Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01805

 

 

 

 

 

 

 

 

       2022         09            23                                      210/МА2022/01805

                                                                             

 

Ж.Ч гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 104/ШШ2022/00374 дугаар шийдвэртэй, нас тогтоолгох тухай Ж.Ч гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ч , түүний өмгөөлөгч Б.Ж,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би 1962 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баян сумын Цант гэх газар эцэг С.Ж , эх Д.Х нарын ууган хүү болж төрсөн. Би төрсөн цагаасаа эхлэн өвөө Ж.Д , эмээ Н.Д нарын асрамжид өссөн ба тухайн үед аав, ээж маань мөн хамт амьдардаг байсан. Би 1970 онд сургуульд орж суралцах байсан хэдий ч нас бага байна гээд оруулаагүй. Мөн 1971 онд сургуульд орох жилээ мориноос унаж эгэмээ гэмтээж тэр жилдээ сургуульд ороогүй. Тэгээд 1972 онд Төв аймгийн Баян сумын сургуульд орсон. Тус сургуульдаа 3 дугаар анги хүртлээ сурч, 1975 онд аав, ээжийгээ даган Налайх дүүрэгт ирж 1 дүгээр 10 жилийн 4Б ангид орж, үргэлжлүүлэн сурсан. Тухайн үед надад бичиг, баримт гэх зүйл байгаагүй, 1981 оноос эхлэн Монгол Улсын бүх иргэд паспорт авах ёстой гээд иргэний үнэмлэх авч байсан. Ингэхдээ ангийнхаа хүүхдүүдтэй хамт очиж байсан бөгөөд сургуульд суралцаж байсан насаараа буюу 4 дүгээр ангийн сурагчийн нас хэд байх байсан тэр насаараа паспортоо авсан. Би 1982 онд арван жилийн сургуулиа төгсөж, 1983 онд жолооны курст сууж жолооч болсон. Тэгээд Батлан хамгаалах яамны жанжин штабын авто бааз буюу ардын армийн 089 дүгээр ангид жолооч байлдагчаар 1983-1986 он хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1989 оноос эхлэн Налайх хотын 14 дүгээр баазад жолоочоор ажиллаж байгаад 1993 оноос эхлэн Налайх эрчим хүчний салбарт жолоочоор ажилд орж, одоог хүртэл ажиллаж байна. 1988 онд регистрийн дугаар олгож эхлэх үед би УД6410**** гэх регистрийн дугаартай болж, сургууль төгссөн баримт, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэх, бусад бичиг баримтууд уг регистрийн дугаараар бичигдсэн. Тухайн үед иргэдэд паспорт олгож, Монгол Улс даяараа регистрийн дугаар авч эхэлсэн үе байсан юм. Бичиг баримт, регистрийн дугаараа зөвтгөж чадахгүй байсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Намайг 1962 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, одоо 60 настай болохыг гэрч Н.Т, Н.Д, Н.Х нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдэд үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.

            2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Боржигон овогт Ж-ын Ч-гийн 1962 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 60 настай болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            3.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ж.Ч гийн гомдлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 7/3247 тоот албан бичгээр шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдэж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн тухай үндэслэх хэсэгт заасан байна. Уг албан бичигт харьяалах шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг зааж өгсөн. Нэхэмжлэгч 1962 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, өвөө, эмээгийн асрамжинд өссөн, төрсний гэрчилгээ авч байснаа мэдэхгүй, 1981 онд анх пасспорт авахад 1964 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн гэж буруу бичигдсэнээс болж өнөөдрийг хүртэлх бүх бичиг баримт 1964 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрснөөр бүртгэлтэй болсон. Анх эх Д.Х ээр бүртгүүлсэн бүртгэл он, сар, өдрийг буруу бүртгэсэн, мөн сүүлд эцэг Ж-р бүртгэгдэхэд ч мөн энэ алдааг засаагүйг миний бие хожим нь мэдсэн. Намайг 1964 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн болохыг гэрч Ш.Т, Л.Д, Д.Х нар гэрчилсэн байхад төрөгсдийг бүртгэх анкетыг үгүйсгээгүй гэх нөхцөлөөр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн авахгүй байгаа нь ойлгомжгүй байна. Миний бие шүүхэд хандан өөрийн төрсөн он, сар, өдрийг зөвтгүүлж одоо 60 настай болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба өөр ямар нэг эрх ашиг санаа зорилго агуулаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч Ж.Ч миний нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Ж.Ч нь нас тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “1962 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн боловч бичиг баримтуудад 1964 он гэж буруу бичигдсэн” гэж тайлбарлажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

4.Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолт, албан бичиг, төрсний бүртгэлийн болон Үндэсний төв архивын лавлагаа, бүрэн дунд боловсролын үнэмлэх, төрөгсдийг бүртгэх анкет зэрэгт нэхэмжлэгч Ж.Ч г 1964 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн талаар бичсэн байна. /хх-ийн 7-8, 22, 45 79-р тал/

4.а.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ш.Т “... манай хөрш Д.Х нь 1962 онд буюу намайг 22 настай байхад хүү Ж.Ч г төрүүлсэн. Тухайн үед эмч ховор байсан тул гэртээ төрдөг байсан, би 1962 оны 04 дүгээр сард анхны хүүхдээ төрүүлж байсан тул сайн мэдэж байна” гэж, /хх-ийн 64-р тал/, гэрч Д.Х “... Би 1960 онд Жамбал гэх хүнтэй танилцаж, 1962 оны 10 дугаар сард хүү Ж.Ч г төрүүлсэн, хүүхдүүдээ хөдөө төрүүлж өсгөсөн болохоор тухайн үеийн бичиг баримт алдаатай гарсан” гэж, /хх-ийн 65-66-р тал/, гэрч Л.Дорж “... Би Төв аймгийн Баян суманд бага сургууль төгссөн, Д.Х бид хоёр нэг онд төрсөн, нас чацуу найзууд бөгөөд Д.Х нь 1962 оны намар 16 настайдаа анхны хүүхэд болох Ж.Ч г төрүүлсэн” гэж тус тус мэдүүлжээ. /хх-ийн 67-р тал/ 

4.б.Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх учиртай бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Ч гийн биологийн насыг тогтоолгох зорилгоор хоёр удаа шинжээч томилсон байх бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 6911 дугаар дүгнэлтэд “Ж.Ч нь 1962 онд төрсөн 60 настай байх боломжтой” гэсэн бол Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 556 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд “Ж.Ч нь 58-63 настай байх боломжтой” гэж тус тус дүгнэсэн байна. /хх-ийн 24-26, 52-53, 89-92, 100-102-р тал/

4.в.Нэхэмжлэгч Ж.Ч нь 1964 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн талаарх бичиг баримтууд хэрэгт авагдсан байх боловч дээрх баримтууд нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар няцаагдсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг.

Өөрөөр хэлбэл, хууль сануулж авсан дээрх гэрчүүдийн мэдүүлэгт нэхэмжлэгч Ж.Ч г 1962 оны 10 дугаар сард буюу намар төрсөн талаар тодорхой мэдүүлсэн, мөн тусгай мэдлэг шаардагдах асуудлаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтүүдэд нэхэмжлэгчийг 1962 онд төрсөн 60 настай байх боломжтой гэсэн байна.

5.Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар нэхэмжлэгч Ж.Ч г 1962 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн болохыг тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 104/ШШ2022/00374 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Боржигон овогт Ж-ын Ч-г 1962 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг  хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

                        ШҮҮГЧИД                                Ц.АЛТАНЦЭЦЭГ

       Г.ДАВААДОРЖ