Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 001/хт2017/01257

 

Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

             Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 134/ШШ2017/00083 дугаар шийдвэр,

        Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 216/МА2017/00013 дугаар магадлалтай,

            Т-ийн нэхэмжлэлтэй,

            Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд холбогдох

         ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т, түүний өмгөөлөгч Ж.Чимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2004 онд УБИС-ийг Дүрслэх урлаг, технологийн багшаар бакалаварын зэрэгтэй төгсөж тухайн оныхоо хичээлийн жилдээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд мэргэжилээрээ анх ажилд орсон. Үүнээс хойш боловсролын салбарт тасралтгүй 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 13 жил ажилласан. Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль шинээр байгуулагдан бүтэц зохион байгуулалтаар тус сургуульд 2 дугаар сургуулиас шилжин ирж, ажилласнаас хойш сургуулийн захирал О.Одгэрэл багшийн мэдлэг чадвараар бус гаднах өнгө үзэмж, байгаа байдал, дуу цөөтэй бусадтай урьдал болгодоггүй занг минь далимдуулж ялгаварлан гадуурхаж эхэлсэн. Анх 5 дугаар сургууль үүсэн байгуулагдахад 1,2 дугаар сургуулийн багш нараас баг хамт олон бүрдсэн. Захирал О.Одгэрэл дээрх сургуулиас ирсэн багш нарын хооронд нь талцуулж 2 дугаар сургуулийн багш нарыг илтэд ялгаварлан үг хэлээр доромжилж гадуурхах болсон. Түүнээс хойш байнга дарамталсаар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас халсан. Халахдаа 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоолыг тус байгууллагаас өөрөө очиж авч халах үндэслэл болгосон. Миний энэ асуудал бол 2 хүний хоорондын маргаанаас үүссэн, бид хоёр эвлэрээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би санамсаргүй байдлаас болж ийм асуудалд орсон болохоос байгууллагын нэр хүндэд халдаагүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, тус сургуулийн дүрслэх урлаг, дизайн технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулмаар байна гэжээ.

          Хариуцагч байгууллагын төлөөлөгч О.Одгэрэлийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус сургуулийн технологийн багшаар ажиллаж байсан Т нь хамт ажиллаж байсан багшийн эд зүйлийг сургуулийн орчноос хулгай хийж Хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийг гаргасан учир Захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 тушаалаар ажлаас халсан болно. Энэ үйлдэл нь прокурорын тогтоолоор нотлогдсон. Гэхдээ прокурорын тогтоол ажлаас халах үндэслэл болоогүй, зөвхөн нотолгоо нь болсон. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийг тус сургуулийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.3.1.4, Хөдөлмөрийн гэрээний 6.2.3.4-т заасан бөгөөд багш Т-ийнүйлдэл үүнд хамаарч байгаа. Мөн Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1-т заасан багшийн ёс зүйг эрхэмлэн сахих заалтыг зөрчсөн. Хоёр хүний маргаанаас болж багшийг ажлаас нь халаагүй. Харин багш Т нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн учраас Багшийн ёс зүйн дүрэмд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

            Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 134/ШШ2017/00083 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Т-г ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, түүнийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн дүрслэх урлаг, дизайн, технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.549.389 /хоёр сая таван зуун дөчин есөн мянга гурван зуун наян есөн/ төгрөгийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулиас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 216/МА2017/00013 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 134/ШШ2017/00083 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Т-ийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.06.16-ны өдрийн 216/МА2017/00013 тоот магадлалыг ИХШХШТХуулийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгт "ноцтой зөрчил гэж дараах зөрчлийг ойлгоно хэмээн 1-12 заалтыг дугаарлан заасны 4-т нь "шунахай сэдлээр байгууллагын болон бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсаны улмаас хохирол учруулсан. Энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон бол...” ноцтой зөрчилд тооцохоор тусгагдсан байх ба Т нь гэм буруугийн талаар маргаж хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байх тул энэхүү тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна...” гэжээ. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно..” мөн Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдсан шүүхээс өөр байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох асуудлыг шийдвэрлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн шийдвэрийг Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын захирал гаргасан байхад уг шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

          Анхан шатны шүүх “...Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “сахилгын зөрчлыг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна...” гэсэн хуульд заасан хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзлээ...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Үүнийгээ хэрэгт авагдсан Прокурорын тогтоолын зүүн доод өнцөгт “Говьсүмбэр аймгийн прокурорын газар хуулбар үнэн, хуулбар олгосон ажилтны гарын үсэг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр" гэсэн тэмдэглэгээ хийгдсэн байна...” гэжээ. Гэтэл Ерөнхий боловсролын сургуулийн захирал болон бусад албан хаагчид утас алдагдсан талаар мэдэж байсан 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр захирал нь Т-тай уулзаад өөрийнх нь 2017 оны 1 сард алдагдсан гар утасны хэргийн талаар асууж загнасан байдаг ба “энэ асуудлаа шийдвэрлэ, сургуулийн нэр хүндийг гутаалаа” гэсэн гэж нэхэмжлэгч мэдүүлдэг. Энэ нь Прокурорын газраас Ерөнхий боловсролын сургуулийн захиралд багш, албан хаагчид архидан согтуурсны улмаас гэмт хэрэг зөрчил гарч байгааг анхааруулсан  мэдэгдлээс үүдэлтэй болсон асуудал. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 18-нд захирал нь Т-тай уулзаад хэрэг чинь яаж шийдвэрлэгдсэн бэ гэж асууж мэдсэн байдаг. Тэгэхээр 2017.01.19-ний өдөр илэрсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Тиймээс давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

         ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

          Нэхэмжлэгч Т нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,  Т нь хамт ажиллаж байсан багшийн эд зүйлийг сургуулийн орчноос хулгай хийж Хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийг гаргасан учир ажлаас халсан нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

           Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1, 48 дугаар зүйлийн 48.2.6, Багшийн ёс зүйн дүрмийн 3.1, Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 5/102 дугаар тогтоолыг үндэслэн Технологийн багш Т нь шунахайн сэдлээр бусдын эд зүйлсийг хулгайлсан нь зохих түвшний байгууллагын нотолгоогоор нотлогдсон гэсэн үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тухай баримт хэрэгт авагдсан байна.

       Т нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулиас иргэн Б.Хишигсүрэнгийн Самсунг Жи-7 маркийн 536.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хулгайлсан тухай Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 5/102 дугаар тогтоол хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэгч нь Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1-т заасан багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих үүргээ хэрэгжүүлэлгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан, ажилтны гаргасан энэ үйлдлийг хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

             Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 41 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрмийн 2.3-т багшийн ёс зүйн хэм хэмжээг багш нь хамт олны бүтээлч, нөхөрсөг, шудрага өрсөлдөөнийг хангасан орчин төлөвшүүлэхийг эрмэлзэж, хамтран ажиллах хүрээнд өөрийн болон байгууллагын нэр хүнд, амжилтын төлөө хамт олон, хувь хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх хэмээн тодорхойлсон байх бөгөөд 3.1-т “Багшийн ёс зүйн дүрэм-ийн заалтуудыг зөрчсөн багшид, Хөдөлмөрийн хууль, Багшлах эрх олгох, хасах журам, Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам-ын хүрээнд хариуцлага хүлээлгэх ба энэ талаарх заалтыг байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгана” гэжээ. 

          Талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.3.4-т шунахайн сэдлээр байгууллагын болон бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг ... хулгайлсны улмаас хохирол учруулсан үйлдэл нь баримтаар нотлогдсон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцож, мөн гэрээний 6.2.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан нь дээрх Багшийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг ажил олгогч, ажилтантай хийсэн хөдөлмөрийн гэрээндээ тусгасан гэж үзнэ.

            Прокуророос Т-г эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, тэрээр учруулсан хохирлоо бүрэн төлсөн буюу гэм хорыг арилгасан, хохирогч нь яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Т нь гэм буруугийн талаар маргаж хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байх тул энэхүү тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд Т-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүйд тооцогдохгүй.

           Анхан шатны шүүх, ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгч Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан “сахилгын зөрчил..., илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

           Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талууд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 5/102 тоот тогтоол гарсныг ажил олгогч буюу хариуцагч нь хэзээ мэдсэн болон сахилгын зөрчлийг илрүүлсэн гэх хугацааны талаар маргажээ.

           Хариуцагчийн төлөөлөгч О.Одгэрэл нь анхан шатны шүүх хуралдаанд ... прокурорын тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан гэсэн тайлбар гаргасан байх ба уг тайлбар нь Прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 5/102 тоот 2 хуудас бүхий тогтоолын хуудас бүрийн зүүн доод өнцөгт Говьсүмбэр аймгийн Прокурорын газар хуулбар үнэн, хуулбар олгосон ажилтны гарын үсэг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэсэн тэмдэглэгээгээр нотлогдсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх тайлбарыг үгүйсгэж эсэргүүцээгүй, энэ талаар няцаасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул түүнийг ИХШХШТХуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн дээр дурдсан тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий юм.

             Иймээс ажил олгогч буюу хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Т-г хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэдгийг илрүүлж, үүнээс хойш нэг сарын дотор буюу 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б/03 тоот тушаал гаргаж Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон  давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

              1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 216/МА2017/00013 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                          ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН