдүүлж үндэслэлгүйгээр авсан тэтгэвэр болох 6.545.267 төгрөгийг түүний одоо авч байгаа тэтгэврээс сар бүр 50 хувиар суутгал хийж Нийгмийн даатгалын санд буцаан олгох заалтыг хүчингүй болгуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Ц.Д нь 26 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Харин нийгмийн даатгалын шимтгэлээ буцааж авч эхлэхэд хохирол учруулсан гэдэг байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Д болон түүний өмгөөлөгч Нийгмийн даатгалын сангаас авсан тэтгэвэр болох 6.545.267 төгрөгийг авах эрх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүссэн тул буцаан төлөхгүй гэж маргасан байна.

Шүүгдэгч Ц.Д нь Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэтгэвэр, тэтгэмж авах хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор тус сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг төлөвлөн Засаг дарга Д.Мөнхтөрийг тухайн цаг хугацаанд сум, орон нутагтаа ажлаа гүйцэтгэж байсаар байтал түүний гарын үсгийг хуурамчаар үйлдэн, уг захирамжаа Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, өндөр насны тэтгэвэр тогтоолгон өөртөө давуу байдал олгосны улмаас Нийгмийн даатгалын санд 6.545.267 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй болохыг хуульчлан баталгаажуулсан ба өндөр насны тэтгэвэр тооцож, олгох журмыг тусгайлсан хуулиар нарийвчлан зохицуулсан байна.

Энэ эрхийг хангах үүднээс иргэн болон төр, аж ахуй нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл /нийгмийн даатгалын шимтгэл/ төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэн, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь болон даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм-эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан ба хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гарган шийдвэрлүүлнэ.  

Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын байгууллага нь ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл болон хуульд заасан бусад эх үүсвэрээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох үйл ажиллагааг эрхлэх ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж ямар нэг хоёрдмол утга санаагүй тодорхой хуульчлан тогтоожээ.

Гэтэл шүүгдэгч Ц.Д болон түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нар нь тэтгэвэр тогтоох асуудлыг өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд авах ёстой мэтээр тайлбарлан “... Нийгмийн даатгалын сангаас авсан тэтгэвэр болох 6.545.267 төгрөгийг буцаан төлөхгүй, буцаан гаргуулахаар заасан заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.Дгийн хувьд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн хэдий ч шимтгэл төлсөн хугацаа, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн эсэхийг тооцоход бүрдүүлэх баримт бичгийг хууль зөрчин, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тогтоосон гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт үйлдлийг хийснээр Нийгмийн даатгалын байгууллагаас түүний бүрдүүлсэн хуурамч баримт бичгийг үндэслэн тэтгэвэр тогтоож, 6.545.267 төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас олгосон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасанчлан шүүгдэгч Ц.Дд олгосон 6.545.267 төгрөг нь Нийгмийн даатгалын санд учирсан бодит хохирол тул мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хохирлыг тодорхойлж, түүнийг шүүх зайлшггүй нөхөн төлүүлнэ.

 Хоёр шатны шүүхээс Нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн шүүгдэгч Ц.Дгээс сар бүр 50 хувиар суутгал хийж Нийгмийн даатгалын санд буцаан олгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Ц.Дгийн, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын “Нийгмийн даатгалын санд 6.545.267 төгрөгийг буцаан төлөхгүй”, “хохирол учруулсан гэдэг байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь буруу” гэсэн агуулга бүхий гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.Дгийн хуурамч бичиг баримт бүрдүүлж үндэслэлгүйгээр тэтгэвэр авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг гэж зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюул ихтэй гэмт хэрэг юм.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4 “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2“хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгохоор заасан бөгөөд, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар хэрэгжүүлэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг билээ.    

Шүүгдэгч Ц.Д нь Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил эрхэлж байхдаа Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг төлөвлөн, Засаг дарга Д.Мөнхтөрийн гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж, захирамжийн хэвлэмэл хуудсыг ашиглан, тамга, тэмдгийг дарж баталгаажуулсан үйлдэл нь  хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилготой, хийх ёсгүй үйлдлийг хийж, санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн дээрх шинжийг хангаж байна.

4. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Дгийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзлээ.  

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 6. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Д болон түүний өмгөөлөгч Б.Алтангэрэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн ... 7 дахь хэсгийг хүчингүй болгох”, ”...  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан түүнд 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү”  гэсэн гомдол, хүсэлтийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлүүд нь шүүхэд үүрэг болгосон заалт биш ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хор уршгийг харгалзан хэрэглэж болох шүүхэд эрх олгосон хуулийн зохицуулалт болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Дгийн хяналтын шатны шүүхэд гаргасан  гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

 

ДАРГАЛАГЧ                                                  С.БАТДЭЛГЭР

 

ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                        Б.БАТЦЭРЭН

 

                                                                         Ч.ХОСБАЯР

 

                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН