| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0811/Э |
| Дугаар | 813 |
| Огноо | 2019-05-21 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | О.Гэрэл |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 813
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч О.Гэрэл /томилолтоор/,
шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн ҮД:21-90, Г.Батбаяр ҮД:00-56 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0591 50204 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т.Б
Холбогдсон хэргийн талаар:
Т.Б нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол шилтгээн” амралтын газар зохион байгуулагдсан амьд хөгжмийн Плэй тайм /Play time/ наадмын үеэр өөрийн байрлаж байсан майхандаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй 5,5881 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: ...2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Маралгуа, Бадмаараг бид 3 “Плэй тайм” амьд хөгжмийн наадамд оролцохоор очсон. “Плэй тайм” хөгжмийн наадам орой болох байсан. Бид 3 шалгалтаар ороод, цүнх, хувцас гээд бүх зүйлээ шалгуулаад орсон. Тэндээ эхний өдрөө очиж амраад, 7 дугаар сарын 7-ны өдөр 22 цагийн орчимд нэг сургуульд хамт сурч байсан Нандинбилэгтэй тааралдаад тамхи байна уу? гэж асуухад, надад ороож татдаг дүнсэн тамхи байна. Өвөө, аав нар чинь татаж байсан байх татаад үз, гоё болдог гэсэн. Би зарж байгаа юм уу? гэхэд зүгээр өгсөн. Тухайн үед намайг Нандинбилэгтэй уулзаж байхад харсан. Тэгээд Маралгуа, Бадмаараг хоёртой эргэж уулзаад дүнсэн тамхиа өгч байна татаж үзэх үү? гэхэд ийм хог татахгүй, наадахаа хая гээд хаяуулсан. Тэгээд дараагийн өдөр буюу 8-ны өдөр майханаа хураагаад тамхи татаад байж байсан чинь цагдаа нар ирээд хар тамхи хадгалсан байж болзошгүй гэж шалгасан. Шалгахдаа шээснээс шинжилгээ авахад юм илрээгүй. Дахин шинжилгээ авахад дараагийн тестээс нь бүдэгхэн зураас шиг юм гарсан. Маралгоогийн шээснээс юм илрээгүй. Тэгээд эргэлзээтэй байгаа учраас цааш нь дахин шинжилгээнд өгнө гэж хэлсэн. Гэтэл нэг намхан нуруутай, хар савхитай цагдаа ирээд улаан гялгар ууттай зүйл авч ирээд энэ хар тамхи, мансууруулах зүйл байж болзошгүй байна. Энэ гурвынх байж магадгүй гэж хэлсэн. Өөр зүйл болоогүй байгаа гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 11-12 дугаар тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-15 дугаар тал/,
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 16-17 дугаар тал/,
- Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглаж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-22 дугаар тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 23-24 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бадмаарагийн өгсөн: ...Би “Playtime-2018” шоу дээр ирээд 3 хонож байна. Найз Маралгоо, Батмөнх нарын хамт ирсэн. Өнөөдөр орой Батмөнх нэг жижиг ууттай өвс олоод ирсэн. Тэгээд бид 3 майхан дотроо уг өвсийг цаасанд ороогоод татаж үзсэн. Урьд нь хэрэглэж байгаагүй, ямар нэгэн мэдрэмж төрүүлээгүй. Надад одоогоор нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Маралгуагийн өгсөн: ...гэтэл өнөөдөр орой Т.Б нэг нунтаг, хатсан өвс олоод ирсэн. Тэгээд Т.Б уг өвснөөс цаасанд ороогоод татаад байсан ба Бадмаараг бид хоёрт өгөхөөр нь бид 2 сорж үзсэн. Би сонирхоод л сорчихсон юм. Т.Б хэнээс авсан болохоо хэлээгүй...
...2 хоноод хөгжмийн наадам тарах үед цагдаа нар бид гурвын байрлаж байсан майхнаас ууттай өвс олсон. Уг өвсийг цагдаад баригдсаны урьд өдрийнх нь орой буюу 2018 оны 07 дугаар сарын 07-ны 21-22 цагийн орчимд бүжгийн талбай хооронд явж байхдаа таньдаг залуутайгаа тааралдаад авсан гэдгийг нь би сүүлд хэрэг явдал болсных нь дараа Магнайгаас мэдсэн. 2018 оны 07 дугаар сарын 08-ны орой цагдаад баригдахаасаа жаахан өмнө 22 цагийн орчимд Бадмаараг, Магнай бид 3 тоглолт дуусгаад Магнай байрлаж байсан майхан руугаа яваад Бадмаараг бид хоёр хажууханд нь байсан хоолны асараас хот-дог авч идээд майхандаа ирсэн. Нилээн харанхуй болсон байсан ба гурвуулаа нийлж байгаад майхан дотор байсан ор дэр дэвсгэрээ хураагаад майхан дотроо үлдээгээд хог эд нарыгаа уутлаад майхны гадна тавьсан байсан. Энэ үед Магнай тамхи шиг ороочихсон юм гаргаж ирээд тэрийг нь бид гурав татах гэж оролдож үзээд чадахгүй болохоор нь асаасан тамхи шиг юмыг хаясан. Магнай бид хоёрыг татаж чадахгүй байсан тамхийг тэр хавьд л хаясан...гэх мэдүүлэг /хх-ийн 34, 35-37 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Жавзмаагийн өгсөн: ...Плэй тайм наадамд явахдаа надад хэлээд намайг ажил дээрээ байхад ирж мишок, гэрээсээ майхан аваад Мөнхбаатартай хамт явж байна гэж хэлээд явсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 7442 дугаартай шинжээчийн:
1. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
2. “Улаан өнгийн гялгар уутанд боосон ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна.
Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна.
3. Улаан өнгийн гялгар уутанд боосон ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 5,5881 гр байсан ба шинжилгээнд 0,3303 гр-г зарцуулав.
4. Дотроо ургамал мэт зүйлтэй цаасан ороолттой зүйл /2ш/, тамхины иш мэт хуйлсан цаас /үзүүр хэсэгтээ цайвар ногоон өнгөтэй цагаан цаас 2ш/, АК4324920 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн тэмдэгт дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. “sky blue” гэсэн бичиглэл бүхий тамхины иш /1ш/, “Quality papers” гэсэн бичиглэл бүхий цаас, шар өнгийн асаагуур /1ш/, “MAT” гэсэн бичигтэй хуванцарын хэсэг зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.
5. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. Жич: Шинжилгээнд ирүүлсэн объектуудыг дүгнэлтийн хамт буцаав. Химийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч А.Батбаяр гэх дүгнэлт /1-р хх-ийн 59-60 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Нандинбилэгийн өгсөн: ...Би 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр буюу Play time нэртэй амьд хөгжмийн шоун дээр найз Мөнх-Од болон түүний эгч гэх хөлөө гэмтээсэн эмэгтэйтэй хамт очиж байсан. Ингээд тоглолт үзээд бүжгийн талбай дээр байж байгаад ариун цэврийн өрөө рүү явж байх үед Т.Б тай таарсан. Т.Б надтай таарах үедээ ганцаараа явж байсан ба хэнтэй явж байгаа талаар нь асуухад нэг найз болон хоёр охинтой хамт явж байна гэсэн. Тухайн үед бол хамт байгаагүй. Ингээд уулзаад юм яриад хамт ариун цэврийн өрөө рүү очиж хөл муутай байсан эгч ариун цэврийн өрөө рүү ороод гадаа нь нилээд зайтай Т.Б бид хоёр утаат тамхи татах гээд би өөрт байсан тамхиа асаагаад татаад зогсож байх үед Т.Б өөрийнхөө хувцасны халаас руу гараа хийгээд үүн дотор гоё юм байна шүү дээ чи үз дээ гэхээр нь би өөрийнхөө гарыг халаас руу нь хийж үзэхэд гялгар ууттай өвс байсан. Тухайн өвсийг нь би өмнө нь нэг хэрэглэж байсан болохоор өвс гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй зүйл болохыг нь мэдсэн ба түүнийг хэрэглэхгүй талаараа хэлсэн. Тэр үед Т.Б өөрөө хувцасны энгэрийн дотор халааснаас жойнт /өвс гэх зүйлийг тамхины цаасанд ороож татахад бэлэн болгосон байхыг хэлнэ/ гаргаж ирээд өөрөө асааж сорж хэрэглэсэн. Тухайн халаасанд нь өвсөө хийж ороох цаас нь хүртэл бэлэн явж байсныг нь харсан. Ингээд удалгүй ариун цэврийн өрөөнөөс эгч гарч ирээд буцаад бүжгийн талбай руу явсан. Гэхдээ тухайн надтай хамт явж байсан эгч бол Т.Б г өвс татсаныг хараагүй, өөрт нь байсныг нь ч мэдээгүй. Ариун цэврийн өрөөнөөс гарсны дараа бүжгийн талбай руу очиж пиво авч хамт ууж байгаад шөнө 04 цаг 30 минутын үед салаад явсан. Тэр хугацаанд дахин өвс гэх зүйлийг хэрэглээгүй ба надтай хамт явж байсан Мөнх-Од гэх найз ч гэсэн хамт байсан. Түүнээс бол Т.Б гэх найздаа өвс гэх зүйлийг өгсөн зүйл байхгүй. Ямар учраас надаас өвс гэх зүйлийг авсан болох талаар худал хэлж байгааг нь гайхаж байна. Би Т.Б д өвс гэх зүйлийг өгч байгаагүй болохоор түүнтэй нүүрэлдэн байцаалт өгөхөд татгалзах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 186 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Т.Б н: ...Ингээд 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр буюу арга хэмжээний хоёр дахь өдөр бид нар тайзны ойролцоо явж байх үед Соёл урлагийн их сургуульд хамт сурч байсан зүс таних Нандинбилэг гэх залуутай таарсан. Ингээд Бадмаараг, Маралгуа хоёр цааш салаад явах үед нь Нандинбилэг бид хоёр хамт бүжгийн талбай руу очиж бүжиглэж пиво хамт уусан ба энэ үед Нандинбилэг надад тамхи шиг ороож татдаг зүйл байгаа, чи авч хэрэглэж үзэх үү гэхээр нь сонирхоод Маралгуа, Бадмаараг нартай хамт хэрэглэж үзье гэж бодоод Нандинбилэгийн өгсөн гялгар уутанд боосон хатаасан өвс мэт зүйлийг авсан. Авах үедээ ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Ингээд тэр өдрийн маргааш буюу 08-ны өдөр орой явахаар юмаа янзалж байх үедээ урьд өдөр хаясан гялгар ууттай өвс гэх зүйлийг олоод хэрэглэж үзмээр санагдаад майхандаа орж Бадмаараг, Маралгуа нартай хамт хэрэглэж үзэх гээд тамхины цаасанд хийж ороосон ч татаж чадаагүй. Ингээд майхандаа байх үед гаднаас цагдаа нар орж ирээд гялгар ууттай байсан өвсийг олж авсан. Үүнээс өөр зүйл болоогүй. Майхнаас илэрсэн өвс гэх зүйл нь Нандинбилэг гэх хүүхдээс авсан. Тухайн өвсийг би майханд хадгалсан зүйл байхгүй. Харин урьд өдөр нь авчихаад майхны гадаа хаяад маргааш нь олж хэрэглэж үзэхээр шийдээд хэрэглэж үзэхээр болоод асаатал утаа болоод цагдаа нар орж ирсэн...
...Нандинбилэгээс өвс гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй гялгар уутанд боосон байсан зүйлийг авах үед хөндлөнгийн ямар нэгэн хүн байгаагүй. Тиймээс бид хоёроос өөр мэдэх хүн байхгүй гэж бодож байна. Нандинбилэгтэй уулзаж өвс гэх зүйлийг авахаас өмнө нь надад ямар нэгэн өвс гэх бодис байгаагүй талаар Бадмаараг, Маралгуа нар мэдэж байсан гэж бодож байна. Нандинбилэгтэй нүүрэлдэн байцаалт өгөхөд татгалзах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 192-193 дугаар тал/,
- Шүүгдэгч Т.Б н иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 128, 129, 130 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Т.Б нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол шилтгээн” амралтын газар зохион байгуулагдсан амьд хөгжмийн Плэй тайм /Play time/ наадмын үеэр өөрийн байрлаж байсан майхандаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй 5,5881 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Б.Бадмаараг, Х.Маралгуа, А.Нандинбилэг нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 7442 дугаартай шинжээчийн дүгнэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Т.Б г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Т.Б н үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Т.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийг хэрэглэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Нийслэлийн Цагдаагийн хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх АК4324920 серийн дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “Мevius” гэсэн бичиглэлтэй янжуур тамхины иш 1 ширхэг, цайвар ногоон өнгийн үзүүр бүхий янжуур тамхины иш 2 ширхэг, хуйлсан тамхины цаас 2 ширхэг, улаан цайвар алагласан уутанд савласан хар өнгийн ургамал 5.2578 грамм хураагдах үедээ 5.5881 грамм байснаас шинжилгээнд 0.3303 грамм ашигласан, чанартай асаагуур гэсэн бичиглэлтэй шаргал өнгийн асаагуур 1 ширхэг, “Quality papers“ гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн хайрцаг бүхий тамхины цаас 1 ширхэг, “Matt” гэсэн бичиглэл бүхий хагарч, цуурсан таг мэт зүйл 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болохоор устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоногүй, бусдад төлөх төлбөргүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Т.Б д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Т.Б г тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх АК4324920 серийн дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “Мevius” гэсэн бичиглэлтэй янжуур тамхины иш 1 ширхэг, цайвар ногоон өнгийн үзүүр бүхий янжуур тамхины иш 2 ширхэг, хуйлсан тамхины цаас 2 ширхэг, улаан цайвар алагласан уутанд савласан хар өнгийн ургамал 5.2578 грамм хураагдах үедээ 5.5881 грамм байснаас шинжилгээнд 0.3303 грамм ашигласан, чанартай асаагуур гэсэн бичиглэлтэй шаргал өнгийн асаагуур 1 ширхэг, “Quality papers” гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн хайрцаг бүхий тамхины цаас 1 ширхэг, “Matt” гэсэн бичиглэл бүхий хагарч, цуурсан таг мэт зүйл 1 ширхэг зэргийг Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болохоор устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг сануулсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ