Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 11

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь хэсэг буюу Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст мэргэжилтнээр томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Б нь Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаар захирамжаар Аймгийн Засаг даргын өмчийн хяналт, дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилогдсон.  

Аймгийн Засаг даргын өмчийн хяналт, дотоод аудит хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдоод ямар нэгэн сахилгын болон захиргааны зөрчил гаргаж байгаагүйн дээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч төдийгүй, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагийг 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өргөсөн. Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн батлагаараа хангагдаагүй. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д зааснаар эдлэх эрх, эрх чөлөөг Захиргааны байгууллагаас зөрчсөн гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаар тогтоол, аймгийн ЗДТГ-ын даргын 2016 оны А/50 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтанд дурьдсанаар миний урьд эрхэлж байсан ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн. Өөрөөр хэлбэл дээрх бүтцээр хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс байгуулагдан мний урьд эрхэлж байсан ажлын чиг үүрэг дээрх хэлтэст хэвээр үлдсээр байтал албан тушаалын чиг үүрэг нь өөр байгууллагад шилжсэн гэж үзэж орон нутгийн өмчийн газрын мэдэлд шилжүүлсэн нь үндэслэлгүй юм.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь Ховд аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Аймгийн Орон нутгийн өмчийн газарт намайг ажлын байраар хангаж ажиллахыг хүссэн хүсэлт илгээсэн боловч тус Өмчийн газар нь Аймгийн ИТХ-н ажлын албанд гүйцэтгэж байсан Өмчийн албаны чиг үүрэг шилжиж ирсэнээс биш хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн ямар нэгэн чиг үүрэг манай газарт ирээгүй тул ажлын байраар хангах боломжгүй гэсэн хариуг хэлсэн.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь заалтаар шинэчлэгдсэн аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцээр албан тушаалын чиг үүрэг нь өөр байгууллагад шилжсэнтэй холбогдуулан намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон нутгийн өмчийн газрын мэдэлд шилжүүлсэн.  

Иймд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 3 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь хэсэг буюу Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст мэргэжилтнээр томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Б нь урьд тус шүүхэд хариуцагчаар Ховд аймгийн ЗДТГ-н дарга Б.Ганболдод холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь хэсэг буюу Б.Б-д холбогдох хэсгийн биелэлтийг хангуулж, Ховд аймгийн Өмчийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хэсэгт зааснаар тус хэргийн хариуцагч нь Ховд аймгийн ЗДТГ-н дарга биш тул хариуцагчаар Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрыг татаж байгааг хүлээн авч хариуцагчийг сольж өгнө үү.

Би Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн Б/17 дугаар захирамжаар Аймгийн Засаг даргын өмчийн хяналт-дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилогдсон.

Аймгийн Засаг даргын өмчийн хяналт, дотоод аудит хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдоод ямар нэгэн сахилгын болон захиргааны зөрчил гаргаж байгаагүйн дээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дэхь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагч төдийгүй, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагыг 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өргөсөн. Төрийн жинхэнэ албан хаагчийн батлагаагаар хангагдаагүйн дээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар бүлгийн 4 дэхь хэсэгт заасан баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг Захиргааны байгууллагаас зөрчсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Ховд аймгийн ЗДТГ-ын даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь заалтаар шинэчлэгдсэн аймгийн ЗДТГ-н бүтцээр албан тушаалын чиг үүрэг нь өөр байгууллагад шилжсэнтэй холбогдуулан намайг аймгийн ЗДТГ-н хэрэгжүүлэгч агентлаг Орон нутгийн өмчийн газрын мэдэлд шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаар тогтоол, Аймгийн ЗДТГ-н даргын 2016 оны А/50 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтанд дурьдсанаар миний урьд эрхэлж байсан ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн. Өөрөөр хэлбэл дээрх бүтцээр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс байгуулагдан миний урьд эрхэлж байсан ажлын чиг үүрэг дээрх хэлтэст хэвээр хадгалагдан үлдсээр байтал албан тушаалын чиг үүрэг нь өөр байгууллагад шилжсэн гэж үзэн Орон нутгийн өмчийн газрын мэдэлд шилжүүлсэн.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын надад холбогдох хэсэг нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг зөрчсөн, мөн хуулийн 24, 25, 26, 27 ,29 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг цуглуулаагүй, оролцогчийг сонсоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй, захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудсыг бүрдүүлээгүй зэрэг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн хуулийн хэрэгжилтийг хангалгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэхь хэсэгт заасан захиргааны байгууллагын хувьд алдаатай шийдвэр гаргаж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар Ховд аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Аймгийн Орон нутгийн өмчийн газарт намайг ажлын байраар хангаж ажиллахыг хүссэн хүсэлт илгээсэн боловч тус Өмчийн газар нь аймийн ИТХ-н ажлын албанд гүйцэтгэж байсан. Өмчийн албаны чиг үүрэг шилжиж ирсэнээс биш Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн ямар нэгэн чиг үүрэг манай газарт ирээгүй тул ажлын байраар хангах боломжгүй гэдгээ илэрхийлсэн.

Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, Аймгийн ЗДТГ-н даргын 2016 оны А/50 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтанд дурьдсан Аймгийн ЗДТГ-н бүтэц хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст миний урьд эрхэлж байсан ажлын байр, ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэнийг дахин дурьдах нь зүйтэй.

Иймд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь хэсэг буюу Б.-д холбогдох хэсгийн биелэлтийг хангуулж, Ховд аймгийн Өмчийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Б нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан Б/50 дугаар тушаалын Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагчийг сольж, Орон нутгийн өмчийн газрын даргад холбогдуулан  нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь хэсэг буюу Б.Б-д холбогдох хэсгийн биелэлтийг хангуулж, Ховд аймгийн өмчийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж өөрчилсөн.  

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын Б/50 дугаар тушаалаар Б.Б-г Орон нутгийн өмчийн газарт шилжүүлсэн.  Орон нутгийн өмчийн газрын чиг үүрэг аймгийн Засаг даргын эрхлэх асуудалд шилжсэнтэй холбоотой аймгийн Засаг даргын Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог баталсан байдаг.

 Ховд аймгийн Засаг дарга нь А/500 дугаар захирамжаар Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог баталсан, уг баталсан орон тоо дутуу ажиллаж байгаа талаар гэрч болон хариуцагч нар тайлбарладаг. Б.Б-г ажилд авахгүй байгаа шалтгаан нь цалингийн сан болон орон тоо хүрэлцэхгүй байна гэсэн шалтгааныг тайлбарладаг. Гэвч аймгийн засаг даргаас баталсан орон тоо дутуу  ажиллаж байгаа.  Иймд Б.Б-г орон нутгийн өмчийн газарт мэргэжилтнээр ажиллуулах боломжтой.

Б.Б нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар төрийн албан хаагчийн баталгааг эдлэх эрхтэй бөгөөд энэ эрх нь алдагдсан.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэсэн зохицуулалт байгаа юм. Засаг даргын Тамгын газрын дарга болон орон нутгийн өмчийн газрын даргатай орж уулзахад манайд орон тоо байхгүй гээд яваад байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх эрхтэй. Нэхэмжлэгчийн зүгээс яагаад хариуцагчаар орон нутгийн өмчийн газрыг татсан юм бэ гэвэл ажлаас чөлөөлсөн тушаалаар бүтэц орон тоог шилжүүлсэн. Ажлын байрны чиг үүрэгт заасан ажил хөдөлмөрөө эрхлэхийг шаардаж нэхэмжлэл гаргасан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие хариуцагч сольж, нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн нэхэмжлэлтэй танилцлаа.    

Ховд аймгийн орон нутгийн өмчийн газар нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор өмчийн албаны чиг  үүргийг шилжүүлэн, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/500 дугаар захирамжаар Аймгийн Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоо батлагдан 12 ажилтантайгаар үйл ажиллагаа явагдаж байна.

Манай байгууллагын бүтцэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн гэдэг орон тоо байхгүй, цалингийн сан хүрэлцэхгүй Б.Б нь тус байгууллагад ажиллах эрх зүйн үндэс байхгүй юм.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь Ховд аймгийн хэмжээний байгууллагын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх чиг үүрэг бүхий хэлтэс бөгөөд өмнөх бүтцэд нь Б.Б нь тухайн албанд ажиллаж байжээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

Хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар 30 хоногийн хугацааг нэхэмжлэл гаргахдаа хэтрүүлж гаргасан байна. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга эрх хэмжээгээ хэтрүүлж Б.Б-г шилжүүлсэн байдаг. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын чиг үүргийг Засаг  захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар хэрэгжүүлэгч агентлагийн даргад ямар нэгэн байдлаар үүрэг өгөх боломж байхгүй. Олгогдоогүй эрхийг эдэлчихсэн байдал харагдаад байгаа юм. Нийгмийн даатгалын дэвтрийн хууулбар дээр аймгийн Засаг даргын захирамжаар ажилд орсон мөртлөө үр дүнгийн гэрээ ажлын байрны тодорхойлолтоороо  хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн мэргэжилтэн хийж байсан нь харагддаг. Засаг даргын тамгын газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулсан байдаг. Тамгын газраас цалин хөлс нь гарч байсан. Засаг даргын Тамгын газар бүтэц орон тоо өөрчлөлтөнд орсон тохиолдолд Засаг даргын Тамгын газар Б.Б-г ажлын байраар хангах чиг үүрэг нь хэвээр хадгалагдах ёстой. Түүнчлэн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан 2016 оны 09 сарын 30-ны өдрийн А/50 дугаар хавсралтанд хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитийн хэлтэс  4 орон тоотой, энэ орон тооноос 3 ажилладаг 1 орн тоон дээр байхгүй байгаа 41 орон тоон дотроо  Б.Б ажиллаад явах боломжтой. Дотоод аудит хариуцаж байсан алба нь  өргөжөөд хэлтэс болсон. Нэг орон тоон дээрээ ажиллаад явах боломж нь байхад яагаад орохгүй байгааг ойлгохгүй байна. Бид нарын эрх хэмжээний асуудал биш гэж үзэж байна. Аймгийн иргэдийн хурлаас орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог 9 орон тоотойгоор баталсан.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Орон нутгийн өмчийн газар нь сан хариуцсан мэргэжилтэн хийх ёстой байсныг хийлгэхгүй байна гэж ярьж байна. Б.Б-ийн ажлын байрны тодорхойлолт болон ажилд авсан захирамжаар хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан хэлтэст хамаарагдан ажиллаж байсан. Засаг даргаас өмчийн харилцаа хяналт шинэжилгээний чиг үүрэг орон нутгийн өмчийн газарт шилжиж ирээгүй ийм баримт  хавтаст хэрэгт байхгүй. Нэхэмжлэгчид би төрийн жинхэнэ албан хаагч мөн учраас ажилдаа орно гээд шүүхдээ хандах боломж нь байсан. Энэ боломжоо нэхэмжлэгч Б.Б нь эдлээд явж байгаад сүүлдээ нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд явсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага өөрчилж гаргахдаа хөөн хугацааг хэтрүүлж гаргасан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б  нь  Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь хэсэг буюу Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст мэргэжилтнээр ажилд томилох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг Ховд аймгийн Орон нутгийн Өмчийн газраар сольж, нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь хэсэг буюу Б.Б-д холбогдох хэсгийн биелэлтийг хангуулж, Ховд аймгийн өмчийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж өөрчилсөн болно.

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Г нар нь тодорхой шалтгааны улмаас шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож чадахгүй талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч, хариуцагч нарын өмгөөлөгч нар нэхэмжлэгч, хариуцагч нарыг эзгүйд шүүх хуралдааныг үргэлжүүлэхийг зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт зэргийг үнэлж дүгнээд нэхэмжлэгч Б.Б-н  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн өмгөөлөгч “Б.Б анх нэхэмжлэл гаргахдаа Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргад  холбогдуулан гаргасан, харин нэхэмжлэлийн шаардлагаа Орон нутгийн өмчийн газрын даргад холбогдуулан өөрчилсөн  ба нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хувьд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Б.Б нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалыг хууль бус гэж үзэн Ховд аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд  хандсан ба  Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 140 дугаар албан бичгээр хариуг өгсөн ба Б.Б нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар  тус шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчаар Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргыг сольж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Б.Б нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “хуульд өөрөөр заагаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиролдолд шийдвэрийг мэдсэнээс хойш захиргааны шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”  гэж заасан  ба нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын тухайд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж  үзэх үндэслэлгүй байна. 

Өөрөө хэлбэл Б.Б-ийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага, өөрчилсөн шаардлага нь Б/50 тушаалтай холбоотой байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

1.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар  тушаалын 2 дахь заалтын Б.Б-д холбогдох хэсгийн  биелэлтийг хангуулахыг даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Б нь Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын өмчийн хяналт, дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилогдсон, төрийн жинхэнэ албан хаагч байна.

Нэхэмжлэгч нь 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн аймгийн Засаг даргын өмчийн хяналт, дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ба уг албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарч байх бөгөөд Б.Б нь 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн байх тул түүнийг хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасны дагуу Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдана.   

Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг Ховд аймгийн Засаг дарга 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/463 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгосон болох нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний 39 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/150 дугаар магадлалаар тогтоогдож  байна. 

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь заалтаар шинэчлэгдсэн аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцээр албан тушаалын чиг үүрэг нь өөр байгууллагад шилжсэнтэй холбогдуулан Б.Б-г аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон нутгийн өмчийн газрын мэдэлд шилжүүлжээ.

Хариуцагч Б/50 дугаар тушаалын биелэлтийг хангахгүй байх үндэслэлээ “манай байгууллагын орон тоо, цалингийн сан хүрэлцэхгүй” гэж тайлбарлажээ.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 99  дугаар “Өмчийн албаны чиг үүргийг шилжүүлэх тухай” тогтоолоор  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 5 дугаар заалт “нутгийн удирдах байгууллагад орон нутгийн өмчийн асуудал хариуцсан ажилтан буюу ажлын алба уг ажлыг эрхэлнэ” гэсэн заалт хүчингүй болсонтой холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс тасалбар болгон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн эдийн засаг, үйлдвэрлэл өмчийн харилцааны хэлтсийн өмчийн албаны чиг үүргийг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлжээ.

Ховд аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/500 дугаар “Орон  нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог батлах тухай” захирамжаар Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог  дарга 1, өмчийн алба 4, худалдан авах ажиллагааны алба 3, захиргаа, аж ахуйн алба 4, нийт 12  орон тоотой баталжээ.

Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газар нь 2017 онд 9 хүний бүрэлдэхүүнтэй, өөрөөр хэлбэл өмчийн алба 3 мэргэжилтэнтэйгээр ажиллаж байгаа болох нь хариуцагчийн тайлбар болон  гэрч Б.Сонинтуяагийн мэдүүлгээр нотлогдож байх ба Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/50 дугаар тушаалаар Орон нутгийн өмчийн газрын мэдэлд  шилжүүлсэн Б.Б-г  хариуцагч “орон тоо байхгүй” гэх үндэслэл дурьдан ажилд авахгүй байгаа нь хууль бус юм.

Хариуцагч мөн “цалингийн сан хүрэлцэхгүй” талаар тайлбарлаж байгаа ч Ховд аймгийн  Орон нутгийн өмчийн газрын 2017 оны төсвийн төлөвлөгөө, Ховд аймгийн төсвийн байгууллагуудын 2017 оны төсвийн төсөл зэрэгт Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын бүтцийг нийт 9 оронтоотой буюу  удирдах 1, гүйцэтгэх 7, үйлчилгээний албан хаагч 1 байхаар  төсөвлөсөн ба аймгийн Засаг даргын А/500 дугаар захирамжаар баталсан удирдах 1, гүйцэтгэх 7 буюу  өмчийн алба, худалдан авах ажиллагааны мэргэжилтэнүүдийн 7 орон тооны цалин төсөвлөгдсөн байна. Харин Орон нутгийн өмчийн газар нь 2017 онд удирдах 1, гүйцэтгэх 5 , үйлчилгээний 3 албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байгаа болох нь  хариуцагч болон гэрч Б.Сонинбаярын мэдүүлгээр нотлогдож байх тул хариуцагчийн цалингийн сан  хүрэлцэхгүй  гэх шалтгаан нь үндэслэлгүй байна. 

Иймд хариуцагч Орон нутгийн өмчийн газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх,хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...”-аар заасны дагуу Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын Б/50 дугаар тушаалын Б-д холбогдох хэсгийн биелэлтийг хангах үүрэгтэй байна.

 

2.Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажилд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ховд аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/500 дугаар “Орон  нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог батлах тухай” захирамжаар Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог  дарга 1, өмчийн алба 4, худалдан авах ажиллагааны алба 3, захиргаа, аж ахуйн алба 4, нийт 12  орон тоотой баталсан ба өмчийн алба нь өмчийн харилцаа хариуцсан мэргэжилтэн,  өмчийн бүртгэл хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн,  орон нутгийн өмчит хуулийн этгээд хариуцсан мэргэжилтэн, орон нутгийн өмчийн сан хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоотой  батлагдсан болох нь Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/500 дугаар захирамжаар нотлогдож байгаа ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний орон тоо байхгүй байна.

Иймд  нэхэмжлэгчийн  Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажилд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

3.Ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагын тухайд

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн  хөдөлмөрийн харилцаатай  холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй  бусад асуудлыг  Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу  ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан  бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно”  гэжээ. 

Нэхэмжлэгч Б.Б нь  урьд ТЗ-6 шатлалаар цалинждаг байсан болох нь түүний ажлын байрны тодорхойлолтоор нотлогдож байна. 

Ховд аймгийн Засаг даргын  А/500 дугаар захирамжаар өмчийн албаны мэргэжилтэн нь ТЗ-5 шатлалтаар цалинжуулахаар орон тоог баталсан байх тул нэхэмжлэгч Б.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ТЗ-5 шатлалаар тооцож олгох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь  хэсэгт зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж,  дэвтэр нь  бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Дүгнэвэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь хэсэг буюу Б.Б-д холбогдх хэсгийн биелэлтийг хангахыг Ховд аймгийн Орон нумгийн өмчийн газрын даргад даалгаж, Б.Б-ийн  ажилгүй байсан хугацааг  2016 оны 09 дүгээр сарын 30 -ны өдрөөс  энэхүү шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацааны  цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг ТЗ-5 шатлалаар тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг  хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс Орон нутгийн өмчийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажилд томилохыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 27 дугаар зүйлийн 27.2.3  дахь хэсэгт заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Б.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь хэсэг буюу Б.Б-д холбогдох хэсгийн биелэлтийг хангахыг Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад даалгаж, нэхэмжлэлээс Орон нутгийн өмчийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажилд томилохыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 30 -ны өдрөөс  энэхүү шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацааны  цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ТЗ-5 шатлалаар тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг  хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн  газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЯНЖИНДУЛАМ