Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 221/2022/0008/з |
Дугаар | 001/ХТ2023/0056 |
Огноо | 2023-09-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2023/0056
Бүгд Найрамдах Франц улсын иргэн
Ж Х (H d S)-ийн
нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн
газарт холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Батбаатар
М.Батсуурь
Илтгэгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Х.Амарбаясгалан
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/ШШ2023/0010 дугаар шийдвэртэй хэргийг,
Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор, нэхэмжлэгч Ж Х (H d S)-г оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 193 тогтоолын хавсралтаар баталсан ““Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 1.1, 1.3 дугаар заалт, Хоёр.“Албадан гаргах шийдвэр”, Гурав.“Албадан гаргах ажиллагаа” гэдэг хэсэг, 4.4 дүгээр дэд хэсэг /бүтнээр нь буюу агуулсан бүх заалттай нь хамт/, 5.2, 5.3, 5.4 дүгээр заалт, Зургаа.“Албадан гаргасан гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг сунгах”” хэсгийг хүчингүй болгуулах
2. Хэргийн нөхцөл байдал: Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 193 дугаар тогтоолоор Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.3-т заасныг үндэслэн “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ыг шинэчлэн баталжээ.
2.1. Нэхэмжлэгч БНФУИ Ж Х (H d S)-ээс “... журмын 1.1, 1.3, 5.4 дэх заалт нь ... нэхэмжлэгчийн шүүхэд хандах эрх, шүүхийн өмнө эрх тэгш байдлын эрхийг зөрчиж болзошгүй, олон улсын гэрээ, хуулийг зөрчсөн, шүүхэд хандах эрхийг зөрчсөн ..., журмын 4.4 дэх хэсэг нь гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоохдоо тус иргэний гэр бүлийн байдлыг огт тоогоогүй, гадаадын иргэний хувийн, гэр бүлийн байдлыг тоолгүй байж шударга ёсыг зөрчсөн ..., Монгол Улс нь аливаа гадаадын иргэнийг албадан гаргахдаа амиа алдах, эрүү шүүлтийн улмаас аюулаас хамгаалах арга хэмжээ аваагүй, энэ эрхийг зөрчиж болзошгүй, насанд хүрээгүй хүүхдүүдийн эрхийг зөрчсөн ба зөрчиж болзошгүй, тус журамд албадан гаргах шийдвэр эсвэл шийдвэрийг баталгаажуулсан хуулбарын тухай гадаадын иргэнд олгохыг, албадан гаргах шалтгааныг тайлбарлах талаар заагаагүй, нэхэмжлэгчийн шүүхэд хандах эрх, шүүхийн өмнө эрх тэгш байдлын эрхийг зөрчиж болзошгүй, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 1-д заалтуудад шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй байхаар заасан, Үндсэн хуульд Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ, журам нь Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7-д заасан шалгууруудыг хангасан эсэх нь эргэлзээтэй, олон улсын зарим гэрээний олон заалтыг дагаагүй, Засгийн газар нь олон улсын гэрээнүүдийг дагахгүй байхыг зааж Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын эсрэг улс төрийн бодлого гаргасан, хууль дээдлэх, амьд явах, эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлуулахгүй байх, эрх чөлөөний зарчим, шударга ёсны зарчим, шүүхийн өмнө эрх тэгш байх, олон улсын гэрээ нь дотоодын хуулийн нэгэн адил үйлчлэх, хөрөнгө оруулалттай холбоотой эрх чөлөө, хүний үндсэн эрхийг хязгаарлах, тэгш байдлын зарчим, арга хэмжээ авах зарчмыг зөрчсөн, журмын 2.1-д зохицуулахдаа олон улсын гэрээнүүдийг дагахгүй байхыг заасан нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 2.2 дахь заалтын эсрэг улс төрийн бодлого гаргасан, журмын 4.4 дэх хэсэг нь гадаадын иргэний Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоохдоо тус иргэний хувийн болон гэр бүлийн байдлыг огт тоогоогүй, шударга ёсны зарчмыг зөрчиж нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж болзошгүй, журмын 4.4.1, 4.4.6, 4.4.7, 4.4.8, 4.4.9, 4.4.12, 4.4.13-р заалт нь нэхэмжлэгчийн шударгаар шийтгэгдэх эрхийг зөрчиж болзошгүй, төвшинтэй адил зарчмыг зөрчсөн ..., Их Хурал нь Монгол Улсын бүх олон улсын гэрээнүүдийг ноцтой зөрчсөн арга хэмжээг хүссэн бол Засгийн газар нь олон улсын гэрээнүүдийг ноцтой зөрчсөн арга хэмжээ авсан, журам нь хэм хэмжээний акт, нийтийн хэв журмын эсрэг зөрчлийг албан ёсоор тодорхойлох хэрэгтэй байсан бөгөөд шүүхээр шударгаар шийдвэрлүүлэх боломжийг өгөх ёстой ..., гадаадын иргэнийг албадан гаргахдаа Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад заасан амьд явах эрх, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус хандлагагүй явах эрхийг бүтэн хамгаалах улсын хэмжээний захиргааны хэм хэмжээний актыг гаргахаас Засгийн газар татгалзсан нь нэхэмжлэгч, насанд хүрээгүй түүний хүүхдүүдийн эрхийг зөрчсөн ба зөрчиж болзошгүй ..., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т захиргааны хэм хэмжээний актыг гаргахыг даалгахыг шууд заагаагүй нь маргааныг зөв шийдвэрлэж захиргааны хэм хэмжээний актыг гаргахыг даалгахад саад болохгүй ..., Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад заасан үйл ажиллагааг явуулах хүний эрхийг зөрчсөнөөс гадна, тэгш хандуулах эрхийг зөрчсөн, эрх чөлөөний болон тэгш байдлын зарчмыг зөрчсөн, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн, Гадаадын иргэн, харьяатын газрын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгчийн шашин шүтэх эрхийг шууд ба шууд бус зөрчсөн ...” гэж маргажээ (нэхэмжлэлийн үндэслэлийг агуулгаар нь товчлон тусгав).
2.2. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1, Арван дөрөвдүгээр зүйл, Арван найм дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар эрх зүйн зохицуулалтын хүрээнд гадаадын иргэний эрх байдлыг тогтоож, гадаадын иргэн Монгол Улсад орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суухтай холбогдсон харилцааг Гадаадын иргэний эрх зүйн зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын 2021 оны 192, 193, 194 дүгээр тогтоолуудаар зохицуулсан, ... уг журмын 1.1 дэх хэсгээр ямар харилцааг зохицуулахаар журамласныг тодорхойлсон, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар журам батлах эрхийн дагуу Монгол Улсын засгийн газарт олгосон, энэ хүрээнд 2021 оны 193 дугаар тогтоолыг баталсан, гадаадын иргэн нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7.4.1-д заасан үүрэгтэй, мөн хуулийн 8.1.1-д заасныг хориглосон тул хуурамч бичиг баримт ашиглан өөрт ашигтай шийдвэр гаргахыг завдсан нь тогтоогдвол хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйн хэрэг, Журмын 6 дугаар зүйлд заасан сунгах эрх зүйн зохицуулалт анх Засгийн газрын 2010 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 4.2.12 дугаар заалтаар зохицуулагдаж байсан, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд 2020 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр дан журмаар зохицуулж байсан эрх зүйн зохицуулалтыг хуулийн 37 дугаар зүйлийн 37.10.13 дахь хэсэгт нэмж оруулсан, эдгээр сунгах үндэслэлүүд нь бусад зөрчилтэй харьцуулахад ноцтой, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал хийгээд хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах, нийгмийн дэг журамд хохирол учруулах эрсдэлтэй, Монгол Улсын хууль тогтоомжийг илтэд үл хүндэтгэсэн зэрэг үйлдэлд хамаарах албадан гаргах үндэслэлүүдийг сунгаж болохоор зохицуулсан, сунгах шийдвэр нь анх албадан гаргах шийдвэрт зааснаас илүүгүй хугацаатай байхаар журамласан, Нэгдсэн Үндэстний байгууллагаас 1946 онд баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 9 дүгээр зүйл, 29 дүгээр зүйлийн 2, 1976 онд баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 1 дүгээр зүйлийн 1, 3, 13 дугаар зүйлд зохицуулсан, Монгол Улсын нэгдэн орсон дээрх олон улсын хэм хэмжээний акттай Засгийн газрын 2021 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам” огт зөрчилдөөгүй, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 18 дугаар зүйл, “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулсан, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 3, 6, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гадаадын иргэн, харьяалалгүй хүн зохих зөвшөөрлийн үндсэн дээр зөвхөн сүм хийд байгуулан шашны үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэм хэмжээг огтхон ч зөрчөөгүй, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7.4.4, 8.1.5, 8.1.6, 11.1, 11.5-д хориглосон заалтыг заасан бөгөөд тухайн иргэн нь зорилгодоо нийцсэн визийн ангиллаар визээ авалгүй, өөр зорилгыг агуулсан визээр тус улсад зөрчиж, зөрчил гаргасан тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гаргана, Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын виз олгох журам”-ын 2.1-2.9 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны 194 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын 11.1-3.1.8, 4.1.1.1-4.1.7.2 дахь заалтаар тухайн виз, оршин суух зөвшөөрөл тус бүрийн зорилгыг илэрхийлдэг, өөрөөр хэлбэл тус улсад ирсэн зорилгодоо нийцсэн ангилал бүхий виз нь оршин суух хэлбэр, төрөл болж өөрчлөгддөг, Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэний шашин шүтэх, эс шүтэх эрхийг хэзээ ч хөндөж, хавчин гадуурхаж байгаагүй бөгөөд Монгол Улсад одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар гадаадын иргэн нь сүм, хийд байгуулахгүйгээр шашны үйл ажиллагааг явуулахыг зөвшөөрөөгүй тул хуулиар зохицуулсан хэм хэмжээний хүрээнд л эрх, эрх чөлөөгөө эдэлж, хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгатай хариу тайлбарыг гаргажээ.
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тус маргааныг анхан шатны журмаар хэлэлцэж, “... Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж Х /H d S/-с Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын /2021 оны 07 дугаар сарын 07/ 1.1, 1.3 дугаар заалт, Хоёр.”Албадан гаргах шийдвэр”, Гурав. “Албадан гаргах ажиллагаа” гэдэг хэсэг, 4.4 дүгээр дэд хэсэг /бүтнээр нь буюу агуулсан бүх заалттай нь хамт/ 5.2, 5.3, 5.4 дүгээр заалт, Зургаа. Албадан гаргасан гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг сунгах” хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Франц Улсын иргэн Ж Х (H d S) давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “ ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/ШШ2023/0010 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож, тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэж дурдаад, дараах 2 үндэслэлээр (гомдлыг агуулгаар нь тусгав) гомдол[1] гаргажээ. Үүнд:
4.1. Нэг.Шийдвэрлэх журмыг зөрчсөнөөс үүссэн үндэслэл
4.1.1. Иргэдийн төлөөлөгчид зүй ёсоор оролцсон гэж үзэх боломжгүй: ... “Хэрэг, маргааныг” гэдэг үгсийг ганц тоогоор орсонд “төлөөлөгчдийг” олон тоогоор орсон тул иргэдийн доод тал нь 2 төлөөлөгчийг оролцуулах ёстой байсан, ... иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ бичгээр биш амаар л гаргасан. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж автомашиныг барих бол хүндэтгэн үзэх шалтгаан биш. Zoom программ хангамжаар дүгнэлт бичиж хуваалцах боломжтой байсан. Шүүх хуралдаан даргалагч дүгнэлтийг бичгээр гаргахыг шаардаагүй ...;
4.1.2. Мэтгэлцэх зарчмыг зөрчсөн: ... мэтгэлцэх зарчмын дагуу шүүгчид, иргэдийн төлөөлөгч нь талуудыг сайн сонсох үүрэгтэй, ... харин шүүх хуралдаанд даргалагч нэхэмжлэгчийг тайлбарлуулаагүйгээс гадна шүүгчид энэ талаар ямар ч асуулт тавиагүй, шүүх нь ... саналаа илэрхийлэх боломжийг нэхэмжлэгчид өгөөгүй, шүүх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийг зөрчсөн ...;
4.1.3. Шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд бичгээр гаргаагүй: ... шийдвэрийг бичгийн хэлбэрээр 14 биш 37 хоногийн дараа нь гаргаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь заалтыг зөрчсөн ...;
4.1.4. Хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй: ... хэрэг үүсгэснээс хойш түүнийг 105 хоногийн дотор шийдвэрлэх боломжгүй байсан ч заримдаа хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүгч нь хуульд заасан хугацаанаас удсан, ... шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийг зөрчсөн ...;
4.1.5. Маргааны хүрээг хэтрүүлсэн: ... нэхэмжлэгч нь журам өөрийн болон хүүхдүүдийн нь эрхийг зөрчиж байгаа нэхэмжлэлд, тайлбаруудад тайлбарласан. Энэ талаар хариуцагч нь 2013 онд нэхэмжлэгчийг албадан гаргах тушаал гаргаагүй гэх худал мэдүүлснээсээ гадна маргаагүй, ... шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” гэдэг хэсгийн 3.12-т бичсэн нь ... бүхэлдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, зөрчигдөж болзошгүй, сөрөг үр дагавар үүсгэхээр байгаа гэх нөхцөл байдал тогтоогдох байгаа талаарх бодит шалтгаан үндэслэлийг нэхэмжлэгчээс тайлбарлаагүй, баримт нотолгоог заагаагүйг, ... шүүх нь хэргийн оролцогчдын маргаагүй асуудал болох нэхэмжлэгчид сөрөг үр дагавар үүсгэн асуудлаар дүгнэлт хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг зөрчсөн ...;
4.1.6. Шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн: ... оролцогчдын маргаагүй өөр асуудал болох Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд тавьсан шаардлагыг хангасны нотлох баримт хэргийн хавтаст байгаагүйг үндэслэж журмыг хүчингүй болгоогүй, шүүх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн ...;
4.1.7. Шударга ёсыг зөрчсөн: ... нэхэмжлэгч нь 2013 онд өөрийг нь албадан гаргах тушаал гаргасан, үүнтэй холбогдуулан өөрийг нь 5 хоногийн турш саатуулсны тухай нотлох баримт хэргийн хавтаст оруулахыг хүссэн, ... тэднийг эрэлхэсхийж хэргийн хавтаст оруулахаас татгалзаад нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, зөрчих боломжгүйн нотлох баримт гаргаагүйг үндэслээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх өөрийнхөө татгалзсан нотлох баримт дутаж байгааг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүйг шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан шударга ёсыг зөрчсөн ...;
4.1.8. Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаагүйг харуулсан: ... Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан шаардлага болох “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх” гэдгийг журам хангаагүй талаарх үндэслэлийг нэхэмжлэгч дэлгэрэнгүй тодорхойлж маргасан, нэхэмжлэлийн 2.2.9-ээс 2.2.20, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тайлбарын 2-оос 7-р хэсэг (1-р хавтасны 177-р хуудас), “Шүүх хуралд хэлэх нь” гэдэг тайлбарын 4-с 10-р хэсгийг үзнэ үү, ... шүүхийн шийдвэрийн 3.4 нь ямар ч бодит шалтгаан үндэслэлгүй ...;
4.1.9. “Ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан” гэдгийг шийтгэлийн шалтгаанаар зохицуулах нь хууль бус байдлыг нэхэмжлэгч тайлбарласан: ... шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” гэдэг хэсгийн 3.7, 3.13 нь ... бодит шалтгаан үндэслэлгүй бөгөөд шүүгчид нэхэмжлэл, тайлбаруудыг сайн уншаагүй гэдгийг дахин харуулсан ...;
4.1.10. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын зөрчлийг нэхэмжлэгч тайлбарласан: ... хэргийн хавтаст байгаа Нэгдсэн Үндэстний байгууллагын хороонуудын 14 баримтуудын орчуулгаас нэгийг ч шүүхийн шийдвэрт дурдаагүй ...;
4.1.11. Нэхэмжлэгч нь өөрийн болон хүүхдүүдийнхээ эрхийг журам хэрхэн зөрчсөнийг тайлбарласан: ... шүүх хуралдаан даргалагч нэхэмжлэгчийг тайлбарлуулаагүй, шүүгчид энэ талаар тайлбар асуугаагүй боловч нэхэмжлэлийн “2.2.2. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол” гэдэг хэсэгт нэхэмжлэгч болон манай хүүхдүүдийн эрхийг журам нь хэрхэн зөрчсөнийг дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд нэхэмжлэлийн 2.2.9-ээс 2.2.20 (1-р хавтасны 94-р х.), “Шүүх хуралд хэлэх нь” гэдэг тайлбарын туршид (3-р хавтаст), ялангуяа түүний “4.К. Эрх чөлөөний зарчмыг зөрчсөн нь” гэдэг хэсэгт журам нь ямар ямар заалтуудыг зөрчсөнийг улам дэлгэрэнгүй тайлбарласан ...;
4.1.12. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн заалтуудыг зөрчсөний шалтгаан үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр нэхэмжлэгч тайлбарласан: ... шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” гэдэг хэсгийн 3.10 нь бодит шалтгаан үндэслэлгүй, шийдвэрийнхээ шалтгаан үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр тайлбарлаж тодорхойгүй этгээд бол нэхэмжлэгч биш харин шүүх өөрөө ...;
4.1.13. Дуу-дүрсний бичлэг нь дутуу: ... намайг ярьж байхад Zoom программ хангамжид дуу-дүрсний бичлэг эхэлж байсны тухай дохио гэнэт гарсан. Тиймээс тэр үеэс өмнөх шүүх хуралдааны хэсгийг дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулаагүйн шинжтэй ...;
4.1.14. “Ne bis in idem” гэдэг зарчмыг зөрчсөн: ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дугаар хэсгийн 4 дэх заалт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт ч энэ зарчмыг заасан ...;
4.1.15. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн тайлбарыг буруу дурдсан: ... шүүхийн шийдвэрийн “Тодорхойлох нь” гэдэг хэсэгт, 2-р хуудасны сүүлийн мөр зэрэгт бичсэн, ... нэхэмжлэлийн шаардлагыг шал буруу ойлгож хуулийн зөрчлийг маргаантай журмаас “Их хурал” руу шилжүүлэхдээ шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь заалтыг зөрчсөн ...;
4.1.16. Алдаатай, ойлгомжгүй үндэслэл: ... шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” гэдэг хэсгийн 3.3 дахь өгүүлбэр ил алдаатай байна, ... журмыг баталсан нь Захиргааны ерөнхий хуулийн заалтуудыг заасан гэдэг нь шал утгагүй, ... тус үндэслэл нь ойлгомжгүй ...;
4.1.17. Шийдвэрийн бусад алдаа ... ;
4.2. Хоёр. Шүүхийн шийдвэрийн хууль зүйн алдаанууд
4.2.1. Шүүх нь Үндсэн хуулийг зөрчсөн: ... журам нь Үндсэн хуульд зөрчилдсөн эсэхийг захиргааны шүүх шийдвэрлэхгүй гэж шүүхийн шийдвэрт бичсэн нь зүйтэй харин энэ зохицуулалт Үндсэн хуулийг хэрэглэхээс шүүхийг чөлөөлөөгүй, шүүх өөрөө Үндсэн хуулийг дагаж мөргөх ёстой, бусад хуулиудыг Үндсэн хууль болон Үндсэн хуулийн хавсралт хуулийн хүрээнд ойлгож хэрэглэх хэрэгтэй ... ;
4.2.2. Шүүхийн шийдвэрт нь конвенц, пактыг хэрэглээгүй: ... Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай конвенцод заасан алга болгох аюулаас хангалтай хамгаалаагүй, ... шийдвэрт журмын энэ хууль бус дутагдал, Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай конвенцыг дурдаа ч үгүй, энэ дутагдал журмын 1.1, 1.3 дахь заалт, “Хоёр.Албадан гаргах шийдвэр”, “Гурав.Албадан гаргах ажиллагаа” хэсгийг хүчингүй болгох үндэслэлээр хэрэглэхээс татгалзах үндэслээ бичээгүй, ...;
4.2.3. Шүүх нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг буруу хэрэглэсэн:
4.2.3.1. Ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэдэг зөрчил, ... нэхэмжлэгчийн одоогийн оршин суух зөвшөөрөл 3 жилийн хугацаатай, тэр нь ямар ч үйл ажиллагааг заагаагүй. “Гэр бүл” бол үйл ажиллагаа биш. Хариуцагч болон шүүхийн санал бол гадаадын иргэн сонгосон үйл ажиллагаагаа явуулбал хүний эрхийг нь хангасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 3 жилийн турш “гэр бүл”-ийн үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаа эрхэлж болохгүй. Энэ үзэл бодол Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг ноцтой зөрчсөн, ... хүний эрх ямар ч зөвшөөрлөөс хамааруулж болохгүй, Монгол Улс нь тайван хуран цуглах виз олгодоггүй учраас энэ эрхийн хувьд нэхэмжлэгч нь “өөрийн үйл ажиллагаа явуулахыг хүссэн зорилгодоо нийцүүлэн виз мэдүүлэх боломжтой” гэж шүүхийн шийдвэрт бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хүн урт хугацаанд нэг л эрхтэй, үүнээс хойш дахиад урт хугацаанд өөр нэг л эрхтэй гэж пактад заагаагүй харин хүн бүрд, байнга, ямар ч цагт, пактад заасан бүх эрхтэй байдаг, ... гадаад хүн нь оршин суух зөвшөөрөлд нь заасан зорилгыг гол зорилгоороо биелүүлэх үүрэгтэй гэдэг нь маргаангүй байна. Харин үүнээс гадна гэр бүлтэй Монгол хүн Монгол Улсаас гаралгүй, ямар ч зөвшөөрөл авалгүй пактад заасан эрхийг эдлэх боломжтой тул 2-р зүйлийн 1-д зааснаар нэхэмжлэгч ижил эрхтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гол үйл ажиллагаанаасаа гадна хүний эрхэд багтсан ямар ч үйл ажиллагаа явуулах эрхтэй байх ёстой, үүнээс шашны хичээл заах эрх ... ;
4.2.3.2. Тодорхойгүй нэр томьёонууд, заалтууд пактад нийцэхгүй, ... журмын заалтууд, нэр томьёонууд тодорхой биш бол Гадаадын иргэн, харьяатын газрын алба хаагчид өөр өөрөөр хууль журмыг тайлбарлаж дур мэдэн шийднэ, ... хуулийн хүрээнд ямар үйл ажиллагаа хийж болох вэ гэдэг нь өөр өөрөөр тайлбарлагддаг тул албадан буцаагдах магадлал өндөр болдог, шийдвэрийн “Үндэслэх нь” гэдэг хэсгийн 3.5 нь пактын 13 болон 26-р зүйлийг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй ...;
4.2.3.3. Эрх гэдгийн ойлголтыг шүүх буруу хэрэглэсэн нь ... шийдвэрийн “Үндэслэх нь” гэдэг хэсгийн 3.7-д ....шүүгчид “эрх”, “үйл ажиллагаа” хоёрыг андуурч пактыг буруу хэрэглэсэн, ... Засгийн газар нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг зөрчиж хүний эрхэд багтсан үйл ажиллагаа, багтаагүй үйл ажиллагааг хоёрыг ялгалгүй “ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан” гэдэг үндэслэлээр гадаадын иргэнийг албадан гаргахыг заахад нэхэмжлэгчийн төрийн бус байгууллага зохион байгуулах эрхийг аль хэдий зөрччихсөн, ... үүнтэй адил пактын 9 дүгээр зүйлийн 1-д заасан “халдашгүй дархан байх эрх” гэдэг нь зөвхөн дур мэдэн баривчлах, цаазаар авах, эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар харьцах зэрэг зовлон тулж үзээгүй байхаас ялгаатай, ... эрх зөрчсөний өөр нотолгоо хэрэггүй ... энэ бол шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” гэдэг хэсгийн 3.11 нь хууль зүйн үндэслэлгүй байх хоёр дахь шалтгаан бөгөөд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хувьд шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” гэдэг хэсгийн 3.7, 3.10 нь бас хууль зүйн үндэслэлгүй ...;
4.2.4. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг буруу хэрэглэсэн: ... тус хуулийн 9.2, 9.2.3 дахь заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан хууль дээдлэх зарчмын хүрээнд тайлбарлах нь зүйтэй. Журам батлахын зорилго бол дур зоргоороо шийдвэрээс зайлсхийх юм. “Үндэслэх нь” хэсгийн 3.5-д Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.3-г буруу хэрэглэсэн нь тус хэсэг хууль зүйн үндэслэлгүй байх давхар үндэслэл ...;
4.2.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн: ... Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.1, 11.1.2, 11.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 52.5.6-д тус тус заасан, ... захиргааны хэм хэмжээний актын хувьд “болзошгүй” гэдгийг нэмж бичсэн учир нь ойлгомжтой, захиргааны акт, захиргааны гэрээ ер нь нэг эсвэл цөөхөн этгээдийн тэр үеийн бодит тохиолдолд гаргадаг бол хэм хэмжээний акт олон нийтэд зориулсан бөгөөд урт хугацаанд ашигладаг, ... захиргааны хэм хэмжээний актын үүсгэх зөрчлийн боломжийг тус актын хүчинтэй байх бүтэн хугацаанд үнэлэх зүйтэй, ... ирээдүйн тухай нотолгоо гэж байдаггүй тул хуулийн 52.5.6 “зөрчигдсөн, эсхүл зөрчигдөх” гэж бичээгүй харин “зөрчигдөж болзошгүй” гэж бичсэн, нэхэмжлэгч бол гадаад хүн учраас иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1-д заасан бүх тохиолдлууд бие болох болзошгүй, ... үүгээр барахгүй хуулийн 52.5.1-д “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол” гэж бичсэн бол 52.5.6-д “нэхэмжлэгч” гэдгийг “хүн, хуулийн этгээд” гэдгээр орлуулсан. Өөрөөр хэлбэл зөвхөн өөртөө сөрөг нөлөөтэй захиргааны актыг хүчингүй болгуулах боломжтой бол ямар ч хүн, этгээдийн эрхийг зөрчсөн захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулах боломжтой. Энэ дэглэм нь Цэцэд маргаан хянан шийдвэрлэхэд тавигдсан шаардлагатай төсөөтэй яагаад гэвэл захиргааны хэм хэмжээний акт, хууль хоёр бол хэм хэмжээний акт, ..., “Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн” гэдгийг шаардсан харин тус акт хууль бус гэдгийн улмаас тус эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шаардаагүй, шүүхүүд актыг бүхэлд нь хүчингүй болгох шаардлагагүй тохиолдолд зөвхөн хэрэгтэй заалтуудыг нь хүчингүй болгодог нь зөв харин энэ нь актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн эрхийг хаах үндэслэл болдоггүй. Тийм учраас актын нэг заалт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тус тус актыг бүхэлд хүчингүй болгох эсвэл актын хууль бус бусад заалтуудыг хүчингүй болгох хангалттай үндэслэл гэж тооцох нь зүйтэй, ... шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 3.2, 3.10, 3.12, 3.14 дугаартай хэсгүүд нь хууль зүйн үндэслэлгүй ...;
4.2.6. Иргэний хуулийг буруу тайлбарласан: ... Их хурлын гишүүд нь тэнэг хүмүүс биш учраас адил зорилготой, нэг салбарыг зохицуулсан, хоорондоо зөрчилдсөн хуулийг нэхэмжлэгч уншиж үзээгүй. Харин өөр өөр зорилготой, өөр өөр харилцааг зохилцуулсан хуулиуд заримдаа хоорондоо зөрчилдөж болно яагаад гэвэл тэдний зохицуулсан харилцааг давхардсан. Тухайлбал арилжааг зохицуулах нэг хууль, шашныг зохицуулах өөр хууль хоёр өөр өөр зорилготой, өөр өөр харилцааг зохилцуулсан харин шашны дэлгүүрийн хувьд хоорондоо зөрчилдөх эрсдэлтэй. Иргэний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан хоёр шалгуурыг нэг харилцааг зохицуулсан, ижил зорилготой хуулиудад хуульд хязгаарлаагүй, Иргэний тухай хуулийн 3.3 нь бүх хуулийн зөрүүг зохицуулсан тул шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” гэдэг хэсгийн 3.8 нь хууль зүйн үндэслэлгүй ...;
4.2.7. Зөвшөөрлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн: ... тус хуулийн зорилт нь гадаадын иргэний эрх зүйн байдлыг тогтоож, гадаадын иргэн Монгол Улсад орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суухтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн Арван наймдугаар зүйлийн 5-д заасан гадаадын иргэний эрх, явуулах үйл ажиллагаанд тавих хязгаарлал, олгох зөвшөөрөл нь Зөвшөөрлийн тухай хууль хамаардаг, ... шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” гэдэг хэсгийн 3.7, 3.8 нь хууль зүйн үндэслэлгүй ... гэжээ.
5. Хариуцагчаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд холбогдуулан аливаа тайлбарыг гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
7. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7-д “шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч шүүхийн шийдвэрт гарын үсэг зурна.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна.”, 106 дугаар зүйлийн 106.8-д “Шүүхийн шийдвэрт шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурах... ”-аар тус тус заасан.
8. Хэрэгт авагдсан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 221/ЕШ2023/0927 дугаар захирамжаар Франц улсын иргэн Ж Х (H d S)-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Д.Б, шүүгч Н.Д нарыг, шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Н.Х-г томилсон шийдвэрийг албажуулсан, тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 0781 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлд “... шүүх хуралдааныг шүүгч Н.Х даргалж, Ерөнхий шүүгч Д.Б, шүүгч Н.Д нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааныг хийж ...” гэж тэмдэглэгдэн даргалагч, шүүгч Н.Х гарын үсэг зурж баталгаажуулжээ.
9. Харин шийдвэрийн “Удиртгал” хэсэгт шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Н.Х, шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Д.Б, шүүгч Э.Л нарын бүрэлдэхүүнтэй гэж, “Тогтоох” хэсэгт даргалагч, шүүгч Н.Х, Ерөнхий шүүгч Д.Б, шүүгч Э.Л нар тус тус гарын үсэг зурсан нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 221/ЕШ2023/0927 дугаартай “шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан” захирамжаас зөрүүтэй байдал тогтоогдож байна.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана:” гээд 121.3.6-д “шүүхийн шийдвэрт шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан” гэж зааснаар шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч шүүхийн шийдвэрт гарын үсэг зурсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.
11. Иймд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/ШШ2023/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
[1] 3 дугаар хавтаст хэргийн 203-221 тал