Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 844

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч М.Эрдэнэзаяа /томилолтоор/,

шүүгдэгч Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Б  д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 07794 0968 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.Б

Холбогдсон хэргийн талаар:

Д.Б  нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Шижиртуяатай зээлсэн мөнгөө өгөөгүй гэх шалтгаанаар муудалцаж улмаар түүний өмсөж явсан цамцнаас татаж унаган нүүр, хоолойн тус газарт нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б  мэдүүлэхдээ: Хохирогч манай төрсөн эгч байгаа юм. Надаас 32.000.000 сая төгрөг авчихаад өгөхгүй зугтаагаад байсан. Тухайн өдөр зугтаах гэхээр нь би цамцных нь захаас татахад маажсан байх. Би бол цохино гэж бодоогүй. Хэлэхээр хэл амаа ололцохгүй байсан. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Шижиртуяагийн өгсөн: ...Манай дүү Д.Б   Завхан аймагт амьдардаг. Өнөөдөр гэнэтхэн манай гэрт 10 цагийн орчим Д.Б   манай хаалгыг цохихоор нь цагдаа дээр очиж асуудлаа шийдүүлнэ гээд гэртээ оруулаагүй. Бид 2 мөнгөний маргаантай байгаа юм. Тэгээд гэрээсээ гараад цагдаа руу явж байгаад хоорондоо маргасан юм. Тэгээд маргаж хэрэлдэж явж байгаад гэнэтхэн Д.Б миний араас цамцнаас татаад арагш нь унагаасан. Унагаангуутаа нүүр маажсан, толгой руу өшиглөхөөр нь би баруун хөлийг бариад автал Д.Б   өөрөө хойшоо суугаад бид 2 салсан. Одоо миний толгой өвдөж байна, зүүн эрүүний доор, зүүн хацар, баруун хацар, эрүүний баруун талд, баруун өвдөг шалбарсан байна. Эдгээр шалбархайнууд хорсож байна. Цамц урагдсан байна. Д.Б    хоёр дахь удаагаа миний биед халдаж зодсон. Намайг хэл амаар удаа дараа доромжилдог. Д.Б   нь хичнээн миний төрсөн дүү ч гэсэн гомдолтой байна. Д.Б   нь тухайн үед хүч хэрэглэж миний өмсөж явсан цамцнаас татаж чангааж байгаад намайг газар унагаах үед цамцны зах ханзарч, урагдсан, мөн хүзүүнд зүүлттэй байсан монетон зүүлт тасарсан. Тэр зүүлт гээгдээгүй одоо гэрт байгаа. Д.Б  аас нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 15-17 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Гантөмөрийн өгсөн: ...Намайг гэртээ байхад Шижиртуяа залгаад Д.Б   ирчихээд байна гурвуулаа уулзъя гээд залгахаар нь намайг Шижиртуяагийнд очиход Д.Б   орцонд зогсож байсан ба Шижиртуяа гэрээсээ гарч ирээд бид гурав  Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү явж байхад “Их Засаг” их сургуулийн урд ирээд гэнэтхэн Д.Б   Шижиртуяагийн хувцаснаас нь зуураад унагаачихсан байхаар нь би салгаад Цагдаагийн хэлтэст ирсэн. Д.Б   нь Шижиртуяаг зодсон үгүйг мэдэхгүй, анзаарч хараагүй, тэр хоёрыг зодолдоно гэж бодоогүй. Би тэр хоёрын хойно нь 1 метр орчим зайтай явж байсан. Д.Б  , Шижиртуяа хоёр  хоорондоо хэрэлдээд, маргалдаад явсан. Яг юу гэж маргаж байсныг сонсоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 11557 дугаартай шинжээчийн:

1. Д.Шижиртуяагийн биед шанаа, хацар, уруул, хоолойд шалбаралт, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч С.Одончимэг гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар тал/,

- Шүүгдэгч Д.Б ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34, 35 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Д.Б  нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Шижиртуяатай зээлсэн мөнгөө өгөөгүй гэх шалтгаанаар муудалцаж улмаар түүний өмсөж явсан цамцнаас татаж унаган нүүр, хоолойн тус газарт нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Шижиртуяа, гэрч Ч.Гантөмөр нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 11557 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Шижиртуяа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Д.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 60-61 дүгээр тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Б  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б  ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван  зуун  мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.        

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ