Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 826

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч А.Сайнбаяр,

хохирогч Ц.Тэгшжаргалын өмгөөлөгч Т.Мөнх-Оргил ҮД:23-41,

шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.С   холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00664 0702 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Т.С

    ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдсон хэргийн талаар:

Т.С нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Энканто” хотхоны 210 дугаар байрны зогсоолоос иргэн Ц.Тэгшжаргалын 13-70 УНР улсын дугаартай Тоёота загварын автотээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С мэдүүлэхдээ: Би машиныг авч явахдаа хэлсэн юм. Лхагвасүрэн нойрмог байсан болохоор санахгүй байна гэдэг. Хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Тэгшжаргалын өгсөн: Би 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр аялалын журмаар Энэтхэг улс руу яваад 2019 оны  01 дүгээр сарын 11-ний өдөр Монголд буцаж ирсэн. Намайг ирснээс хойш манай охин Лхагвасүрэн Т.С  гэх залуу руу байн байн залгаад байхаар нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр юу болсон талаар асуусан чинь Т.С  таны машиныг авч яваад мөргөлдүүлчихсэн. Машин чинь журмын хашаанд байгаа гэж хэлсэн. Аль журмын хашаанд байгааг нь би бас мэдэхгүй байна гэж хэлсэн. Би  яг яаж машин авч явсныг нь мэдэхгүй юм. Лхагвасүрэн надад хэлэхдээ Т.С  утсаа цэнэглэнэ гэж орж ирээд машины түлхүүр аваад явчихсан юм шиг байна гэж хэлсэн. Би Т.С эд ямар нэгэн машин унах эрх олгосон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Лхагвасүрэнгийн өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай гэрийнхэн Энэтхэг улс руу ажлаар явсан. Би гэртээ 4 настай дүү Пэманоровын хамт үлдсэн. Ингээд гэртээ байх үед 2018 оны 12 дугаар сарын 22-ны орой 00 цаг болох гэж байхад манай арван жилийн ангийн найз Т.С  надтай утсаар холбогдож байгаад ирсэн. Ингээд гэрт ирээд манайд утсаа цэнэглэж байгаад гарсан байсан. Би яг хэдэн цаг болж байхад гарсныг мэдэхгүй бөгөөд би өөр өрөөнд хаалгаа хаагаад дүүгээ унтуулж байсан юм. Манай дүүгийн бие өвдөөд унтахгүй байсан. Өглөө 9 цаг болж байхад Хан-Уул дүүргийн замын цагдаагаас ахмад Оюунбаатар гэх хүн залгаад 13-70 УНР улсын дугаартай автомашин одоо хаана байна вэ, Тэгшжаргал гэх байна уу гэж асуухаар нь байхгүй гадагшаа явсан байгаа гэж хэлсэн. Тэгсэн тэр замын цагдаа өчигдөр шөнө Зайсан Хийл хотхоны голын замд явж байгаад Зайсан Хийлийн гэрэлтдэг самбарыг дээрх машинаар мөргөж унагаагаад блокон хашаа мөргөөд машинаа орхиод явсан байна гэж хэлсэн. Машин чинь журмын хашаанд байгаа гэж хэлсэн. Ингээд би Т.С ийг түлхүүр авч явсныг мэдээд Т.С  рүү залгасан боловч  утсаа авахгүй байхаар нь гэрт нь очоод уулзаад асуусан чинь яагаад машин авч явсныг яриагүй. Энэ асуудлыг зохицуулж өгнө гээд салсан. Надад огт хэлэлгүй аваад явсан байна лээ. Энэ машиныг өмнө Т.С  унаж байгаагүй. Өөрт нь жолооны үнэмлэх байхгүй. Манай машин байрны доод талын гражид байсан. Би өмнө нь тэр машиныг унаж Т.С тэй уулзаж байсан болохоор тэр машиныг мэднэ...гэх мэдүүлэг /хх-ийн 6-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Оюунбаатарын өгсөн: Би 2018 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнө 04-05 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо bella besta хотхоны хашааг машин мөргөсөн байна гэх дуудлагын дагуу ослын газар очиход тус хотхоны урд талын блокон хашааг автомашин мөргөсөн байдалтай байсан. Ингээд ослын газар хашааны 2, 3 блок цөмөрч унасан, рекламны хажуу талын жижиг самбар мөргөгдсөн байсан. Ингээд ажил дээрээ очоод 13-70 УНР улсын дугаартай автомашины эзэмшигчийг шүүж Ц.Тэгшжаргал гэх хүний утас руу залгахад утаснууд нь холбогдох боломжгүй байсан. Ингээд жолоочийн албан журмын даатгалаас шүүхэд Т.Лхагвасүрэн гэх хүний нэр даатгал дээр байсны дагуу 98012199 дугаар руу залгаж холбогдон 13-70 УНР улсын дугаартай автомашин осол гаргасан байна. Хэн жолоодож явсан талаар тодруулахад миний машин байрны доор гражид байгаа гэж хэлэхээр нь машин чинь энд байна. Та өөрөө ирж уулз гэж дуудахад 2 цаг орчмын дараа надтай ажил дээр ирж уулзсан. Ингээд ирж уулзаад өчигдөр ангийнхаа 2 залуутай гэртээ архи уусан. Түлхүүр хэн авч явсныг мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд 2 найз руугаа залгаад хэн барьж явсныг асууя гэж хэлсэн. Ингээд би ээлж буугаад гэртээ харьж таарсан. Ингээд нилээд хэд хоногийн дараа Т.С  гэх залуу би барьж явсан гээд ирж уулзсан. Яагаад машин унаж явсан талаар нь тодруулахад би найздаа хэлэлгүй машиныг нь унаад явчихсан юм аа гэж ярьж байсан. Ингээд тэр хүнийг хохирол барагдуул, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхний лавлагаагаа авч ир гээд явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Т.С ийн яллагдагчаар өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө найз Лхагвасүрэнгийн гэрээс 13-70 УНР улсын дугаартай автомашины түлхүүрийг авч гараад машиныг унаж явж байгаад осол гаргасан байгаа. Лхагвасүрэнд хэлсэн боловч Лхагвасүрэн миний хэлэхийг сонсоогүй гээд байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,

- Хөрөнгийн үнэлгээний “ХАС” ХХК-н автомашины эвдрэл гэмтлийн хохирлыг 1.970.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22 дугаар тал/,

- Шүүгдэгч Т.Т.С ийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 11-13-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Т.С нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Энканто” хотхоны 210 дугаар байрны зогсоолоос иргэн Ц.Тэгшжаргалын 13-70 УНР улсын дугаартай Тоёота загварын автотээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Тэгшжаргалын өгсөн мэдүүлэг, гэрч Т.Лхагвасүрэн, Б.Оюунбааатар нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.С нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 11-р тал/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар … бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хохирогч Ц.Тэгшжаргалд 1.970.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “ХАС” ХХК-н автомашины эвдрэл гэмтлийн хохирлыг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ тогтоогдож байх ба хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хохирол төлөгдсөн талаар мэдүүлж байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 22 дугаар тал/

Шүүгдэгч Т.Т.С эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.С нь цагдан хоригдсон хоногүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.С ийг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Т.Т.С эд оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Т.С эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ